8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газрын зарим таналт НҮДЭЭ ОЛСОНГҮЙ 

2016-10-12 11:06:00

“Мэргэжлийн” Засгийн газраас 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн төсөөллийг УИХ-ын даргад өргөн бариад буй. Тун удахгүй УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийг хэлэлцэнэ.

Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувь болохоор байна.

Тэд 1.1 их наядын нийт зардал хэмнэхээр төсөвт тусгасан нь сайн хэрэг ч эдгээр хэмнэлтийн зарим нь үнэхээр нүдээ олоогүй байна.

Мэргэжлийн Засгийн газар энэ удаа албан тушаалтан, ахмад настнуудаас мөнгө харамласангүй. Харин хүүхэд багачууд, МСҮТ-ийн оюутнуудаас таналтаа хийжээ.

Тухайлбал 2017 оны төсвийн төсөлд МАН-ынхан мөрийн хөтөлбөртөө тусгасан “Насны хишиг” тэтгэмжийг 70 ба түүнээс дээш настай ахмадуудад жилд хоёр удаа өгөхөөр болжээ.

Үүний зардал нь жилд 20.5 тэрбум төгрөг болох юм. Засгийн газар зардлаа танаж байгаа хэдий ч ахмадуудад ийнхүү хишиг амласан нь ямар учиртай вэ. Энэ нь МАН-ын орон нутгийн сонгуулийн гол хөзрүүдийн нэг байж болох.

Улсын хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаа учраас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлан хэрэгжүүлсэн байдаг. 

Засгийн газрын танаснаар Хүүхэд харах үйлчилгээний 5.6 тэрбум төгрөг “хэмнэгдсэн”. Гэхдээ энэ нь жинхэнэ хэмнэлт болж чадаж байгаа юу. Энэ таналтаас болж 6,000 гаруй хүүхэд хаачих нь тодорхойгүй үлдлээ. Мөн 1,200 гаруй хүн ажилгүй хоцрох юм.

Мөн мэргэжлийн боловсрол олгодог МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг үгүй болгосон асуудал бий. МСҮТ болон их дээд сургуулийн оюутнуудаас 52 тэрбум төгрөг хэмнэнэ. 

Нийгэмд мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж байгаа үед МСҮТ-ийн оюутнуудаас гараа татсан нь Засгийн газрын бодлогогүй шийдвэрүүдийн нэг байлаа. 

ГРАФИК: ТӨСВИЙН БОЛОМЖТОЙ УЯЛДУУЛАН ХЭРЭГЖИЛТИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ӨӨРЧЛӨХ /САЯ.ТӨГ/


Тэгвэл энэ таналтыг хаанаас гаргаж болох байсан бэ?

Төсвийн төсөлд Төсвийн Ерөнхийлөн Захирагч нарын зардал, арга хэмжээнээс нийтдээ 24 тэрбум төгрөгийг танахаар болжээ. Энэ нь төрийн өндөр дээд албан тушаалтнуудын зардал юм.

Мөн 259 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Энэ хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдэд тэвчиж болох олон зардал байгаа тухай УИХ-ын зарим гишүүд анхааруулж буй.

Оюутан, хүүхдүүдээс Монголын төр 120 гаруй тэрбум төгрөг таначихаад өөрсдөөсөө 24 тэрбумыг л танасан нь харамсалтай.

Мөн бүх шатны төсвийн байгууллагуудын шатахуун, утас, шуудан холбоо, тавилга гэх мэт тэвчиж болох зардлуудаас нийлээд ердөө 2.6 тэрбум төгрөгийг хэмнэхээр төлөвлөжээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл