8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж буй учир насны хишиг, хүүхдийн мөнгөнд босго зааж өгсөн""

2016-10-22 13:12:22

Өчигдрийн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хууль, тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Хууль санаачлагч илтгэлдээ, УИХ-ын 2016 оны 47 дугаар тогтоолд “Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэлх сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байхаар Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг дурдлаа. Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж заасан. Эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч ахмад настны орлогын баталгааг сайжруулах зорилгоор 70 ба түүнээс дээш настай буурлуудад жилдээ хоёр удаа 100-300 мянган төгрөг олгохоор тооцсон. Тухайлбал, 70-79 настай ахмадуудад 100 мянга, 80-89 настанд 200 мянга, 90-100 настнуудад 300 мянган төгрөг олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан гэлээ.

Хүний хөгжил сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох юм. Иймд хүүхдийн мөнгийг улсын төсвөөс нийгмийн халамжийн сангаар дамжуулан олгох, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх талаар Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхдийн мөнгөний талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус боловсруулжээ.

 Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн харилцааг төсвийн хүндрэлтэй холбогдуулан 2019 оны төсвийн жил хүртэл хэрэгжилтийг нь хойшлуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих хөнгөлөлт, тусгай хэрэгцээт ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн үдийн цай хөтөлбөрийг холбогдох шатны төсвөөс санхүүжүүлэхтэй холбоотой харилцаа, Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”-г шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, Соёл урлагийг дэмжих санг шинэчлэн зохион байгуулж, зохицуулахаар холбогдох хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байв.

УИХ-ын гишүүд хууль санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Н.Учрал, Д.Эрдэнэбат, Л.Болд, М.Оюунчимэг нарын гишүүд насны хишиг, хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгох хэрэгтэй. 2017 оны төсвийн төсөлд тэвчиж, шилжүүлж болох зарлагууд байна. Үүнийг хэлэлцүүлгийн явцад засч, ахмад настан, хүүхдийн мөнгийг ялгалгүй, шаардлагатай хөрөнгийг олох талаар судлах хэрэгтэй гэж байв. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон ажлын хэсгийнхэн насны хишиг, хүүхдийн мөнгөнд босго зааж өгсөн нь эдийн засаг хямралтай, хүнд үед хөнжлийн хэрээр хөлөө жийх шаардлагатай байгааг ойлгохыг хүсч байлаа.

Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”, “Соёл урлагийг дэмжих сан” байгуулж гурван тэрбумын зарлага нэмэх бололтой. Ингэж хууль баталж, төсвийн зарлагыг нэмэх шаардлага байна уу гэдгийг тодруулахад, Сангийн сайд төсөв хүнд байгаа ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан олон амлалтуудыг эхнээс нь хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан гэлээ.

Ингээд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Мөнхцэцэг, С.Чинзориг, Б.Пүрэвдорж. Н.Учрал, Т.Аюурсайхан нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Эцэст нь төсвийн төслийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Zaawal ugch bh albagui ediin Zasag sergeheer negmusun nem tertei tergui tetgewer ee awch bgaa biz Dee Harin amidrah chadwar buur muu ur huuhedguid ni ug
2016/10/22 150.129.142.101