Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхны гадаад айчлалаа Японоос эхлүүлж өнгөрсөн долоо хоногт тус улсад ажиллалаа. Тус айлчлалын хүрээнд монгол иргэд Япон улс руу 30 хоногийн дотор визгүй зорчих асуудлыг шийдвэрлэсэн гэх мэдээлэл бий. Тодруулбал, дипломат паспорт эзэмшигчдийн харилцан визээс чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын ноот бичиг солилцжээ. Ноот бичгийн дагуу хоёр улсын дипломат паспорт эзэмшигчид 30 хоногийн дотор визгүй зорчихоор болсон юм. Энэхүү ноот бичгийн хүрээнд дипломат паспорттой иргэдээс гадна энгийн иргэд Япон руу 30 хоногийн дотор визгүй зорчдог болсон уу гэх асуулт олон нийтийн дунд байсан.
Бид энэ талаар Японы элчин сайдын яамнаас тодруулахад “Хоёр улсын дипломат паспорт эзэмшигчид 30 хоногийн дотор визгүй зорчихоор болсон. Энгийн паспорттой иргэдэд хамааралгүй” гэсэн хариултыг өглөө. Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон төрийн өндөр албан тушаалтан, тэдгээрийн гэр бүлийнхэн гэх мэт дипломат паспорттой иргэд тус улс руу визгүй зорчих юм байна. Харин энгийн паспорттой иргэд өмнөх шиг гурван жилийн хугацаатай, нэг удаа 15 хүртэлх хоног зорчих “богино хугацааны олон удаагийн виз” визээр зорчих аж.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар айлчлалаар хийгдсэн энэхүү ноот бичгийн хүрээнд асуудлыг шийдээгүй байна. Дипломат паспорттой иргэд 30 хоног визгүй зорчдог байсан журам өмнө нь ч хэрэгждэг байсан гэж байгаа юм.