8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ-ын иргэн Чин Пенг : Монгол улс НҮБ болон бусад конвенцийн заалтыг зөрчсөн

2016-10-25 09:01:00

Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллага хүний наймаа байж болзошгүй гэх үндэслэлээр Замын Үүдээс БНХАУ-ын иргэн Чин Пенг болон Ли нарыг баривчлан шалгаж эхэлсэн. Ингээд есөн сарын 1-ны өдрөөс эхлэн тус хятад иргэдийг Ганц худгийн 461-р хорих ангид 14 хоног хорьж, гурван сартай хүүхдийг нь асрамжийн газарт шүүхийн шийдвэргүйгээр прокурорын тогтоолоор шилжүүлсэн байдаг.

Тус хэргийг Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч н.Түвшинбаяр шалгаж байсан бөгөөд энэ хэрэгт хоёрдугаар төрөх эмнэлгийн эмч нарыг ч мөн шалгаж байгаа аж. Учир нь Чин Пен 2 төрөх эмнэлэгт 4 дүгээр сарын 09-ны өдөр төрсөн бөгөөд хүүхдийн бичиг баримтыг орчуулагч, асрагч  н.Отгонжаргал өөрийн нэр дээр гаргасан байсныг мэдээгүй байж. Ийм учраас авлига авсан байж болзошгүй учир хэргийг харъяаллын дагуу АТГ руу аравдугаар сарын 3-ны өдөр шилжүүлэн шалгаж байгаа аж.

Монгол асрагч гэх н.Отгонжаргал хүүхдийг өөрийн нэр дээр шилжүүлж авахдаа “Би 2-р төрөхөд 4 сарын 9-нд төрсөн" гэж хэлээд хятад хүүхдийн төрсний гэрчилгээг гаргуулан авсан байна. Үүнийг нь хятад эмэгтэй монгол хэл, бичиг мэдэхгүй учир мэдээгүй өнгөрсөн бөгөөд дараа нь 8 дугаар сарын 15-ны өдөр эх орон руугаа буцах гэж байгаад хил дээр хүний хүүхэд, улмаар хүний наймаа гэх байж болзошгүй хэргээр саатуулагдсан байна. Бид энэ талаар БНХАУ-ын иргэн Чин Пенгтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Юун түрүүнд та өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар шалтгааны улмаас монголд ирсэн бэ. Яагаад хоригдох болов?

- Би БНХУ-ын иргэн.  Монголд би бизнесийн судалгаа шинжилгээ хийхээр ирсэн. Хятад болон Монгол улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн дагуу Хятадуудыг аль болох Монгол улсад бизнес хийж, эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар уриалж байгаа. Тийм учраас би монголд бизнес хийхээр ирсэн. Ингээд би Улаанбаатарт ирээд орчуулагч, гэрийн асрагч авсан. Асрагчтай холбоотой асуудлаар энэ асуудалд орчоод байна. Би өнгөрсөн наймдугаар сард найз болон гэрийн асрагч хүүхэдтэйгээ замын үүд  явсанаас болж энэ асуудал эхэлсэн. Хилээр гарах гэсэн боловч миний хүүг миний нэрээр биш Отгонжаргалын Чинзориг гэж бичиг баримт авсан байсан.

- Та хилээр гарах хүртлээ хүүхдээ хэнээр овоглогдож байгаагаа мэдээгүй гэсэн үг үү?

-Мэдээгүй байсан. Би чинь монгол хэл мэдэхгүй.Хэрэг шалгагдаад эхлэхэд миний хүү Отгонжаргалын Чинзориг гэдэг нэртэй болсоныг мэдсэн. Анхнаасаа би Монголд төрнө гэсэн зорилго байгаагүй. Анх удаа жирэмсэн болж төрсөн учраас туршлага байгаагүй. Тэгээд монголд ирсэн байх хугацаанд өвдөлт өгч төрсөн. Тухайн үед би асрагч Отгонжаргалтайгаа хамт нэг байранд байдаг байсан юм. Монгол хэл мэдэхгүй учраас  наад зах нь дэлгүүрт ороод хүссэн юмаа худалдаж авч чадахгүй, энэ бүхэнд  маань н.Отгонжаргал ерөнхийдөө надад тусалдаг байсан. 2016 оны 4 дүгээр сарын 09-ны орой маш их өвдөлт өгч нэг эмнэлэгт очиж төрсөн. Сүүлд нь сураг сонсоход Нийслэлийн 2 дугаар  төрөх гэдэг нэртэй улсын эмнэлэгт төрсөн юм билээ. Төрөхдөө бүх бичиг баримтаа Отгонжаргалд өгөөд, шаардлагатай шинжилгээг өгч төрсөн. Отгонжаргал миний хүүхдийг өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн гол зорилго нь юу байсан гэдгийг би сайн мэдэхгүй байна. Төрөхдөө би Отгонжаргалд “хүүхдийнхээ бичиг баримтыг албан ёсны Хятад бичиг баримт авъя” гэж хэлж байсан боловч яг яаж авахыг сайн мэдэхгүй байсан.  Сүүлд энэ хэрэг шалгагдаад явахад миний хүүхэд монгол овогтой, монгол нэртэй гэдгийг сонсоод маш их гайхсан.

-Таныг нөхөртэйгээ хамт хоригдсон гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Мөн хил дээр саатуулагдсан даруйд хүүхэд та 2-т ДНК-ийн шинжилгээ хийсэн биз дээ. Тухайн шинжилгээний хариу юу гэж гарсан вэ?

-Юуны өмнө нөхөр гэж хаанаас сонссоныг сайн мэдэхгүй байна. Одоо яригдаад байгаа хүн маань албан ёсны нөхөр биш манай найз байгаа юм. Хил дээр саатуулагдсан хугацаа буюу  наймдугаар сарын 15-аас хойш хүүхдээ хараагүй хаана байгаа нь мэдэхгүй байсан. Харин саяхан хүүхдээ өөр дээрээ авлаа. Тухайн үед хүүхэд болон надаас хөхний сүүний шинжилгээ болон ДНК-ийн шинжилгээ авсан хариу нь бараг 10 хоногийн дотор гарсан. Тэрнээс хойш бид нарыг хорьсон.

- ДНК-ийн шинжилгээний хариу гарсанаас хойш саатуулагдсан уу. Эсвэл хариу гараагүй байхад саатуулсан юм уу?

-Хил дээр саатуулагдсан юм байхгүй. Улаанбаатарт хотод ирээд хөхний сүүний шинжилгээ болон ДНК-ийн шинжилгээ авсны дараа 14 хоног саатуулагдсан. Цагдаагийн тавьсан албан ёсны шаардлага нь та ийм хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа. Тийм болохоор та ийм эрх, үүрэгтэй гэж тайлбарлаж хэлсэн. Хөхний сүүний шинжилгээ болон ДНК-ийн шинжилгээ өгөх хүртэл би цагдаагийн байгууллагын тавьсан хууль ёсны шаардлагад нийцүүлэн ажиллаж байсан. Хөхний сүүний шинжилгээний хариу өдөртөө гарах боломжтой. Учир нь  хөхөнд сүү байна уу, үгүй юу гэдгийг л шинжилгээгээр тогтоох гэж байгаа учир хариу нь өдөртөө л гарах боломжтой.

ДНК-ийн шинжилгээний хариу нь 7 хоногийн дотор гарна гэж хэлж байсан. Шинжилгээний хариу гарсан эсэхийг мэдэхгүй байж байтал намайг болон миний найзыг гэнэт саатуулсан. Миний саатуулагдсан нь НҮБ болон эх хүүхдийн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Хөхүүл эмэгтэйг хүүхдээс нь салгаж баривчлах хууль бус гэж бодож байна. Би өдөр болгон мөрдөн байцаагчаас гуйдаг байсан. Ядаж хүүхдээ хөхүүлье гэж олон удаа хэлсэн боловч хүлээж аваагүй. Цагдаагийн байгууллагын хэлсэн энэ хариулт эх хүүхдэд шударга бус хандсан. Би энэ тал дээр маш их гомдолтой байгаа.  ДНК-ийн шинжилгээний хариу хэзээ гарсаныг надад танилцуулж хэлээгүй. Шинжилгээ авч байхад хариу 7 хоногийн дотор гарна гэж хэлсэн.Харин би шинжилгээ өгсөнөөс хойш 7-10 хоногийн дотор саатуулагдсан.

-Таныг хоригдож байх хугацаанд хүүхэд хаана байсан бэ. Хятад эмэгтэй хүүхдээ хайж байна гэсэн мэдээлэл харсан?

-Энэ асуудал үүссэн өдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлээд хоригдож байх хугацаандаа хүүхдээ хаана байгааг ерөөсөө мэдэхгүй байсан. Хүүхэд хаана байгаа, эрүүл мэнд болон бусад асуудал нь ямар байгааг хуулийн байгууллагын ажилтануудын хэн нь ч надад хэлээгүй. Хүүхэд төрийн хамгаалалтанд маш сайн байгаа гэдэг мэдээлэлийг цагдаа өгдөг  байсан ч үнэн хэрэгтээ тийм биш байсан гэдгийг сүүлд л олж мэдсэн. Намайг хоригдож байх хугацаанд миний хүү “Хүүхдийн төв сувилал”-д байсан бөгөөд сүүлд энэ тухай мэдэж сайн санаатай хүмүүсийн ач буянаар хүүхдээ олж авсан. Тухайн үед цагдаа эрүүл саруул улсын хамгаалалтанд байгаа гэж хэлж байсан үнэн хэрэгтээ яаж бие нь өвдсөн, хэрхэн эмчилсэн талаар эмчийн тэмдэглэгээ байхыг олж үзсэн. Яагаад миний хүүгийн бие нь өвдөөд байхад ганц удаа уулзуулаад хөхийг нь хөхүүлж болоогүй юм бол гэдэгт сэтгэл их өвдсөн. Хүүхдээ авахад хүүхдийн биеэр бага зэргийн  тууралт өгсөн мөн цээжин хэсгээр цагаарсан байсан. Энэ нь ямар өвчин гэдгийг шууд хараад хэлэх боломжгүй байгаа учраас нарийн шинжилгээ өгөх бодолтой байгаа.

-Одоо хүүхдийн биеийн байдал хэр байна вэ?

-Хүүгээ  10 дугаар сарын 12-нд аваад 7 хоногийн хугацаанд эмнэлгийн байгууллагаар явсан. Хүүхэддээ иж бүрэн шинжилгээ хийлгэе гэсэн боловч бид 2-т албан ёсны бичиг баримт байхгүй байсан учраас үзүүлж чадаагүй. Одоо хүртэл бид нарийвчилсан шинжилгээ өгөөгүй байна. Хүүхдийг төв сувилалаас авахад бага зэргийн халуунтай байсан бөгөөд маргаашнаас эхлээд өндөр халуурч эхэлсэн. Энэ сарын 21-ны өдөр АТГ-ын Н.Батчимэг гээд байцаагч холбогдох хүнтэйгээ хамт ирж хүүг маань  ЭХЭМҮТ дээр очоод нярайн эмчид үзүүлсэн. Тухайн эмч ойр зуурын хоолойг нь үзэж, цээжийг нь чагнасан. Харин бие дээр нь гарсан цагаан хэсэг юу болох, халдварт өвчин үү гэдгийг ерөөсөө үзээгүй. Гэхдээ миний ойлгож мэдсэнээр бол бие дээр гарсан цагаан юмыг тухайн эмч үзэх боломжгүй гэдгийг ойлгосон.

- АТГ-ын Н.Батчимэг гэж эмэгтэй сайн санааны үүднээс тань тусалсан юм уу. Энэ хэргийг АТГ хянаж байгаа гэж сонссон?

-Өмнө нь энэ хэрэг Мөрдөн байцаах газарт шалгагдаж байсан бол одоо АТГ-т шалгагдаж байгаа гэсэн.

-Та анх монголд бизнес хийх зорилгоор ирсэн гэсэн. Харамсалтай нь бичиг баримтны зөрчлөөс болж хүүхдээ түр алдаж бас хоригдлоо. Энэ бүхний эцэст та бизнес хийх төлөвлөгөөгөө орхисон уу. Эсвэл?

-Миний бодлоор Монгол Улс цаг уурын байдал болон ард түмэн нь их зочломтгой юм байна. Надад тохиолдсон энэ хүнд хэцүү цагт маш олон сайхан сэтгэлт монгол хүмүүс тусалсан. Одоо аль болох хурдхан эрх чөлөөтэй болоод нутаг буцахыг хүсэж байна.Миний хүү нялх байгаа учраас эх орондоо очиж хүүгээ өсгөнө. Харин  миний ирээдүйн төлөвлөгөөгөөр бол монголд дахин ирж бизнес хийх боломжтой гэж бодож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл