Засгийн газраас найман төрлийн татвар нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын татвар нэмэгдүүлэх энэхүү санал нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас улс төрийн шийдвэрээр эргүүлэн татсан юм. Гэтэл эрх баригчдын энэхүү үйлдэл нь иргэдийг хуурсан урхи байсан бололтой. Тодруулбал, татвар нэмэх дээрх найман хуулийн ард төрийн албан хаагчдад асар хохиролтой хоёр өөрчлөлтийг УИХ-аас хийжээ.
Нэгдүгээрт, төсвийн тодотголтой холбогдуулж оруулж ирсэн Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр энэ онд тэтгэвэрт гарах албан хаагчид 1-12 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж авах аж. Тодруулбал, 2016 онд тэтгэвэрт гарах ёстой төрийн албан хаагчид 1-12 сарын нэг удаагийн буцалтгүй тусламж авахгүйн тулд энэ ондоо тэтгэвэрт гарахгүй гүрийхээр байна. Учир нь энэ онд тэтгэвэрт гарвал 1-12 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж харин ирэх онд тэтгэвэрт гарвал 1-36 сар хүртэлх тэтгэмжийг өгөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Тэгэхээр 2016 онд тэтгэвэрт гарах ёстой хүмүүс яаж, ийж байгаад ирэх он хүргэх шаардлагатай болж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч энэ талаар ярьсан байна.Тэрбээр “ Тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдаа энэ онд гаргахгүйгээр 2017 оны нэгдүгээр сарын 1-нийг хүргээрэй. Тэгэж байж 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжээ авна шүү” гэж захижээ. 2017 он гарлаа гэхэд 36 сар биш 1-36 сар хүртэлх тэтгэмж авна гэж Засгийн газрын тэргүүн хэлжээ.
Юу гэсэн үг вэ. Энэ оны төсвийн алдагдлаа төрийн албан хаагчдын тэтгэврийн мөнгөнөөс нөхөж буй нь энэ үү. Нөгөөтэйгүүр нийгмийн даатгалд насаараа татвар төлсөн иргэд 12 сар ч биш нэг сарын тэтгэмж авч мэдэхээр байгаа юм. Мөн 36 сар биш гурвсан сарын тэтгэмж ч авч магадгүй аж. 12 сар бус 1-12 сар гэж зааж өгсөн нь ямар учиртай вэ. 2017 он гарлаа гэхэд тухайн салбарын дарга сайдынхаа үзэмжээр 1-36 хүртэлх аль нэг сарын тэтгэмжийг л авах нь. Яг 36 сар гэж зааж өгөөгүй нь мөн ямар учиртайг Засгийн газраас асуумаар байна. Монгол улсад нийт 160 гаруй мянган төрийн албан хаагч ажилладаг. Үүнээс жил бүр 4000 гаруй хүн тэтгэвэрт гардаг байна. Засгийн газрын дээрх шийдвэрээс болж 4000 албан хаагч 36 сарын тэтгэмжээ багасгаж авах магадлал өндөр байна. Бүр энэ онд тэтгэвэрт гарснаасаа болж бусдаасаа бага тэтгэмж авах нь. Тэд яагаад ингэж хохирох ёстой гэж. Адилхан л нийгмийн даатгал төлсөн хүмүүс шүү дээ.Засгийн газар, УИХ-ын энэхүү шийдвэр нь ард түмнээ ялгавласан үйлдэл боллоо.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар эрх баригчид орон нутгийн сонгуулийн өмнө татвар нэмэх асуудлыг түр намжааж байгаад дууссан даруйд эгүүлэн татвар нэмэгдүүлэх асуудлыг хөндөж магадгүй гэнэ.
Т.Энхэлээ