Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байгаа билээ.
Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж Засгийн газрыг өөрийнх нь хохирлыг шаардсан юм. Тэгвэл тус нэхэмжлэлийн шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 28-ны өдөр буюу ирэх пүрэв гарагийн 11.00 цагт болохоор товлогджээ. Б.Мөнгөнтуяа нэхэмжлэлдээ, хилсээр зургаан сар хоригдсон, хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, сэтгэл санааны хохирол амссан хэмээх үндэслэлүүдийг дурдсан юм.