Дуулиан шуугиан, амжилт бүтээл дагуулсан долоо хоног ийнхүү дуусаж байна. Эрхэм уншигч таны ажлын өдрүүд амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр амралтын өдөр учраас гэр бүлээрээ хэрхэн юу хийх талаар төлөвлөж сууна уу. Тэгвэл таньд цаг агаарын мэдээг дуулгаж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас багатай байна. Энэ сарын 10-нд буюу маргааш төв болон зүүн аймгуудын зарим газраар, 12-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи хугацааны эхээр Алтайн уулс, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Харин өнөөдөр нийслэлд Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байх аж. Тиймээс та бүхэн минь цаг агаарын байдлаас шалтгаалан ажил үйлсээ төлөвлөхийг сануулж байна. Харин одоо та бүхэндээ энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох мэдээлэлийг Долоо хоногийн тойм булангаараа онцлон хүргэж байна. Тоймоо хүлээн авна уу.
Долоо хоногийн онцлох үйл явдал
Чухал үйл явдал: Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Ерөнхийлөгч цаг үеийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Өнгөрсөн сонгуулийн үеэс эхлэн Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой маргаан нэлээд гарч байгаа бөгөөд үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл маш олон гарч байгаа. Энэ асуудлаар Ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ. Цаг үеийн онцлох асуудлаар Ерөнхийлөгчийн хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛ-ийг хүргэж байна.
- “Эрдэнэт”-ийн хувьчлал гэсэн нэр томъёо хэрэглээд байна. Хувьчлал явагдаагүй.
- “Эрдэнэт” үйлдвэрийн тоос шороонд хутгалдаж явсан ажилчин хүн би. “Эрдэнэт” үйлдвэрийн ард миний хувийн сонирхол байхгүй. - “Эрдэнэт” үйлдвэрт миний ямар нэг хувьцаа байхгүй.
-Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”, ард түмнийг бодсон үнэр ч байхгүй.
-Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийг шалгаж байгаа ажлын хэсгийн дарга тэр хоёрын хуйвалдаан явж байгаа.
- Энэ бол зүгээр л цэвэр улс төр.
-Улс төрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг.
-Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ ч гэх шиг, мафи гарлаа ч гэх шиг. Зүгээр л сүржин мэдэгдэл, хувийн эрх ашиг хөөцөлдсөн, мэдэгдэл.
-Эрдэнэтийн талаар Оросын байр суурийн талаар асуулаа. Энэ бол чухал асуудал.В.Путин Ерөнхийлөгчөөс асуухад монголчууд өөрсдөө Эрдэнэт үйлдвэрээ аваад явчихна гэдэгт би итгэж байна гэсэн. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.
Онцлох ярилцлага: Ц.Нямдорж: "Тэнд Эрдэнэтийн асуудлыг шийдчихлээ. Аюултай юм болох гэж байна. Ямартай ч таньд дуулгъя гэж” нэг залуу хэлсэн
Энэ долоо хоногийн бас нэг онцлох үйл явдал УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хийсэн мэдээлэл байлаа. Түүний хувьд “ Би УИХ-ын гишүүнийхээ хувьд төрийн байгууллагуудаас мэдээлэл авч асуудал ярих эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн татвар төлсөн мэдээллийг Татварын ерөнхий газар болон бусад газруудаас мэдээлэл авсан. Гэтэл Ц.Элбэгдорж намайг “Б.Чойжилсүрэнтэй хуйвалдчихлаа” гэж байна. Би Б.Чойжилсүрэнтэй хуйвалдаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчихсан юм уу хаашаа юм. Юу яриад байгаа юм. Энэ асуудлын талаар Засгийн газарт байхгүй мэдээлэл хүртэл надад байна. Нотлох баримтын хэмжээнд үнэлж болох мэдээллүүд байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах ажиллагааг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж гэсэн мэдэгдэл хийсэн. Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын талаар манай сэтгүүлч УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой ярилцлаа.
БИ “ЭРДЭНЭТ”-ИЙН АСУУДЛААР НАМД ЗАХИРАГДАХГҮЙ
- Та “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын асуудлыг олон нийтийн анхаарлын төвд авчирч чадлаа. Гэтэл улс төрийн хүрээнд хэн ч уг асуудлыг ярихгүй байна. Өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг нээхдээ өргөн хүрээний асуудлаар үг хэллээ. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг огт хөндсөнгүй. Үүнийг та юу гэж харж байна вэ?
- УИХ-ын дарга намрын чуулганыг нээж үг хэлэхдээ уг асуудлыг яагаад хөндөөгүйг мэдэхгүй байна. Хэлэх ёстой юм аа л хэлж байгаа гэсэн үг. Шалгасан дүнг нь танилцуул гэж ээлжит бус чуулганы хаалт дээр М.Энхболд хэлж байсан шүү дээ.
- Таныг “Эрдэнэт”-ийн хувьчлалын асуудлыг хөндөөд эхлэнгүүт бүлгийн гишүүд чинь хэрхэн хүлээж авсан бэ?
Би “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар анх удаа ярьж байгаа юм биш. 1998 онд ийм зүйл болж байсан. Тухайн үед Ардчилсан холбоо эвсэл эрх барьж байх үед буюу 1998 оны долдугаар сарын 20-дын үед Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорсоны дараа Эрдэнэтийн хаалгыг сүхдэж байгаад эзэлж байлаа. Түүний дараахан “ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдвал манайх татгалзахгүй, манайх өөрт ногдох хувиа иймэрхүү байдлаар авбал танайх дуугүй байгаарай” гэсэн утгатай бичгийг тухайн үеийн ерөнхий сайд Орос руу явуулсан. Орост очсон тэр бичгийг Москвагаас З.Энхболд олж аваад энд авчирч Н.Энхбаярт өгч байсан. Уг бичгээс болж Засгийн газар огцорч байлаа. Тэр шалгалтыг ахалж ажиллаж байсан хүн нь би шүү дээ. Одоо энэ хоёр дахь нь.Тэр хэрүүл ид явагдаж байх үеэр буюу аравдугаар сарын 2-нд С.Зориг алагдсан юм шүү дээ. Одоо юу болох юм би мэдэхгүй байна. Тухайн үед хойд айлтай далдуур хуйвалдсан арга өнөөдрийнхтэй яг агаар нэг. Эзэн нь л өөр.
- Эзэн нь хэн гэж. Та нэрлэж болох уу?
- Одоогоос гурван жилийн өмнө буюу Ч.Ганзоригийг захирлаар нь ажиллаж байхад Сингапурт нэг уулзалт болсон. Тэр уулзалтанд ХХБ-ны Ц.Эрдэнэбилэг Ростехийн төлөөний нэг буриад генерал хоёр уулзаж Эрдэнэтийг зарах тохироо хийсэн. Тэр уулзалтын гэрч болсон үед эх орноо гэсэн сэтгэлтэй нэг залуу надад “Тэнд Эрдэнэтийн асуудлыг шийдчихлээ. Энэ аюултай юм болох гэж байна. Ямартай ч үүнийг таньд дуулгъя гэж” хэлж байсан юм. Би арай ч ийм зүйл болохгүй байлгүй дээ гэж дотроо бодоод байдлыг ажиглаад байж байтал сая яг хийлээ. Ийм л учиртай. Энэ асуудлыг улс төрийн нэг хүчин дангаараа шийдвэрлэж чадахгүй. Учир нь дөрвөн жилд нэг удаа сонгууль болж Засгийн эрх солигддог мөчлөгтэй. Тэгэхээр заавал хоёулантай нь ярьж, ойлголцож байж урьдчилсан байдлаар ажлаа явуулдаг. 1998 оных ч тийм л байсан. Бас л хоёр талын оролцоо байсан. Тэгэхээр энэ бол явдалтай эд шүү. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.
Дэлхий нийт бидний талаар: Олон улсын томоохон хэвлэлүүд Монголын эдийн засгийн хямралыг онцолж байна
Шинэ засгийн газрын танхим бүрдсэнээс хойш буюу өнгөрсөн наймдугаар сарын эхээр Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах асуудал яригдаж эхэлсэн. Төсвийн тодотгол, засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх үеэр уг хөтөлбөрт манай улс хамрагдах нь нэгэнт тодорхой болчихоод байсан ч гэж болно.
Сүүлийн өдрүүдэд төр засгийн удирдлагууд Дэлхийн банкны төлөөлөгчидтэй шат дараалсан уулзалт хийж, Стэнд байн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавиад байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд уг хөтөлбөрт хамрагдах шат дараатай бэлтгэл ажлуудын хүрээнд хэдэн хоногийн өмнө Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан АНУ-ыг зорьсон билээ. Манай улсад үүссэн нөхцөл байдлын талаар гадны хэвлэлүүд нэлээд онцолж байна. Энэ талаар дэлгэргүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.
Чухал шийдвэр: Хүүхдийн мөнгө өгч эхэллээ
Гурван сарын турш хүлээлт үүсгээд байсан хүүхдийн мөнгө энэ долоо хоногт орж эхэллээ. Өнгөрсөн сонгуулийн дараагаас эхлээд түр зогсолт хийгээд байсан хүүхдийн мөнгийг өгөхдөө нийт хүүхдийн 40 хувьд бэлнээр олгож үлдсэн 60 хувьд 2019 онд бэлнээр өгөхөөр Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр дундаас доогуур түвшиний айл өрхийн хүүхдүүд хүүхдийн мөнгийг өгч эхэллээ.
Чухал баривчилгаа: Г.Дэнзэнг 30 хоногийн хугацаатай цагдан хорилоо
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг баривчиллаа. Тодруулбал, АТГ-аас Баянзүрх дүүргийн шүүгч С.Батжаргалын захирамжаар ийнхүү баривчилсан байна. Түүнийг ЗХХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендэр авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Тиймээс энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр шинэ баримт гарч ирснээр ийнхүү баривчилсан байна.
Чухал байр суурь: Засгийн газар “Стэнд бай”-г сонгосон нь зөв алхам уу?
Монголын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар болсон. Уг хөтөлбөрийн үр дагаврыг эерэг гэхээсээ илүү сөргөөр тайлбарлах нь их. Засгийн газрын зүгээс уг хөтөлбөрт ч болтугай хамрагдаж байж дефолт болсон эдийн засгаа сэхээнээс гаргах бодлого баримталж байгаа. Харин УИХ-ын гишүүд уг асуудлаар ямар байр, суурьтай байгааг Chuhal.mn сонслоо. Тэд Засгийн газрын уг сонголтод ямар дүн тавив.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Өнөөдрийн нөхцөлд тохирсон бодлого биш
Засгийн газраас “Манайх “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдъя” гээд л уг хөтөлбөрт шууд хамруулчихдаг юм биш. Засгийн газрын зүгээс уг хөтөлбөрт хамрагдах саналаа илэрхийлсэн гэж би ойлгосон. Валютын сангийн жилийн ээлжит хурал болдог. Сангийн сайд болон Монгол банкны ерөнхийлөгч нар уг хурал руу явсан байгаа. Хэрвээ Монгол улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагатай байна гэж үзвэл Валютын сангийн мэргэжилтнүүд Монголд ирж ажиллах ёстой. Валютын сангийхан Монгол улсын Засгийн газрыг үйл ажиллагаагаа ямар чиглэлд анхаарал хандуулж ажилла гэсэн шаардлага тавих нь вэ? Түүн дээрээ тохиролцоонд хүрч чадах уу гэдэг асуудал хамгийн чухал. Тэгэж чадсан тохиолдолд Валютын сангийн тавьсан шаардлагыг биелүүлж төсвийн зарлагаа танах, эдийн засгийнхаа тэлэлтийг хумиж чадна гэвэл ямар хэмжээний зээл авахаа тохиролцдог дүрэмтэй. Өнөөдөр бидэнд хоёр сонголт байна. Бүх зүйлээ танаад зөвхөн төсөвтөө захирагдаад эдийн засгаа агшааж, хувийн сектороо зогсоож, бүсээ чангалах уу эсвэл өмнөх шигээ хөгжлийн өөр хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хайгаад эдийн засгаа идэвхжүүлэх үү гэдэг хоёр сонголт байна. Энэ Засгийн газрын бодлого ямар байхаас бүх зүйл хамаарна. Оруулж ирж буй төсвийн тухай хууль, төслийн хүрээнд хэрэгжүүлэх гэж буй төсөл, хөтөлбөр арга хэмжээг нь харахад эдийн засгаа идэвхжүүлж, тэлье гэсэн бодлого харагдахгүй байна. Тэгэхээр яах аргагүй “Стэнд бай” хөтөлбөр рүү явъя гэсэн бодлогыг баримталж байгаа юм байна гэсэн зүйл харагдаж байгаа. Ингэснээр эдийн засаг агшина, чангарна. Нөгөөтэйгүүр төсвийн сахилга бат сайжирах сайн тал бий. Би бол сөрөг талыг нь илүү харж байгаа. Өнөөдрийн нөхцөлд тохирсон бодлого мөн үү, үгүй гэдгийг сайн бодох хэрэгтэй. Миний хувьд өнөөдрийн нөхцөлд тохирсон бодлого биш.
С.Эрдэнэ: Монголын ардчилалыг устгах гэсэн гадна дотны маш хүчтэй бүлэглэл явж байна
- Монголын эдийн засаг “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэмжээнд хүртлээ хүндрээгүй байна. 2017 оны төсвийн төсөлд АН-ын үед авсан ямар ч зээл, бондын өр төлөгдөхгүй.Өмнөх С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үеийн бий болгосон өрийг төлнө.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр Австралийн 1 тонн коксжих нүүрсний үнэ 220 ам.доллар хүрсэн. Гэтэл манайх өнөөдөр 30 орчим ам.доллараар гадагшаа гаргаж байна. Гэтэл үүний уг сурвалжийг судлахаар Чалко-гоос 2011 онд 350 сая ам.долларын зээл аваад нийгмийн халамжид зарцуулсан. Энэ нь эргэж төлөгдөх эх үүсвэр байхгүй. Одоо энэ зээлийн үлдэгдэл 100 орчим сая ам.доллар байна. Анх байгуулахдаа 1 тонн нүүрсний үнэ тарифыг Хятадын зах зээлийн үнэ ханштай уялдуулж тогтоосон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.
Чухал сэрэмжлүүлэг:Сингапурт зорчиж байгаа иргэд анхаараарай
Монгол Улсын иргэд Сингапурт 30 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй байдаг бөгөөд энэ хугацааг хэтрүүлэхгүй байхыг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна. Мөн Сингапурын хилийн шалган нэвтрүүлэх боомтын мэдүүлгийн хуудас дээр өөрийн аялалын зорилго, аялах хугацаа, зочид буудал болон байрлах хаяг зэргийг дэлгэрэнгүй бичиж, танд өгөх хувийг хилээр буцаж гарах хүртлээ үрэгдүүлэхгүй байх ёстой.
Чухал дуулиан: “Цаст констракшн”-ы барьж гүйцэтгэсэн Нэгдүгээр төрөх эмнэлгийн тааз нурж унажээ
Энэ сарын 05-ны өдөр Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын эмэгтэйчүүдийн мэс заслын өрөөний тааз нурсан хэрэг гарчээ. Тааз нурахаас өмнө иргэн Ж-д хагалгаа хийж байх үед агааржуулалтын хоолой дугарч мэдэгдсэн байна. Хэсэг хугацааны дараа хагалгаа дуусаж, эмч ажилчид дараагийн хагалгаандаа бэлдэж байх зуур эмэгтэйчүүдийн мэс заслын өрөөний тааз тэр чигтээ нурж унажээ. Азаар тухайн үед өрөөнд хүн байгаагүй бөгөөд чухал хэрэгтэй 3 аппарат дарагдаж эвдэрсэн байна. Бид энэ талаар албаны хүмүүсээс тодрууллаа.
Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Б.Энхбаяр: Яаралтай хагалгааны мэс заслын тасгийн өрөөний тааз нурж унасан
Энэ сарын 5-ны өдөр манай эмнэлэгийн эмэгтэйчүүдийн яаралтай хагалгааны мэс заслын тасгийн өрөөний тааз нурж унасан. Бид тухайн үед холбогдох шатны буюу МХЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын хүмүүсийг дуудаж нөхцөл байдлаа танилцуулсан. Одоогоор ямар шалтгааны улмаас нурсан гэдэг нь тогтоогдоогүй байна. 2013 онд 1 сарын 29-нд өргөтгөлийн шинэ барилга ашиглалтанд орсон. Тухайн үед улсын комисс хүлээж аваад үйл ажиллагаагаа эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын 187 дугаар тушаалд хагалгааны өрөөг тосон будгаар цэвэрлэж ариутгахад нь зориулагдсан байх ёстой гэж заасан байдаг. Энэ нурж унасан тааз бол дүүжин тааз гэсэн хариултыг эмнэлгийн дарга хэллээ.
-Д.Өнөржаргал: 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байлаа-
Тухайн үед хагалгаа хийж байсан Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч Д.Өнөржаргалаас нөхцөл байдлын талаар тодруулахад “Тухайн өдөр нийт 5 хагалгаа хийх төлөвлөгөөтэй байсан. Эхний өвчтөнд хагалгаа хийхдээ 3 номерын өрөөнд 10.20-12.00 цагийн хооронд хагалгаа хийж дууссан. Дараагийн хагалгаа хийхээс өмнө 30-40 минутын хооронд ариутгаж цэвэрлэсэний дараагаар дараагийн хагалгаа хийх журамтай байдаг. Эхний хагалгаа хийж байх үед агааржуулалтын хоолой хөдөлж эхэлсэн. Ингээд бид бүхэн тухайн үед хийж байсан хагалгаагаа дуусаад аюулгүй байдлаа бодоод өөр өрөөнд өвчтөн авсан. Бид өрөөгөө солилгүй гуравдугаар өрөөнд хагалгаа авсан бол хагалгааны үеэр тааз нурах эрсдэлтэй байж. Хагалгаанд мэс заслын гурван эмч, мэдээгүйжүүлгийн нэг эмч, мэдээгүйжүүлгийн сувилагч, мэс заслын сувилагч, асрагч, дээрээс нь туслах орж гардаг сувилагч нарыгаа тооцвол 9-10 хүний бүрэлдэхүүнтэй хагалгаа явагддаг. Өвчтөнтэйгөө нийлээд 10 орчим хүн таазанд даруулах эрсдэл байсан” гэв. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.