Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг Авлигатай Тэмцэх Газраас 2014 оноос шалгаж эхлэсэн. Н.Мөнхбатыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-аас энэ сарын 11-ий өдрөөс эхлэн саатуулан шалгаж байна. Бид энэ хэргийн талаар Н.Мөнхбатын өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.
-Хөгжлийн банкны захирал асан С.Мөнхбатыг саатуулан шалгаж байгаа. Тэгэхээр ямар зүйл ангиар шалгаж байгаа талаар мэдээлэл өгөх юу?
-Эрүүгийн хуулийн 150.3, 265.2 гэсэн зүйл ангиар шалгаж байгаа. Энэ нь 150,3 гэдэг нь бусдын эд хөрөнгийг завших гэсэн зүйл анги байгаа, 265.2 гэдэг нь төрийн бус байгууллагын албан тушаалтан албан тушаалаа уруулан ашиглах гэсэн зүйл ангиар шалгаж байна. 2016 оны 10 дугаар сарын 11-ээс Н.Мөнбатыг хорьж, хоригдсоноос хойш 2 өдрийн дараагаас би энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Тухайн өдөр Н.Мөнхбаттай очиж уулзсан. С.Мөнхбатын эрүүл мэндийн байдал сайнгүй байсан. Тэгээд 10 дугаар сарын 17-ны давж заалдах цагдан хорионы захирамж дээр гомдол гаргасан. Ингээд Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч Алдар шүүгч дээр орж, прокурор бид 2 мэтгэлзсэн. Зүйл анги нь буруу зүйлчилсэн байж магадгүй юм байна гэдэг дээр ярилцсан. Эрүүгийн хуулийн 150.3 дугаар зүйл анги нь өршөөлд багтсан зүйл ангиар шалгаж байна. Хүний эрхийг ингэж хязгаарлаж болохгүй, эрүүгийн хуулийг ижил төсөөтэй тайлбарлахыг хориглодог. Энэ хэргийг гадуур батлан даалтаар гаргаад байцаагаач ээ, эрүүл мэндийн байдал маш хүнд мөн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр идсэн уусан тухай баримт нотолгоогүй бичиж байна. Энэ хэргийн цаана улс төржих байдлаар явагдаад байгаа юм биш биз дээ гэдэг байдлаар мэтгэлзсэн. Сэжигтэний 14 хоног 10 дугаар сарын 25-ны өдөр дуусаж, түүний дараа яллагдагчаар 2 сар татах уу гэдгийг прокурор шийднэ.
-Өнгөрсөн жилээс эхлээд 170 орчим тэрбум төгрөг идсэн уусан асуудал яригдаад байгаа. Тэгэхээр яг хэдэн төгрөг идсэн хэргээр шалгагдаж байгаа вэ?
-Хохирлыг хэмжээг онц их хэмжээ гээд хэвлэлээр гарсан тоог дурьдаж байгаа. Хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байхад асар их хэмжээний мөнгө гэж яригдаад байгаа. Яг хохирол учруулсан эсэх нь ойлгомжгүй. Н.Мөнхбатын хувьд ямар нэгэн хохирол учруулаагүй, хуулийн дагуу ажлаа хийж явсан. Ямар нэгэн хөрөнгө мөнгийг захиран зарцуулах эрх нь хөрөнгө оруулагчид л байгаа. Харин миний үйлчлүүлэгч Н.Мөнхбат нь ганц нэг гаргасан тушаал дээр гарын үсэг зурсан асуудал байгаа. Хөрөнгө оруулагч, зээл олгогч буюу бондын мөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээд мөн ТУЗ л шийднэ.
-Н.Мөнхбаттай хамт шалгагдаж байгаа хүн байгаа юу. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Н.Мөнхбат хоёрын хэргийг нэгтгэсэн гэсэн мэдээлэл байгаа. Үнэхээр С.Мөнхбат буруугүй юм бол яагаад буруутай этгээдийг шалгахгүй байгаа юм бэ?
-Өөр хүнийг шалгаагүй байгаа. Ер нь Н.Мөнхбат цагдан хоригдсоноороо түүнийг гэм буруутай гэж олон нийт үзэж байгаа. Үүний цаана мэдээж олон хүн шалгагдана. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Н.Мөнхбатын хувьд ямар ч буруугүй. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байхдаа ямар нэгэн гүйлгээ хийж, татварын хураамж аваагүй, хийх ёсгүй үйлдэл хийсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа.
-Саяхан Хөгжлийн банкаас 1.3 их наядын зөрчил илэрсэн талаар мэдээлэл гарсан. Зөрчил илэрсэн гэдэг нь тогтоогдсон гэдэг Хөгжлийн банкыг удирдаж байсан хүний хувьд буруутгагдах хамгийн том шалтгаан болоод байгаа юм биш үү?
-Тухайн сайд Н.Мөнхбатыг гэм бурууг тогтоож чадахгүй. Цагдаа, тагнуулийн хуулийн байгууллагынхан тухайн хэргийг шалгаж буруутайг тогтоодог. Түүнээс биш дэд сайд, сайд ч юм уу хэн нэгэн хүнийг буруутгаж болохгүй. Ямар нэгэн гүйлгээ хийснийг гэмт хэрэг гэж үзсэн байж болзошгүй.
-Та Н.Мөнхбаттай хэдэн удаа уулзсан бэ. Энэ хэргийн талаар таньд юу гэж хэлсэн бэ?
-Уулзсан. Н.Мөнхбат өөрийгөө “хэлмэгдчихлээ, удахгүй бүх юм тодорхой болох байх, өнөөдөр би нэг ч төгрөг хувьдаа завшаагүй” гэж хэлсэн.
-Хэлмэгдсэн буруугүй юм бол түүнийгээ нотлох хэрэгтэй биз дээ?
-Хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр Н.Мөнхбатыг идсэн уусан гээд бичээд байхад дугарахгүй дуугай суугаад байгаа учраас өөрөө буруутай юм биш үү гэсэн хандлагаар олон нийт харж байна. Н.Мөнхбат хэлэхдээ “намайг эрх чөлөөтэй болгочих, бүгдийг тайлбарлая, Хөгжлийн банктай холбоотой бүх гүйлгээг тайлбарлана” гэж хэлсэн. Ар гэрийнхэн болон намын зүгээс энэ асуудлыг дэвэргэх хэрэг байна уу гэсэн хандлагаар хандаж байгаа. Гэтэл дэвэрдэгээ дэвэрсэн асуудал байхгүй юу. Ар гэрийнхэн маш их айдастай байгаа. Энэ хэргийн талаар ямар нэгэн юм дугарчих юм бол хэлмэгдчих юм биш биз дээ гээд дугарахгүй байна.
-Хэрвээ хэлмэгдсэн юм бол энэ хэрэг нөгөө л улс төрийн шоу юм уу. Өмгөөлөгч хүний зүгээс энэ хэргийг хэрхэн харж байна?
-Энэ хэрэгтэй би бүрэн гүйцэт танилцаагүй байна. Гэхдээ тухайн гэмт хэргийн агуулага гэж байдаг л даа. Энэ агуулгаар нь харахад, Өршөөлд хамрагдсан зүйл ангиар шалгаж байна мөн Японы тал гомдол гаргаагүй байна. Мөнгө зээлдэгч этгээдийн гомдолоор л явна. Хөгжлийн банк тухайн хөрөнгө оруулалтыг дэмий үр ашиггүй зүйлд зээлд зарцуулсан, хөрөнгө оруулагч талыг тэдэн төгрөгөөр хохироосон гэсэн гомдол гаргаагүй. Энэ хэрэг яаж яваад байгаа юм бэ гэхээр “Анх Н.Мөнхбат мөнгө идсэн гэсэн дэд сайдын үнэн худал мэдэгдэхгүй мэдээлэлийн мөрөөр л яваад байна”. Энэ хэрэг өөрөө хохирогчгүй. Зээлйин гэрээ дуусах болоогүй. Зээл дээр маргаан гарах юм бол арбитын шүүхээр шийдвэрлэнэ гээд хуульд заачихсан байгаа.
-Өршөөлд хамрагдсан зүйл анги гэхээр яах юм бэ. Яваандаа энэ хэрэг хаагдана гэсэн үг үү?
-Н.Мөнхбатад энэ мөнгийг ингэж зарцуулаарай гээд итгэмжлэл олгож байхад тэр нөхөр хувьдаа завшсан гэсэн зүйл ангиар шалгаж байгаа, тийм үү.
Энэ зүйл анги нь өөрөө 2016 оны долдугаар сарын 02-ны өдөр өршөөлд хамрагдсан зүйл анги. Энэ зүйл ангиар энэ хэргийг шалгаад ямар ч нэмэргүй.
Нэг жишээ хэлэхэд, тэр хүн мөнгө идсэн байлаа гэхэд түүнийг шүүхээр шийдэх боломжгүй. Яллагдагчаар татах ямар ч боломжгүй. Хууль зөрчөөд прокурор дээр явж байгаад шүүх дээр очихоос өмнө 1, 2 жилийн дараа хэрэгсэхгүй болгоно. Тэгэхээр энийг улс төр гэж үзэхээс аргагүй. Энэ хүнийг анх шалгах хүсэлтийг МАН-ынхан тавьсан ш дээ. Зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч гомдол гаргаагүй байхад хуулийн байгууллагынхан дундуур нь орж ирээд шалгаад эхэлсэн. Хэрвээ Хөгжлийн банкны хэргийг төгс шалгая гэж үзвэл Японы талынхан гомдол гаргах хэрэгтэй.