8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Эрдэнэбат: Мэргэжлийн Засгийн газар мэргэжлийн ажиллаж байгаа

2016-10-27 17:52:00

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимын сайд нарын хамт сэтгүүлчидтэй уулзалт хийлээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тайлагнаж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 51 хувийг Монголын төр эзэмшиж, 49 хувийг нь урд хөршийн Шинхуад зарахаар яригдаж байна. Монголын төр төмөр зам барих санхүүжилтээ хэрхэн босгохоор төлөвлөж байна?

- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Тавантолгой төслийн хувьд өмнө нь Засгийн газрын зүгээс тендэр, сонгон шалгаруулалт зарлаад, консюрциумыг нь шалгаруулаад явсан. Одоогийн Засгийн газрын хувьд хурдтай ажиллах шаардлагатайг ард иргэдийн зүгээс ч тавьж байгаа. Тиймээс өмнөх хэлэлцээр дээр байсан алдаануудыг залруулж, Монгол Улсын эрх ашигт нийцсэн байх зарчмыг барьж ажиллаж байна. Монгол Улсын эрх ашигт нийцсэн зарим заалтыг оруулж, санал болгосон. Нөгөө тал зөвшөөрсөн тохиолдолд гэрээг үргэлжлүүлэн явна, зөвшөөрөөгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ рүү орно гэсэн бодолтой байгаа. Төмөр замын эх үүсвэрийг босгох чиглэлээр дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгох бололцоотойгоо илэрхийлсэн банк санхүүгийн байгууллага байгаа, улс орнууд ч байгаа. Тийм учраас үүнд хөнгөлөлттэй зээл авах бололцоо бий.  Төмөр зам гэдэг бол үйл ажиллагаа нь эхэлсэн цагаасаа орлого олох бололцоотой салбар. Орлогоо олоод, зээлээ төлөх бүрэн боломж бий гэж үзэж байгаа. Төмөр зам болон Тавантолгойн ордыг цогцолбороор нь шийдэх хэрэгтэй. Ингэхгүйгээр бид нэг бол төмөр зам эсвэл Тавантолгойн уурхайг ашигтай ажиллуулах байнгын борлуулалттай байх бололцоог нь хаах нөхцөл үүсэх юм. Хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээний хөрөнгө оруулж байж оролцоно. Гаргасан хөрөнгөө нөхөж авахын тулд үйл ажиллагаагаа идэвхижүүлнэ. Тиймээс энэ хоёрыг цогцолбор байдлаар явуулах нь зүйтэй.

- Ирэх жил төрийн өмчийн компани нэмж байгуулах уу? 

- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Ирэх жилүүдэд төрийн өмчийн компани байгуулахгүй гэх үндэслэлгүй. Шаардлага үүсвэл байгуулна. Ер нь төр бизнесийн үйл ажиллагаа руу хэтэрхий хутгалдах хэрэггүй. Ингэвэл өөрөө төрийнхөө үндсэн чиг үүргээсээ гажих нөхцөл үүсгэдэг.  Тиймээс миний хувьд цаашдаа төр бизнесийн үйл ажиллагаанд оролцоод байх шаардлагагүй гэж үздэг.

- Монгол улс эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэдэг болох уу? 

 - Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Эрчим хүчээ үйлдвэрлэх асуудалд “Шивээ энержи” төсөл явагдаж байгаа. Монгол Улсын хувьд эрчим хүчний салбарт маш олон хэмжээний техник, эдийн засгийн үндэслэлүүдтэй төсөл хөтөлбөр байсан. Манай Ц.Ганхүү сайд ажлаа авсны дараа бүх төсөл хөтөлбөрүүдийн судалгааг гаргаж надад танилцуулсан. Нийтдээ 70 орчим төсөл хөтөлбөр хэрэгжвэл Монгол Улсын хэрэглээг 20 дахин нэмэгдүүлэх юм. Тухайн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахын тулд олон аж ахуй нэгж, иргэн хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулсан. Засгийн газрын бодлого тодорхой байх хэрэгтэй. Эхний ээлжинд бид ойрын 10 жилдээ эрчим хүчнийхээ хэрэглээг хангах бололцооны 4-5 үйлдвэрүүдээ байгуулах хэрэгтэй. Ингэвэл бид өөрсдийнхөө эрчим хүчний хэрэглээг 10-15 жилдээ бүрэн хангаад явах боломжтой. Цаашдаа хэрэгцээнээсээ илүү гаргаж эрчим хүч гаргах бол экспортлох ёстой гэсэн чиг барьж байна. Энэ шаардлагын хүрээнд эрчим хүчнийхээ нүүрсийг ашиглаад явна. Мөн эрчим хүчний нүүрсээ өөр зориулалтаар ашиглах саналыг Японы талд тавьсан байгаа. Ингэснээр эрчим хүчний нүүрсээ ашиглаад хувцанцар үйлдвэрлэх бололцоо нээгдэнэ гэсэн хүлээлт байгаа юм. Дэлхий дээд асар өндөр эрэлттэй байдаг ийм бүтээгдэхүүнийг бидэнд байгаа нөөц, бололцооондоо тулгуурлан үйлдвэрлэх боломж байгаа гэж үзсэн.

-Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсон. Энэ чиглэлд ямар ажил хийгдэх вэ?

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол: -БОНХАЖЯ-наас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн нэг гол ажил нь Парисын хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулах явдал байлаа. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аянд нэгдэж байна. Парисын хэлэлцээрийг 2016 оны есдүгээр сард ээлжит бус чуулганаар батлуулсан явдал нь Монгол Улсад өнөөдөр олон улсын байгууллагатай хамтран зүтгэх үүрэг хүлээсэн, гэрийн даалгавраа хийж хэрэгжүүлэх боломж бололцоогоор хангагдаж байна. Парисын хэлэлцээрийг  11 дүгээр сарын 4-нөөс дэлхийн бүх улс орнууд хэрэгжүүлэх нөхцөл бүрдлээ. Хүлэмжийн хийг ялгаруулдаг  70 гаруй орон соёрхон батлуулах хуулиа шийдвэрлүүлж чадсан учраас энэ хэлэлцээр хурдан хугацаанд хэрэгжиж байна. Өнөөдөр дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт явагдаж, гол горхи ширгэж, усны хомсдол үүсэх магадлал бий болсон. Жишээлбэл, өнгөрсөн жил манай зүүн аймгууд руу 200 гол горхи, мөрнөөс  100 гаруй нь ширгэсэн. Ганга нуураас жишээлж болно. Энэ бол дулаарал хүчтэй явагдаж байгаагийн жишээ. Бидний амьдарч байгаа эх дэлхийгээ аюулаас хамгаалах шаардлага тулгарсан гэдгийг дэлхийн том гүрний Ерөнхийлөгч нар уриалсан. Ингээд 100 тэрбум төгрөгийн санг байгуулсан. Энэ сангаас Парисын хэлэлцээрийг соёрхон батлахад оролцсон дэлхийн бүх улс орон санхүүжилт авах нөхцөл бүрдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын хуралдаанд оролцож, Парисын хэлэлцээрийг гардуулж өгсөн. Энэ үйл явцаас Монгол Улсын хуурайшилт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож иргэдээ амьдруулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх боломж бий болно.

Найман хувийн зээл энэ хувилбараараа цаашаа явбал эдийн засаг дийлэхгүй

-Ипотекийн зээл олгогдох эсэх нь тодорхойгүй зогсчихоод байна. Ер нь хэдийнээс олгогдож эхлэх бэ?

- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Энэ зээл цаашид өмнөх хэрэгжүүлсэн хувилбараараа явах бол Монголын эдийн засаг даахааргүй байгаа. Одоо найман хувийн зээл огт зогсчихоогүй байна. Зээлийн сангийн эргэн төлөлтөөр орлогоор санхүүжих байдлаар ипотекийн зээл олгогдож байгаа. Тэгэхээр бид барилгын салбараа өнөөдрийн хямралт байдлаас гаргахын тулд эргэн төлөлтийн сан дээр тодорхой хэмжээний эх үүсвэр нэмж олох шаардлагатай. Энэ эх үүсвэрийн хүү нь дөрвөн хувиас доошгүй байх шаардлага үүснэ. Ингэж байж сангийн үйл ажиллагаа цааш үргэлжилнэ.Монголбанкнаас мөнгө хэвлүүлээд хөтөлбөр хэрэгжүүлээд байж болно. Надад эх орноо гэсэн, эдийн засгаа гэсэн сэтгэл байгаа учраас тэгж чадагүй байна. Орон нутгийн сонгуулийн өмнө тэгвэл болох байсан. Эдийн засаг миний гоёоор ярих хөтөлбөрийг даагаад авах явах боломжгүй учраас зогсоосон юм. Цаашдаа бид үндэсний үйлдвэрээ дэмжиж байж, ард иргэдээ ажилтай, орлоготой болгох бололцоо бүрдэнэ.

-Хаанаас зээлийн эх үүсвэрийг авах вэ? 

- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Зээлийн эх үүсвэр ганцхан урд хөршөөс хамаарахгүй. Энэ асуудалд дээр хэд, хэдэн улс орон,  банк санхүүгийн байгууллагууд хандсан байгаа. Зээлийн өөрийнх нь эх үүсвэрийг өөрт нь зарцуулах зорилгоор барьцаанд тависнаар санхүүжилт босгох зэргээр бүхий л бололцоо боломжуудыг хайж байна. Энэ чиглэл дээр ерөнхийдөө нааштай шийдвэрүүд гарч байгаа. Тэгэхээр найман хувийн зээл үргэлжилнэ. Гэхдээ өмнөх хэлбэрээр хэрэгжихгүй. Зээлийн өөр нөхцөлөөр хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

-Төрийн өмчит компаниудын өр хэт өндөр боллоо. Уг асуудлыг Засгийн газар хэрхэн шийдвэрлэх вэ? 

- - Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Төрийн өмчит компаниудын өрийн асуудал дангаараа ийм өндөр дүнд хүрчихсэн юм биш. Монголын нийт Үндэсний үйлдвэрлэгч нарын өр төлбөрийн асуудал хүнд байдалд орсон. Энэ нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдсан үзэгдэл. Цаашдаа төрийн өмчит компаниудын үр ашигтай ажиллах менежмент, удирдлагын асуудлыг сайжруулах шаардлагатай байгаа. Төрийн өмчит компаниуд алдагадлтай ажиллаад байгаа мөртлөө захирал нь  маш өндөр цалинтай. Бид ажил авсныхаа дараа төрийн өмчит компаниудын үр ашигтай ажиллах чиглэлд судалгаа хийсэн. Судалгаанд үндэслэж, захирлуудынх нь цалинг 30-60 хувиар бууруулчихаад байгаа. Эхний байдлаар зардлын хэмнэлт дээр ийм арга хэмжээ авсан. Ер нь цаашдаа үр ашиггүй үйл ажиллагаа явуулж төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлогыг хэрэгжүүлнэ.

-Гадны банкийг оруулж ирэх асуудалд Ерөнхий сайд ямар байр, суурьтай байгаа вэ? 

-  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Би ажлаа авсныхаа дараа бүх салбарын байгууллагуудын төлөөллүүдтэй уулзсан. Тухайн салбарт ямар бэрхшээлтэй асуудал байна, эрхзүйн орчноос шалтгаалсан ямар асуудал  байна гэхчлэн ярилцаж байж, бид ажлаа төлөвлөсөн байгаа. Хууль эрхзүйн орчноо тодорхой салбарууд дээр сайржуулах, журмуудаа цэгцлэх зэргээр  олон санал санаачлагыг  хувийн хэвшлийнхэн гаргасан. Бүх салбарын уулзалтууд дээр гадны банкны оруулж ирүүлэх  санаа яригдлаа. Гэхдээ бид энэ асуудлыг  бодож үзэх хэрэгтэй. Ямар байдлаар оруулж ирэх ёстой юм гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна. Монголдоо үйл ажиллагаа явуулж буй 13 банк шиг  шууд явуулчихаж болохгүй. Өөрөөр хэлбэл, эрхзүйн орчноо бүрдүүлж байж гадны банк оруулах  ёстой.Энэ чиглэлд ажлын хэсэг гарсан байгаа. Ажлын хэгсийн санал, дүгнэлтийг үндэслэж,  засгийн газраас шийдвэрээ гаргаад явна.

-Засгийн газрын ажлын үр дүн орлогогүй, ажилгүй, ядуу өрхүүхэд хэзээ хэрхэн хүрэх бэ?

-Би маргааш бүх юм сайхан болно гэж хэлээгүй. Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө гэсэн уриатай МАН сонгуульд орсон. Эдийн засгийн хүндрэл буюу гаранд орсон өргөсийг аваад хаячихаж байгаа шиг гэнэ зүгээр болчихгүй. Би Сангийн сайдаар ажиллаж байхдаа төсвийн хүндрэлээс гарахын тулд хоёр жилийн хугацаа хэрэгтэй гэж хэлж байсан. Өнөөдөр бид төсвийн алдлагдлыг шууд байдлаар бууруулах замаар бусдад таалагдах шийдвэр гаргаж болно. Ингэх юм бол эдийн засаг бүр хямарна. Тиймээс хүндрэлээс аажим аажмаар гарах ёстой. Хямралаас гарах хугацааг богино байлгах асуудал дээр засгийн газар ажиллаж байна. Гэр хорооллын иргэдийг тал бит бүтэн талх  авдаг болгохын төлөө ажиллаж байна. Манай засгийн газар хамгийн богино хугацаанд асуудлаа боловсруулж, шийдвэрээ гаргаж байгаа гэж үзэж байна.

“Эрдэнэт” үйлвэр хэвийн ажиллаж байгаа

-Эрдэнэтийн асуудлаар Засгийн газар цаашид ямар арга хэмжээ авах бэ?

Ерөнхий сайд Б.Эрдэнэбат: -Манай  Засгийн газрын хувьд Эрдэнэтэй холбоотой асуудал эрх хүрээнийхээ хэмжээнд бүх шийдвэрүүдээ гаргасан. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан. Худалдаж авсан эх үүсвэр нь хууль ёсных уу гэдгийг тогтоолгохоор хуул хяналтын байгууллагад хандсан. Энэ бүхэн нь Засгийн газрын түвшинд гаргаж болох бололцоотой бүхий л шийдвэрүүд гэсэн үг. Бид ТУЗ-өө байгуулсан. Гүйцэтгэх захирлыг удахгүй томилно. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн бүтнээрээ хэвийн явагдаж байгаа. Ямар нэг зүйлийг нь зарж борлуулаагүй. Татвар төлөлтийн асуудалд судалгаа хийсэн. Өмнө нь татварын урьдчилгаа нэрээр өмнөх онд нь авсан байсан. Эрдэнэтийн борлуулалт хэмжээ буурсан. Дэлхийн зах зээл дэх зэсний үнэ буурсан. Эрдэнэт үйлдвэр хэвийн ажиллаж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр олон улсын гэрээгээр зохицуулагдаж байсан. ОХУ-ын тал Монголын аж ахуйн нэгжид өөрийн эзэмшиж байгаа 49 хувийг худалдсанаар хүчингүй болсон харилцаа үүссэн. Засгийн газрын 6 сарын 13-ны тогтоолоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах гэрээнээсээ татгалзахдаа  УИХ дээр зөвшилцөх ёстой байсан үндэслэл хийгдээгүй байна гэж ажлын хэсэг дүгнэлтдээ мэдэгдсэн.

-Ам.долларын ханшийг яагаад өсгөөд байна вэ?

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 2016 онд нэгдсэн төсвийн алдагдал 18 хувь, 2017 онд 9.9 хувьтай байхаар төсөл өргөн барьсан. Төсвийн алдагдлыг 2018 оноос 7.5, 2019 оноос 5.5, 2020 он гэхэд алдагдлыг тэглэх зорилтыг Засгийн газар барьж байна. Засгийн газраас 9 дүгээр сарын 28-нд Эдийн засгийн хямралыг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулаад ҮАБЗ-өөр хэлэлцүүлж, өнөөдөр УИХ-д өргөн барьлаа. Хэрэв энэ хөтөлбөрийг эхний 18 сарын хугацаанд хэрэгжүүлбэл Монголбанктай хамтран ам.долларын ханшийн буулгах боломжтой.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Ам.долларын ханш өссөн шалтгаан нь өмнө нь “Сайн” нэртэй хөтөлбөр, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд маш их мөнгийг хэвлэж, зах зээлд оруулснаас үүсэлтэй. Тиймээс маш яаралтай эдгээр хөтөлбөрийг зогсоож, Мөнгөний бодлогыг Монголбанк өсгөснөөр энэ зэрэгт ам.долларыг барьсан. Үүнээс ч илүү өсч болзошгүй байсан. Цаашид ханшийг буулгахад шат дараатай арга хэмжээ авна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг томилохдоо шалгуур тавьж байгаа юу. Мэргэжлийн хүн томилж чадах уу?

Ерөнхий сайд Б.Эрдэнэбат: -“Эрдэнэт”-ийн гүйцэтгэх захирал дээр шалгуур тавьж байгаа. Ажлын туршлага, мэргэжил гэх мэтчлэн шалгуур тавьж байна.

- Засгийн газар томилгоо хийхдээ анхнаасаа итгэл алдлаа. Ах, дүү хамаатан саднаа олноор томилсноо юу гэж тайлбарлах вэ? 

Ерөнхий сайд Б.Эрдэнэбат: - Ах дүү хамаатан саднаа томилсон асуудлын тухайд мэдээллийн эхэнд би монголчууд 3.1 сая боллоо гээд нэг тоо хэлсэн. Цөөхүүлээ л улсын зовлон юм уу даа.  Энд тэнд явахаараа ярилцахаар хамаатан садан болдог.

-Өнгөрсөн хугацаанд төрийн албанд хийгдсэн томилгоонуудад улстөрчдийн ах дүү хамаатан садан, үр хүүхэд, эхнэр, нөхөр томилогдлоо. Энэ томилгоо цаашдаа үргэлжлэх үү?. 

-Шинэ Засгийн газар томилгооноосоо эхлээд хүлээлт үгүйсгэсэн гэсэн зүйл асууж байна. Томилогдож байгаа болгон 100 хувь таалагддаггүй. Ямар ч сайн хүн байсан гэсэн ямар нэг хэмжээгээр шүүмжлэл сонсдог. Засгийн газрын хувьд хэрэгжүүлж байгаа ажил түүнээс гарч байгаа үр дүнг л шаардана.  

-Төрийн албанаас хэдэн хүн ажлаасаа халагдсан бэ?

-Халагдсан хүний тоог нарийн хэлж мэдэхгүй байна. 2012 онд эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэлээ гээд тухайн үед ажиллаж байсан 30 мянган албан хаагчийг халсан. Эдийн засгийн хүндрэлийг бий болгоход нөлөөлсөн зарим хүнийг өөрчлөхөөс өөр арга байхгүй.

-Газрыг байраар солино гэж Барилга, хот байгуулалтын сайд ярьж байсан. Энэ талаар?

-БХБ-ын сайд Г.Мөнхбаяр: ТОСК-ийн мэдэлд 79.98 мкв 3 өрөө 200 орчим орон сууц байгаа. Үүнийг Нисэхийн орчмын айлд газраар солих санал хүргүүлсэн.  Борлуулах асуудлыг ипотекийн зээлийн хүрээнд шийднэ.

-Эдийн засгийн хямралыг даван туулахад 18 сар шаардлагатай гэж байна. Энэ хүрээнд ямар арга хэмжээ авах вэ?

- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Нийт 2 бүлэгтэй 60 гаруй арга хэмжээ тусгасан. Нэгдүгээр хавсралтад хууль эрх зүйн орчныг өөрчлөх, хөрөнгө оруулалтыг сэргээх, хоёрдугаар хавсралтад  60 гаруй арга хэжмээ байгаад олон төслийг эхлүүлэх талаар тусгасан. Тухайлбал Тавантолгой, түүний төмөр зам, цахилгаан станц, Гацуурт төслийг эхлүүлэх, Оюутолгойн төслийн 2 -р ээлжийг эрчимжүүлэх талаар тусгасан. Ирэх оны хавар гэхэд бэлтгэн, 5-6 том төсөл эхлүүлж, 2018-2019 онд 60-аад арга хэмжээг явуулж байж гадаадын хөрөнгө оруулалтыг огцом нэмэгдүүлнэ. Ингэхийн тулд хөрөнгө оруулагчдын итгэлийг татах, сэргээх, эрх ашгийг хамгаалах шаардлагатай.

-Олон Улсаас авах зээлийн тухай мэдээлэл өгөөч. Хэдэн төгрөгийн зээл хаанаас авах гэж байна вэ? 

-Сангийн сайд Б.Чойжилсүрэн: ОУВС-тай бид хэлэлцээр хийгээд эхэлсэн. Одоо төлөөлөгчид ирчихсэн 11 дүгээр сарын 4 хүртэл ажиллаж байна. Энэ баг буцсаны дараа 12 дугаар сарын эхэнд ОУВС-ийн Ажлын хэсэг ирэхэд хэрхэн хамтарч ажиллах талаар эцэслэж тохирно. Энэ хэлэлцээрийн нэг хэсэгт хөрш орнуудаас хөгжлийн зээл авах саналыг Засгийн газар тавьж байгаа. БНХАУ-д УИХ-ын дарга айлчлах үеэрээ тус улсаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Хоёр хувиас дээшгүй хүүтэй, 20 жилээс доошгүй хугацаатай зээлийн хүсэлтийг ганц БНХАУ бус ОХУ, Япон зэрэг бидэнд элэгтэй улсуудад зээл авах хүсэлт тавихаар гарцаагүй байдалд ороод байна.

-Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлээс хямд гарж байна гэж шүүмжилж байгаа?

-Гадаадад тонн нүүрс 200 ам.доллар, манайх 27 ам.доллараар зарж байна гэж ярьж байгаа. Судлаад үзэхээр 200 ам.долларын үнэ бол эцсийн хэрэглэгчид хүрч байгаа үнэ. Харин уурхайн аман дээрээс худалдаж байгаа үнэ бол одоо 34 ам.доллар байгаа. Манайх хэрэв боловсруулаад тээвэрлээд хүргэвэл 200 ам.доллараар эцсийн хэрэглэгчид зарна.

- Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

- БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол: Аялал жуулчлалын салбарт нэг мэдээ өгөхийг хүсэж байна. Дэлхийн аялах газруудыг олон улсын хэмжээнд сурталчилдаг байгууллагаас өчигдөр Монгол Улсыг 2017 онд аялах Топ орнуудын долдугаар жагсаалтад оруулж анх удаагаа зарлалаа. Энэ жил бид жуулчдынхаа тоог нэмэгдүүлж чадах юм бол тэнд ажиллах хүчнийхээ тоог 100 мянгад хүргэх юмсан гэж бодож байгаа. Өнөөдөр энэ салбарт 50 мянган хүн ажиллаж байгаа. Жуулчдыг 100 мянгад хүргэхийн тулд Монголд ирэх жуулчдын тоог өсгөх хэрэгтэй байгаа юм. Энэ бол утаагүй үйлдвэрлэл, энэ бол орж ирж байгаа орлого бүхэн нь иргэдийн амьдралд шууд тэгш хуваарилж очдог салбар. Энд хэвлэл мэдээллийн байгууллагынхны сурталчилгаа чухал. Монгол Улс орчин үеийн нүүдлийн соёл иргэншлийг тээж байгаа их сайхан улс орон юм байна, энэ улсыг зорьж аялаарай гэсэн мэдээг дэлхий даяар зарласан. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагынхан сурталчлаасай гэж бодож байна.

- Мэргэжлийн Засгийн газар бүрдсэн гэж ойлгож байгаа. Энэ тодотголтойгоо дүйцэхүйц хурд хүчтэй ажиллаж чадаж байгаа юу? 

- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Манай Засгийн газар мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
demetrios
нэгэн санхүүгийн тусламж авах шаардлагатай юу? Хувийн зээл? Бизнесийн зээл? Ипотекийн зээл? Хөдөө аж ахуй ба төслийн санхүүжилт? Бид 3% -ийн хүүтэй зээлийг өгдөг! Харилцах: (gkfinance01@gmail.com
2018/04/04 197.242.99.30
Zochin
Yeronkhii said ugee bodoj yarihgui bol zarimdaa huuliin esreg ch yum yariad bhiin zarimdaa oilgohoo boliloo. Jaahan medleg nimgen hun shig sanagdlaa. Oor hun oldohgui bsan yum bh da MAN.
2016/10/28 43.228.128.166
Huts
Dingoddog hytadiin shees be!!!!!!!!
2016/10/28 107.77.111.83
yrtaa
Shaana da ta nar
2016/10/28 103.57.93.121
Боо
Боловсролын салбарт гантөмөрийн хүмүүс идэж дуусаагүй л бга шүү. Шаагаарай
2016/10/27 202.21.106.144