Өнгөрсөн амралтын өдөр олон хүнийг гэмтээсэн ноцтой хэрэг гарсан талаар мэдээлэл хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр гарсан билээ.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн хэлэхдээ “2016 оны аравдугаар сарын 10-ны шөнийн 00.00 цагийн үед "Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны ... орон сууцанд зодоон болоод байна" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу шалгахад тус байранд байсан нэр бүхий 10 иргэн рүү А, Б гэгч этгээдүүд хэсэг бүлэг хүмүүсийн хамт зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь халдаж, онц их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан байна. Тухайн гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран шалгаж гэмт хэргийг үйлдэхэд "толгойлж" оролцсон гэх А, Б нарыг дайчлан баривчилж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Харин А, Б нартай хамт байсан этгээдүүдийг одоогоор эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна. Түүнчлэн гэмт хэргийн улмаас алга болсон мөнгө, эд зүйлийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна” гэх мэдээллийг өглөө. Халдлагад өртсөн хоёр хүн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.