8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: Мөнгөний хямралыг тогтворжуулж чадахгүй бол ЗГ, Сангийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй

2016-11-02 12:42:00

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд засгийн газрыг төлөөлж Сангийн дэд сайд Х.Булгантуяа, тус яамны ТНБД Б.Нямаа, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, БСШУ-ы сайд Ж.Батсуурь нарын хүмүүс оролцож, холбогдох асуудлаар гишүүдэд мэдээлэл өгсөн юм. 

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор боловсруулсан бөгөөд макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн зорилготой юм. Энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Төсвийн алдагдлыг 2017 онд 9.9 хувь, 2018 онд 7.5 хувь, 2019 онд 5.5 хувьд хүргэж бууруулах, банкны чанаргүй зээлийг бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх, хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлж, экспортыг нэмэгдүүлж, импортыг багасгах зэрэг асуудал тусгасан. Мөн үүнээс гадна Тавантолгой, Гацуурт зэрэг стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан төслүүдийг эрчимжүүлэх, Төсвийн сахилга батыг сайжруулах, төв банкны засаглалыг сайжруулах зэрэг заалтууд байгаа юм. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлсэн. Тэд үг хэлэхдээ хөтөлбөр хэдий хугацаанд хэрхэн хэрэгжих, ямар үр дүнд хүрэх, дагалдах 13 хуулин дээр ямар өөрчлөлт орох зэрэг асуудлаа илүү тодорхой болгох хэрэгтэй буйг сануулсан юм. Түүнчлэн хэт ерөнхий байдлаар төмөр замын асуудлаа хүртэл оруулж ирж байхаар яг эдийн засгийн хүндрэлийг даван туулах төсөв, санхүүтэй холбоотой цөөн хэдэн асуудлаа жагсаалтаар оруулж ирэх, энэ нь 2017 оны төсвийн тодотгол дээр илүү нарийвчлагдаж суугдаж өгөх ёстойг ч хэлж байв. Мөн эдийн засгийн чухал асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар хуралд ирж оролцоогүйг шүүмжилж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Эдийн засаг хэдий хугацаанд тогтворжих, ажлын байр, мөнгөний урсгалыг яаж нэмэгдүүлэх гэх мэтээр тодорхой тусгасан зүйл нэг ч байхгүй ийм цаас хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Эдийн засгийн хүндрэл бол мөнгөний хямрал. Үүнийг тогтворжуулж, хөтөлбөрөө биелүүлж чадахгүй бол Засгийн газар, Сангийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй. Ам.долларын ханш сүүлийн дөрвөн сарын дотор 400 төгрөгөөр өссөн. Одоо болтол дорвитой арга хэмжээ авахгүй байна. Хэрэв 3000 төгрөгт хүрвэл Засгийн газар автоматаар огцрох ёстой” гэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Энэ хөтөлбөрөө илүү тодорхой болгох хэрэгтэй. Баахан жагсаалтууд л байна. Энд шинэ хоёр зүйл л багтсан юм байна. Тэр нь казино байгуулах, байцаат морин уралдааны төв байгуулах. Бусад нь бүгд ингээд ороод ирж байсан. Хэрэгжсэн тодорхой зүйл алга” гэж онцолсон юм. Ингэснээр Д.Дамба-Очир гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, хөтөлбөрийг дахин чамбайруулахаар болсон юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувийн саналаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Одоо уг хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Та нарийн идэж,уусны гай
2016/11/03 202.70.46.233
irgen
ene halzan nuhur unen shouchin gar shv said baihdaa am dollor 1350 tugrugnuus deesh usuhgvi ged l shulsee tsatsaad l ih huraliin chuulgan der soliorood heblel medeelleler yriltslaga uguud hutsad bsan
2016/11/02 119.40.97.114