8o
Улаанбаатар хот
mobile menu

Шатарчид Гүрж улсыг зорилоо

2016-10-16 11:38:21

Гүрж улсын Батуми хотноо аравдугаар сарын 18-31-ний хооронд өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээний 8, 10, 12 насны ангилалд манай 18 шатарчин оролцох бөгөөд өчигдөр Гүржийг улсыг зорлоо.

Батумид болох өсвөрийн ДАШТ-д өрсөлдөх Монголын багийг их мастер Б.Хатанбаатар ахлах бол шүүгчээр Э.Номин-Эрдэнэ ажиллах юм. Энэ удаагийн багт өсвөрийн дэлхийн аварга, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Д.Мөнхзул, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн аварга Е.Төгстөмөр, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Г.Амартүвшин нарын шилдэг 18 тамирчин багтсан.

ФИДЕ буюу Олон улсын шатрын холбоо 1951 оноос эхлэн залуучуудын ДАШТ, 1979 оноос өсвөрийн шатарчдын ДАШТ-ийг анх зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Манай өсвөрийн шатарчид 1984 оноос дэлхийн аваргад оролцож эхэлсэн бөгөөд одоогоор дэлхийн аваргын зургаан медальтан төрөөд байна. Тодруулбал, 2001 онд анхны медалийг Б.Мөнгөнтуул авчирч байсан бол Д.Номин-Эрдэнэ, Д.Мөнхзул нар дэлхийн аварга цолыг хүртээд байгаа. Мөн Б.Мөнгөлзул, Е.Төгстөмөр нар мөнгө, А.Энхтуул хүрэл медаль хүртэж байсан. Анхны медалийн эзэн их мастер Б.Мөнгөнтуул тус тэмцээнээс хос медаль /мөнгө, хүрэл/ хүртсэн цорын ганц шатарчин юм.

Сануулахад, 2015 оны 10 дугаар сард Грекийн Халкидики хотноо болсон өсвөрийн шатарчдын ДАШТ-д манай 26 шатарчин өрсөлдсөнөөс охидын 18 насанд Ү.Үүрийнтуяа, 10 насанд Б.Мөнгөнзул нар шагналт IV байрт орж байсан нь хамгийн өндөр амжилт байсан юм. Энэ тэмцээнд нийт 91 орны 1596 өсвөрийн шатарчид өрсөлдсөн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment