Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр болон "Хөгжлийн банк"-ны захирал Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн болон бусад үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа. Тэдний хэргийг нэгтгэсэн бөгөөд Н.Мөнхбатыг өнгөрсөн долоо хоногт цагдан хорьсон юм. Тэгвэл яг нэг жилийн өмнө Монголын өдөр тутмын "Өглөөний сонин" Н.Батбаяр, Н.Мөнхбат нарыг бондын мөнгөөр гараа угааж, үр ашиггүй зүйлд үрэлгэн зарцуулж байгаа талаарх баримт материалыг цувралаар нийтлэл бичиж байв. Тэд ингэж бичсэнийхээ хариуд "Хөгжлийн банк"-ны захирал асан Н.Мөнхбатын гомдлын дагуу шүүхэд дуудагдаж хоёр ч шатны шүүхээр ялагдсан байдаг. Хэдий шүүхийн өмнө ялагдсан ч тус сониныхон нийтэлсэн нийтлэлээ үнэн, зөв гэсэн байр, сууриа өнөөдрийг хүртэл хамгаалж байгаа юм. Өнгөрсөн сард Хууль зүйн сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг "Хөгжлийн банк"-нд шалгалт хийхэд 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. Тус шалгалтаар илрүүлсэн зөрчлийн талаар Өглөөний сониныхон нэг жилийн өмнө буюу түрүүлж гаргаж мэдэж олон нийтэд мэдээлж байсан гэсэн үг. Хөгжлийн банкны асуудал олон нийтийн анхаарлыг татаад буй энэ цаг үед бид "Өглөөний сонин"-ы Эрэн сурвалжлах албаны дарга, сэтгүүлч Р.Саруултай ярилцлаа. Нэг жилийн өмнө бичиж байсан түүний нийтлэлүүдийг Хууль зүйн яамны "Хөгжлийн банк"-нд хийсэн шалгалтын энэ удаагийн дүн батлаад өгчихөв үү гэх бодол төрж байсныг нуух юун.
- “Чингис”, “Самурай” болон бусад эх үүсвэрийн мөнгийг "Хөгжлийн банк"-ны захирал Н.Мөнхбат үр, дүнгүй зарцуулж байгаа талаар та цуврал нийтлэл бичиж байсан. Үүнийхээ хариуд шүүхийн өмнө дуудагдаж байсан. Тухайн үед та “Хөгжлийн банк”-ны удирдлагуудын талаар яг ямар ноцтой баримтыг гартаа оруулсан байв?
- “Чингис”, “Самурай” бондыг дэлхийн зах зээл дээрээс босгосон цаг үеэс эхлээд л хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд энэ асуудлаар бичиж эхэлсэн. Ер нь "Хөгжлийн банк"-тай холбоотой мэдээ, мэдээллүүдийг манай сониноос гадна бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд бичиж, нийтэлж байлаа. Харин бондын мөнгийг хувьдаа “идэж, уусан” нь 2014 оны намраас олон нийтэд ил болж эхэлсэн. Бидний хувьд 2013 оноос эхэлж бондын мөнгөний зарцуулалттай холбоотой асуудлаар бичиж эхэлсэн. Харин тодорхой баримтуудыг 2015 онд гартаа оруулсан. Бид олж авсан материал дээрээ үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр “Чингис, Самурай бондын мөнгөөр гараа угаасан хүмүүс тодорч эхэллээ” гэдэг нийтлэл бичсэн. Уг нийтлэлд бондуудын мөнгөнөөс ямар санхүүжилт гарч тэндээс хэн, хэн гэдэг хүмүүс хувьдаа завшсаныг нь ил болгосон. Мөн мөнгө яаж алга болсон талаар бичсэн. Үндэсний аудитын газрын тайланд үндэслэн бид ингэж бичсэн. Энэхүү тайланг өөрсдийнхөө танил талын шугамаар олж авсан. Биднийг уг асуудлаар бичиж эхлэх үеэс л “Шүүхэд өгнө” гэж айлгадаг байсан ч хараахан өгөөгүй байсан. Харин “Чингис, Самурай бондын мөнгөөр гараа угаасан хүмүүс тодорч эхэллээ” гэдэг нийтлэл гарч тодорхой зарим баримтыг дурдаад эхлэнгүүт шүүхэд өгсөн. Хөгжлийн банкныхан биднийг шүүхэд өгсөн шалтгаанаа “Бид бондын мөнгөнөөс хувьдаа аваагүй байтал “Өглөөний сонин” хувь хүний нэр төрд халдлаа” гэж тайлбарласан.
- Хоёр ч шатны шүүхээс танай сониныг буруутгасан байдаг. Тийм үү?
- Анхан шатны шүүхээс биднийг “Та бүхэн сонинд бичсэн баримтуудаа нотолж чадахгүй байна” гэж буруутгасан. Мэдээж бид түүнийг нотолж чадахгүй. Учир нь аливаа баримт бичиг нь тамга, тэмдэгтэй эх хувиараа байж бид бичсэн материалаа нотолно. Сэтгүүлч бидний хувьд өөрсдийн олж авсан баримтаа эх хувиас нь хувилж аваад л бичдэг. Аливаа амьд эх сурвалжаас мэдээлэл аваад бичсэн материал нотлох баримтгүй байсан ч баталгаатай л байдаг. Эх сурвалжаасаа авч бичсэн материалын дагуу шүүх биднийг буруутгадаг. Тэр тохиолдолд эх сурвалжийнхаа өгсөн мэдээллийн дагуу “Энэ баримтыг шалгаад өгөөч” гэсэн хүсэлтийг шүүхэд тавьдаг. Гэтэл шүүх тэр хүсэлтийн минь дагуу ажиллаагүй. Ингээд анхан шатны шүүх дээр ялагдсан. Хоёр дахь шатны шүүх дээр ч ялагдсан. Хэн нэгэн сэтгүүлч ямар ч баримтгүйгээр бусдын нэр төрд халдсан материал нийтлэхгүй. Тэгэхээр тодорхой баримтанд тулгуурлаж л бичсэн байж таарна шүү дээ.
- Хэн, хэнийг бондын мөнгөөр гараа угаасан гэж та бичиж байсан юм бэ?. Өнөөдөр эхнээсээ хоригдож буй хүмүүсийн нэрийг уг хэрэгт холбогдуулан бичиж байв уу?
- Мэдээж “Хөгжлийн банк”-ны захирал асан Н.Мөнхбат бий. Тухайн үед Н.Мөнхбат тус банкны захирал байсан. Мөнгийг захиран зарцуулах эрх нь тэр хүнд бий. Бүх мөнгө тэр хүний гарын үсгийн зөвшөөрөлтэйгээр банкнаас гарсан байгаа. Тэр үндсэн дээрээс "Н.Мөнхбат бондын мөнгөнөөс “идсэн” байна, бид үүнийг ийм баримтанд үндэслэж байна "гэж хэлсэн. Харин шүүх “Та бүхэн бичсэн нийтлэлээ нотолж чадахгүй байна. Энэ хүн мөнгө хувьдаа “идээгүй” юм байна” гээд л байсан. Тухайн үед Хөгжлийн банкны асуудал нийгэмд дуулиан тарьж байсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийж байсан үе. Шалгалтын дүнгийн мэдээлэл зах, зухаас нь ил болж байсан. Ийм байхад хоёр дахь шатны шүүх биднийг унагаахгүй байх гэж найдаж байлаа. Гэтэл ямар ч ажиллагаа явуулаагүй байж анхан шатныхаа шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж биднийг буруутгасан. Шүүх хуралдааны үеэр би “Шүүгч нараа энэ бол цаг хугацааны асуудал. Удахгүй “Чингис” болон “Самурай” бондын мөнгийг идсэн хүмүүс илэрнэ. Та бүхэн буруу шийдвэр гаргаж байна. Энэ мөнгө Монголын ард түмнийх. Бид өрийг нь төлнө. Ядаж Н.Мөнхбатыг надтай мэтгэлцүүлчих” гэж хэлж байсан.Н.Мөнхбатын гурван өмгөөлөгч өөрийнх нь өмнөөс тайлбар хийж чадахгүй шүү дээ. Өмгөөлөгч нар бус Н.Мөнхбат гэдэг хүн мөнгийг захиран зарцуулсан. Тэгэхээр мөнгөний талаар тэр хүн л мэдэж байгаа. Тиймээс би Н.Мөнхбаттай мэтгэлцэх боломжийг хүссэн. Гэтэл тэр боломжийг олгоогүй. Бид нарын гаргаж өгсөн хүсэлтийн үндсэн дээр ажиллагаа ч хийгээгүй.
- “Өглөөний сонин”-д ямар нэг байдлаар хуулийн хариуцлага хүлээлгэсэн үү ?
- Биднийг хувь хүний нэр хүнд банкны үйл ажиллагаанд халдлаа гэж буруутгаж байсан. Энэ бол хэвлэл, мэдээллийн хэрэгслийг дарж авах гэсэн санаархал шүү дээ. Хэрвээ манай сониноос мөнгө, төгрөг нэхэмжилсэн бол асуудал өөрөөр эргэх байсан байх. Яг үнэнийг хэлэхэд өнгөрсөн дөрвөн жил шүүх цагдаагийн байгууллага хэтэрхий их туйлширсан гэж би боддог. Эрх баригчаар Ардчилсан нам ажиллаж байсан. Сэтгүүлчдийг үнэхээр их дарсан. Үргэлж л шүүхэд өгч байсан. Гэтэл би тэр хүний ажил хэргийн алдар хүндийг нь яаж унагаагаад байгаа юм. Тэр хүн өмнө нь нэр хүндтэй байсан юм уу. Ажил хэргийн алдар хүнд гэж яг юуг хэлдэг гэх мэт шүүх бүх зүйлийг нарийн тогтоох ёстой. Шүүх үүн дээр ажиллаагүй байж “Н.Мөнхбат гэдэг хүн бондын мөнгөнөөс идэж уугаагүй байна. Та бүхэн хүлчил өч” гэсэн. Шүүхийн шийдвэр биелүүлж Н.Мөнхбатаас уучлалт гуйхыг байнга шаардаж байгаа. Манай сонин Н.Мөнхбатаас уучлалт гуйгаагүй. Бид гуйхгүй. Энэ бол цаг хугацааны асуудал. Өнөөдөр эхнээсээ үнэн, мөн нь илэрч байна. 1.3 их наядын зөрчил илэрчихээд байна шүү дээ. Шүүх үзэмжээрээ ажилласан гэж би боддог. Манайхаас бусад олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл "Хөгжлийн банк"-ны асуудлаар бичиж байсан. Н.Мөнхбатын хувьд манай сонин дээр гарсан материалыг ямар эх сурвалжаас авсныг л мэдэх гэж шүүхэд өгсөн байх.
- Н.Мөнхбат захирал асан бондын мөнгөөр яг яаж гараа угаасан гэж та бичсэн юм бэ?
- Н.Мөнхбат бондын мөнгөөр гараа угаасан нь өнөөдөр тодорхой боллоо. Хууль зүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг "Хөгжлийн банк"-нд шалгалт орууллаа. Эхний шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрээд байна. Н.Мөнхбатын тансаглал болоод гадаад айлчлалаар явахдаа зөвхөн зочид буудлын мөнгөнд 11 саяыг зарцуулсан гэх зэргийг тухайн үед манай сонин бичиж байсан. Хөгжлийн банкнаас төсөл хөтөлбөрүүдэд мөнгө хувиарлахдаа УИХ-аар батлуулаагүй байдаг. Н.Мөнхбат гэдэг хүн 2012 оноос хойш УИХ-аас хэлэлцүүлэлгүй бондын мөнгийг гаргасан байдаг. Тухайн үед бидний олж авсан аудитын газрын материалд “Ийм мөнгийг ингэж зарцуулсан байна” гэж бичсэн байдаг. Бид түүн дээр үндэслээд бичтэл "Бичсэн зүйлээ нотолж чадахгүй байна" гэж шүүх үзсэн. Бондын мөнгийг яг дүрэм, журмынх нь дагуу авах гэсэн олон компани байгаа шүү дээ. Гэтэл тэр компаниуд гомдолтой үлдсэн. Жишээ нь Б.Гарамгайбаатар гишүүн асаны “Монроуд” гэх замын компани бондын мөнгөнөөс авсан. Авсан мөнгөөрөө тамын зам бариад түүн дээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн шүү дээ. “Бондын мөнгөнөөс 90 сая төгрөг авч судалгаа хийсэн”, “Татварын нэмэх замаар бондын мөнгийг ард түмнээр төлүүлэх гэж байна”,”Хөгжлийн банк 150 орчим тэрбум төгрөгийн векселийг Монгол банк руу яагаад шилжүүлсэн бэ” гэх мэтээр бичиж байсан. Одоо уг асуудлууд эхнээсээ тодорхой болж байна. "Гудамж" төслийг хийх судалгааг явуулж байгаа нэрээр бондын мөнгөнөөс 90 саяыг зарцуулсан байдаг. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, "Хөгжлийн банк"-ны захирал Н.Мөнхбат нар бондын мөнгөнөөс 20-иод тэрбумаар хулгайлсан гэж би бичиж байсан. Учир нь “Чингис”, “Самурай” бондын мөнгөнөөс 20 тэрбум төгрөг хаашаа ч юм алга болсон байдаг.
Хууль зүйн дэд сайд Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг бондын мөнгөтэй холбоотой бүх баримтыг удахгүй дэлгэх гэж байна. Тэр баримтыг гаргаж ирсний дараа АТГ болон хууль хяналтын байгууллага руу шалгуулахаар явуулна. Тэр үед нь бид дахин шүүхэд хандана. Учир нь бидний нэр хүндийг унагасан шүү дээ.
- Сэтгүүлч бидэнд таньд тохиолдсон шиг зүйл олон тохиолддог. Энэ тохиолдолд бид яаж ажиллах ёстой юм бэ?
- Сэтгүүлчдийг эрх баригчид л шүүхэд өгдөг. Бид өөрийн арга замаар л баримт материалыг олж авдаг. Дүрд хувирахаас гадна аливаа нэгэн баримтыг өөртөө үлдээхийг хичээдэг. Залуу сэтгүүлчид маань айсандаа цагдаа, шүүх дээр очоод гэнэ алдах тохиолдол их бий. Биднийг эх сурвалжаа хэл гэж шаарддаг. Эх сурвалжийг бид хэзээ ч хэлж болохгүй. Хэрвээ эх сурвалжаа хэлбэл маш бүдүүлэг алдаа гаргаж байна гэсэн үг. Хүмүүсийн бидэнд итгэх итгэл эргээд алдагдана. Тиймээс манай сэтгүүлчид заавал бодитой эх сурвалжтай байх ёстой. Эх сурвалжаасаа бид ямар нэгэн баталгаатай баримтыг заавал авч үлдэх хэрэгтэй. Зарим үед эх сурвалж буцах тохиолдолд бидний авч үлдсэн баримт хэрэг болно. Тэгэж чадахгүй бол манай сэтгүүлчид шүүх цагдаагийн шатанд унана шүү дээ. Ямар ч сэтгүүлч эх сурвалжтай л бичдэг гэж би боддог. Учир нь сэтгүүлчдийн үзэгний үзүүрт аливаа хүний ар гэр, ажил амьдралын нэр хүнд явдаг. Тэгэхээр сэтгүүлчид баримттай л бичдэг. Харин түүнийгээ нотлох нь их хүнд. Тиймээс бид өөрсдийнхөө бичсэн материалаар шүүхэд дуудагдсан тохиолдолд эх сурвалжаасаа олж авсан мэдээллийн дагуу “Энэ баримтыг бидэнд олж өгөөч. Шалгаад өгөөч” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж шалгуулах эрхтэй. Энэ ажиллагааг эрүүгийн хэргийн шүүх илүү хийдэг юм шиг санагддаг. Тиймээс эх сурвалжаасаа муу аргаар ч хамаагүй тодорхой баримт авч үлдэх хэрэгтэй. Манай сониныг буруутгасан хоёр шатны шүүгчид одоо юу бодож байгаа нь сонин байна. Учир нь бидний бичсэн зүйл зөв гэдэг нь эхнээсээ тодорхой болж байна. Хууль зүйн дэд сайд Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг бондын мөнгөтэй холбоотой бүх баримтыг удахгүй дэлгэх гэж байна. Тэр баримтыг гаргаж ирсний дараа АТГ болон хууль хяналтын байгууллага руу шалгуулахаар явуулна. Тэр үед нь бид дахин шүүхэд хандана. Учир нь бидний нэр хүндийг унагасан шүү дээ.
- Чингис бондын мөнгөнөөс АН, МАН-ынхан аль аль нь л авч идсэн гэх хэрүүл яригдаж байна. Таны олж авсан баримтаар яг аль намынхан нь илүү авчихсан юм бэ?
- Н.Батбаяр сайд аа, Н.Мөнхбат захирал аа “Чингис”, Самурай” бондоос авсан үндэсний компаниуд болон УИХ-ын гишүүдийнхээ нэрийн зарлаачээ хэмээн тухай үед манай сонин хүсч байсан. Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн тус банкинд хяналт, шалгалт хийгээд ирсний дараа Ардын нам, Ардчилсан намынханы аль, аль нь бондын мөнгөнөөс авсан байсан нь ил болсон. Бондын мөнгө хэний гараар орсон нь эхнээсээ тодорхой болж байна. Сайд байсан хүнийг хүртэл буруутгаад яллагдагчаар татчихлаа. Тус банкны захирлыг нь болон удирдах албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийг хорьчихлоо шүү дээ. Хөгжлийн банкны ТУЗ-д байсан хүмүүс ч цаашид шалгагдах байх.
- "Хөгжлийн банк"-ныхан бондын мөнгөнөөс санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн ажилд эргэж хяналт тавиагүй гэдэг. Энэ талаар та тухайн үед бичиж байсан л биз дээ?
- Тийм. Хөгжлийн банк мөнгө гаргачихаад эргээд хяналт огт тавьдаггүй байсан. Энэ талаар тухайн үед бид бичиж байсан. Тус банкнаас 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрлээ. Тус банкинд мэргэжлийн төсөвчин болон салбар, салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн хүмүүсээр дахин шалгалт хийж байгаа гэсэн. Хоёр шатны шүүхээр ялагдсан хүний хувьд би энэ бүхний ард гартал явна гэж бодож байгаа. Сэтгүүлчид шүүхэд ялагдсан ч гэсэн өөрийн зөв гэж бодсон зүйлээ орхилгүй бичих хэрэгтэй. Бондын мөнгөнөөс авсан үндэсний компаниудынхаа нэрийг зарлахыг би шаардаж нийтлэл бичиж байгаа. Мэдээж бондын мөнгөнөөс Ардын нам, Ардчилсан намынханы аль нь авсан байж болно. Хууль, дүрмийнх нь дагуу бондын мөнгөнөөс зээлээд эргүүлээд төлөөд явж байгаа бол бид буруутгаагүй.
- Тухайн үед “Хөгжлийн банк”-ныхан танай сонинтой гэрээ хийж тохиролцох санал тавьж байсан уу?
- Тухайн үед “Хөгжлийн банк” хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдтэй гэрээ байгуулж байсан. Манайхтай ч гэрээ байгуулъя гэж санал тавьж байсан. Харин манайх тус банктай гэрээ байгуулахгүй гэдэг байр, суурьтай байсан. Манай эрхлэгч “Хөгжлийн банктай холбоотой материал манай сониноор гарах ёстой. Төсөл сонгон шалгаруулалт нь зөв явагдаж байна уу. Бондын мөнгө хүрэх эзэндээ хүрч байна уу гэдгийг бичих ёстой шүү” гэж хэлж байсан.
- Хоёр шатны шүүхэд дуудагдаад явж байхад таны ард хэн таныг баттай хамгаалж байв?
- Гомдол гаргагч тал "Өглөөний сонин"-д гомдлоо гаргасан. Гэхдээ би бичсэн учраас шүүх хуралд очихоос өөр аргагүй. Намайг өдөр, шөнөгүй шүүхийн хаалга сахиж суухад манай сонины хамт олон болон Ерөнхий эрхлэгч Л.Нинжжамц миний ард хамгаалж байсан. Өглөө бүр шүүх дээр очиж цагаа бүртгүүлэхээс эхлээд ачаалал маш их нэмэгдсэн. Манай эрхлэгч шүүхтэй холбоотой бүхий л асуудалд анхаарлаа хандуулж байсан. Намайг байнга өмгөөлөгчтэй явуулж байлаа. Манай хамт олон уриа, лоозонгоо бариад шүүхийн гадна зогсож л байсан.
Т.Хулан