8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Эрдэнэбат: Үнэнийг хэлэхэд хүүхдүүдэд өгөх мөнгөгүй байсан

2016-10-27 15:13:00

Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа. Уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимынхаа сайд нарынхаа хамтаар оролцсон юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ үеэр “Засгийн газрын 100 хоногт нэг бэлэгшээлтэй зүйл тохиолоо. Тодруулбал, Засгийн газрын 100 хоног Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөртэй давхцаж таарсан. Тиймээс энэ Засгийн газрын ажил Чингис хааны үеийн хөгжил, цэцэглэлтийн хэмжээнд очихуйц байна гэж бэлэгшээж байна. Монгол улсын нийт иргэдийн тоо гурван сая нэг зуун дөрвөн мянга хоёр зуун нэгд хүрсэн байна. Монголын үрс цаашид маш олон болох болтугай. Энэ хүрээнд Монгол улсын Засгийн газраас тодорхой бодлогын ажлуудыг хийж байгаа. Түүний нэг нь цалинтай ээж хөтөлбөр юм. Манай Засгийн газар түүхэн дэхь хамгийн хүнд эдийн засгийг хүлээж авсан. Бид статистик, тоо мэдээ судалгааг ч та бүхэнд танилцуулсан. Бид эдийн засгийг маш богино хугацаанд хүндхэн нөхцөл байдлаас гаргах ёстой. Ингэхийн тулд бидний гаргасан шийдвэр, бодлогын хөтөлбөрүүд маань маш богино хугацаанд боловсруулагдаж, батлагдах ёстой гэсэн зорилтыг тавьж байгаа. Тиймээс 2016 оны Төсвийн тодотголыг өргөн барьж ээлжит бус чуулганаар хэлэлцүүлсэн. Мөн 2017 оны төсвийг өргөн бариад хэлэлцүүлж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах бодлогын баримт бичгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцүүлж УИХ-д өргөн барилаа. Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг ч мөн маш богино хугацаанд өргөн барьж хэлэлцүүлсэн. Хурдтай ажиллах нь энэ Засгийн газрын зорилго юм. Бид өмнө нь үүссэн алдаануудыг засахаар ажиллаж байна. Мөн Хөгжлийн банкийг шалгаж зөрчил дутагдлыг нь арилгаж, буруутай хүмүүст нь хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна. Цаашлаад олон улсын зах зээлд унасан нэр хүндээ сэргээхээр ажиллаж байгаа. Тодруулбал, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж, хууль эрх зүйн орчноо сайжруулж байна. Мөн хүүхдийн мөнгийг бүх хүүхэддээ өгөх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ эхний ээлжинд зайлшгүй 20 мянган төгрөгөө авах шаардлагатай айлуудынхаа хүүхдүүдэд мөнгө өгөхөөр шийдвэрлэсэн. Харин харьцангуй гайгүй амьдралтай айлуудынхаа хүүхдүүдэд 2019 онд нөхөж мөнгийг нь өгөх шийдвэрийг гаргасан. Яг үнэнийг хэлэхэд биднийг ажлаа хүлээж авахад хүүхдэд өгөх мөнгө байгаагүй. Гэсэн хэдий ч бид хүүхдийн мөнгийг өгөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан” гэлээ.

Ингээд Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тайлагнаснаар хүргэе.  

  • 3993 татварын өртэй аж, ахуй нэгжийн дансыг нээсэн. Мөн 373 нийгмийн даатгалын өртэй аж, ахуй нэгжийн дансыг нээсэн
  • Эрдэнэт”-ийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлж эхэлсэн
  • “Тавантолгой” чиглэлд 13 хатуу хучилттай зам тавихаар болсон
  • Төрийн өмчит аж, ахуйн нэгжүүдийн өндөр цалинтай захирлуудын цалинг 30-60 хувь бууруулсан
  • Монголдоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг дэмжсэн
  • Оюутнууд төлбөргүй дарамтгүй болсон
  • 12609 хүүхэд цэцэрлэгтэй болсон
  • Орхон голоо хамгаалж үлдэх шийдвэрийг гаргасан
  • Монгол улсын Парисын хэлэлцээрт нэгдэн орсон
  • Мянганы сорилтын сангийн тусламж дахин ирлээ
  • Монгол, Японы Стратегийн түншлэлийг дараагийн шатанд гаргахаар тохирсон
  • Аж, ахуйн нэгжийн орлогын татварыг 1 хувь болгоно
  • Оффшорыг хуульчлан хориглохоор болов
  • “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулахаар болсон
  • 65-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг” олгохоор болсон
  • Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулахаар тогтлоо
  • Ипотекийн зээлийн байрны талбайг 100 ам.тетр болгож нэмэгдүүллээ
  • Хөшигийн хөндийн хурдны замын барилгын ажлыг эхлүүллээ
  • Хонины нэхий, арьс ширний үнэ нэмэгдлээ
  • Автобензин, дизелийн түлшний онцгой алан татварыг буурууллаа
  • Эрүүл мэндийн салбарын зарим үйлчилгээг цахимжуулав
  • Гемодиализын эмчилгээ төлбөргүй, хүртээмжтэй боллоо
  • Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэв
  • Нийслэлийн зургаан дүүргийн 1562 өрх айл цахилгаантай болов
  • Хонгор суманд нарны цахилгаан станцын ажлыг эхлүүллээ
  • Хятадын буцалтгүй тусламжаар 1000 орчим айлын орон сууцыг барихаар болсон гэх мэт ажлуудыг хийсэн бөгөөд цаашид хийхээр төлөвлөж байгаа аж. Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Асуултын хариултыг удахгүй хүргэх болно.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл