8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Гантөмөр: "Зарагдсан барааг буцаахгүй" гэсэн хаяг хууль бус

2016-10-07 14:33:00

Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан ШӨХТГ-ын даргын удирдамжийн дагуу үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний байгууллагуудад хэрэглэгчдэд хүргэж буй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, стандартын шаардлагын дагуу анхаарч ажиллах, хэрэглэгчийн санал гомдлыг шууд шийдвэрлэдэг анхан шатны нэгжтэй болох, жижиг нэгжтэй байгууллагыг хөхүүлэн дэмжих хүрээнд "Номин холдинг" компанитай хамтраад “Хэрэглэгчээ сонсъё” өдөрлөгийг өнөөдөр Улсын их дэлгүүрт зохион байгуулж байна. “Хэрэглэгчээ сонсъё” өдөрлөгийг талаар ШӨХТГ-ын улсын ахлах байцаагч Б.Гантөмөрөөс тодрууллаа.

-“Хэрэглэгчээ сонсъё” өдөрлөгийг талаар  мэдээлэл өгөхгүй юу. Хэрэглэгчид худалдан авалт хийхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулин дээр хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүний талаар мэдээллээр хангагдах эрхтэй гэсэн заалт байдаг. Ихэнхи хэрэглэгч нь тухайн бараа бүтээгдэхүүнийг авахдаа  тухайн газраас мэдээлэл хомс авч бараа бүтээгдэхүүний буруу сонгох зөрчил гардаг. Тийм учраас бид хэрэглэгчиддээ бараагаа яаж сонгох вэ, барааны доголдол гарвал хэнд хандах вэ гэдэг талаар мэдээлэл өгч байна. Хэрэглэгч тухайн барааг худалдан авахдаа хүнсний бүтээгдэхүүн байвал үйлдвэрлэсэн он, сар дуусах он, сарыг заавал харах ёстой. Удаан хэрэглэгдэх бараа буюу хөргөгч, хөлдөөгч зэргийг авахдаа нарийвчлан шалгаж авах хэрэгтэй. Сайн шалгаж аваагүй хэрэглэгч гэртээ очоод бараа бүтээгдэхүүнээ шалгаад үзэхэд үйлдвэрлэлийн янз бүрийн гэмтэлтэй  байдаг тохиолдол олон байдаг. Тэгээд манай байгууллагад гомдол гаргаад ирдэг. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд худалдан авсан газартаа очих ёстой, нөгөө газар нь хүлээж авахгүй тохиолдолд манай байгууллагад хандаж болно.

-Зарим газар худалдан авсан барааг буцаахгүй гэсэн бичиг тавьчихдаг. Тэгээд хүлээж  авахгүй тохиолдолд яах ёстой вэ?

-Зарагдсан барааг буцаахгүй гэсэн энэ мэдээлэл бол хууль бус. Тухайн хэрэглэгч худалдан авсан бараа ажиллахгүй, өөрт таалагдахгүй тохиолдолд буцааж өгөх ёстой. Хэрэглэгч нар “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн зар тавьсан газар байвал манай байгууллагын 18001284 гэсэн утас руу залгаад хэлж болно. Тухайн газар манай байгууллага очиж ажиллана. Дээрх мэдээллийг өгөхийн тулд “Хэрэглэгчээ сонсъё” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Мөн энэ үйл ажиллагааг хамтран зохион байгуулж байгаа Улсын их дэлгүүрийн нэгдсэн дуудлагын төвийн менежер Б.Батцэцэг энэ өдөрлөгийн талаар хэлэхдээ “Хэрэглэгчээ сонсъё” өдөрлөгт манай байгууллага хэрэгчлэгчиддээ  мэдээлэл хэр өгдөг, хэрэглэгчийн гомдлыг хэрхэн хүлээж авч, гомдлыг нь барагдуулдаг талаар мэдээлэл өгч байна. Манай “Номин холдинг” ХХК 2009 оноос хэрэглэгчийн үйлчилгээний төв гэж байгуулан ажиллаж эхэлсэн. 2015 онд нэгдсэн үйлчилгээний төв болгон өөрчлөгдөж 6 оператороор хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч  байгаа. Хэрвээ  таньд ямар нэгэн гомдол байгаа бол 18002888 гэсэн дугаар руу залгаад гомдолоо хэлж болно” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн энэ өдөрлөгийн үеэр хэрэглэгчид хэрхэн, хаана гомдол гаргах тухайн аж ахуй нэгж байгууллага хэрхэн барагдуулах тал дээр зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment