Энэ эмэгтэйг С.Батхишиг гэдэг. Япон хэлний орчуулагч мэргэжилтэй бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд идэвхтэй тусалж ирсэн сайн дурын ажилтан. Тэрбээр 10 жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлийн талаар гадны эрдэмтдийн судалгааны олон ажлыг орчуулж олон нийтэд хүргэж байсан туршлагатай. Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хүнд байгааг хараад зүгээр орхиод явж чадалгүй, хувийн бизнэсээ орхин, энэ салбар луу орж ирсэн уг бүсгүйтэй би хоёр жилийн өмнө тархины саажилттай хүүхдүүдийн асуудлаар ярилцаж байв. Харин энэ удаа түүнийг япон улсад хөгжлийн бэрхшээлээр суралцахаар явсныг сонсоод бахархан бодож байлаа. Зорьсон зорилготой, хүсэл мөрөөдөлтэй ийм нэгэн залуу эмэгтэйгээс японд сурч буйд нь олзуурхан Японы туршлага ямар байдаг талаар ярилцлаа. Бидэнд япончуудаас сурах зүйл маш их байгааг түүний ярианаас би олж мэдсэн юм. С.Батхишиг одоо Японы Хёогогийн Боловсролын их сургуульд хөгжлийн бэрхшээл судлалаар магистр хамгаалахаар суралцаж байна. Түүнийг өнгөрсөн сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах ажлаар Монголд ирээд байхад нь ярилцсан ярилцлагаа хүргэе.
- Та хөгжлийн бэрхшээл судлалаар Япон улсад магистрт сурч байна. Би ойлгохдоо таныг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бэрхшээлийг нь бус тэдэнд тулгамддаг хүнд асуудлуудыг хөнгөвчлөх арга ухаанд суралцдаг байх гэж бодож байна?
- Би хөгжлийн бэрхшээл судлалаар Япон улсад хоёр дахь жилдээ суралцаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хэрхэн хамруулах вэ, сургалтын арга барилыг багш нарт нь яаж олгох вэ, хөгжлийн бэрхшээлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, эрт илрүүлэхийн давуу тал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэтгэл зүй гэх мэт олон хичээлийг өдөр бүр судалдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаар сурах зүйл маш их бий. Сураад дуусахааргүй их.
- Олон жил Япон хэлний орчуулагчаар ажилласан хүн салбартаа карьер хөөх бус хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслахаар сурч эхэлсэн нь ямар учиртай вэ?
- Хүний амьдралд үнэ цэнэтэй зүйл байх ёстой. Би хөгжлийн бэрхшээл судлалаар Япон улсад хоёр дахь жилдээ суралцаж буй ч яг бэрхшээлтэй хүмүүстэй ажиллаж эхэлсэн цаг үе маань 10 жилийн өмнөөс эхлэлтэй. Тодруулбал, 10 жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамтран ажиллаж тэдэнд тулгамдсан асуудлаар өөрийнхөө хэмжээнд тусалж байсан. Тийм ч учраас Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зовлон ямар байдгийг мэднэ.
- Тэгвэл би одоо таниас Японд сурч, мэдэж буй зүйлийн тань талаар асууя. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэйгээ харилцаанд орох Японы систем ямар байдаг вэ?. Тэр систем нь манайхаас юугаараа ялгаатай вэ?
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ туслах Японы систем манайхаас ялгаатай. Гэхдээ Японы системээс Монголд шууд нэвтрүүлж болохуйц санаа их бий. Тухайлбал, манай улсын Ерөнхий боловсролын сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ сургуульдаа сургахаас татгалздаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг зөвхөн тусгай сургуулиудад сургах ёстой гэсэн ойлголттой байдаг. Ганц, хоёр багш л “За яахав дээ” гээд өрөвдөөд авах жишээтэй. Гэхдээ “За яахав дээ” гэж өрөвдөж авдаг сэтгэлгээ нь өөрөө буруу юм. Харин Япон улсад Ерөнхий боловсролын сургуулийн анги бүр дэргэдээ нөөц ангитай байдаг. 1-12 дугаар анги хүртлээ бүгд нэг нөөц ангитай гэсэн үг. Тухайн дүүрэгт амьдардаг эцэг, эхчүүд хүүхдээ дагуулаад ирэхэд нь нөөц ангидаа авч сургадаг. Тэр нөөц ангийн багш нар нь миний сурдаг сургуульд бэлтгэгддэг. Тэд Ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжилтэй ч нэмэлтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцах арга, дадалд суралцаж энэ талын мэдлэгийг эзэмшдэг гэсэн үг. Японы ерөнхий боловсролын сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ нөөц ангидаа хүлээж аваад математик, эх хэл гэсэн үндсэн хичээлүүдээ заадаг. Харин биеийн тамир, дуу хөгжим, зургийн хичээлийг бусад ердийн ангийн хүүхдүүдтэй хамт сургадаг. Энэ бол хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулж чадаж буй систем юм. Уг системийг Япон сүүлийн арван жилд туршсан. Харин Ерөнхий боловсролын сургуульдаа ирж чадахааргүй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ тусгай сургуульдаа хамруулдаг.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сургуульд сургаж чадахгүй гэртээ асардаг ээжүүд Монголд олон. Хүүхдийг нь сургууль хүлээж авахгүй учраас өөрөө асардаг гэж тэд хэлдэг?
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулж сургах нь үнэндээ хэцүү зүйл биш юм. Хүүхэд бүр сурах, боловсролын үйлчилгээ авах эрхтэй. Манай улсын хуулинд хүүхэд бүр сурах эрхтэй гэж заасан байдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ боловсролд хамруулж, сургана гэдэг амлалтаа НҮБ, Хүний эрхийн конвенцид өгчихсөн шүү дээ. Бүх шатны байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг зөвхөн тэдний ээж аав, тусгай сургуульд хамааралтай мэтээр ойлгоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдлэгийн ялгаа энэ юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар зөвхөн тэдний гэр бүл мэдэх ёстой юм биш. Улс орон даяараа мэдэх мэдлэг байх ёстой. Мэдэх ёстой мэдлэг нь маш амархан. Тухайлбал, танай байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг бол тэр хүнд эргэн тойрны хүмүүс нь орох, гарах налуу зам бэлдэх гэх мэтээр туслах ёстой. Ийм л тогтсон нийгэм рүү явах ёстой. Өнөөдөр барилга байгууламжууд маш ихээрээ баригдаж байна. Барилгаа барихдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж манайхаар үйлчлүүлнэ. Тэгэхээр шатыг нь стандартын дагуу нойлын өрөөг нь зориулалтын бариултай бариад өгье гэсэн жишгийг тогтоочих хэрэгтэй. Эхний удаа хандлагаа л өөрчлөх нь маш чухал юм. Улс орны ачааг жирийн иргэн бүр хамт үүрээд цөөнхөө дэмжих ёстой гэдэг зарчмаар л явах ёстой гэж бодож байна.
- Японы тусгай сургуулиудын хичээлийн хөтөлбөр нь ямар байдаг вэ?. ЕБС-иасаа мэдээж ялгаатай байх?
- Тусгай сургуулийн хичээлийн хөтөлбөр нь хүүхдийг амьдралд бэлтгэх тал руу нь түлхүү боловсруулагдсан байдаг. Тухайлбал, өглөө хэрхэн хувцсаа өмсөж, хүнтэй яаж мэндлэх вэ зэргийг заадаг. Хүнд бэрхшээлтэй байх нь тухайн хүүхдийг сургахад огтхон ч нөлөөлөхгүй. Тэргэнцэрээр сургуульд нь аваад л ирдэг. Тэргэнцэрээр авчрахын тулд машиныг нь бэлдчихэж байна. Үүнийг сонсоод “Материаллаг бааз талаасаа Япон мэдээж манайхаас илүү. Харин манайд ийм боломж байхгүй шүү дээ” гэж олон хүмүүс хэлж байсан. Гэхдээ хүүхдийн сургуульд харъяалагдах эрхийг зайлшгүй хангах ёстой гэдгийг л эндээс харж болох юм. Хүүхэд бусадтай нэг ангид харъяалагдах хэрэгцээ нь л чухал байдаг гэсэн үг. Дэлхий нийт тусгай сургууль эсвэл ерөнхий боловсролын сургууль дахь нөөц ангиудыг заавал стандарчилж, тогтоож өгөхгүйгээр тухайн хүүхдийн хэрэгцээ юу байна вэ гэдгийг нь илүү хардаг болсон. Хүүхэд хаана аз жаргалтай байна тэнд нь байлгъя гэсэн л үг юм. Энэ хүүхдийг заавал ерөнхий боловсролын сургууль сургах ёстой гэж хатуу шаарддаггүй болж байгаа. Хүүхдийн сонголтыг л хүндэтгэнэ. Үүнийг хүндээр хүлээж авах хэрэггүй. Хөгжилтэй эсвэл буурай орны алинд нь ч байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аль нэгэн сургуульд хамрагдах ёстой гэдэг зарчмыг л баримтлах ёстой.
- Материаллаг баазын хувьд манайх Японыг яаж гүйцэхэв. Гэхдээ бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хамгийн эхэнд ямар материаллаг баазаар хангах ёстой юм бэ?
- Материаллаг баазын саад бэрхшээл их бий. Сурах орчин муу, тусгай зориулалтын хэрэглэгдэхүүн дутмаг гэх мэт. Мөн тоног төхөөрөмж их хүсдэг юм. Миний ярьсан үзэл бодлын саад бэрхшээлийг давчих юм бол дараа нь материаллаг баазын саад бэрхшээлийг давахад амархан. Тэргэнцэртэй хүмүүс нэвтрэх ямар ч боломжгүй шатуудыг бүх барилгад хийдэг. Би нэгэн жишээ хэлье. Монголчуудын сайн мэддэг нэгэн зочид буудал байдаг. Уг зочид буудлын гадна талын шатны дэргэд нь налуу зам байсан. Нэгэн өдөр уг зочид буудалд тэргэнцэртэй хүмүүс очоод менежерт нь хандан “Уучлаарай танайд орох гэсэн шат тань болохгүй байна. Уг нь энэ налуу зам бид нарт зориулсан юм шиг байна. Гэхдээ буруу стандартаар хийснээс болоод бид унах гээд байна” гээд маш эелдэгээр хэлсэн. Тэгэхэд нь тус зочид буудлын менежер “Энэ шатыг та нарт зориулаагүй. Та нар манай буудлаар үйлчлүүлэх шаардлагагүй. Бид та нарт үйлчлэхгүй. Энэ бол ачааны налуу зам юм” гэж хэлсэн. Гэтэл тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бид нарт зориулсан зам юм байна гэж ойлгож саналаа хэлсэн. Энэ нь тэр хүмүүст маш хүндээр туссан. Гэхдээ тэр хүмүүс тус зочид буудлын менежерийг сэтгэлдээ уучилсан гэсэн. Тэр менежер хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ачаанаас дор үзэж байна. Энэ бол тэдний амьдралд байнга тохиолддог жишээ юм. Байгууллагууд ийм алдаа олон гаргадаг.
- Ерөнхий боловсролын сургууль болон тусгай сургуулиудын сурах орчин сургалтын хэрэглэгдэхүүн Монгол ямар байна вэ? Багш нарын хүрэлцээ хангалттай санагддаг уу?
- Өнөөдөр анги дүүргэлт маш их болжээ. Нэг ангид 40-50 хүүхэд сурч байна. Гурван ээлжээр хичээллэдэг олон сургууль байна. 40, 50 хүүхдэд ширээ, сандал нь хүрэлцэхгүй байхад нэмж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг яаж сургах юм бэ гэдэг. Үүнийг ойлгож болно. Энэ бол бидний хамт үүрч байгаа зовлон. Сургуулийн ажилтнуудыг буруутгах ямар ч үндэслэлгүй. Улс орноороо үүрч яваа ачаа. Гэхдээ ихэнх эцэг, эхчүүд хүүхдүүдээ ерөнхий боловсролын сургуульд оруулчих юмсаан гэж боддог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд онц сурах ёстой хөтөлбөр огт хэрэггүй юм. Тухайн хүүхдийн сургуулийн хэрэгцээг яаж хангах ёстой вэ гэдгийг л олж харах ёстой юм. Сургуулийн захирал, багш нар. Хэрвээ тэгэж чадвал 40-50 хүүхэд дотор тэр хүүхэд маань сурч байх ёстой юм. Тэр хүүхдээс А үсгийг заавал мөрөн дотор бичихийг шаардахгүй хөтөлбөр стандартыг л улсаас тогтоогоод өгчихвөл болох гээд байгаа юм. Түүнээс биш 40-50 хүүхэд багасахаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг авъя гэж болохгүй. Хүнд нөхцөлд ч бай тэр хүүхдийг авч сургах ёстой. Тийм л үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөтөлбөртэй байвал бүх багш нар энэ бэрхшээлийг үүрээд явахад бэлэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хэн ч ярьж болно. Түүнд заавал мэргэжилтэн шаардлагагүй. Яваандаа мэргэжилтэн бэлтгэгдэх л байх. Уг нь Л.Гантөмөр сайд боловсролын сайдаар ажиллаж байхдаа жил бүр 20 оюутныг тусгай боловсролоор гадаадад сургъя гэж дэмжсэн. Энэ мэтчилэн төрөөс дэмжээд мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай юм байна гэдгийг ойлгоод явж байгаа.
- Хүүхдийг боловсролд хамруулахын тулд Японд ингэж ажилладаг юм байна. Харин Монголд байдал эсрэгээрээ байгаа гэж хэлж болно. Бид энэ талаар яаж ажиллах ёстой юм бэ?
Заавал А үсгийг дөрвөлжин нүдэнд багтааж бичих шаардлагагүй. Тэр хүүхэд өөрийнхөө нэрийг яаж ч бичиж, ойлгуулж болно. Хүүхэд сургуульд харъяалагдах хэрэгтэй. Сургуульдаа баяр хөөртэй байх ёстой. Тийм л орчныг бүрдүүлэх нь сургуулийн үүрэг
- Арван жилийн өмнөхтэй харьцуулахад нилээн шинэ шатанд гарсан харагдаж байгаа. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг гэдгийг мэддэг болсон байна. Сургуулиуд ч энэ хүүхдүүдэд зориулсан ангитай байхгүй бол болохгүй юм байна. Эдгээр хүүхдүүдийг сургах ёстой гэсэн үндсэн ойлголтуудаа авсан санагдлаа. Энэ бол том ололт. Би анх 2006 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар ярьж эхэлсэн. Тэр үед хүмүүс их хатуу хандлагатай байсан. “Манайх энэ хүүхдийг сургах боломжгүй. Мэргэжилтэнгүй. Энэ хүүхэд хичээлдээ яаж ирэх юм бэ. Үсэг сурахгүй шүү дээ. Нэрээ ч бичиж чадахгүй. Манай багш нар ядардаг” гэх тайлбарыг хэлдэг байсан. Сургалтын арга барил гэдэг бол А үсгийг дэвтэрийн дөрвөлжин нүдэнд тааруулж бичихийг хэлээд байгаа зүйл огт биш юм. Энэ хүүхдийн 20 жилийн дараах идээдүйг харах нь сургуулийн боловсролын хөтөлбөр байх ёстой. Заавал А үсгийг дөрвөлжин нүдэнд багтааж бичих шаардлагагүй. Тэр хүүхэд өөрийнхөө нэрийг яаж ч бичиж, ойлгуулж болно. Хүүхэд сургуульд харъяалагдах хэрэгтэй. Сургуульдаа баяр хөөртэй байх ёстой. Тийм л орчныг бүрдүүлэх нь сургуулийн үүрэг. Манайх нэг үеэ бодвол шинэ шатанд гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах орчноо хэрхэн бүрдүүлэх талаар мэргэжилтнүүдээс асуудаг болсон. Өөрсдөө эрэн хайдаг болсон.
- Хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй төрүүлэхгүйн тулд эсвэл бэрхшээлийг нь эрт оношлохын тулд ямар арга хэмжээг урьдчилж авах ёстой юм бэ?
Японы туршлага бол бүх хүүхдийг товлолт үзлэгт хамруулдаг. Хүүхдийг төрөнгүүт нь нэг удаа үзлэгт хамруулна. Дөрвөн сартай болон ой зургаан сартайд, гурван нас, таван настайд нь тус, тус оношилж байна. Энэ бол хуулиараа тогтоож өгсөн эмчийн товлолт үзлэг юм. Энэ товлолт үзлэгээр хүүхдийг эрүүл эсвэл хөгжлийн бэрхшээлтэй байна уу гэдгийг нь нарийн шинжилгээгээр илрүүлдэг гэсэн үг.
- Нярай төрөх үед болон төрсний дараа товлолт үзлэгийг хийж хөгжлийн бэрхшээлийг нь эрт илрүүлэх хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, оношилсноор тухайн хүүхдэд эрт тусламж үзүүлж чаддаг. Гэтэл оношилгоо, тусламж, үйлчилгээ оройтож байна. Ядаж дунд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуулийн насанд хүрэхэд нь хөнгөн хэлбэрийн болгосон байх хэрэгтэй байна. Бүр хүнд хүүхдүүдийг дунд хэлбэр рүү оруулах гэх мэт. Энэ бэлтгэл ажиллагаа бага насанд нь явагдахгүй байгаа учраас сургуульд хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхэд авч сургах хүндрэлтэй байгаа юм. Японы туршлага бол бүх хүүхдийг товлолт үзлэгт хамруулдаг. Хүүхдийг төрөнгүүт нь нэг удаа үзлэгт хамруулна. Дөрвөн сартай болон ой зургаан сартайд, гурван нас, таван настайд нь тус, тус оношилж байна. Энэ бол хуулиараа тогтоож өгсөн эмчийн товлолт үзлэг юм. Энэ товлолт үзлэгээр хүүхдийг эрүүл эсвэл хөгжлийн бэрхшээлтэй байна уу гэдгийг нь нарийн шинжилгээгээр илрүүлдэг гэсэн үг. Бүх төрлийн хөгжлийн бэрхшээлийг илрүүлэх зорилготой. Үүнийг л Монголд нэвтрүүлмээр байна. Улсын хэмжээнд үнэ төлбөргүй нарийн мэргэжлийн товлолт үзлэгт хамруулах шаардлагатай гэж бодож байна. Уг нь энэ системийг Монголд нэвтрүүлэхээр судалгааны ажлыг эхлүүлж байсан. Эрүүл мэндийн яам болон Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Боловсролын яамны хамтарсан ажлын хэсэг гарч товлолт үзлэгийг Монгол даяар нэвтрүүлж болох уу гэдэг суурь судалгааг хийж эхэлж байсан. Энэ үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүд маань их хүлээлттэй байсан. Бас хүүхдээ товлолт үзлэгт хамруулахаар их яарч байлаа. Харамсалтай нь шинэ засгийн газар гарснаар уг ажил зогсож сураг нь тасарч байх шиг байна. Уг нь энэ ажлыг эхлүүлээд суралцаад явж байсан нь өөрөө их том ололт. Энэ товлолт үзлэгийг нэвтрүүлж болох уу гэдэг талаар суурь судалгаа, олон жилийн бэлтгэл ажиллагаа хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулагдсан нь их сайн ажил байсан. Монголд анх удаа нэвтрүүлэх гэж байсан учраас туршлага дутсан байх. Энэ бол миний сургуулийнхаа багш нартай хамт дэмжиж, судалж, хүч хөдөлмөрөө зарцуулж байсан ажил байсан учраас зогссонд нь маш их харамсаж байгаа. Тиймээс энэ ажлыг үргэлжлүүлбэл маш их талархана.
- Орчин үед эхийнх нь хэвлийд хөгжлийн бэрхшээлийг илрүүлэх боломжтой болсон. Японд энэ аргыг хэр хэрэглэдэг вэ?
- Жирэмсэн үеийн ургийн шинжилгээ гэж бий. Эцэг, эхчүүд уг шинжилгээг багагүй хийлгэдэг. Уг шинжилгээг хийлгэхдээ даатгалаар бус хувийн зардлаар үзүүлдэг. Ургийн уснаас шинжилгээ авдаг нарийн шинжилгээ юм. Гэхдээ энэ арга хөгжсөнөөрөө нэг сөрөг тал бий болсон гэж манай багш нар ярьдаг. Тодруулбал, хүүхдээс хөгжлийн бэрхшээл илэрвэл жирэмслэлтийг зогсоох хандлагатай болсон. Ер нь энэ зүйл нь хүний эрхийг зөрчиж байна гэдэг эсрэг байр, сууриудийг дагуулж эхэлсэн. Тиймээс уг шинжилгээг даатгалаар үздэггүй. Ер нь эцэг, эхийн сонголтоор шинжилгээг хийх ёстой юм байна гэж үздэг. Улсаас жирэмсэн үеийн нарийн шинжилгээг хийлгэ гэж шаарддаггүй. Гэхдээ хөгжлийн бэрхшээлийн талаар мэдлэг өндөртэй эцэг, эхчүүд ихэвчлэн хүүхдээ төрүүлэх шийдвэрийг гаргадаг гэж сонсож байсан.
- Та дээр ярьсан. Хандлага хамгийн чухал гэж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах монголчуудын хандлага япончуудынхаас юугаар ялгаатай юм бэ?
- Япончууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадварыг түрүүлж хардаг. Түүний дараа баяр хүргэдэг. Тухайлбал, албан байгууллагууд “Чи тэргэнцэртэй учраас манайх авахгүй” гэж хэлдэггүй. Таны чадах зүйл юу вэ? Таны чадварт тохирох ажил манай байгууллагад байна уу гэдгийг л хардаг. Ойлгъя гэвэл дэндүү амархан зарчим байгаад байгаа юм. Тэр хүнийг хүн талаас нь л хүлээж авдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чадах зүйлийг түрүүлж хардагаараа япончуудын хандах хандлага манайхнаас өөр. “Та бараа бүтээгдэхүүнээ маш сайн өрж чадах юм байна. Тэгвэл та өрөгч хийгээрэй. Зөвхөн өрөгчийн ажлаа л хийгээрэй” гэдэг. Монголд оюуны бэрхшээлтэй хүмүүсийг огт ажилд авахгүй байна гэж нэгэн ээж надад ярьсан. Угтаа бол тэр хүн оюуны бэрхшээлтэй байна уу, тэргэнцэртэй байна уу хамаагүй. Тухайн хүнд тохирох ажил гэж бий. Жишээлбэл оюуны бэрхшээлтэй хүмүүс ажлаа маш үнэнчээр хийдэг учраас “Чи энэ байгууллагын коридорын хэсгийг байнга цэвэрхэн байлгаарай гэх юм бол тэр л хэсгийг маш үнэнчээр цэвэрлэдэг. Японд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрсдөдөө тохируулж харьцдаггүй. Бид нар энэ хүнд тохируулж хандъя гэдэг. Тэр хүнд л тохирсон ажлаар хангаж тэрийг нь л үнэнч хийлгэх хэрэгтэй. Монголд бол бид нарт хөгжлийн бэрхшээлтэй иргэн тохирохгүй байна гэж яриад байна. Энэ бол үзэл бодлын бэрхшээл юм. Хандлагын хувьд ийм ялгаатай байна.
- Эмнэлгийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн хүргэх ёстой юм бэ. Манайх хоцрогдсон арга барилаар яваад байх шиг санагддаг?
Монголд энэ бүх зүйлийг эмнэлэг нь үүрдэг. Энэ хүнд ачааг Японд эрүүл мэндийн төв нь хариуцдаг. Монголын эрүүл мэндийн газруудыг ямар ажил хийдэг юм бол гэж би боддог. Магадгүй тэр байгууллагууд эмнэлгийн байгууллагын хууль дүрмийг батлаад л сууж байдаг юм болов уу л гэж боддог. Эрүүл мэндийн газар гэдэг бол эрүүл мэндийн боловсролыг олгох ёстой.
- Японд эмнэлгээс гадна эрүүл мэндийн төв гэж байдаг. Эмнэлэг нь зөвхөн өвдөөд ирсэн хүнийг эмчилдэг. Эрүүл мэндийн төв бол тусдаа статустай. Тус байгууллага нь өвдөхөөс өмнөх урьдчилан сэргийлэх бүх ажлыг хийдэг. Иргэдийг эрүүл байх мэдээ, мэдээллээр хангах үүрэгтэй ажилладаг. Тухайн хотод амьдарч байгаа иргэдийхээ эрүүл мэндийн асуудлыг бүртгэлжүүлдэг. Мөн тухайн гэр бүлд хүн жирэмсэлбэл бүртгэж аваад ямар хоол идэх ёстой юм, гэрийнхээ орчныг яаж бүрдүүлэх ёстой юм. Хүүхэд өсгөж чадах уу гэх мэт бүх мэдээ, мэдээллийг өгч байдаг. Хэрвээ өвдөх юм бол очиж эмчлүүлэх эмнэлгийг нь зааж өгдөг. Нийгмийн даатгалын ямар үйлчилгээгээр эмчлүүлэх ёстой вэ гэдгийг хүртэл зааж өгдөг. Монголд энэ бүх зүйлийг эмнэлэг нь үүрдэг. Энэ хүнд ачааг Японд эрүүл мэндийн төв нь хариуцдаг. Монголын эрүүл мэндийн газруудыг ямар ажил хийдэг юм бол гэж би боддог. Магадгүй тэр байгууллагууд эмнэлгийн байгууллагын хууль дүрмийг батлаад л сууж байдаг юм болов уу л гэж боддог. Эрүүл мэндийн газар гэдэг бол эрүүл мэндийн боловсролыг олгох ёстой. Энэ тал дээр Монгол Японоос туршлага аваад ажиллахад болохгүй зүйлгүй болов уу. Иргэдээ эрүүл, мэндийн боловсролоор хангах ёстой газар нь Эрүүл, мэндийн төвүүд л байх хэрэгтэй юм болов уу?
- Манайд бол харааны бэрхшээтэй хүүхдүүд таягаа аваад л гардаг. Тэд өдөржин таягандаа найдаад замын хөдөлгөөнд оролцдог. Тэдэнд тусгай зам ч байдаггүй. Японд тусгай автобусаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ үйлчилнэ гэх ч юм уу тэдэнд өөр үйлчилгээ үзүүлдэг үү?
- Уг нь би тусгай гэдэг үгэнд тийм ч дуртай биш. Тухайлбал, би тэргэнцэртэй хүнтэй кино театр орж кино үзмээр байна шүү дээ. Гэтэл бид хоёр кино үзэхын тулд маш их саад бэрхшээлтэй тулгарч байна шүү дээ. Биднийг кино үзэхэд юу ч тусгай байх шаардлагагүй. Бидний нөхөрлөл өөрөө тусгай биш юм. Тэргэнцэртэй найз маань тусгай автобусаар явж харин би энгийн автобусаар явах юм бол бид яаж найзлах юм бэ. Зүгээр л нийтийн унааг ороход эвтэйхэн богино шаттай болгочихвол би найзтайгаа хамт кино театр явмаар байна шүү дээ. Япон тусгай автобусаар иргэдээ зөөчихдөг байх гэсэн ойлголт байдаггүй. Бүх хүн нийгмийн харилцаанд орох нөхцөлийг л бүрдүүлдэг.
- Тархины саажилттай хүүхдүүдээ гэртээ хараад сууж буй ээжүүдийн тэтгэмжийг манай улс маш бага хэмжээгээр тогтоогоод өгчихсөн. Энэ тал дээр хууль эрх зүйн орчныг сайжруулаасай гэж би хүсдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
Тэгэхээр аливаа улс орон ачаагаа ингэж хөнгөлж чадвал ирээдүйд ирэх хүнд ачааг багасгаж байна гэсэн үг. Бага насанд нь тэдэнд өгөх тэтгэмжээ сайжруулж хүүхдээ хөгжүүлж чадвал тэр хүүхэд том болоод хайрцаг нугалдаг ажлыг асуудалгүй хийж чаддаг болоод татвар төлдөг болно.
- Энэ бол улсын нуруун дээрх ачаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ энэ улс нуруундаа үүрээд явах ёстой биз дээ. Нуруун дээрх ачаагаа үүрэхийн тулд хөнгөлөх ёстой биз дээ. Өөрсдөө ачаагаа хөнгөлөөгүй байж маш бага тэтгэмж өгдөг. Мөн ачаагаа хөнгөлөх дургүй. Дэлхий нийтийн чиг хандлага бол хүүхдийг багаас нь хөгжүүлье гэдэг зарчим руу явж байна. Энэ нь гэртээ байгаа хүнд хүүхдүүдийг дунд хэлбэр рүү оруулъя. Дунд хэлбэр рүү орно гэдэг нь сургуульд ирээд багштайгаа харилцаанд орохыг л хэлээд байгаа юм. Харин дунд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдүүд хөнгөн хэлбэр рүү орчихвол өөрөө сургуульдаа ирдэг болно.Тэгэхээр аливаа улс орон ачаагаа ингэж хөнгөлж чадвал ирээдүйд ирэх хүнд ачааг багасгаж байна гэсэн үг. Бага насанд нь тэдэнд өгөх тэтгэмжээ сайжруулж хүүхдээ хөгжүүлж чадвал тэр хүүхэд том болоод хайрцаг нугалдаг ажлыг асуудалгүй хийж чаддаг болоод татвар төлдөг болно. Тэгэхээр хүүхдийг багаас нь дэмжээд бие хүн болгож төлөвшүүлэх үү эсвэл насаар нь тэжээх үү гэдэг чинь бодлогын асуудал юм. Монгол энэ харилцаа руу орох хэрэгтэй.
О.Хулан