8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АТГ "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьчлалыг шалгахаар болж, оюутануудад зээл олгохоор болсон өдөр

2016-09-18 18:52:00

Гадаа хэдийгээр хүйтэрч  байгаа ч гэрт сэтгэл дулаан итгэл өөдрөг нэгэн өдрийн мэндийг уншигч танд хүргье. Халуун ам бүлээрээ сэтгэл өөдрөг хамтдаа байх шиг нэгэн жаргал хүний амьдралд үгүй билээ. Халуун, хүйтэн ээлжлэн солигдож шороогоор шуурах өдөр байхад хурц наран тэнгэрээс ээж халуу дүүгэх ч өдөр байна. Аяа амьдрал, хүйн холбоотой байгаль дэлхийн хоёр өнгөө өөрчлөх нь юутай адилхан. Хүмүүн бид чинь хайранд умбан жаргахдаа мөнхөд байх мэт эндүүрч, хагацалд зовон гаслахдаа  мөнхөд үргэлжлэх мэт андуурдаг нь энэ л хорвоогийн эрээнтэй бараантайг илтгэх мэт. Хүмүүн бид алдах үедээ харамсч, онох үедээ баяссаар орчлонгийн хатуу, хөтүү бүхэнтэй тэмцэж л явна.
Ийм л нэг Монголын эрээнтэй бараантай өдрүүд ээлжлэн өнгөрлөө. Улс эх орны ирээдүйтэй холбоотой онцлох явдлууд өрнөсөн өдөр байлаа. Ингээд уншигч та бүхэндээ өнөөдрийнхөө “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Засгийн газрын 100 хоногийг дүгнэж хэн, юу хэлэв

Мэргэжлийн Засгийн газрын Ерөнхий сайдыг томилсны 100 хоног /2016.10.17/ өчигдөр тохиолоо. Улс төрийн жишиг уламжлалаар бол Засгийн газрын 100 хоногийг чухалчилдаг бөгөөд тэрхүү сайдууд бүрдэж, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ тодорсны 100 хоног ирэх арваннэгдүгээр сарын эхээр таарч байгаа юм. Энэ өдрийг тохиолдуулан Засгийн газраас нэгэн хүлээн авалтыг цөөн хүмүүсийн дунд нууцлагдмал байдлаар зохион байгуулна гэсэн сураг байна. Гэхдээ энэ Засгийн газар баяр тэмдэглэх хэмжээний ажилласан билүү гэдэг өөрөө асуулт хэвээр үлдэнэ. Нууц хүлээн авалтаар хийсэн ажлаа дүгнэх бус Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ-ын дарга М.Энхболд нарын Япон, Хятадаас мөнгө зээлсэнийг л тэмдэглэж магадгүй гэх. Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт мэргэжлийн бус ах дүүгийн томилгоо хийж өмнөх Засгийн газрынхаа хийсэн ажлыг зогсоосноос өөрөөр эерэг үр, дүнгүй ажилласан гэж олон нийт шүүмжилж байгаа. Тэгвэл улс төрийн хүрээнийхэн Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногийн хэрхэн дүгнэснийг хүргэе.

АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат: Зөв бодлогуудыг ухраадаг засаг байх юм бол ажлаа өгөөд хурдхан огцрох хэрэгтэй

Энэ сонгуулиар Ардчилсан нам ард түмэнтэйгээ эрх баригчдын 100 хоногийг дүгнэлээ. Бид эрх баригчдад мянган хоногт хийх ажлыг тулгаагүй, 100 хоногт Монголын нийгэм, улс төрийг хааш нь чиглүүлж байна вэ гэдэгт дүн тавьж байгаа. Бага хугацаа биш ч, 100 хоногт улс орон, энэ ард түмэн хаашаа явах нь вэ гэдэг үндсэн чиглэлийг тогтооход хангалттай хугацаа. Харамсалтай нь, эрх баригчид сонгуулиар амласан бүх амлалтаасаа сонгогдсоныхоо маргаашнаас шууд ухарч эхэлсэн. Бодлогын бүх шинэчлэл 100-хан хоногт арчигдаж, шилэн данс ширэн түрийвчний ард нуугдах жишээний. Өнөөдөр ард түмэн тэдний байдлыг хараад ямар сонголт хийчихвээ, ер нь бид хаашаа яваад байна хэмээж буй нь илүүтэй ажиглагдах боллоо. Хамгийн бага цалинтай, хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг багш эмч нарын насаараа ажилласныг нь төр нэг удаа харж үзээд 36 сарын тэтгэмжийг нь өгдөг байсан. Гэтэл үүнийг нь хасчихсан. МАН засаг авсан даруй хууль болгож төрийн албан хаагчдийн тэтгэмж 1-12 сар байна гэж оруулж ирсэн. Монголын төр нийгмийн халамжийг ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэзээ ч ялгаварлаж болохгүй, гар татаж болохгүй. Энэ мөнгийг яаж ч байсан олж өгөх үүрэгтэй. Мөнгөгүй гэж гар татаж зөв бодлогуудыг ухраадаг засаг байх юм бол ажлаа өгөөд хурдхан огцрох хэрэгтэй. Түмний нүдэн дээр ил явж байгаа үйлдлүүдийг "гүтгэлээ" гэдэг үлгэрээр өөрсдийгөө цагаатгах хэрэггүй. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

"Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьчлалын асуудлыг АТГ-аар шалгуулахаар боллоо

Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт Авлигатай Тэмцэх Газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргалд албан тоот илгээсэн байна. Уг албан тоотод "Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих "Ростек" улсын корпорацийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "Монголросцветмет" ХХК-д эзэмшиж байсан 49 /дөчин ес/ хувдийн энгийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээсээ татгалзсан шийдвэр гаргуулсан эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх байдлыг шалгуулж тогтоолгохоор материалыг шилжүүллээ" гэсэн байна. Мөн уг албан бичгийн хамт холбогдох 2 хуудас материалыг илгээжээ.

Зээлд хамрагдах оюутан дараахь шаардлагыг хангасан байх ёстой 

Монгол Улсын Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар гаргасан. Тэгвэл оюутны хөгжлийн зээлийг энэ 10 дугаар сараас эхлэн олгож эхлэхээр болжээ. Энэ онд нийтдээ 70 мянган  оюутанд сургалтын төлбөрийн зээлийг олгохоор тооцоолоод байгаа аж. Тус зээлийг  магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн оюутанууд авах бүрэн боломжтой аж. 

Зээлийн төрөл 
1.    Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа /
2.    Богино хугацаатай зээл /1 жил /
3.    Урт хугацаатай зээл 110 жил /

Зээлд хамрагдах оюутан дараахь шаардлагыг хангасан байх ёстой 

 Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;

Хүү буруулах болон богино хугацаатай зээлд хамрагдах оюутан дараах нэмэлт шаардлагыг хангасан байна. 

Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;
Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/;

Урт хугацааны зээлд хамрагдах оюутан юуг анхаарах ёстой вэ?
 Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх.
Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах.
 Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш cap бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх.
Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно.Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

Г.Шийлэгдамба, Н.Энхбаяр нарын хэргийг нэгтгэсэн талаар МАХН-ынхан ам нээхийг хүссэнгүй

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асанГ.Шийлэгдамбыг албан тушаалаа ашиглан хахууль авсан үндэслэлээр АТГ-аас цагдан хорьсон. Түүний хэрэгт холбогдуулан тус намын дарга Н.Энхбаярыг мөн АТГ-аас шалгаж эхлээд байгаа юм. Тэдний хэргийг нэгтгэн шалгасан учир шалтгаан  нь Г.Шийлэгдамбын мэдүүлэгтэй холбоотой юм. Тодруулбал, Г.Шийлэгдамба ажлын өрөөндөө 500 сая төгрөгийн хахууль авч байгаад баригдсан талаараа “Би тус мөнгийг намын санхүүжилт болгож авсан. Авсан мөнгөө Н.Энхбаяр даргад өгсөн” гэж ярьсан билээ.

Бид энэ талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяанаас тодруулахад “ Нэгтгээд удаж байгаа шүү дээ. Би хэвлэлээр гарсан мэдээллийг харчихаад мэдээлэл өгье. Одоо юу ярих вэ дээ” гэлээ. Харин О.Баасанхүү гишүүн “Би Эрдэнэтэд явж байна. Энэ талаар сонсоогүй байна” гэв.

Хулгайд алдагдсан Хар морь хөлөглөсөн сахиусыг олжээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынГандандамчойлон хийдийн хосгүй үнэт олдворуудыг энэ сарын 12-13-нд шилжих шөнө хулгайлсан хэрэг гарчээ. Эл хэргийг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, гурав хоногийн дараа баривчилсан байна. Ингэхэд сэжигтэн А, Б нар Гандандамчойлон хийдийн вакум цонхыг хагалан орж, хар морь хөлөглөсөн сахиус, Жигжид бурхны мандал хот гэж нэрлэгддэг эртний зурмал бурхан, Авид бурхны зурмал хөрөг, нэр нь үл мэдэх шавар тогтоц бүхий бурхан, шаазан ваар, мөн 20 ширхэг шавар бурхан зэрэг түүхийн хосгүй үнэт зүйлийг хулгайлсан байжээ. Тэд 1982, 1984 oных бөгөөд Улаанбаатар хотын харъяат юм байна.

Хар морь хөлөглөсөн сахиусыг 1700 оны үед Ахай бээсийн хошууны ноён Төв дархан гүн Төвдийн хөх нуураас залж авчирч байсан гэнэ.Төвд нэр нь Таогчойжил гэх энэхүү өргөмжит сахиусанд нутгийн иргэд сүсэглэн залбирдаг байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр дээрх түүхийн хосгүй үнэт олдворыг хадгалж байсан Гандандамчойлон хийд нь хамгаалалтын дохиололгүй байсан аж. Энэ нь гэмт этгээдүүдийг хулгайн хэрэг үйлдэж, үнэт эд зүйл алдагдахад хүргэсэн байж болзошгүй гэнэ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас түүхийн үнэт олдворын хадгалалт, хамгаалалтыг сайжруулахыг холбогдох байгууллагынханд анхаарууллаа. Хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Орхон, Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм байна. Тус ажлын хэсэг одоогоор түүхийн үнэт зүйлсийг хураан аваад байгаа аж.

Хилийн чанадад манай улсын 270 иргэн гэмт хэрэгт холбогджээ

Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс энэ сарын 17-ны байдлаар хилийн чанадад манай улсын 270 иргэн гэмт хэрэгт холбогджээ. Мөн 13 улсад нийт 163 монгол иргэн ял эдэлж байгаа юм байна. Түүнчлэн эхний 10 сарын байдлаар хилийн чанадад 52 иргэн нас барсан бөгөөд тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар ГХЯ болон холбогдох албанаас зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан аж. Энэхүү статистик тоог оны эцэст нэгдсэн байдлаар нэгтгэн гаргах гэнэ.

Дархан, Орхон чиглэлийн замыг хаалаа

Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас хойд чиглэлд буюу Дархан, Орхоны замд үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын нөхцөлд хүндрэл үүссэнтэй холбогдуулан зарим чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарласан тухай Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын шийдвэрээр тээврийн хэрэгслийн орох гарах хөдөлгөөнийг замын нөхцөл байдал сайжрах хүртэл тодорхойгүй хугацаанд хязгаарлахаар болжээ. Иймд иргэд тээвэрчид Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан аймгийн чиглэлд зорчихгүй байхыг анхаарна уу.

Орон сууцны ипотекийн зээл дахин гацлаа

Орон сууцны ипотекийн зээлийг өнгөрсөн есдүгээр сараас эхлээд зогсоосон. Энэхүү зээлийг зогсоосон шалтгааныг Монгол банкнаас тайлбарлахдаа "Арилжааны банкууд ипотекийн зээлийн санхүүжилтийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан. Тиймээс Монгол банкнаас арилжааны банкуудад хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтын дүнг нэгтгэсний дараа ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ" гэсэн билээ. Энэхүү тайлбарыг сонссон иргэд "Монгол банкнаас иргэдийг хуурсан мэдээлэл хийж байна. Угтаа бол ипотекийн зээлийг санхүүжүүлэх мөнгөгүй болсон. Мөнгөгүй болсон шалтгаанаа арилжааны банкууд руу чихэж цаг хожиж байна" гэж ярьцгааж байсан юм.Мөн шалгалтын дүн цэгцэрсэн ч орон сууцны ипотекийн зээлийг олгож эхлээгүй байна. 

Тэгвэл ипотекийн зээл дахин гацах нөхцөл байдал үүсчээ. Тодруулбал, Монгол банкнаас ипотекийн зээлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эрх зүйн бичиг баримтыг шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Засгийн газраас орон сууцны урт хугацаатай таван хувийн зээлийг үргэлжлүүлэн олгоно гэдгээ мэдэгдээд байгаа. Ингэхдээ 100 ам метр хүртэлх талбайтай орон сууцыг хамруулахаар болсон. Тиймээс 100 ам метр хүртэлх талбайтай орон сууцны зээлийг санхүүжүүлэх аргыг Төв банк боловсруулж байгаа бөгөөд орон сууцны урт хугацаатай зээл хэзээнээс хэвийн үргэлжлэх нь тодорхойгүй гэх хариултыг тус банкнаас хэлжээ. Тэгэхээр Засгийн газар ипотекийн зээлд хамрагдах орон сууны метр кв-ын хэмжээг нэмж түүнд нь зориулж Монгол банк дахин шинээр баримт бичиг боловсруулж байна гэсэн үг. Тэгэхээр уг зээлийн бичиг баримтыг шинээр боловсруулж дуустал тус зээл олгогдохгүй нь. Иргэдийн зүгээс байрны хэмжээг 100 м.кв болгож томосгохын оронд зээлээ хэвийн үргэлжлүүлсэн нь дээр байсан гэдэг шүүмжлэлийг хэлж байгаа юм.  Харин зарим эх сурвалжууд Монголбанк ипотекийн зээлийг олгох санхүүгийн эх үүсвэргүй болсон гэж тодотгож байна. Засгийн газар, Монголбанк дотооддоо шинэчлэлийн ажлууд явагдаж байх хооронд гаднаас зээл авах асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа гэх мэдээлэл байна. Ипотекийн зээлийн санхүүжилтийн асуудлаар Япон болон урд хөршийн хоёр ч банкинд хандсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. 

"Цалинтай ээж" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн баталж, УИХ-аар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав. Төслийн үзэл баримтлалд тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй юм байна. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид эхчүүдийн цалинг сар бүр олгох чиглэл барихыг даалгалаа.

Товч мэдээ

-  УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан “Гар аргаар ашигт малтмал албан бусаар олборлож буй иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд тодорхой саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болов.

-  УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Төслүүдийг хэлэлцэн хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

-  Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институци  үүсгэн байгуулах хэлэлцээрийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.Бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт манай улс 2002 онд гишүүнээр элссэн. Хөтөлбөр нь тээвэр, худалдааг хөнгөвчлөх, эрчим хүч, худалдааны салбаруудын бодлого, үйл ажиллагааг бүс нутгийн хэмжээнд харилцан уялдуулах зорилгоор удирдах ажилтны болон сайд нарын уулзалт зохион тохирсон чиглэл, салбаруудад худалдаа, эдийн засгийн өсөлтийг хангах, дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.  Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдсон бусад хуулийн болон УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mr willams
do you need a urgent loan if yes email us today via collinswillamsloanfirm@gmail.com will offer a bigger amount of loan here
2017/11/28 185.182.81.59