Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль зөөврийн хайрцгаар санал өгөх шаардлагатай хүмүүсийн саналыг авч эхэлснээр маргааш эхэлнэ. Харин нөгөөдөр нийтийн санал авах өдөр бөгөөд иргэд бүх нийтээр амрангаа сонгуульдаа оролцох юм. АН-ын нэр дэвшигчдийг ялгаварлан гадуурхаж бүртгэхээс татгалзсан гэх хэл амтайгаар эхэлсэн энэ удаагийн сонгуульд нийт 1972 тойрогт 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.
Гол өрсөлдөөн МАН, АН-ын хооронд болж байна. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд МАН эрх барьж буй намын хувьд хамгаалсан тактикаас өрсөлдөж буй бол АН давших аргыг хэрэглэж байна. АН-ын сурталчилгааны тоглолт МАН-ын амлалтаасаа буцсаныг сануулахад төвлөрч буй бол МАН-ын гишүүдийн сурталчилгаа уриалсан, лоозогносон, амласан байдаг л хэлбэрээр явагдаж байна. МАН-ынханд өнгөрсөн 100 хоногт хийсэн гээд гайхуулчих ганц ч ажил алга. Энэ удаагийн сурталчилгаанд нэр дэвшигчд сонгуулийн онцлогоосоо хамаараад багийн сурталчилгааг илүү хийж байна. Улс төрийн хүчнүүд нэг хороонд багаараа ялах тактикийг илүү ашиглаж байна гэсэн үг. Харин АН, МАН-аас бусад нам олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилгаагаа төдийлөн явуулж харагдахгүй байгаа нь тус сонгуульд өгч буй ач холбогдолтой нь холбоотой биз. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны материалаа айл, өрхүүдээр тарааж тойрогтоо уулзалтыг зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн сонгууль харьцангуй хэл ам багатай болж байна гэж дүгнэхээр байна. Сурталчилгаанаас үзвэл АН ялах дүр зураг харагдаж буй бөгөөд сүүлийн саруудын судалгаагаар МАН-ын рейтинг унаж АН-ынх өссөн гэх үзүүлэлт байгаа юм. Эрх баригч МАН-ынхан төрийн өндөр албанд тушаалд хамаатан, садан, ах дүү найз нөхдөө томилсоноос эхлээд хүүхдийн 20 мянгыг танаж, Хамтын тэтгэврийн хуулийг эгүүлэн татсан мөн 36 сарын тэтгэмжийг багасгасан зэрэг нь ийнхүү иргэдийн бодлыг эргүүлсэн байж мэднэ. Мөн өмнөх Засгийн газрынхаа хийсэн ажлуудыг ухраасан нь иргэдийн уур, бухимдлыг төрүүлээд буй. Тиймээс ч МАН-ын Засгийн газар шүүмжлэлд өртөхөөс болгоомжлон хийж байсан ажлуудаа түр зогсоож элдэв хэл амнаас болгоомжилсон байдалтай байна. Орон нутгийн сонгуулийн үр дүн гарахаас өмнө дор бүрнээ элдэв сенсааци мэдэгдэл хийхгүй байх анхааруулгыг МАН-ын гишүүд авсан гэх мэдээлэл ч байна.
МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүдээ тойрогтоо ажиллаж орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй ажиллахыг даалгаад өөрөө Хятад руу явсан. Энэ дагуу гишүүд нь бүгд тойрогтоо ажиллаж байна. Харин АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат анх удаа сонгуульд намаа удирдан оролцож буй бөгөөд ялалт байгуулж чадвал намын дарга болох өндөр магадлалтай. Харин М.Энхболд намаа энэ удаагийн сонгуульд ялуулж чадвал нэр хүнд нь илүү өсч Ерөнхийлөгчийн сонгуульд асуудалгүй нэр дэвших боломжтой болох юм.
АН УИХ, НИТХ-ын сонгуульд ялагдсан даагаа нэхэхээр тус сонгуульд маш идэвхтэй оролцож байна. Харин МАН-ынхан дөрвөн жилийн өмнө алдсан орон нутаг дахь эрх мэдлээ олж авахын тулд өрсөлдөж байна. Гэхдээ УИХ, НИТХ-д үнэмлэхгүй ялалт байгуулсан нам арай тайван байх шиг. Анхан шатны нэгжүүд буюу сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд аль нам ялалт байгуулна тэр нь орон нутаг дахь эрх мэдлийг атгана гэсэн үг.
Гэхдээ энэ удаагийн сонгуулийн ирц бүрдэх үү гэсэн айдас сонгуулийн хороодод байна. Сонгогчдын хувьд энэ удаагийн сонгуулийг ямар учиртай гэдгийг нь мэдэхгүй байгаа гэж хэлж болно. Дээрээс нь улс төрийн намд итгэх итгэлгүй болсон иргэд “Алийг нь ч сонгосон ялгаагүй. Худал хэлж, хууран мэхэлдэг хүмүүсийг сонгох хэрэг алга” гэх бодолтой болсон учраас энэ удаагийн орон нутгийн сонгуулийн ирц бүрдэхгүй магадлал өндөр байна.
Улс орны хэмжээнд нийт нэг сая гаруй иргэн саналаа өгөх ёстой билээ. Ирц бүрдэхгүй тохиолдолд дахин сонгууль явуулж хөрөнгө, мөнгө цаг зав зарцуулахаас өөр аргагүй. Тэгэхээр иргэдийг сонгуульдаа идэвхтэй хамрагдахыг СЕХ-оос уриалж байхад илүүдэхгүй болов уу.