8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Нэг хувийн татварыг дэмжлээ

2016-10-27 18:13:27

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.10.27/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 47 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулсан юм.

Манай улсын нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь жижиг, дунд бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүд байдаг. Иймээс зарим салбарт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломж олгох үүднээс жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар уг хуулийн төсөлд тусгасныг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байсан юм.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг хэт өргөжүүлж болохгүй, энэ удаад Засгийн газрын өргөн мэдүүлсэн хулилбараар дэмжээд гарах үр дагаврыг тодорхой хугацаанд харах нь зүйтэй, иймээс татварын хөнгөлөлтөд хамрагдах салбарыг нэмэх талаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгах шаардлагагүй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжжээ. Татварын хөнгөлөлтөд зарим салбарыг нэмж хамруулах талаар УИХ-ын гишүүдээс гаргасан санал болон УИХ-ын гишүүн Л.Болд, З.Нарантуяа нарын гаргасан салбараар ангилах шаардлагагүй, татвар ногдох жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжүүдийг бүхэлд нь татварын хөнгөлөлтөд хамруулах нь зүйтэй гэсэн санал олонхийн дэмжлэг аваагүй аж. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эсгий, эсгий эдлэл, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд нэмж хамруулах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигджээ.

Ингээд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Т.Аюурсайхан, Ц.Гарамжав, Н.Оюундарь, Л.Мөнхбаатар, М.Билэгт, Л.Энх-Амгалан нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Тэрбишдагва нар нийгмийн тэгш, зөв хуваарилалтыг бий болгох үүднээс татварын багц шинэчлэл хийх цаг болсон, энэ удаад Засгийн газрын өргөн барьсан төслийг дэмжээд явах нь зөв, орлогоо яаж нэмэгдүүлэх, зарлагыг яаж бууруулахаа бодохгүй хөнгөлөлт чөлөөлөлтийг урьтал болгоод байж болохгүй, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан салбараар нь ангилж татварын хөнгөлөлтийг ялгавартай тогтоох нь буруу, үүний оронд бүх салбарыг хамруулаад орлогоос нь хамааруулж татварыг шатлалтай болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Харин байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, татварыг хөдөлгөөд байхгүй, аль болох тогтвортой байлгах нь өнөөгийн эдийн засаг хямарсан, хөрөнгө оруулалт хумигдсан үед зөв гэсэн байр суурьтай байгаа. Харин эргэж харах зүйл бол бий. Одоогоор 250 төрлийн татварын хөнгөлөлт чөлөөлөлт байгаа. Үүнээс болж энэ оны урьдчилсан гүйцэтгэлээр л гэхэд хагас их наядын татварын хөнгөлөлт чөлөөлөлт өгөхөөр байгаа гэдгийг хэллээ.

Асуулт, хариултын дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулав. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад зарчмын зөрүүтэй 6, найруулгын 3 санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжив. Ингэснээр татварын хөнгөлөлтөд хамрагдахаар төсөлд тусгасан салбарын ангиллын “Барилгын материалын үйлдвэрлэл” гэсэн ангилалд “мод, модон эдлэлийн үйлдвэрлэл”, “Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа” гэсэн ангилалд “эсгий үйлдвэрлэл”-ийг нэмж тусгахаар боллоо. Мөн хуулиар хориглосноос бусад чиглэлээр алслагдсан аймгуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа зарим аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулахаар УИХ-аас өмнө гаргасан шийдвэрийг энэ төсөлд хүчингүй болгохоор тусгасныг дэмжих боломжгүй тул төслийн 2 дугаар зүйлийг хасах санал дэмжигдсэнээр алслагдсан аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөл хамрагдах боломж бүрдэв.

Дараа нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй 9 саналын томьёоллоор санал хураалт явуулахад 5 санал нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй. Иймээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Д.Ганболд, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Л.Оюун-Эрдэнэ нар “нийтийн хоолны үйлчилгээ, ахуйн үйлчилгээ”, “эрүүл мэндийн салбарын үйлчилгээ”, УИХ-ын гишүүн Г.Занданшатар “мэдээллийн технологийн үйлчилгээ”, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Амарзаяа, Л.Оюун-Эрдэнэ нар “программ хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдаа”, УИХ-ын гишүүн О.Батнасан “мод, жимс, жимсгэнэ үржүүлэх” аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд нэмж хамруулахаар гаргасан саналууд дэмжигдлээ.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цагаас эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хууль Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment