8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Аззаяа: Цас хайлуулах 336 тонн бодисын нөөцтэй байна

2016-10-28 09:57:00

Өвлийн улиралд нийслэл хотын зам талбайд хальтиргаа, гулгаа ихэсч энэ хэрээр иргэд хальтирч унаад  гэмтэх тохиолдол нэмэгддэг. Тиймээс өвлийн бэлтгэл ажлын хүрээнд автозамын хальтиргаа, гулгааг арилгах үүднээс цас хайлуулах бодис, давсны нөөцийн талаар “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Э.Аззаяагаас цөөн асуултад хариулт авсан юм. 

-ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ НЭН ТЭРГҮҮНД ЦЭВЭРЛЭЖ БАЙНА-

-Цас хайлуулах бодисын нөөц хэр байна вэ?

-Энэ жил нийт 474 тонн цас хайлуулах бодис нөөцөлсөн. Үүнээс 7 тонн давс, 391 м3 элс байна. Хуваарьт замууд мөн Замын Цагдаагийн газрын дуудлагын дагуу хальтиргаа гулгаатай газруудад нийт таван удаагийн цас оролтоор бодис цацаж, одоо 336 тонн бодисын нөөцтэй байна. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас нэмж бодис нийлүүлнэ.

-Нийслэл хотын хэмжээнд нийт хэчнээн км автозамд цас хайлуулах бодис цацдаг вэ?

- Манай байгууллага нийслэл хотын хэмжээнд 337.7 км автозамын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг.  Цас хайлуулах бодисыг хотын төвөөр төдийгүй хальтиргаа гулгаа их үүсдэг даваа гүвээ, өгсүүр уруу замуудад цацдаг. Давс бодис цацах ажил ихэвчлэн шөнийн цагаар явагддаг.

-Хальтиргаа, гулгааны эсрэг өөр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

- Тохижилт үйлчилгээний албаны 255 зам талбайн үйлчлэгч явган хүний замыг нэн түрүүнд цэвэрлэж, хальтиргаа гулгааг арилгадаг. Энэ нь иргэдийг хальтирч бэртэхээс сэргийлж, аюулгүй байдлыг хангаж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр ногоон байгууламжийн ажил шувтарч байгаатай холбогдуулан нэмэлтээр 100 гаруй цэцэрлэгч зам цэвэрлэгээний ажлыг давхар гүйцэтгэж байна. 

-Замын цагдаагийн газраас дуудлагын дагуу зарим замуудад бодис цацдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Авто замын хөдөлгөөнд хүндрэл учруулж байгаа, хальтиргаа гулгаа ихтэй замд Замын цагдаагийн газрын дуудлагын дагуу бид очиж, бодис цацдаг. Манай байгууллагын Шуурхай үйлчилгээний албанд 24 цагийн деспетчер ээлжээр ажиллаж, аль болох шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 

-Цас хайлуулах бодис цацах техник тоног төхөөрөмжийн хангамж хэр байна вэ?

-Одоогоор автозам дээр бодис цацдаг “Камаз” маркийн долоон машин,  “Зил 130” маркийн гурван машин, дөрвөн ширхэг “Бонго”, цас мөс хусах, түрэх Ковш, Автогрейдер нэг ширхэг, Унивэрсиал трактор, “Bobcat” хоёр ширхэг зэрэг тусгай тоноглолын тоног төхөөрөмжүүд ажиллаж байна. Цас шүүрдэх шүүр, мөс цохих, хусах хэрэгсэл, цас үлээгч төхөөрөмж хангалттай бий. Ерөнхийдөө өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас орсон үед хальтиргаа гулгаанаас сэргийлэх хайлуулах бодис, техник, технологи, ажиллах бригад бэлэн, бэлтгэлээ сайн хангасан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл