Нийслэлийн агаарын бохирдлын 20 гаруй хувийг автомашины утаа бүрдүүлдэг. Тэгвэл замын цагдаагийн газар болон холбогдох яамны зүгээс утааг багасгахад анхаарч, шаардлагатай тохиолдолд хар утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна. Эдэлгээ нь дууссан тээврийн хэрэгсэл хамгийн эхэнд хар утаа хаяж эхэлдэг. Энэ нь орчин тойрондоо сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй, иргэдийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд сануулсаар байгаа юм. Тиймээс замын цагдаагийн газраас хар утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх чиглэлтэй ажиллаж, тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг эрчимжүүлж эхэлсэн байна.
Иргэдийн хувьд ойр тойронд нь хар утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгсэл тааралдвал түүнийг зургаар баталгаажуулж, замын цагдаагийн газарт хандах боломжтой. Автомашины хар утаанаас этилт хар тугалга, нүүрстөрөгч, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл гэх мэт 270 гаруй хорт бодис байдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Зөвхөн химийн нэг элемент болох хар тугалга л гэхэд хүний бүхий л эрхтний хэвийн үйл ажиллагаа, тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг. Ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд буюу сэтгэн бодох чадвар, бие эрхтнийг гэмтээдэг байна. Цаашлаад хөрсөнд нэвчиж, бохирдол үүсгэнэ. Агаарын бохирдлын багагүй хувийг эзэлж байгаа автомашины хар утааг багасгахын тулд эдэлгээ нь дууссан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шаардлагатай болоод байгаа юм.