8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 120 мянгатын автобусны буудлыг нүүлгэж, Мянгад сумаас адууны мумми олдсон өдөр

2016-10-10 19:10:00

Эрхэм уншигч танд эрч хүч бүхнээр дүүрэн  шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Шинэ долоо хоног эхэлж, шинэ бүхэн айлчлан ирж байна. Та энэ долоо хоногийн ажлаа төлөвлөсөн үү. Хараахан төлөвлөж амжаагүй бол яг одоо төлөвлөөрэй. Амжилт бүтээл дагуулсан 2016 он дуусахад 82 хоног үлдсэн байна. Он дуусахад цөөхөн хоног үлдсэн учраас амьдралынхаа шаргал түүхийн хуудаснаа тодоос тод үлдээх ул мөрөө яг одоо эхлээрэй. Хүний амьдрал эрээнтэй бараантай, аз жаргалаар дүүрэн байдаг учраас итгэл найдвараа битгий алдаарай. Хэрвээ таны сэтгэл санаа гундуухан байгаа бол маргааш нар мандаж, шинэ эрч, шинэ бүхэн айлчлан ирнэ. 
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч 
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай! 
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч 
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай 
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай 
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт 
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай 
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ... 
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч 
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!... эрхэм уншигчидаа. Үдэш болгоны энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Дуулиан:Ж.Батзандан: Манай намын зарим дарга намайг чимээгүй бай гэж хэлсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг, үеийн асуудлаар ярилцлаа

“Манай Засгийн газар ямар ухаан муутай юм бэ”


- Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг шалгах ажлын хэсгийг гаргасан. Ажлын хэсгийнхэн гурван сар дуншсаны эцэст сая нэг дүгнэлтээ гаргалаа. Энэ дүгнэлтэд чухам юу гэсэн байх юм. Таньд олж мэдсэн зүйл байна уу?
- Засгийн газрын дүгнэлт бидэнд ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Асгатын мөнгөний ордын тал нь мөн бусад 30 гаруй ордын асуудал яригдаж байна. Монгол, Оросын Засгийн газар хоорондын байгуулсан 2003, 2007 оны олон улсын гэрээний асуудал мөн сөхөгдөөд байна. Олон улсын гэрээг өөрчлөх, цуцлах, шинэчлэх нь тухай улсын парламентын онцгой бүрэн эрхэд хамраагддаг. Өнөөдөр олон улсын гэрээгээр зохицуулагдсан томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, үйлдвэрийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр хэсэг бүлэг этгээд завшчихсан байна. Монгол улсын Үндсэн хуулийн 25, 38-р зүйлд олон улсын гэрээтэй холбоотой бүх асуудлыг УИХ өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд авч хэлэлцэнэ гэсэн заалттай. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Асгатын мөнгөний орд гэх мэт томоохон ордуудын асуудал хууль бусаар замаар “явчихлаа”. Тэгэхээр хуулийн дагуу асуудлыг шийдэх шаардлага нэн тэргүүнд тавигдаад байна.
- Дүгнэлтэд тусгагдсан тодорхой зүйлийг хэлж болох уу?
- Хуулийн зөрчил болон өмнөх Засгийн газрын яарч, сандран гаргасан олон хууль бус тогтоолыг бидэнд ирүүлсэн. Бид судалж байна. Стратегийн орд, олон улсын гэрээтэй холбоотой асуудлыг яарч сандран яагаад шийдэв гэдэг нь сонирхол татаж байгаа. Энэ их баялагийн ордыг сонгуулийн өмнөх долоо хоногт нэг хувийн компанид шилжүүлсэн нь асуудалтай юм. Үүнийг нягтлах ёстой. Энэ ордуудыг гурван сая иргэндээ өгөх боломж байсан. Ард түмэндээ хувьцаа хэлбэрээр өгөх боломжтой. Гэтэл Засгийн газар энэ боломжоосоо татгалзсан. Энэ бол том хулгай, луйвар. Ганц намын хийж чадах ажил биш. Нам дамжсан бүлэглэлийн хулгай.


 
Би тус бүлэглэлийн толгойлогч нарт нэг л зүйлийг хэлж байгаа. “Эх орноо бодооч. Шунал тачаалаа хязгаарлаач” гэж хэлж байгаа.


 
- Тэр бүлэглэлийн толгойлогч нарыг нэрээр нь хэлж болох уу. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр та “Нэг хүн намайг УИХ-ын гишүүнийхээ ажлыг хий. Эрдэнэтийн асуудалд битгий орооцолд гэж хэлсэн” гэж хэлсэн Нэг хүн гэж хэнийг хэлээд байна вэ?
- УИХ-ын гишүүн бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Би Монгол улсын Үндсэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байна. Стратегийн орд, газрын хэвлийн баялагтай холбоотой бүх асуудал УИХ-аар хэлэлцэгдэх ёстой. Мөн олон улсын гэрээтэй холбоотой бүх асуудал УИХ-ын түвшинд яригдах ёстой. Гэтэл бүлэглэлийн толгойлогч нар уг асуудлыг УИХ-аар битгий хэлэлцээч гэж шахаж, дарамталж байна. Нэр усыг нь би хэлээд яахав. Бүх хүн мэдэж байгаа. Энэ их баялагийг Монгол Ардын намын талын хүмүүс авсан. Худалдаа хөгжлийн банкийг тойрсон хүмүүс бий. Гэхдээ энэ том хуйвалдааныг нэг намынхан хийж чадахгүй. Тэгэхээр уг асуудлыг хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой. Ямартай ч хуулийн зөрчил гарлаа. УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдсан шүү гэдгийг би хэлж байгаа. Зарим дарга нар намайг чимээгүй бай. Уг асуудал дээр нүдээ аниад өнгөр гэж хэлж байгаа. Бүлгийн хурал дээр ч хэлж байгаа.
- Танай намын дарга нар уу?
- Манай намын зарим дарга нар. Би тэр хүмүүст хандаж “Уг асуудлаар би чимээгүй байж чадахгүй” гэж хэлсэн. Нам болон хувийн эрх ашгаа доогуур эрэмбэлэж сур гэж хэлмээр байна. Дэлгэргүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Байр суурь: АН, МАН-ын гишүүдийн аль, алиных нь эсэргүүцэлтэй тулгарсан 1 хувийн татварын хууль


Засгийн газраас өргөн мэдүүлсэн аж, ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Хэрвээ уг хуулийн төсөл УИХ-ын чуулганаар батлагдаж чадвал жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мал аж, ахуй газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарынхан 1 хувийн орлогын албан татварыг төлөх юм. Өөрөөр хэлбэл, дээрх дөрвөн салбарын орлогын албан татварыг 90 хувиар бууруулж байна гэсэн үг. Гэхдээ Засгийн газар уг хуулийн төслийг боловсруулахдаа ямар ч тооцоо судалгаа хийгээгүй мөн аж, ахуй нэгжүүдээ ялгаварласан хэмээн УИХ-ын гишүүд шүүмжилж байгаа юм. МАН-ын гишүүдийн зүгээс ч мөн эсэргүүцэлтэй тулгараад буй уг хуулийн төслийг хэрэгжүүлснээр нийт хэдэн аж, ахуй нэгж хамрагдаж хэдэн төгрөгийн татварыг төвлөрүүлэх талаар Засгийн газар тооцоолоогүй байгаа гэх. Цаашлаад татварын хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй аж, ахуй нэгжүүдэд ямар хор, хохиролтойг урьдчилан хараагүй байна. Хамгийн ноцтой нь жилийн орлого нь 1.5 тэрбумаас ихтомоохон аж, ахуй нэгжүүд уг татварын хөнгөлөлтөд хамрагдахын тулд  компаниа задалж олон жижиг хэсэгт хувааж магадгүй гэнэ. Тэгэхээр энэ мэтчилэн олон талын судалгааг хийх шаардлагатай гэж УИХ-ын гишүүд үзэж байгаа юм.Ингээд энэ талаар УИХ-ын гишүүд ямар байр, суурь илэрхийлснийг хүргэе.
 
УИХ-ын гишүүн О.Батнасан: Мод үржүүлгийн аж ахуй эрхэлдэг цөөхөн компаниудыг татварын хөнгөлөлтөд хамруулах хэрэгтэй

Ойн аж, ахуй буюу мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хамруулах нь зүйтэй. Учир нь байгаль, орчин хүлэмжийн хийн асуудал хурцаар тулгамдаад байна. Мөн загас үржүүлгийн аж, ахуй байна. Тэднийг татварын бодлогоор дэмжиж байж энэ салбараа хөгжүүлнэ. 
 
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Дөрвөн салбарыг татвараас хөнгөлөх нь дутуу, дулимаг санагдаж байна

Төр буй дор татвар байдаг. Гэхдээ төр татварыг жигд шударга авах ёстой. Дөрвөн салбарыг онцлоод ороод ирсэн нь дутуу, дулимаг санагдаж байна. Энэ нь өөрөө нийгэмд маргаан үүсгэчих вий. Жишээ нь загас, зөгийний аж, ахуй нэгжүүдийг мал аж, ахуйдаа оруулах юм уу эсвэл хүнсий салбартаа оруулах юм уу. Энэ мэт эргэлзээтэй зүйл олон байна. Халуун усны чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг аж, ахуй нэгжийг татвараас 100 хувь хөнгөлдөг жишиг дэлхийн нийтийн хэмжээнд байдаг. Тэгэхээр халуун усны газруудыг татвараас мөн хөнгөлөх хэрэгтэй. Архи, тамхи, үүрэн телефеноос салбараас бусад бүх салбарыг нэг хувийн татварт хамруулах хэрэгтэй. Ингээд хамруулчихвал 20 тэрбумын л зөрүү гарч байна шүү дээ. Тэгэхээр аж, ахуй нэгжүүдийнхээ хүрээг тэлж татварын хөнгөлөлтөд хамруулмаар байна.
 
УИХ-ын гишүүн Л.Болд: Хэнийх нь ах дүүгийн бизнес тэр дөрвөн салбарт нь орохгүй байгаа юм

Хэнийх нь ах дүүгийн бизнес тэр дөрвөн салбарт нь ороод байгаа юм. Хэнийх нь орохгүй байгаа юм. Хэрэв үнэхээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихээр шийдсэн бол шууд л бүгдийг нь татвараас чөлөөл л дөө. Жижиг бизнес эрхлэгчдийг татваргүй болгочихъё л доо.

УИХ-ын гишүүн Д.Ганболд: Аавын хүүг алагчилж болохгүй


Энэ бол худалдааны эсвэл онцгой, гаалийн албан татвар биш. Аж, ахуй нэгжийн орлогын албан татвар. Тэгэхээр аавын хүүг алагчилж болохгүй. Аж, ахуй нэгжийн орлогын албан татвараар нэг л бодлого барьж байгаа бол том, жижгээр нь ялгаварлаж болохгүй. Ингэвэл бусад нь юу болох вэ. Үүнийг ажлын хэсэг онцгой анхаарах ёстой. 1.5 тэрбумаас доош орлоготойг нь татварын хөнгөлөлтөд хамруулж байна. Харин 1.5 дээш орлоготойг нь яах юм. Дөрвөн жилийн хугацаанд татварын бодлого ямар байх ёстойг цогцоор нь авч үзэх хэрэгтэй юм. Нэг зүйлийг өм, цөм авч ярих юм бол эдийн засгаа улам унагах вий гэдэг болгоомжлол байна. Монгол хүний дэлхийд гарах зүйл бол оюуны хөдөлмөр шүү дээ. Үүнд програм хангамж, мэдээлэл зэрэг орно шүү дээ. Ирээдүйд оюуны ажлыг дэмжих гарц нь саяын татварын хөнгөлөлтөд хамруулах байсан юм. Татварын цаашдын нэгдсэн бодлогыг Засгийн газар боловсруулах ёстой. Дэлгэргүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

Чухал үийдвэр: "Guys"-ийн Х.Бат-Ундралд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноолоо

"Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан билээ. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний гэм буруутай эсэхийг өнөөдөр 13.30 цагт хэлэлсэн юм. Х.Бат-Ундралд Эрүүгийн хуулийн 192.1-д заасны дагуу ял төлөвлөсөн бөгөөд 2 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.

Адуундаа яваад, сураггүй алга болсон малчны цогцсыг олжээ


Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн малчин Б энэ сарын 7-ны өглөө адуунаасаа морь барьж ирэхээр гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Өглөө гэрээсээ гараад ирээгүй учраас ар гэрийнхэн түүнийг өдөржин хайж, орой нь арга барагдаад сумынхаа ЗДТГ-ын даргад мэдэгдсэн байна.
Ингээд орон нутгийн 11 иргэн хоёр машианд хуваагдан эрэлд гарч,маргааш өдөр нь малчин Б-гийн цогцсыг 14.30 цагийн үед Хүйсийн хар овоо гэдэг газраас олж,сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. Одоогоор тухайн иргэн яагаад амиа алдсан нь тодорхойгүй байна.

Чухал үйл явдал: Ховдын Мянгад сумаас адууны мумми олдлоо


Эрс тэс уур амьсгал, уулархаг хэрнээ тал хээрийн бүс ихтэй Монгол Улсын нутгаас маш сайн хадгалагдсан морины мумми олдсон тухай “National Geograpchic” сэтгүүл мэдээллээ. Өнгөрсөн онд судлаач, хайгуулчдын эхлүүлсэн малтлагын ажил үр дүнд хүрч, занданшуулан хадгалсан морины бие цогцос Ховдын Мянгад орчмоос олджээ.Уг морийг тун чамбай боож, арьс ширээр давхарлан ороож, хажууд нь эврээр зорж хийсэн нум сум, морины бүхий л эд хэрэглэл хамтдаа байжээ. Дайнд бэлтгэсэн уг хүлэг морины тоног хэрэгсэл нь 6-8-р зуунд хамаарч байгааг судлаачид олж мэджээ.Энэ талаарх фото мэдээлэлийг энд дарж үзнэ үү. 

ТЕГ-ын байрны дээврийг засч байгаад гал алджээ


Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо Татварын ерөнхий газарт өнгөрсөн баасан гаригт буюу аравдугаар сарын 27-ны өдрийн 12:27 цаг орчимд гал гарсан. Галыг НОБГ-ын 10 дугаар ангийн аврагчид шуурхай ажиллан унтраасан юм.
Тус газрын үүдний дээврийг засаж байсан нэгэн компанийн ажилтан 41 настай Б, 23 настай Ө нар хар цаас нааж байгаад гал алдаж 2-5 давхрын гаднах хөөсөн пасад шатсан гэж үзэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Иргэдийн анхааралд: 120 мянгатын автобусны буудлыг нүүлгэнэ


Ирэх даваа гаригаас эхлэн 120 мянгатын автобусны буудал дахь зогсоолыг дайран өнгөрч баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийдэг 12 чиглэлийн 135 тээврийн хэрэгсэл шинэ автобусны зогсоолд зогсон иргэдэд үйлчилхээр болжээ.
Чингисийн өргөн чөлөөний авто замын ачаалал ихссэнээр Энхтайваны өргөн чөлөөний нэвтрэх чадвар, замын ачааллыг ихээр нэмэгдүүлж байгаа нь 7, 8, 9 дүгээр сард хийгдсэн судалгааны үр дүнгээс гарчээ.
Тиймээс Нийслэлийн Тээврийн газар, ЗХУТ, ЗЦГ, Авто замын газрын хамтарсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсгээс 120 мянгатын автобусны зогсоолд өөрчлөлт оруулах дээрх шийдвэрийг гаргасан байна.
Шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлыг дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7, Ч:10, Ч:18А, Ч:7, Ч.32, Ч:34, Ч:44, Ч:50, Ч:53, Ч:56, Ч:58, ХО:6, ХО:7 гэсэн чиглэлүүдийн замналын зураглалд өөрчлөлт орж хуучин зогсоолооос 300 метрийн зайд шинэ автобусны зогсоолыг тусгаж өөрчлөлт оруулаад байна.
Харин Зайсан чиглэлд буюу Ч:8, Ч:42, Ч:52, Ч:55 чиглэлүүд хуучин буудал зогсоолоор хэвээр үйлчлүүлэх юм.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл