МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй албаныхан орон нутгийн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Д.Амарбаясгалан "Ардчилсан намынхан орон нутгийн сонгуулийг хэт их улстөржүүлж байна. Манай нам УИХ болон НИТХ-ын сонгуульд ард иргэдийн дийлэнх олонхийн саналыг авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ дагуу Засгийн газраа байгуулаад 100 хонож байна. Энэ хугацаанд АН-ын замбараагүй зарцуулсан төсвийн зарцуулалтыг цэгцэнд нь оруулахаар хичээж ажиллаж байна. АН-ынхан "МАН амлалтаасаа буцаж, мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйлээ хэрэгжүүлэхгүй байна. Мөн татвар нэмж, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг бууруулж байна" гэж ярьж байгаа. МАН сонгуулиар амалсан мөрийн хөтөлбөрөө 100 хувь Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгосон. Хөтөлбөрөө ажил хэрэг болгохоор Засгийн газар ажиллаж байна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 2020 онд танилцуулах ёстой. Тэр болтол хугацаа байна" гэлээ.
Мөн "Цалин тэтгэвэрийг бууруулах талаар Засгийн газар шийдвэр гаргаагүй. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харвал цалинг бууруулахар байгаа. Гэвч Засгийн газар нэг ч удаа цалин бууруулна гэж дуугараагүй. Улс өрийн дарамтад орж, данс хоосорсон байсан учраас тсвийн орлого бүрдүүлэх ямар ч боломжгүй байсан. Гадны хөрөнгө оруулалт буурсан байсан. Тиймээс ЗГ-аас татвар нэмэх саналыг оруулж ирэхэд МАН-ын бүлэг хэлэлцээд болиулсан. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж "МАН татвар нэмэх" гэлээ хэмээн ярьж байна" гэв.
Тэрбээр мөн сум дүүргийн засаг дарга ямар статустай хүн байхыг АН-ынхан мэдэхгүй байна. МАН-аас хийж байгаа ажлыг анхан шатны байгууллага дээр нь гацаах зорилготойгоор ажиллаж байгаа нь харамсалтай гэсэн юм.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
- УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-аас 2.2 хувийн хүүтэй улс төрийн зээл авахаар явлаа.Улс төрийн зээл бол маш их сөрөг үр дагавартай. Хэрвээ уг зээлийг авбал газар нутгаа өрөнд алдсан Тажикстаны жишээ бидэнд ойрхон болно. Үүний араас манайх явж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
- Хятадын Коммунист нам нь өнгөрсөн жилээс эхлэн олон улсын улс төрийн намын чуулга уулзалтыг зохион байгуулж эхэлсэн. МАН-ын дарга уг арга хэмжээнд оролцохоор явсан. Улс төрийн зээл авахгүй. Хэрвээ өр зээлтэй холбоотой асуудал ярих шаардлага гарвал Ерөнхий сайд Засгийн газраа төлөөлж ярих учиртай. УИХ-ын дарга уг асуудлыг ярихгүй.
Т.Хулан