8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнаж, С.Зориг агсны хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн ар гэрийнхэн мэдээлэл хийсэн өдөр

2016-10-27 18:50:00

Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга
Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга

Амжихгүй завгүй гэж хэлэх нь нэг мэдэхэд л дадал зуршил болчихсон байдаг. Өөртөө цэнгэж наргих, дуртай зүйлээ хийх, хайртай хүмүүс дээрээ очих зөвшөөрөл олгож, өөртөө зохиомлоор бий болгосон дарамтаа таягдаж хая. 4 хананаас гадуурх амьдрал ямар зугаатай бас “жинхэнэ” байдгийг та мэдрэх болно.

Хэдий та үнэхээр завгүй байсан ч долоо хоногийн ядаж нэг өдрийн хийх зүйлсийн тань төлөвлөгөөнд үнэн сэтгэлээсээ аз жаргалтайгаар хийж болох ямарваа нэг “ажил” байвал сайхан. Хэрэв дуртай зүйлдээ зарцуулах хугацаа бага байгаа мэт санагдвал эртнээс ажлаа төлөвлөж, бүгдийг нь нэг тийш болгочихоод зориуд цаг гаргаж, зүрхээ баясгаж, оюун санаагаа эмчилж болно. Тийм учраас та өөртөө цаг гаргаарай. Харин одоо та бүхэндээ үдэш болгоны энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ж.Эрдэнэбат: Үнэнийг хэлэхэд хүүхдүүдэд өгөх мөнгөгүй байсан

 

Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа. Уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимынхаа сайд нарынхаа хамтаар оролцсон юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ үеэр “Засгийн газрын 100 хоногт нэг бэлэгшээлтэй зүйл тохиолоо. Тодруулбал, Засгийн газрын 100 хоног Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөртэй давхцаж таарсан. Тиймээс энэ Засгийн газрын ажил Чингис хааны үеийн хөгжил, цэцэглэлтийн хэмжээнд очихуйц байна гэж бэлэгшээж байна. Монгол улсын нийт иргэдийн тоо гурван сая нэг зуун дөрвөн мянга хоёр зуун нэгд хүрсэн байна. Монголын үрс цаашид маш олон болох болтугай. Энэ хүрээнд Монгол улсын Засгийн газраас тодорхой бодлогын ажлуудыг хийж байгаа. Түүний нэг нь цалинтай ээж хөтөлбөр юм. Манай Засгийн газар түүхэн дэхь хамгийн хүнд эдийн засгийг хүлээж авсан. Бид статистик, тоо мэдээ судалгааг ч та бүхэнд танилцуулсан. Бид эдийн засгийг маш богино хугацаанд хүндхэн нөхцөл байдлаас гаргах ёстой. Ингэхийн тулд бидний гаргасан шийдвэр, бодлогын хөтөлбөрүүд маань маш богино хугацаанд боловсруулагдаж, батлагдах ёстой гэсэн зорилтыг тавьж байгаа. Тиймээс 2016 оны Төсвийн тодотголыг өргөн барьж ээлжит бус чуулганаар хэлэлцүүлсэн. Мөн 2017 оны төсвийг өргөн бариад хэлэлцүүлж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах бодлогын баримт бичгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцүүлж УИХ-д өргөн барилаа. Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг ч мөн маш богино хугацаанд өргөн барьж хэлэлцүүлсэн. Хурдтай ажиллах нь энэ Засгийн газрын зорилго юм. Бид өмнө нь үүссэн алдаануудыг засахаар ажиллаж байна. Мөн Хөгжлийн банкийг шалгаж зөрчил дутагдлыг нь арилгаж, буруутай хүмүүст нь хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна. Цаашлаад олон улсын зах зээлд унасан нэр хүндээ сэргээхээр ажиллаж байгаа. Тодруулбал, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж, хууль эрх зүйн орчноо сайжруулж байна. Мөн хүүхдийн мөнгийг бүх хүүхэддээ өгөх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ эхний ээлжинд зайлшгүй 20 мянган төгрөгөө авах шаардлагатай айлуудынхаа хүүхдүүдэд мөнгө өгөхөөр шийдвэрлэсэн.Харин харьцангуй гайгүй амьдралтай айлуудынхаа хүүхдүүдэд 2019 онд нөхөж мөнгийг нь өгөх шийдвэрийг гаргасан. Яг үнэнийг хэлэхэд биднийг ажлаа хүлээж авахад хүүхдэд өгөх мөнгө байгаагүй. Гэсэн хэдий ч бид хүүхдийн мөнгийг өгөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан” гэлээ. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

"С.Зориг агсны хэргийн талаар сэтгүүлчдэд хэлвэл шоронд хорино шүү"

“Ардчилалын алтан хараацай” С.Зориг агсны хэрэг илрэлгүй 18 жилийн нүүр үзэж байгаа ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн хуулийн байгууллагууд эрчимтэй шалгаж байгаа бөгөөд 2-3 хүнийг сэжигтэнээр татаж, цагдан хориод байгаа билээ. 

Одоогоор тус хэргийг үйлдсэн хэмээн сэжиглэгдэж Орхон аймгийн харъяат Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг саатуулаад байна. Одоогийн байдлаар эдгээр гурван иргэн ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Тэгвэл өнөөдөр 11 цагт “Зууны мэдээ” сонины хэвлэлийн бага хурдын танхимд С.Зоригийн хэргээр саатуулагдаад буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийхэн хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулт өгсөн юм. Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагаас хэргийн талаар тодруулан асуулаа. 
-Ц. Амгаланбаатар өөрийн мэдүүлэгтээ танай хүүхдийг хамсаатан хэмээн тодорхойлсон гэсэн. Ц.Амгаланбаатартай танай хүү ямар холбоотой вэ?   
-Бид хүүгээ баригдсан гэдгийг мэдсэн даруйдаа хуулийн дагуу өмгөөлөгч худалдан авсан. Гэхдээ жирийн иргэд бидэнд өмгөөлөгч нарт өгөх 10-20 сая төгрөг  гаргах хэцүү байна шүү дээ. Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ Би С.Зориг агсныг хөнөөсөн. Надтай хамт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар явсан. Б.Содномдаржаа үүдэнд хүн харж байсан. Т.Чимгээ С.Зориг агсныг хөнөөсөн хутгыг муу усны нүх рүү хийсэн” гэж хэлсэн гэсэн. Үүнээс болоод миний хүүг хэрэгтэнээр татаж, жил хагасын хугацаанд шалгаж байна. Мөн хувийн өс, хонзон байхгүй. Бид жирийн нэгэн малчин, фермерийн аж ахуй эрхэлдэг улс шүү дээ. 
-С.Зориг агсаны хэргийг улс төрийн томоохон үйл явдалтай холбогдуулан шалгаж эхэлдэг. Энэ удаад яагаад гэм зэмгүй хүмүүсийг сэжигтэнээр татаж, ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байна вэ?
-Сэтгүүлч та бүгд энэ хэргийг анхнаасаа улс төрийн зорилготой гэдгийг мэднэ шүү дээ. Мэдээж улс төрийн томоохон үйл явдлын өмнө сөхөж, гаргадаг цаанаа өөр зорилготой байгаа .Жирийн иргэдийг хэрэгт гүтгэн, энэ хэргийг бүр мөсөн хааж, дуусгах улс төрийн сонирхол бий гэж бодож байна. 
-Хууль,хяналтйн байгууллага танд ямар хариулт өгч байх юм?
Бид шалгаж байна гэхээс өөр хариулт хэлдэггүй. Бүр аргаа бараад мэддэг танидаг үзэж хардаг хүмүүстэй уулзахад “Өө танай хүүхэд чинь ямар ч буруугүй юм байна шүү дээ. Гарч ирнээ гэхдээ нилээн удах нь дээ” гэдэг. Одоо бүр юу сайн, мууг алийг нь ч мэдэхээ болилоо. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

ЗГ: "Эрдэнэт"-ийн захирлыг удахгүй томилно

“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудал сүүлийн үед олны анхаарлыг ихээхэн татаж байна. УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж тэргүүтэй улс төрчид “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг луйврын аргаар хууль зөрчиж хувьчилсан гэж шүүмжилж байгаа. Энэ ч үүднээс Засгийн газраас тус үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудалд шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан бөгөөд УИХ-аар маргааш хэлэлцүүлэх гэж байгаа юм. Тэгвэл уг асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анх удаа байр, сууриа илэрхийллээ. Тэрбээр “Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Засгийн газраас шийдвэрлэж болох бололцоотой бүх шийдвэрийг гаргасан. Өмнө нь гаргасан хууль бус шийдвэрийг бүгдийг нь хүчингүй болгосон. Мөн худалдан авалтын үйл ажиллагаа хуулийн хүрээнд байна уу, үгүй юу гэдгийг шалгаж тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад хандсан. Засгийн газар хууль зөрчсөн байж магадгүй гэх үндэслэлийг гаргасан. Хууль зөрчсөн гэх үндэслэлийг Засгийн газар гаргадаггүй. Хууль зөрчсөн байх үндэслэл байгаа учраас шалгаж тогтоож өгнө үү гэдэг хүсэлтийг холбогдох байгууллагуудад гаргасан. Тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалаа ашиглаж ямар нэгэн хууль бус шийдвэр гаргасан эсэхийг тогтоож өгөхийг хүсч хуулийн байгууллагад хандсан. Хуулийн байгууллагаас хариу ирээгүй. Засгийн газрын зүгээс Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг төлөөлөх хүмүүсийг томилсон. Өнөө, маргаашгүй Эрдэнэт үйлдвэрийн захирлыг томилох гэж байна” гэлээ.

Г.Дэнзэнгийн хэргийн мөрдөн байцаалт дуусчээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн ЗГХЭГ-йн дэд дарга асан Г.Дэнзэнгийн хэргийн мөрдөн байцаалт дуусчээ. Түүнийг өнгөрсөн тавдугаар сард баривчлан шалгаж байсан бөгөөд АТГ-аас есдүгээр сарын 29-нд дахин баривчлан шалгаж байгаа. Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн  265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хэргийн мөрдөн байцаалт дуусаж тун удахгүй шүүхэд шилжинэ хэмээн хэлсэн. Г.Дэнзэнг

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж явсан  Г.Дэнзэн эхнэрийнхээ “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээгээр тендерт ялуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 150.3, 265.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Б.Мөнгөнтуяагийн эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлыг барагдуулахгүй гэв

Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрлөө. Б.Мөнгөнтуяа шүүхээс сэтгэл санаа болон эмчилгээний төлбөр, хоригдсон хугацааны төлбөр, сургалтын төлбөр, өмгөөлөгчийн хөлс зэрэг нийт  215 сая төгрөгийг нэхэмжилсэн билээ. Тэгвэл шүүхээс  Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэл болох хоригдсон хугацааны хохирол, өмгөөлөгчийн хөлс болох нийт 48 сая төгрөг олгохоор боллоо. Харин  сургалтын төлбөр болон эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлыг барагдуулахгүй гэсэн шийдвэр гаргасан байна. 

ТҮЦ машинаас орон нутаг руу зорчих тасалбараа авдаг болно

Төмөр зам, орон нутгийн автобус, орон нутгийн онгоц зэрэг тээврийн үйлчилгээнд тасалбар түгээх нэгдсэн системд ТҮЦ машин нэвтрүүлэхээр болжээ.

Энэхүү тасалбар түгээх автомат нэгдсэн системийг нэвтрүүлснээр хэрэглэгчид суудлын хуваарь, зорчих өдөр, цаг гэх мэт бүхий л мэдээллийг оруулан тасалбараа худалдан авах боломжтой болох аж.

Тус төхөөрөмжийг хэрэглэж эхэлснээр хэрэглэгчдэд ачаалалгүй, түргэн шуурхай, орчин үеийн, шинэлэг техник технологи болон боловсронгуй үйлчилгээг хүргэхээс гадна билетийн кассын ачааллыг бууруулах, хүний нөөцийн зардлыг хэмнэх давуу талтай юм байна.

Оюутнууд хотоор аялна

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас  их дээд сургуулийн аялал жуулчлалын нэгдүгээр дамжааны 130 гаруй оюутныг хамруулсан хотын аяллыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус аяллаар оюутнуудад нийслэл хотын түүхэн хөгжил, аялал жуулчлалын болон соёлын байгууллагууд, музей үзвэрийн газрууд, үндэсний бүтээн байгуулалт, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг танилцуулах юм. Аялалд оюутнуудаас гадна Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид оролцох юм байна. 

Ирэх даваа гарагт хилийн боомтууд амарна

Ирэх Даваа гарагт буюу энэ сарын 31-ний өдөр “Монгол” бахархлын өдөр тохиож байна. Энэ өдөр БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд амрах аж.Харин ОХУ-тай хиллэдэг боомтууд хэвийн ажиллах юм.

 

Дахин санал хураалт энэ сарын 29-нд болно

Энэ сарын 19-ний өдөр болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч саналаа өгсөн дүн гарсан. Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 79 тойргийн 213 санал авах байранд ирц хүрээгүй.  Иймд нэмэлт санал хураалтыг энэ сарын 23-нд явуулсан. Харин 19 аймагт 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн учраас дахин санал хураалт явуулах юм. Дахин санал хураалтыг энэ сарын 29-нд явуулахаар болжээ.

Таны маргаашийн ажилд амжилт хүсье. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Hoorhii ene sogtu Zorig ch mun ch buyantai uma.hergiig ni ileruilne gj neg ni IHGishuun blno.odoo ileruuleh ni gseer neg ni eronhiilegch bolsnoor SHOU duusna. Ter boltol heseg hunuus helmegdene.
2016/10/28 110.17.170.32