“Ардчиллын алтан хараацай”, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсан учир битүүлгээр амиа алдаад 18 жилийг ардаа орхилоо. Тус хэрэг төрийн нууц нэрийн дор 17 жил чимээгүй байж байгаад гэнэт өнгөрсөн жилээс эхлээд С.Зориг агсны гэргий Д.Булганг баривчилж хорьсоноор энэ асуудал дахин сөхөгдөж эхэлсэн. Д.Булганаас гадна энэ хэрэгт сэжиглэгдэн 40 гаруй насны хоёр эрэгтэй хүнийг Орхон аймгаас баривчилж хорьсон байдаг. Мөн үүнээс гадна олны анхаарлыг татаж байгаа ганц хүн нь хотын мэр асан Э.Бат-Үүл. Түүнийг мөн л энэ хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд цус, хурууны хээний шинжилгээ аваад байгаа. Тэгвэл удаан хугацаанд оньсого мэт байсан С.Зоригийг хөнөөсөн хэргийн эзэн тодорхой болжээ. Тодруулбал, Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат энэ хэргийг талаар хэлэхдээ “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” хэмээн хэлсэн байна. Хэргийн эзэн илэрсэн гэдгийг шалгаж байгаа хуулийн байгууллагынхан болон МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл хэлсэн байдаг. Шалгагдаж байгаа сэжигтэнүүд дотор хэргийн эзэн байгаа бөгөөд тун удахгүй шүүх рүү шилжих юм байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийн эзэн хэн бэ гэдгийг мэдэх нь цаг хугацааны асуудал боллоо.
С.Зоригийг хөнөөсөн хэргийн эзэн илэрчээ
2016-10-25 18:38:55