Шинжилгээний хариу гартал ямар ч мэдээлэл өгөх боломжгүй
Нэг гэр бүлийн 14 гаруй хүн энэ сарын 1-нд “Хөх хот” гэх хятад ресторанаар үйлчлүүлжээ. Харамсалтай нь 14 хүний 12 хүн хоолны хордлого авч ХӨСҮТ-д долоон хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл гарах болсон юм. Ингээд бид тус ресторан болон ХӨСҮТ-өөс дараах мэдээллийг бэлтгэснээ хүргэж байна.
Өдрийн 13:00 цагийн үед Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах “Хөх хот” ресторанд очлоо. Рестораны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж үйлчлэгч гадна талбай болон дотор талын шалыг арчиж, цэвэрлэж байв. Зааланд нэлээд олон хүн үйлчлүүлж байлаа. Тус рестораны ресепшнээс зохион байгуулагч нь байгаа эсэхийг тодруулахад “Зохион байгуулагч байхгүй. Гадуур ажилтай яваа” гэв. Түүнээс хордлого авсан иргэдийн талаар асуухад “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Манай рестораны хоолонд шинжилгээ хийсэн. Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс шалгалт хийж, лабораторийн шинжилгээ хийгээд явсан. Хариу нь гараагүй байна. Хариу нь гарсаны дараа талбар өгч, мэдээлэл хийнэ” гэсэн юм.
Н.Сувдмаа: Хордлого авсан иргэд бөөлжиж, суулгасан байдалтай ирсэн
Үүний дараа ХӨСҮТ-ийг зорилоо. Гэдэсний халдвар судлалын гуравдугаар тасагт очсон юм. Энэхүү тасгийн сувилагч нар “Хөх хот” рестораны хоолноос хордлого авсан хүмүүс хэвтэж байгааг онцолж байлаа. Тус тасгийн эмчээс хордлого авсан иргэдийн биеийн байдал ямар байгаа, ямар шинж тэмдэгтэй ирсэн талаар асуусан ч боловч “Захиргааны зөвшөөрөлгүй бид мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Ингээд ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас эдгээр иргэдийн биеийн байдал ямар байгааг тодрууллаа.
-Хордлого авсан долоон хүний биеийн байдал ямар байна вэ?
-“Хөх хот” ресторанаар үйлчлүүлсэн долоон хүн хордлого авч манайд хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор хордлого тайлах эмчилгээ хийж байгаа. Биеийн байдал хэвийн, ямар нэгэн өөрчлөлт өгсөн зүйл байхгүй.
-Эдгээр хүмүүс хордлогын ямар шинж тэмдэгтэйгээр ирсэн вэ?
-Энэ сарын 2-ны өдөр ирэхдээ бөөлжиж, суулгасан байдалтай ирсэн. Тухайн үед яаралтай хордлого тайлах эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн.
-Юунаас хордсон болохыг тогтоосон уу?
-Одоогоор эдгээр иргэдээс шинжилгээ авч лабораторит шинжлүүлж байна. Хариу нь арай л гараагүй байна.
Ч.Түмэнхүү: Шинжилгээний хариу гарсны дараа юунаас хордсон нь тодорхой болно
Өөр нэг баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ сарын 1-ний өдөр зээ охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэхээр гэр бүлийн 15-60 насны 14 хүн “Хөх хот” ресторанд оройн хоол идсэн юм байна. Хооллоод гарсны дараа энэ гэр бүлийн хүмүүст хоолны хордлогоны шинж тэмдэг илэрчээ. Ингээд эхлээд тав нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэгдэж иржээ. Дараа нь нэмж нэг том хүн, нэг хүүхэд ирсэн гэдгийг онцолж байлаа.
Харин тус ресторанд хяналт, шалгалт хийсэн Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах Ч.Түмэнхүү “Нэгэн иргэнээс ирсэн хүсэлт, мэдээллийн дагуу энэ сарын 3-ны өдрөөс “Хөх хот” ресторанд шалгалт хийсэн. Одоогоор лабораторийн шинжилгээнд хамруулаад байна. Шинжилгээний хариу долоо хоногийн дараа хариу нь гарна юунаас хордсон болох нь тодорхой болно” гэв.