МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгатай цаг, үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид хувьчлах гэж байна гэж анх танай намын гишүүд мэдэгдэж байсан. Энэ талаар анх олон нийтэд мэдээлж байсан намын хувьд одоо болж буй үйл явцад ямар дүгнэлт хийхж байгаа вэ?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголын баялагийг хууль бусаар авах, будлиулах гэсэн оролдлого бүрийг тухай бүрт нь МАХН илчилж байсан. Үүний нэг жишээ нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчлах асуудал байлаа.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүллээ гэх нэрийн дор хууль зөрчиж хувийн банкинд хувьчилсан.
Энэ асуудлыг сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр шийдвэрлэсэн. Үүнийг олон жилийн өмнөөс төлөвлөж байгаад хийсэн гэдэг нь илэрхий байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хувьчилсаныг сонгуулийн дүйвээнээр дарсан. Бидний хувьд уг асуудлыг зоригтойгоор анх олон нийтэд мэдээлсэн. Тухайн үед МАХН-ын зүгээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь гурван сая иргэнд хувьцаа хэлбэрээр очих ёстой гэсэн байр, суурийг илэрхийлж байсан. Харамсалтай нь 100 хувь Засгийн газраа дангаараа бүрдүүлсэн нам уг асуудлаар өнөөдрийг хүртэл чимээгүй байгаад гайхаж байлаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ямар сонирхлоор юм мэдэхгүй ч тус асуудлыг сөхөж гаргаж ирж буй нь сайшаалтай. Эрдэнэт үйлдвэрийг хэн авсан нь хамаагүй Монголынх л болсон бол боллоо гээд баярлаад байж байх ёстой юм уу. Ингэж яриад байгаа хүмүүс байна. Тэгш шударга зарчим нь хаана байна. Эрдэнэтийг удирдаж байсан одоо бололцоотой бизнес хийдэг, тодорхой хадгалжийг бий болгосон жирийн иргэд байна шүү дээ. Яагаад нэр бүхий ганц банк тус үйлдвэрийг авах эрхтэй байгаа юм. Шилэн биш шаазан хамгаалалт дор Эрдэнэтийг худалдах ажлыг явуулчихлаа. Шилэн дансны хуулийг санаачилсан сүбьект нь өөрөө үүнийг хамгаалаад “Энэ асуудал та нарт хамаагүй. Хувийн хэвшлийн асуудал” гэж ярьж байна. Энэ бол хувийн хэвшлийн асуудал биш. Харин Засгийн газар хоорондын дундын өмчлөлд байсан компани. Нэг нь хувьцаагаа зарахаар болсон бол нөгөө талдаа хувьцаагаа санал болгодог бичигдсэн хуультай. Тэгэхээр Оросын тал хувьцаагаа зарах гэж байгаа бол Монголын талд санал тавих ёстой. Энэ саналыг цөөнх рүү шилжүүлсэн учир юу юм бол. Үүнийг яагаад хамгаалаад байгаа юм.
-Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдэгдлийг буруутгаж байгаа юм байна. Тийм үү?
-Би нэг жишээ хэлье. МАХН-ын байрыг Н.Энхбаярын дүү нар нэг еврей хүнээс худалдаж авчээ. Энэ байр Монголын талд ирчихсэн байна шүү дээ. Тэр еврей хүн дөрвөн жилийн өмнө энэ байшинг 250 мянган доллараар худалдаж авсан байсан. Дөрвөн жилийн дараа монгол иргэнд 500 мянган доллараар буцаагаад заржээ. Бүх наймааны ажил дууссан байна. Энэ байшин Монголын талд л ирсэн байгаа биз дээ. Н.Энхбаяр гэдэг хүнд бүх хууль нь өөрөөр үйлчилж байгаа юм бэ. Хэрэг биш байхад хэрэг болгодог. Энэ байшин ч мөн Монголын талд ирчихсэн байна шүү дээ. Одооны тайлбарлаж буй үндэслэлээр ийм л жишээ болж байна. Тэгэхээр энэ бол хамгийн буруу жишиг. Нөгөө шилэн дансныхаа эсрэг явж байгаа хэлбэр. Ингэж ард иргэдийг тэнэг мэт мунхаруулах хэрэггүй л дээ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан процесс булхайгүй юм бол шалгуулах ёстой. Яагаад нууц тушаалаар үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-аар авч хэлэлцэхгүй байгаа юм. Жижиг компанийн хувийг шилжүүлэх асуудлыг ч УИХ-аар хэлэлцдэг. Эрдэнэт үйлдвэр бол стратегийн том орд. Энэ том үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийг хувьчлах асуудал яригдаж байгаа учраас УИХ-аар хэлэлцэх ёстой. Энэ бол маш өндөр түвшинд хийгдсэн луйвар. Энэ луйврыг Монголын ард түмэн харах ёстой. Монголчууд 30, 40 жил өр тавин байж бүх насаараа босгосон үйлдвэрийнхээ 49 хувийг яагаад эзэмших боломжгүй байгаа юм бэ. Эрдэнэтээр овоглодог тэндээс амь, амьдралаа залгуулж байсан иргэд энэ хувиас эзэмших эрхгүй байж болохгүй. Үүнийг бид бодох л ёстой. Уг асуудлыг ярихаас айж байна гэдэг нь Монголд дарангуйлал тогтсоны шинж. Харамсалтай нь ийм тогтолцоо Монголд байна. Амлалт өгч олонх болсон Монгол Ардын нам дуугүй л байна. Нөгөө Ардчилсан нам мөн дуугарч чаддаггүй. Дуугарч байгаа ганц нэг нь “Монголд ирсэн нь болсон юм биш үү” гэж хэлж байна.
-Оросын тал өөрийн хувиа Монголд зарж буй цаад шалтгааныг танай намынхан юу гэж харж байгаа вэ?
-Ер нь Оросууд Эрдэнэт үйлдвэр дэхь хувиа зарж байна гэдэг нь харилцаа хүйтэрч байгаагийн шинж. Оросын хамгийн том ашиг сонирхол Эрдэнэт үйлдвэр болон төмөр зам байсан. Нэгээс нь гарч байна гэдэг нь Монгол, Оросын харилцаа хүйтэрч байна гэж үзэж болно.
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчлах ажлыг нам дамжсан бүлэглэл хийсэн. Учир нь энэ ажлыг ганц нам хийж чадахгүй гэж ярих хүн олон байна. Та ч дээр мөн ингэж хэлсэн. Тэр нам дамжсан бүлэглэлд байгаа хүмүүс гэж хэнийг хэлээд байна вэ?
-Надаар хэлэлүүлтгүй улс төрчид өөрсдөө хэлээд байгаа. МАНАН-ийн олигархи бүлэглэл нам дамжаад зайдагнасан байна гэж бид сүүлийн жилүүдэд ярьж ирсэн. Манай Э.Эрдэнэжамъяан дэд дарга нэг удаа “Бид сумаа дуустал байлдлаа шүү. Одоо дараагийн ээлж ороорой” гэж хэлж байсан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хоёр нам дамжсан бүлэглэл улс орныг мафи маягаар эзэлчихлээ. Үүнийг зохион байгуулдаг хүн ард нь байна. Ардчилсан намыг МАНАН-ийн бүлэглэлээс салгах ажлыг хийнэ” гэж мэдэгдсэн. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мөн “Нам харгалзахгүй би тэмцэнэ” гэж МАНАН доторх бүлэглэлээ зарлачихсан.
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар иргэд төөрөгдчихлөө. Зарим нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн зөв гэж байгаа бол нэг хэсэг нь Ерөнхийлөгч үнэн юм ярилаа гэцгээж байна. Гэтэл яг үнэн зөв мэдээллийг өгөх Засгийн газар чив чимээгүй байна. Засгийн газар уг асуудлаар бодитой мэдээллийг өгөхгүй байгаа нь өөрсдийг нь энэ асуудалд холбоотой юм биш биз гэж хардахад хүргэж байна. Ер нь Засгийн газар уг асуудалд хойрго хандаж байна. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?
-Өөрсдийнх нь хэлсэн зүйл дээр дүгнээд юуг баттай хэлж чадах вэ гэхээр Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг өмнөх Засгийн газар гаргасан.
Тэгэхээр одоогийн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа гаргасан шийдвэрийг хаацаалаад байгаа бол МАНАН-ийн бүлэглэл нэгдчихсэн байна.
Аливаа нэгэн шийдвэрийг АН гаргаж байгаа юм шиг мөртлөө МАН-д ашигтай шийдвэрийг гаргаад байна гэж бид хэлдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл нэгдчихсэн луйвар хийгээд байгаа юм л даа. Б.Болор сайдын өөрийнх нь хэлсэн мэдэгдлийг харахад өөрийнхөө гаргасан шийдвэрийг зөв гэж хамгаалж чадахгүй байна. Б.Болор сайд “Буруу гэж үзэж байвал болиулаач. Та нарт эрх нь байгаа биз дээ” гэж хэлсэн. Сангийн сайд байсан хүн намынхаа болон өөрийн гаргасан шийдвэрээ хамгаалах ёстой. Гэтэл шууд зугатаж “Наад мэдэгдлээ түргэн болиулаач” гэж байна. Ямар шахалтад орж ямар байдлаар хийгдсэнийг мэдэхгүй. Одоогийн Засгийн газар уг алдааг цаг алдалгүй засч залруулах ёстой. Гэхдээ мэдээж хамаагүй хөдөлж болохгүй байх. Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар нээлттэй хэлэлцэх ёстой. Яагаад уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэхгүй байгаа юм. Зөвхөн бизнес гэх утгаараа биш Орос, Монголын бизнес эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэл талаас нь авч үзэх юм бол уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх ёстой.Ерөнхийлөгч “Энэ асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэх шаардлагагүй” гэж хэлсэн. Яагаад шаардлагагүй гэдгээ тайлбарлах хэрэгтэй. Оросын төрийн өмчлөлөөс Монголын хувийн компани руу яагаад шилжсэн юм бэ. Яахав шилжиж болно. Хэрвээ Засгийн газар шийдсэн бол шилжиж болно. Гэхдээ Засгийн газрын шийдвэр нь хууль ёсны дагуу юу гэдэг нь анхаарал татаж байна. Угтаа бол Оросын тал хамгийн түрүүнд Монголын Засгийн газарт санал тавих ёстой. Энэ дагуу Монголын Засгийн газар өөрсдөө Эрдэнэт үйлдвэрээ авч чадахгүй бол түүнийгээ хэлэх ёстой. Хувийн хэвшилд шилжүүлэх гэж байгаа бол мөн түүнийгээ мэдэгдэх ёстой юм. Хувийн компанийг шалгаруулах нээлттэй тендер зарлаж хуулийн дагуу ажиллах ёстой болов уу. Бүхий л компаниудад санал болгох ёстой. Гэтэл тэгсэнгүй. Үүний цаана ямар зүйл болсныг бид хэлж мэдэхгүй байна.
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь хувьд шилжиж байгаагийн сөрөг үр дагавар юу юм?
-Хамгийн гол нь хувийн компанид луйваар очиж байна шүү дээ. Ямар аргаар очив гэдэг нь чухал юм. Өмчлөл гурван сая иргэнд биш Худалдаа хөгжлийн банкинд шууд ирж байна. Худалдаа хөгжлийн банкны эзэмшил нь их ойлгомжгүй байдаг. Тус банкны 96 хувь нь оффшор данстай гадны компанид байдаг гэх мэдээлэл бий. Харин хоёр хувь нь Монголын иргэнийх гэж байгаа. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийг бид хэнд, хаашаа алдаж байгаа юм бэ гэдгийг яриад байгаа юм. Худалдаа хөгжлийн банк бол Монголд үйл ажиллагаа явуулдаг офшшорт бүртгэлтэй гадны компани байна шүү дээ. Хятадын банктай ялгаагүй гэсэн үг. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийг Хятадын банк худалдаад авчихсан дүр зураг харагдаад байна. Эрдэнэт үйлдвэрээ Оросоос Хятад руу алдсан бол түүнийгээ мэдмээр байна
-Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаад 102 хоногтойгоо золголоо. Энэ хугацаанд явуулсан Засгийн газрын үйл ажиллагаанд МАХН ямар дүгнэлт хийх вэ?
-100 хоногт аль ч Засгийн газрын хийсэн бүтээснийг дүгнэдэг. МАН-ын хувьд сөрөг хүчингүй Засгийн газрыг байгуулсан. Машинтай дүйцвэл хамгийн супер нь. Энэ хугацаанд юу хийж чаддагаа харуулах ёстой. 100 хоногт хийснийг нь харвал магтахаасаа илүү шүүмжлэх эргэлзэх, гайхах шийдвэрийг олон гаргалаа. Буруугаа бусдаас хайсан хариуцлагаас зугатсаар байх юм бол бүтэхгүй. Манайхан хариуцлага хүлээж сурах хэрэгтэй. Ажил хийх гэж байгаа бол хийсэн шиг хийх хэрэгтэй. Харин тэрний буруу, энэний шийдвэр байсан гэсэн юм ярих юм бол эртхэн шиг ажлаа хүлээлгээд өгчих хэрэгтэй. МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд засгийн эрхийг бариагүй гэж ярьдаг. Монгол улс парламентын засаглалтай орон. УИХ-аар гарч байгаа бүх тогтоол, шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлдэг. Ингээд бодвол 2012-2016 оны хооронд гаргасан бүх шийдвэрт МАН оролцсон. Тэр байтугай Засгийн газрыг хамтарч байгуулсан удаатай. Тэр үед бүх болохгүй, бүтэхгүй асуудлууд шийдэгдсэн. МАН-ынхан өмнө нь юу хийж байснаа хамгийн сайн мэдэх хүмүүс. Бонд босгох үеийн шадар сайд, сангийн сайд нар одоогийн Засгийн газарт ажиллаж байна.Тэгэхээр МАН-ынханд гомдоллох эрх байхгүй. Цаашдаа сайн ажиллах ёстой.
-МАХН-аар сонин сайхан юу байна вэ?. УИХ-ын сонгуулийн үр дүнд гомдолтой буцсан нам одоо орон нутгийн сонгуульд яаж оролцож байна?
-МАХН УИХ-ын сонгуульд боломжоороо ажилласан. Хөрөнгө, мөнгө босгох ажлуудыг маань хууль, шүүхийн байгууллагаар боогдуулсан. МАХН-д хандив өгсөн бизнесмэнүүдийг шоронд барьж хорьсон. Мориор бол бидэнд огт өвс, ус өгөхгүй байж байгаад ижил гараанаас уралдуулсан. Өөрсдөө бол морио идээшлүүлж байгаад уралдуулсан шүү дээ. Бидний хувьд хангалттай сайн ажилласан. Үр дүн нь гарсан. Ер нь бол МАН мундагдаа УИХ-д олонх болсон юм биш. Ардчилсан намынханы илэрхий эрээ, цээргүй үйлдлээс болж сонгуулийн дүн эргэсэн. Орон нутгийн сонгуулийн хувьд бас л ялгаагүй үйл явц болоод байна. Эрх барьж байгаа нам маань МАХН-ыг оруулахгүй бол өөрсдөд нь сайн дүн авчирна гэж тооцсон бололтой. Нийслэлд нэр дэвшигчдийг маань үл ялиг шалтгаанаар бүртгээгүй. МАХН-ыг сонгуульд оруулахгүй байх бодлогыг барьж байгаа байх. Орон нутагт тодорхой газруудад нэр дэвшиж байгаа. Сэлэнгийн Ерөө суманд манай зургаан нэр дэвшигчийг бүртгэхээс мөн татгалзсан. Гэтэл манай хүмүүс шүүхдэлцэж ялаад өчигдрөөс сурталчилгаагаа эхлүүлж байна. Гэхдээ л сурталчилгааны 18 хоногийн 10 өдөр нь өнгөрчихсөн байхад манайханыг нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргаж байна. Энэ мэт асуудлаар сонгох, сонгогдох эрхээ зөрчүүлж байна. Манай намын удирдлагууд нэр дэвшигчдээ мэдээллээр хангах мөн өөрсдөө боломжоороо орон нутагт ажиллаад явж байна.
-Танай намын даргыг АН-д элсэх гэж байгаа гэх мэдээлэл гарлаа. Энэ талаар та бүхэнд мэдсэн мэдээлэл байна уу?
-Н.Энхбаяр гэдэг хүн дуугааргүй ч өөрөө байгаа нь улс төр болчихдог үзэгдэл сонгуулийн өмнө үргэлж гардаг. Сонгогчдийг төөрөгдүүлэх мэдээлэл байх. МАХН-ыг үүсгэн байгуулж, шинэ түвшинд гаргасан хүн өөр намд орох уу. Бусдыг төөрөгдүүлэх гэсэн явуулга байх.
-Н.Энхбаяр дарга Монголд байгаа юу?
-Байгаа.
-Танай намын дарга Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Өөрөө тэгэж олон нийтэд мэдэгдээгүй. Зүгээр намын хуралдааны үеэр “Үнэхээр болохгүй бол би нэр дэвшээд яахав дээ” гэж хэлсэн талаар Э.Эрдэнэжамъяан дарга хэлсэн шүү дээ.