Орон сууцны ипотекийн зээлийг өнгөрсөн есдүгээр сараас эхлээд зогсоосон. Энэхүү зээлийг зогсоосон шалтгааныг Монгол банкнаас тайлбарлахдаа "Арилжааны банкууд ипотекийн зээлийн санхүүжилтийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан. Тиймээс Монгол банкнаас арилжааны банкуудад хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтын дүнг нэгтгэсний дараа ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ" гэсэн билээ. Энэхүү тайлбарыг сонссон иргэд "Монгол банкнаас иргэдийг хуурсан мэдээлэл хийж байна. Угтаа бол ипотекийн зээлийг санхүүжүүлэх мөнгөгүй болсон. Мөнгөгүй болсон шалтгаанаа арилжааны банкууд руу чихэж цаг хожиж байна" гэж ярьцгааж байсан юм.Мөн шалгалтын дүн цэгцэрсэн ч орон сууцны ипотекийн зээлийг олгож эхлээгүй байна.
Тэгвэл ипотекийн зээл дахин гацах нөхцөл байдал үүсчээ. Тодруулбал, Монгол банкнаас ипотекийн зээлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эрх зүйн бичиг баримтыг шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Засгийн газраас орон сууцны урт хугацаатай таван хувийн зээлийг үргэлжлүүлэн олгоно гэдгээ мэдэгдээд байгаа. Ингэхдээ 100 ам метр хүртэлх талбайтай орон сууцыг хамруулахаар болсон. Тиймээс 100 ам метр хүртэлх талбайтай орон сууцны зээлийг санхүүжүүлэх аргыг Төв банк боловсруулж байгаа бөгөөд орон сууцны урт хугацаатай зээл хэзээнээс хэвийн үргэлжлэх нь тодорхойгүй гэх хариултыг тус банкнаас хэлжээ. Тэгэхээр Засгийн газар ипотекийн зээлд хамрагдах орон сууны метр кв-ын хэмжээг нэмж түүнд нь зориулж Монгол банк дахин шинээр баримт бичиг боловсруулж байна гэсэн үг. Тэгэхээр уг зээлийн бичиг баримтыг шинээр боловсруулж дуустал тус зээл олгогдохгүй нь. Иргэдийн зүгээс байрны хэмжээг 100 м.кв болгож томосгохын оронд зээлээ хэвийн үргэлжлүүлсэн нь дээр байсан гэдэг шүүмжлэлийг хэлж байгаа юм. Харин зарим эх сурвалжууд Монголбанк ипотекийн зээлийг олгох санхүүгийн эх үүсвэргүй болсон гэж тодотгож байна. Засгийн газар, Монголбанк дотооддоо шинэчлэлийн ажлууд явагдаж байх хооронд гаднаас зээл авах асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа гэх мэдээлэл байна. Ипотекийн зээлийн санхүүжилтийн асуудлаар Япон болон урд хөршийн хоёр ч банкинд хандсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.
Т.Хулан