8o
Улаанбаатар хот
mobile menu

2017 онд Эдийн засгийн өсөлтийг 3.0 хувьд хүргэх боломжтой гэв

2016-10-28 11:53:14

Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив.

Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг хамтад нь хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг зарим гишүүд илэрхийлж байсан юм.

Тус хөтөлбөр нь эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилготой гэдгийг Сангийн сайд онцлов. Уг хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй юм байна. Энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төсвийн тэнцлийг сайжруулж, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах замаар макро эдийн засгийг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, бодлогын хэрэгжилтийн үр дүнд итгэх итгэлийг сэргээх, Засгийн газрын авсан зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр солих замаар зээлийн зардлыг бууруулах, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, дунд хугацаанд уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавих боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна.

Макро эдийн засгийг тогтворжуулах эхний стратегийн хүрээнд төсвийн болон мөнгөний бодлогыг оновчтой хослуулан хэрэгжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар гадаад, дотоод макро тэнцвэрт байдлыг сайжруулж, тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 2017 онд 3.0 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна. Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зардал буурч, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн бүтэц сайжрах, эдийн засгийн цар хүрээ өргөжих боломж бүрдэх тул эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүрч өснө хэмээн тооцсон байна.

Мөн боловсруулах салбар 2017-2019 онд дунджаар 6.3 хувиар, 2019 оноос эхлэн 10 гаруй хувиар өсөх боломж бүрдэх аж. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болж буурах тооцооллыг тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.

Түүнчлэн, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх, бүтээн байгуулалтын хэрэгцээг дагаж импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт хүрч өснө хэмээн тооцсон байна.

Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 2.0-3.0 тэрбум ам.долларт хүрэх, улмаар хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг нэмэгдэж урсгал дансны алдагдлыг нөхөх, төлбөрийн тэнцлийн дарамт буурч дунд хугацаанд ашигтай гарах, түүнчлэн валютын ханшид эерэгээр нөлөөлөх боломж бүрдэх зэрэг эерэг үр дүн гарах талаар тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment