8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: УИХ-ын гишүүдийн ХОМ ил болж, “Чингис хаан” одонгийн эзнээр Г.Ариунбаатар тодорсон өдөр

2016-10-21 19:00:00

Эрхэм уншигч та алтан шаргал намар, цэв цэнхэрхэн тэнгэр, нүд гялбасан нар, нүүр дүүрэн инээмсэглэлээр дүүрэн хорвоогийн нэгэн сайхан өдрийг үдэж байна. Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах өдрүүдтэй ажлын өдрүүд ийнхүү дуусаж байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон мэдээлэлээр дүүрэн ажлын өдөр дуусаж, амралтын өдрүүд айлчлан ирж байна. Ирэх 7 хоногийн ажлын бүтээмж амралтын өдрийг хэрхэн өнгөрүүлснээс ихээхэн шалтгаална шүү. Тиймээс та бүхэн минь цагийг үр бүтээлтэй хайртай гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрүүлээрэй. Ингээд өнөөдөрийн  Монголын нэг өдөр тойм булангаа хүргэе. Хүмүүний орчлонд алдаа оноо ээлжлэн, сайн муу мэдээлэл  ар араасаа цуварсаар байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Г.Батбаяр: “Намайг эрх чөлөөтэй болгочих, “Хөгжлийн банк”-тай холбоотой бүх гүйлгээг тайлбарлана” гэж хэлсэн

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг Авлигатай Тэмцэх Газраас 2014 оноос шалгаж  эхлэсэн. Н.Мөнхбатыг албан тушаалаа  урвуулан ашигласан хэргээр АТГ-аас энэ сарын 11-ий өдрөөс эхлэн  саатуулан шалгаж байна. Бид энэ хэргийн талаар Н.Мөнхбатын өмгөөлөгч Г.Батбаяртай ярилцлаа.

-Хөгжлийн банкны захирал асан С.Мөнхбатыг  саатуулан шалгаж байгаа. Тэгэхээр ямар зүйл ангиар шалгаж байгаа талаар мэдээлэл өгөх юу?

-Эрүүгийн хуулийн 150.3, 265.2 гэсэн зүйл ангиар  шалгаж байгаа. Энэ нь 150,3 гэдэг нь бусдын эд хөрөнгийг завших гэсэн зүйл анги байгаа, 265.2 гэдэг нь төрийн бус байгууллагын албан тушаалтан албан тушаалаа уруулан ашиглах гэсэн зүйл ангиар шалгаж байна. 2016 оны 10 дугаар сарын 11-ээс Н.Мөнбатыг хорьж, хоригдсоноос хойш 2 өдрийн дараагаас би энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Тухайн өдөр Н.Мөнхбаттай очиж уулзсан. С.Мөнхбатын эрүүл мэндийн байдал сайнгүй байсан.Тэгээд 10  дугаар сарын 17-ны  давж заалдах цагдан хорионы захирамж дээр гомдол гаргасан. Ингээд Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч Алдар шүүгч дээр орж, прокурор бид 2 мэтгэлзсэн. Зүйл анги нь буруу зүйлчилсэн байж магадгүй юм байна гэдэг дээр ярилцсан. Эрүүгийн хуулийн 150.3 дугаар зүйл анги нь  өршөөлд багтсан зүйл ангиар шалгаж  байна. Хүний эрхийг ингэж хязгаарлаж болохгүй, эрүүгийн хуулийг ижил төсөөтэй тайлбарлахыг хориглодог. Энэ хэргийг гадуур батлан даалтаар гаргаад байцаагаач ээ, эрүүл мэндийн байдал маш хүнд мөн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр идсэн уусан тухай баримт нотолгоогүй бичиж байна. Энэ хэргийн  цаана улс төржих байдлаар явагдаад байгаа юм биш биз дээ гэдэг байдлаар мэтгэлзсэн. Сэжигтэний 14 хоног 10 дугаар сарын 25-ны өдөр дуусаж, түүний дараа яллагдагчаар 2 сар татах уу гэдгийг прокурор шийднэ.

-Өнгөрсөн жилээс эхлээд 170 орчим тэрбум төгрөг идсэн уусан асуудал яригдаад байгаа. Тэгэхээр яг хэдэн төгрөг идсэн хэргээр шалгагдаж  байгаа вэ?

-Хохирлыг хэмжээг онц их хэмжээ гээд хэвлэлээр гарсан тоог дурьдаж байгаа. Хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байхад асар их хэмжээний мөнгө гэж яригдаад байгаа. Яг хохирол учруулсан эсэх нь ойлгомжгүй. Н.Мөнхбатын хувьд ямар нэгэн хохирол учруулаагүй, хуулийн дагуу ажлаа хийж явсан. Ямар нэгэн хөрөнгө мөнгийг захиран зарцуулах эрх нь хөрөнгө оруулагчид л байгаа. Харин миний үйлчлүүлэгч Н.Мөнхбат нь ганц нэг гаргасан тушаал дээр гарын үсэг зурсан асуудал байгаа. Хөрөнгө оруулагч, зээл олгогч буюу бондын мөнгийг захиран зарцуулах эрхтэй этгээд мөн ТУЗ л  шийднэ. Дэлгэрэнгүй ярилцлагы энд дарж үзнэ үү.

ХОМ: Хамгийн их орлоготой гишүүдийг Ж.Ганбаатар тэргүүллээ

АТГ-аас төрийн өндөр 236 албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд мэдээллээ. Үүнд шинэ парламентын гишүүдийн мэдээлэл ч багтаж байгаа юм. Ингээд УИХ дахь хамгийн их орлоготой гишүүдтэй танилцъя. 

1. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар-10304620.7 "Оргил" группын ерөнхийлөгч

2. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан -4736885.3

3. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр-4253773.4

4.  УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт -4064307.0

5.  УИХ-ын гишүүн Ц.Гарамжав-3994658.6

6.  УИХ-ын гишүүн С.Батболд-2975476.1

7.  УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат-2502644.3

8.  УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн-1382308.2

9.  УИХ-ын гишүүн Б.Ундармаа-1015975.9

10. УИХ-ын гишүүн З.Нарантуяа -732710.7

11.  УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир -688829.3

12.  УИХ-ын гишүүн Б.Баттөмөр-387100.0

13. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат-285312.0

14. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол-267055.7

15. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан-256000.0

16.  УИХ-ын гишүүн Н.Учрал -225631.5

Нилээд олон компанитай ч нэг ч машингүй улс төрчид

Шинэ парламентад хэд хэдэн машингүй төрийн түшээд байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: нэг байртай, машингүй. Гэхдээ Бишрэлт холдинг ХХК, Бишрэлт пропертиз ХХК, Бишрэлт трейд ХХК, Бишрэлт ХХК, Капитал банк ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Веллмарт ХХК, Бишрэлт интернэшнл ХХК, Бишрэлт инженеринг энд консракшн ХХК, Бишрэлт индастриэл ХХК, Монгол мах экспо ХХК, Сүлд секьютири ХХК, Бишрэлт секьюритис ХХК, Монгол цемент ХХК, Ривер бийч ХХК, Хонд өргөө ХХК, Капиталмаркет корпораци ҮЦК ХХК, Капитал премиум ББСБ ХХК, Чингис хаан даатгал ХХК, Монгол милл ХХК, Соёмбо даатгал ХХК, Өмнөговь эм хангамж ХХК, Бишрэлт косметикс энд фейшн ХХК, Зоос гоёл ХХК, Эрдэнэс таван толгой ХК-уудад түүний хувь бий. 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: - 1 байртай, машингүй, 6 адуутай гэж мэдүүлжээ. Харин Хурд Хүнс ХХК, Хурд Авто ХХК, Хурд групп ХХК, Рапид харш ХХК, Хаус инвест ХХК, Сауд гоби блейк гоулд ХХК, Апартмент Кей Эйч ХХК, Говь гоё сайхан ХХК, Өмнийн гоё говь ХХК, Хурд Транс ХХК, ДЦ-Улаанбаатар ООО ХХК, Хурдпропертийз ХХК, Эйжнложистик бридж ХХК, Юнайтедтранс групп ХХК, Хурдресурс ХХК, Хурдцентр ХХК, Юнайтедложистик групп ХХК, Хурдстандарт ХХК, Хурдмайнинг ХХК, Хурдкапитал ХХК, Хурд-Энержи ХХК, Нэшнлмайнинг групп ХХК,Монконс ХХК, Беллвью пропертис ХХК, Түмэн найрамдал ХХК-ууд 100 хувь түүнийх юм. 

Мөн “Монполимент”-ын Ц.Гарамжав, Ё.Баатарбилэг, Б.Батзориг, Б.Баттөмөр, Д.Гантулга, Ц.Дашдорж, Х.Нямбаатар,  Д.Цогтбаатар, Ж.Батзандан, Л.Болд, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын гишүүд машингүй гэнэ.

 

CNN хөтлөгч Амаржаргал монгол эмэгтэй биш

“CNN телевизийн мэдээний  гол хөтлөгчөөр Амаржаргал гэх монгол бүсгүй боллоо” гэх мэдээлэл Фейсбүүкийн “GEEKS” хэмээх хуудас, зарим сайтуудаар явсан. Үнэн хэрэгтээ энэхүү мэдээлэл нь худал бөгөөд ямар ч Амаржаргал гэх монгол эмэгтэй СNN-д ажилдаггүй.

Бидний монгол бүсгүй хэмээн онцлоод байгаа хөтлөгчийг Amara Walker гэдэг бөгөөд “CNN TODAY” мэдээлийн хөтөлбөрийг Австралийн Майкл Холмес гэх сэтгүүлчтэй хамтран хөтөлдөг. 

Amara Walker нь 1981 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр төрж, Лос Анжелес хотноо өссөн. Тэрээр Солонгос, Америк гаралтай бүсгүй юм. Валкер нь АНУ-ын өмнөд Калифорниагийн их сургуулийн улс төр болон телевизийн сэтгүүлч мэргэжилээр хос хөтөлбөрт хамрагдан суралцаж төгссөн. Тэрээр испани, солонгос, англи хэлийг гарууд сайн эзэмшижээ.

МөнChuhal.mn сайтын редакцийн сэтгүүлчид  Amara Walker-ийн твиттерийн аккаунтаар дамжуулан монгол мөн биш эсэхийг нь өөрөөс тодруулан асуулаа. Тэрээр "Үгүй би солонгос, америк гаралтай" хэмээн бичлээ.

Сонгогчдын боловсрол ба сонгуулийн ирц

Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ, НИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн ирц сүүлийн жилүүдэд гараагүй өндөр үзүүлэлттэй байв. Тодруулбал, иргэд хотод 60 хувь, хөдөө орон нутагт 50 хувиас дээш ирцтэйгээр сонгуульдаа оролцсон юм. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуулийн ирц хэд, хэдэн газарт хүрсэнгүй. Энэ талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “135 тойрогт ирц хүрээгүй учир энэ ням гаригт нэмэлт санал хураах үйл ажиллагааг зохион байгуулна” гэж хэлсэн.

Тэгэхээр дахиад л бөөн мөнгө зарлагадаж сонгууль зохион байгуулах нь. Ирц хүрэхгүй тохиолдол бүрт татвар төлөгч бидний мөнгө сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд зарцуулагдана.

Уржигдархан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн ирц бүрдээгүй шалтгааныг улс төрийн хүрээнийхэн ингэж дүгнэж байна.

  1. Иргэдийн улс төрийн боловсрол муу
  2. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд ач холбогдол өгөөгүй
  3. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн талаар ойлголтгүй байсан
  4. Дээрх бүгдээс үл хамаарч нийт иргэдийн улс төрд итгэх итгэл унасан
  5. Сонгуулийн ерөнхий хороо ажлаа муу хийж иргэдийг мэдээллээр хангаагүй гэх зэрэг шалтгаанаас үүдэн сонгуулийн ирц бүрдсэнгүй хэмээж байна.

Өнөө жил УИХ-ын сонгуулийг НИТХ-ын сонгуультай хамтатгаж байгаа нь зардал мөнгө хэмнэсэн сайн арга хэмжээ боллоо хэмээн зохион байгуулагчид дүгнэж байсан. Гэтэл тус сонгуулиас хэмнэсэн зардлаа энэ удаагийн орон нутгийн сонгуульд зарцуулж байвал ямар ч үр, дүнгүй ажил болсон гэсэн үг. Тэгэхээр НИТХ-ын сонгуулийг УИХ-ын бус сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай хамтад нь зохион байгуулах ёстой байсан болов уу. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард болсон НИТХ-ын сонгуулийг энэ удаагийн орон нутгийн сонгуультай хамтад нь явуулах ёстой байв. Хэрвээ тус зохион байгуулалтыг хийсэн бол уржигдар болж өнгөрсөн сонгуулийн ирц хангалттай бүрдчих байлаа. Иргэд УИХ-ын сонгуульд ач холбогдол өгч саналаа өгөх нь тодорхой. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

Хоёр машинистыг шагналаа

Энэ сарын 17-ны өдөр Замын цагдаагийн газрын төмөр замын гарам дээр автомашинууд түгжрэлд орон зогссон бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан. Тухайн үед 406-р км-н гарам дээр яаралтай тоормос хийж хүний амь, болзошгүй ослоос аварсан хоёр машинистыг өнөөдөр шагнажээ.

Өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үр дүнгийн хурал болсон. Энэ үеэр болзошгүй ослоос урьдчилан сэргийлсэн Улаанбаатар Татах хэсгийн машинист Т.Золбоог "Төмөр замчны алдар", туслах машинист Э.Батсуурийг "Тэргүүний төмөр замчин" цол тэмдгээр шагнажээ.
Тухайн өдөр төмөр замын гарам дээр автомашинууд түгжирч, гарам дээр зогссон байгааг хоёр машинч хараад 467 метр замд яаралтай тоормослосон байна.

“Чингис хаан” одонгийн шинэ эзэн Г.Ариунбаатарын амжилттай танилц

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”  энэ сарын 31-ны өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн тэргүүн дээд шагнал “Чингис Хаан” одонгоор нэг хүнийг шагнадаг уламжлал тогтсон. Энэ жилийн  Төрийн тэргүүн дээд шагнал “Чингис Хаан” одонг хүртэх эрхмийн нэрийг дөнгөж сая зарласан бөгөөд Монгол Улсын Гавъяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар байв. Төрийн ордны  Ёслол хүндэтгэлийн Их танхимд “Чингис хаан” одонг энэ сарын 31-ны өдөр гардуулах юм байна. 

“Чингис хаан” одонгийн шинэ эзэн Г.Ариунбаатарын хувьд  Урлагийн олимп гэгддэг М.Глинк болон П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд супер амжилт гаргаж тэргүүн байр эзлэн эх орныхоо нэрийг дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд мандуулж яваа юм.  Хорин наймхан настай ч ховор амжилтын эзэн болсон дуучин залуугийн амжилтыг chuhal.mn сайт хүргэж байна. Тэрбээр цагдаагийн “Сүлд” чуулга, ОХУ-ын Санкт-Петербург хотын Марийнский театр болон Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байна.Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан “МУГЖ, дуучин Г.Ариунбаатар хүн төрөлхтөний оюуны шилдэг өв сонгодог урлагт цахиур хагалж бахархам амжилт гарган Монгол улсынхаа нэрийг даян дэлхийд цуурайтуулж яваа өнөө цагийн шилдэг уран бүтээлч юм. Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан ухаантай аав, ээжийн авъяаслаг хүү, эрдэмт багш нарын хөдөлмөрч сайн шавь, дуурийн урлагийн шинэ түүчээ дуучин Г.Ариунбаатар бол монголчуудын бахархлыг бадраад золбоо хийморийг өргөн улам илүү амжилт гаргана гэдэгт итгэж байна” гэв.

Г.Ариунбаатар нь 

  1. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэргүүн байр буюу гранпри
  2. М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дүгээр наадмын тэргүүн байр, шилдэг баритон дуучин
  3. Олон улсын дуурийн дуулаачдын гуравдугаар уралдааны нэгдүгээр байр эзэлсэн амжилттай билээ. 

Улсын нийт өр 23.4 тэрбум доллартай тэнцэж байна гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжээд үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа. Хуралдааны үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Монгол улсын нийт өр есдүгээр сарын байдлаар 23.4 тэрбум доллартай тэнцэж байна. Ирэх оноос зээлийн эргэн төлөлт хийгдэж эхэлнэ. Энэ тухайд тодруулбал, 2017 онд 6.6 их наяд, 2018 онд 8.4 их наяд, 2019 онд 6.6 их наядыг төлөх тооцоо гарч байна” гэлээ.

Аль талаараа унтвал тохиромжтой бэ?

Амралтын өдөр та манай бэлтгэн хүргэсэн энэхүү зөвөлгөөг хэрэгжүүлээрэй. Нойр бол бие болон сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй гэж хүн бүр мэднэ. Гэхдээ дийлэнх хүмүүс нойрны хэмжээг л бодохоос биш, нойрсох байрлалыг тэр бүр анзаардаггүй байна. Гэтэл унтах байрлал маань арьс, дархлаа, хоол боловсруулах систем гээд л олон зүйлд нөлөөлдөг байна. Хүмүүс дээш, доош харж, баруун, зүүн талаараа, эсвэл ургийн байрлалаар гээд л мундахгүй олон янзаар унтдаг. Гэхдээ дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Астма болон апноэ (амьсгал түр тасалддаг) өвчтэй хүмүүс дээш харж унтвал  амьсгал авахад бэрхшээлтэй болж хурхирч эхэлдэг.

Мөн дээшээ харж унтах үед цусан дахь хүчилтөрөгчийн түвшин багасаж амьсгалын замын төрөл бүрийн өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг.Харин баруун тийш харж унтвал хоол боловсруулах замд асуудал үүсч болзошгүй. Тунгалагийн системийн үйл ажиллагаа удааширснаас бие организмаас хорт бодисыг шүүн гаргах явц зогсож энэ нь аюулт өвчин үүсэхэд хүргэдэг. 

Зүүн талаараа харж хэвтэх нь хамгийн тохиромжтой байрлал. Энэ нь хоол боловсруулах систем, тунгалагийн системийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангана.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл