8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газрын бодлоготой мөнгөний бодлого уялдсан гэв

2016-11-01 17:12:32

УИХ дахь АН-ын бүлгээс Төрийн ордонд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлал, Мөнгөний бодлого, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг батлах хүрээнд иргэдэд мэдээлэл өгч, санал бодлыг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын дэд хорооны дарга З.Нарантуяа энэ үеэр хэлсэн үгэндээ "Ирэх оны төсөв, мөнгөний бодлого, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр гэсэн энэхүү гурван бодлогын баримт бичиг нь хэрхэн өөр хоорондоо уялдаж байгаа болон хэрхэн бие биенээ нөхөх бололцоотой, мөн тодорхойгүй заалтуудыг тодруулах хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж байна" гэлээ.

Хэлэлцүүлгийн шатанд Монголбанкны Статистик судалгааны газрын захирал Д.Ган-Очир "Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, эрсдлүүд хуримтлагдсаар байна. Иймд зөвхөн банкны салбарын зээл олголтыг нэмэх, хүүг бууруулах зэрэг арга хэмжээ авах нь хангалттай үр дүн авчрахгүй. Эдийн засгийн одоогийн хүндрэлээс богино хугацаанд хохирол багатай гарахын тулд томоохон төслүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэх, төсвийн сахилга батыг хангах, санхүүгийн системийн эрсдэл даах чадвар сайжруулах, гадаад валютын нөөц сэргээх хэрэгтэй" гэлээ.

“Төрөөс мөнгөний  бодлогын талаар 2017 баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын тухайд өнгөрөгч 9 дүгээр сард Монголбанкнаас УИХ-д өргөн барьсан. Мөнгөний бодлоготой холбогдуулж, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар өмнөх мөнгөний бодлогын залгамж чанарыг хэр хадгалсан болохыг тодруулсан. Ингэхэд Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эл асуултад, "Эдийн засаг хүндэрч эрсдлүүд нэмэгдэж байгаа энэ үед бодлогын баримт бичгийн залгамж чанарыг хадгална гэх ойлголт байхгүй болчихоод байна. Гол нь хүндрэлийг даван туулах Засгийн газрын бодлоготой мөнгөний бодлого уялдсан. Манай улс шиг нээлттэй эдийн засагтай улс орны хувьд стандарт бүхий мөнгөний бодлогоор эдийн засгаа тогтворжуулах бололцоогүй. Одоогийн нэн тэргүүний зорилго бол эдийн засгаа тогтворжуулах явдал юм" гэсэн тайлбар хийлээ.

Хэлэлцүүлэг одоо Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг тойрсон асуудлаар үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment