Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулж байгаа “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгын талаар Сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хэвлэлийн бага хуралд Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал, Профессор Жэймс С. Фишкин, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн ахлах зөвлөх Г.Занданшатар нар оролцсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Монгол Улсын Үндсэн хуульд орон нутгийн хурлыг Иргэдийн хурал гэж нэрлэнэ. Орон нутгийн эрх мэдлийг зохицуулахдаа улс төрийн намаас хамаарахгүй иргэдийн оролцоон дээр тулгуурлна гэдгийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоон дээр тулгуурласан тогтолцоог орон нутгийн бүтэцэд байлгана гэсэн санааг Үндсэн хуулинд тусгаж өгсөн. Гэвч харамсалтай нь өнөөдрийг хүртэл орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад улс төрийн оролцоо, намуудын оролцоотой төлөөллийн байгууллыг бий болгосоор ирсэн. Тиймээс бид иргэдийн төлөөллийн байгууллагаар орон нутгийн үйл ажиллагааг яаж удирдуулах вэ гэж эрэл хайгуул хийсний үр дүнд “Зөвлөлдөх Ардчилал” гэсэн энэ аргачлалыг сонгон авсан юм. Цаашид Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтынхаа ажилд шаардагдах хөрөнгө, хэрэгцээ, зураг төсөл, газрын байршлыг хүртэл иргэдэд мэдээлж, тэднээр тодорхойлуулдаг болохоор ажиллаж байна” гэж онцлов.
“Зөвлөлдөх санал асуулга” дэлхийн 22 оронд хэрэгжиж тухайн улс, хотын онцлогоос хамаараад санал асуулгын үр дүнгээ өгөх хугацаа янз бүр байсан гэдгийг Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчилал хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин тайлбарласан юм. Улс орны хөгжлийг иргэдээрээ тодорхойлуулах санал асуулгыг илүү үр дүндэй болгохын тулд санал авах төслүүдийн мэдээллийг маш сайн боловсруулж, төслийн давуу талыг тодорхой зааж, шаардлагатай мэдээллүүдийг заавал оруулсан байх ёстойг хэллээ. Ингэснээр иргэдийн санал, байр суурийг бодитой тусгах боломж бүрдэнэ гэсэн юм.
Зөвлөлдөх санал асуулгаар
- Улаанбаатар метро
- Туул усан сан цогцолбор
- Туулын хурдны зам
- Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк
- Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк
- Эко парк байгуулах
- Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах
- Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт
- Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах
- “Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах
- Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах
- Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах
- Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах
- Экологийн коридор байгуулах гэсэн төслүүд дээр иргэдээс санал авч байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.