8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн анхны суурийг тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ

2016-10-24 12:41:40

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 377 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Ойг угтаж нийслэлийн анхны суурь тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн түүхт ойн өдрүүдийг тохиолдуулан 17 дахь жилдээ болж буй ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд ном айлдаж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөв.

1639 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг 5 настайд нь Ширээт цагаан нуурын хөвөөнд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулсан нь эдүгээгийн нийслэлийн эхлэл байсан гэж үздэг. Занабазар гэгээнтний даахийг Их Монгол уулын бэлд цацсан бөгөөд тэр нь арц болон ургасан түүхтэй хэмээн ярьсаар ирсэн гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр онцлов. Тэрбээр, “Соёлт хүмүүний эрхэмлэх ёстой хамгийн чухал зүйл бол дээд үеийнхээ түүх, дурсгалыг мөнхжүүлж, хүндэтгэл үзүүлэх юм. Миний бие хотын даргаар ажиллаж байх үед нийслэлийн 360 жилийн ой тохиож, нийслэлийн анх үүссэн газар энэхүү дурсгалын хөшөөг босгосон. Улаанбаатар хот түүхэндээ 28 удаа нүүж, 16 газарт бууриа засч байсан. Бид нүүсэн, буусан газар бүрт Хангарди бүхий гэрэлт хөшөө босгохыг зорьж байгаа” хэмээв.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
нйислэлчүүд
Ямар шоудаж ханадаггүй лларууд вэ???
2016/10/24 103.9.90.130