8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: "Их хотын хямдрал" болж, Чингис хаан ОУ-ын нисэх буудалд онц байдал зарласан өдөр

2016-10-28 18:58:00

Аз жаргалын тухай ойлголт хүн бүхэнд өөр байдаг. Өсвөр насныхан ихэнхдээ аз жаргал гэдгийг тансаг машин унаж, сайхан байранд амьдрах гэж хэлдэг. Үгүй юм. Жаргал ердөө л дэргэд чинь байдаг. Олон хүн аз жаргалаа алдсаны дараа жаргалтай байснаа мэддэг гэдэг. Та аз жаргалыг аз жаргалыг холоос бүү хайгаарай. Таны дэргэд байгаа гэр бүл, хань, үр хүүхэд, аав ээж, эх орон, өвчин зовлонгүй эрүүл саруул амьдарна гэдэг хамгийн том аз жаргал шүү. Аз жаргалын гол түлхүүр нь зөвхөн өөрийгөө анхаарах биш, мөн бусдад анхаарал халамж тавих юм. Иймээс хүн бүр хувиа хичээсэн хүслээ хаяж нүдээ том нээж эргэн тойрноо сайн хараасай гэж хүсэж байна. Магадгүй яг одоо таны тусламж хэн нэгэнд хэрэгтэй байгаа. Энэ нь маш энгийн, уурласан найзынхаа зовлонг сонсоод зөвлөгөө өг, хүүхдийн тэргээ даахгүй шатаар буулгаж яваа эмэгтэйд туслаарай. Хэн нэгэнд зориулж байгаа үйлдэл бүхэн тань хэмжээлэшгүй аз жаргал өгч байгаа гэдгийг та мэдрэх болно. Хэн нэгнийг аз жаргалтай байлгаж, инээмсэглүүлнэ гэдэг нь өөрөө жинхэнэ аз жаргал юм болов уу.
Таны хувьд Аз жаргал гэж юу вэ, та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийг хуудаснаа

Засгийн газар иргэдийг хөлдөө чирсэн шийдвэр гаргаснаа гайхуулав

Мэргэжлийн Засгийн газрын сайд нар эрийтэл сууж байгаад 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа. Тэдний 100 хоногт амжуулсан ажлуудын дотор "Ипотекийн зээлийн байрны талбайг 100 ам.метр болгож нэмэгдүүлсэн" гэх өгүүлбэр байна.  Тодруулбал, ипотекийн зээлд хамруулах байрны хэмжээг 80 ам.метр байсныг 100 ам.метр болгосноо тэд гайхуулан ярив.

Тэднийг ингэж хэлэхийг сонссон зарим иргэд "Байрны м.кв-ийн хэмжээг томруулах яах вэ?. Ядаж 80 м.кв байраа асуудалгүй найман хувийн зээлээр өгчих хэрэгтэй. Найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгож чадахгүй зогсоочихоод байрны м.кв ярьж буй нь цагаа олоогүй хэрэг. Олон зуун айл ипотекийн зээлд хамрагдахаар хүлээж байна. Тэдний асуудлыг шийдэж чадахгүй байж байрны м.кв томруулах асуудал ярих нь утгагүй. Жижиг ч гэсэн байранд орох хүсэлтэй залуус олон байна" хэмээн шүүмжилж байна. Аргагүй, ипотекийн зээл зогссон гурван сарын хугацаанд орон сууцанд орох хүсэлтэй иргэд Засгийн газраас нааштай шийдвэр гарчих байх хэмээн горьдож суугаа. Зарим нь хашаа, байшингаа хүртэл зараад байр хөлсөлж амьдарч байна шүү дээ. 

Гэтэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уг асуудлаар "Энэ зээл өмнөх хувилбараараа явбал Монголын эдийн засаг даахааргүй байгаа. Монголбанкнаас мөнгө хэвлүүлээд хөтөлбөр хэрэгжүүлээд байж болно. Надад эх орноо, эдийн засгаа гэсэн сэтгэл байгаа учраас тэгж чадагүй байна. Орон нутгийн сонгуулийн өмнө тэгэж болох байсан. Эдийн засаг миний гоёоор ярих хөтөлбөрийг даагаад явах боломжгүй учраас зогсоосон юм. Найман хувийн зээл үргэлжилнэ. Гэхдээ өмнөх хэлбэрээр хэрэгжихгүй. Зээлийн өөр нөхцлөөр хэрэгжих боломж бүрдэнэ" гэж өчигдөр мэдэгдлээ.

Түүний хэлж буйгаас дүгнэвэл ипотекийн зээл үргэлжиллээ гэж бодоход өөр нөхцлөөр хэрэгжих нь. Тодруулбал,найман хувийг нэмж ес эсвэл 10 ч болгож магадгүй байнаУчир нь найман хувийн зээлийг энэ хэвээр үргэлжлүүлбэл эдийн засаг ачааг нь даахгүй сөхөрнө гэдгээ Ерөнхий сайд битүү утгаар хэлчихлээ шүү дээ. Эсвэл шалгуур нь өндөр болж магадгүй юм. Хэрвээ тэгвэл хүссэн хүн бүр байранд амьдарч чадахгүй нөхцөл байдал үүснэ. Түүний хэлснийг том зургаар нь харвал уг зээлийг санхүүжүүлэх хөрөнгө Засгийн газарт байхгүй юм байна. Монгол банкны Ерөнхийлөгч нь ч мөн "100 мкв битгий хэл 80 мкв байраа санхүүжүүлэхэд хүндрэлтэй байнаТэгсэн ч уг зээлийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна" гэж чуулганы танхимаас хэлсэн. Тэгэхээр одоохондоо ипотекийн зээлийг санхүүжүүлэх мөнгө Засгийн газарт байхгүй гэж ойлгох хэрэгтэй болж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.

"Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар Т.Бадамжунайг томилох уу

"Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг өнөөдөр, маргааш хоёрын нэгэнд нь томилно гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдсэн. Тэгвэл эрх баригч МАН-ынхан "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг томилохоор зэхэж байгаа гэнэ. Т.Бадамжунайн хувьд олон нийтийн дунд муу нэртэй нэгэн гэгддэг. Тэрбээр МАН-ын дарга М.Энхболдын фракцын хүн бөгөөд охин Б.Гаваа нь өдгөө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт газрын даргаар ажиллаж буй. МАН-ын томилгоонд маш чухал нөлөөтэй оролцдог гэдэг. Нэгэн цагт намын нөхөр нь явсан Ж.Сүхбаатар түүнийг бага хурал дээрээ авлигачаар нь дуудаж байсан удаатай.

Ямартай ч энэ удаа "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч талтай Засгийн газраас тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын сануулсанчлан, төр гүйцэтгэх удирдлагыг нь томилох  шийдвэрт хүрсэн бололтой.

Д.Оюунтулга: Бид гайхамшигтай түүхтэй ч дэлхий нийт сайн танихгүй байна

Сайн байна уу? Эрхэм хүндэт уншигчдаа ажлын долоо хоног дуусаж, баасан гарагийн өглөө айлчлан ирлээ. Энэ долоо хоногт улс орон дэлхий даяар сонин содон үйл явдал дүүрэн байлаа. Өнөөдрийн онцлох ярилцлагын буландаа дэлхий дахины эв нэгдэл, энх тайвны билэгдэл болсон Олимпийн зуны наадамд сайн дурын ажилтнаар ажиллаж, гар бие оролцсон Д.Оюунтулгатай Монголын аялал жуулчлалын салбар, олимпийн наадмын талаар сонирхолтой ярилцлагыг бэлтгэн хүргэж байна. 
-Энэ өдрийн мэнд хүргэе. Эхлээд уншигчдад өөрийгөө танилцуулаач 
-Намайг Д.Оюунтулга гэдэг, 26 настай. Глобалсмарт Сольюшн ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байна.
-Таныг анх фэйсбүүк-ийн "Дэлхийгээр аялагчид групп" дэр Рио-2016 Олимпйийн наадамд сайн дурын ажилтанаар ажилласан гэсэн постыг харсан. Чөлөөт цаг, зав гарвал аялахыг эрхэмлэдэг үү?
- Ер нь бол чөлөөт цаг, зав гарвал яг өөрийн юу хийхийг хүсэж байна, түүнийгээ л хийхэд зориулдаг. Тэрнээс биш ямар нэгэн зүйл хийхгүй бол болохгүй байна гэсэн үг биш.Миний сэтгэл зүрх юу хийхийг хүсэж байна, түүнийг л хийдэг хүн дээ. Аялахын тухайд хувиараа гэхээс илүү ажлын шугамаар ихэнхдээ явах шаардлагатай болдог. Ихэвчлэн Япон, Солонгос улс руу явдаг. Гадаадад удаан ажиллаж, амьдарсан хүмүүсийн хувьд Монголд ирэхээр энэ, тэр хэцүү байна гээд байдаг. Надад лав тэгэж санагддаггүй.Азийн орнууд бие, биенээсээ ялгараад байх гоц гойд зүйл байхгүй. Мэдээж Монголтой харьцуулахад дэд бүтэц сайн хөгжсөн харагддаг.
-Гадаад орнуудад аялахад төвөгтэй санагддаг зүйл бий юу? 
-Байгаа. Монголтой харьцуулахад гадаад орнуудад хүн амын хөдөлгөөн их, яаарч сандарч алхсан хүмүүс маш их байдаг. Азид аяласан аялагчид мэднэ дээ.Нээх тийм сүртэй “culture shock” буюу соёлын шоконд ороод байдаггүй.Харин сүүлд өмнөд Америк тивийн Бразил улсын хувьд их сонирхолтой санагдсан. 
-Монголчуудын дунд гадаадад очиж, амьдарч, аялах нь бүхэлдээ сайхан мэтээр боддог. Монголоос мянга дахин дээр ч гэх нь бий. Тэгвэл та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Ер нь хүмүүсийн дунд нэг тогтсон хандлага, төсөөлөл байдаг байх л даа. Тэнд очвол сайхан юм шиг. Гэхдээ яг үнэндээ сүртэй тийм их ялгаа байхгүй. Хүмүүс найдлага болон төсөөлөлөөс шалтгаалан соёлын шоконд ордог байх. Тухайлбал гадаад орнуудад явж байхад замын хөдөлгөөний дүрэм их сайн барьдаг. Явган хүний ногоон гэрэл ассан л бол машин гарцны зураасаас наана зогсож, явган зорчигчидоо гаргадаг. Манайд бол зарим тохиолдолд тулаад зогсдог гэх мэт... 
-Анх яагаад “Рио 2016” зуны олимпийн сайн дурын ажилтанаар ажиллах болов оо. 
-Би 2014 онд Олимпийн албан ёсны пейж хуудсыг дагаж байсан санагдаж байна. Улмаар Олимпийн наадамд ажиллах сонирхолтой сайн дурын ажилтанаа шалгаруулж байна. Бүртгүүлнэ үү гэсэн зүйл нийтэлж байсан. Энэ үед сонирхолтой санагдсан. Шинэ зүйл хүсэж бүртгүүлсэн дээ. Томоохон спортын үйл ажиллагаанууд, оролцох сайн дурын ажилтанаа хэд хэдэн шалгуураар 2 жилийн турш шалгаруулж авч байсан. Эхний шалгалт нь англи хэлний мэдлэг шалгаж, 10-11 хүнтэй багаараа интернетээр ярилцлага өгч, санал бодлоо хуваалцаж бичих даалгавар байсан. Хэрэв сонгогдсон гэж мэдэгдэл ирвэл нэмэлт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулдаг.  
-Сургалтын давуу тал юу байв. Яагаад сайн дурын ажилтанаа сургахад бүх анхаарлаа хандуулдаг юм болоо.
-Энэ ярьж байгаа бүхэн минь миний бодол л доо. Олон улсын том хэмжээний тэмцээнд оролцогчид дунд олон төрлийн янз бүрийн соёл, харилцаатай хүмүүс байдаг. Зөвхөн Монголчууд байна гэсэн үг биш. Сургалтанд сууснаар ядаж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн харилцаж, ярилцах талаар заавар зөвөлгөө өгч байсан. Ер нь бол том хэмжээний тэмцээн бүрт “Глобализм”-ийн асуудал яригддаг. Тиймээс зохион байгуулаххорооноос нэг бүрчлэн хүн бүрт зөвөлгөө өгсөн. Сургалтын төлбөр байхгүй.   
-Таны хэлсэнчлэн Бразилд байхад соёлын шоконд орсон гэсэн. Яагаад, юунд ингэж гайхширах болов оо. 
-Монгол болон бусад томоохон орнуудтай харьцуулахад Бразилчууд дэндүү чөлөөтэй, өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүс шиг санагдсан. Онгоцны буудлаас буухад бол нээх тийм өөр, онц гойд зүйл ажиглагдаагүй ээ. Анх онгоцноос буухад Олимпийн наадамд ямар ч бэлтгэлгүй юм шиг санагдсан. Уур амьсгал ороогүй, зурагт самбар гэх мэт юу ч харагдаагүй. Зарим газраараа хог, шороотой байх нь харагдсан. Харин Копакабана далайн эргийн орчимд уур амьсгал орчихсон, хаа сайгүй зурагт хуудас, баярын уур амьсгалтай байсан. 
-Бразил хүмүүс хэр элгэмсэг, зочломтгой дотно хүмүүс байсан бэ?
-Бразил хүмүүс мөнгийг амьдралын гол утга учраа болгож, явдаггүй юм шиг санагдсан. Манайхан өртэй хэрнээ бие биенийхээ дээр гарах дуртай хүмүүс. Харин тэд байгаагаараа байж, хүнийг хүнээр хүлээж авдаг нь сайхан санагдсан. Бразилийн гудамжаар явахад ерөөсөө бүгд ижил төрлийн сандал, шорт, цамц өмссөн байх жишээтэй. Би өөрийн ачаандаа ботинк авч явсан гэтэл яг үнэндээ тэнд өмсвөл би тэднээс хэт содон болох гээд байгаа юм шиг санагдсан. Гоё, ганган харагдах нь тэдний зорилго биш амар тайван, эрх чөлөөтэй аж төрөх нь тэдний амьдралын гол утга учир шиг санагдсан. 
-Бразил болон Монгол хүмүүс хоорондоо ижил үү ялгаатай юу?
-Ер нь бол ижил төрлийн хүмүүс шиг санагдсан. Япончууд ямарваа нэгэн ажил хийхдээ алхам бүрийг шинжилж, судалж, нягталж, төлөвлөдөг. Харин Бразил хүмүүс “болно доо” “бүтнэ дээ” гээд аливаа зүйлийн цагийг нь тулгаж хийдэг юм шиг. Ер нь шалгалт өгөхдөө сүүлийн хоёроос гурван хоногт бэлдээд өгдөг шиг гэсэн үг /инээв/. Гэхдээ үр дүнд нь бүх хүчээ зориулан хийгээд дуусгасанд байдаг. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.

Интернетээр хүүхдийг доромжилж, сүрдүүлэх явдал газар авч байна

БШУЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 2012-2016 оны хооронд 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон тоо баримт бүртгэгдсэн байна. Тэдний 80 хувь нь цахим орчин дахь гадуурхалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон байдаг аж.
Мэргэжлийн байгууллагуудаас “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Судалгаанаас үзэхэд дөрвөн сурагч бүрийн нэг нь амиа хорлох талаар боддог, долоон сурагч бүрийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, арван сурагч бүрийн нэг нь нэгээс дээш удаа амиа хорлох оролдлого хийсэн гэж хариулжээ.
Энэ хүрээнд багш нарын ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, хүүхдийг гадуурхахгүй байх сургалтыг зохион байгуулах юм байна. Мөн төрийн байгууллагууд сургууль, эцэг эхчүүдтэй хамтран зөвлөл байгуулан ажиллахаар болсон байна.

  •    Дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодсон,
  •    Долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж,
  •    Арван сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлого хийсэн гэсэн дүн гарчээ.

Түүнчлэн Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт ирдэг дуудлагын 70 хувь нь тусламж эрсэн дуудлага байдаг бөгөөд үүний 40 хувь нь цахим гадуурхалтай холбоотой байдаг аж.
 

С.Зориг агсны гэргий Б.Булган Төрийн ордонд яах гэж морилов

С.Зориг агсны хэргээр арван сарын турш цагдан хоригдож, шалгагдсан Б.Булган өнөөдөр төрийн орноор орж, гишүүдтэй уулзжээ.  Одоогоор хэнтэй уулзаж, юун талаар ярьсан нь тодорхойгүй байгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзсан гэсэн мэдээлэл байна.  Тэрээр Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй хамт явж байсан бөгөөд энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Төрийн ордонд бид хоёр сая таарлаа. Ямар нэгэн асуудал ярьсангүй. Хуульч гишүүнтэй танилцуулсан” гэсэн тайлбар хэлжээ.

Чингис хаан олон улсын нисэх буудалд онц байдал зарлалаа

Чингис хаан олон улсын нисэх буудалд  тэсрэх бөмбөг тавьсан үед зарладаг онц байдал зарлалаа. Эх сурвалжуудын мэдээллэж буйгаагаар Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд тэсрэх бөмбөг тавьсан учраас онц байдал зарласан хэмээн мэдээлэл гарсан байна. Нисэх буудлын дотор байгаа хүмүүсийг  байгаа газраасаа хөдлөхгүй байх үүрэг өгсөн байна. 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment