Сүүлийн үед цагдаагийн байгууллагад цахим орчинд хүнтэй танилцаж хуурамч бараа авсан, нэр хүндэд нь халдаж доромжилсон, хүчиндүүлсэн, мөн их хэмжээний мөнгө залилуулсан гэх гомдол ирэх нь нэмэгдсээр байгаа аж. Тодруулбал, саяхан нэгэн этгээд хуурамч фэйсбүүк хаяг нээж, ерөнхий боловсролын 84-р сургуулийн тавдугаар ангийн нэгэн охинтой танилцсан байна.
Тэрээр тухайн охинтой сайн найзууд байх санал тавьж, бэлэг солилцох нэрийдлээр худал хэлж, улмаар сургуулийн хаяг, тарах цаг болон нэр утасны дугаарыг нь мэдэж авчээ. Ингээд охиныг хичээлээ тараад гарч ирэхэд нь үл таних эрэгтэй машиндаа суулгаад авч явсан байна. Гэр бүлийн хүмүүс багагүй хугацаан эрж хайжээ. Багагүй хугацааны дараа охин ТҮЦ-ийн утсаар ээж рүүгээ залгаж, хаана байгаагаа хэлж, охины ах очиж авсан байна.
Фэйсбүүкийн хяналтгүй хэрэглээ хүүхдүүдийг элдэв гэмт хэргийн золиос болгох өндөр эрсдэлд оруулах хамгийн том шалтгаан болсоор байна. Тиймээс, эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хичээлийн хуваарьт цаг, хамрагддаг дугуйлан секцийн орох тарах цаг, ангидаа болон сургуульдаа, сургуулиас гадуур үерхэж найзалж байгаа найз нөхөд, фэйсбүүк хэрэглээ интернэт орчноос хэрхэн мэдээлэл авч байгаад анхаарал хандуулж, маш сайн хянах шаардлагатайг холбогдох албаныхан сануулж байна.