8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 30 ишлэл: УИХ-ын гишүүн Н.Учрал оюуны салбарыг хөгжүүлэх талаар ингэж ярив

2016-11-02 16:15:00

УИХ-ын гишүүн Н.Учрал боловсрол болоод оюуны салбарын хөгжлийг дэмжих ёстой гэж ярьдаг цөөн гишүүдийн нэг. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлснээсээ хойш чуулганы хуралдаан болон хууль батлах үйл ажиллагааны хүрээнд оюуны салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр дуугарч, ажиллаж иржээ. Монголчууд нүүрсээ олборлоод хөгжих үү эсвэл боловсрол болон оюуны салбараа дэмжиж байж хөгжих үү гэдэг асуултад тэрбээр хэрхэн хариулж ирснийг онцлох 30 ишлэлээр хүргэж байна.

  1. Газар тариалан, барилгын салбарыг нэг хувийн татварын хөнгөлөлтөд оруулж байхын оронд оюуны экспорт хийж байгаа салбаруудыг дэмжих хэрэгтэй.
  2. Шинэ бүтээгдэхүүн болон ашигтай загвар гаргаж мэдээлэл технологийн салбарыг дэмжиж чадвал монголчууд оюуны экспортыг хийж чадна. 
  3. Инноваци, техник технологийн дэвшил нэвтрүүлж буй салбарыг дэмжихгүй юм бол бид цаашид уламжлалт хэдэн салбараасаа өөр ахисан зүйлгүй улс болох нь ээ.
  4. Шилэн кабель, троллейбус зэрэг технологийн сайн үйлдвэрлэл явуулж буй ААН-үүдээ дэмжье. Оюуны хөдөлмөр эрхлэдэг залуусаа дэмжихгүйгээр энэ улс хөгжихгүй ээ.
  5. Улаанбаатар хотод 10-20 сая төгрөг бүр зарим нь 30 сая төгрөгийн төлбөртэй хувийн дунд сургуулиуд үйл ажиллагагаа явуулж байна. Энэ сургуулиудад 30 тэрбумын хувьсах зардал өгдөгөө болиод “Насны хишиг”, 36 сарын тэтгэмж, хүүхдийн мөнгөнд өгч болно шүү дээ. Ард иргэд рүү чиглэсэн бодитой санаачлага гаргах хэрэгтэй.
  6. Боловсролын зээлийн сангаас оюутнууд зээл авдаг хууль бол их зөв юм.  
  7. Манай оюутнууд төрөөс 70 мянган төгрөг авснаар сайжирсангүй.
  8. 70 мянгыг олгосноор бэлэнчлэх сэтгэлгээтэй, хариуцлагагүй болсон. Зүгээр өгч буй, үнэгүй зүйл ямар ч хүнийг бэлэн зүйлд дуртай болгодог.
  9. Зээл хэлбэрээр олгосноор оюутнуудын хандлага өөрчлөгдөнө. Эргэж төлөх мөнгө учраас ядаж л хичээлдээ мэрийж эхэлнэ.
  10. Төр оюутнуудад зээл олгосон учраас мөнгөө буцааж олж авахын тулд сургуулиа төгсөх үед нь ажлын байраар хангах юм. Залуусыг ажилд авч буй компаниудыг төрийн зүгээс дэмжих хэрэгтэй.
  11. Гадны жишгийг анзаараад байхад олон хүүхэдтэй ангид заавал туслах багш байдаг. Манай багш нар бүх зүйлийг ганцаараа болгож байна
  12. Багш нар орчин нөхцөлийнхөө тухайд гомдолтой байдаг. Чимээ шуугиан ихтэй орчинд хүүхэд бүртэй тулж ажиллана. Дээрээс нь байнга шохой хэрэглэдэг.
  13. Багшийн нөхцөл онцгой нөхцөл мөн үү гэдгийг тодруулж судлахын тулд Стандарт, хэмжил зүйн газар руу бичиг явуулах гэж байгаа. Багш нарыг онцгой нөхцөлд ажилладаг гэдгийг нь тодорхойлоод өгчихвөл нэмэгдэл авах юм. Ийм гарц бий. Төсөв мөнгө хүнд байгаа үед заавал шийдэх албагүй. Яваандаа багш нарт маань хэрэгтэй.
  14. Миний хувьд боловсролын салбарт нэг л зүйлийг бий болоосой гэж хүсдэг. Юу вэ гэхээр хүүхдүүдийг сургуулиар нь ангилдаггүй болгомоор байна. Лаборатори, энгийн сургууль гэхчилэн маш олон зиндаатай болчихож.
  15. Хүүхдүүдийн дунд шилдгүүдийн хүүхдүүд үнэтэй сургуульд, тааруухан нь бусад сургуульд сурдаг гэсэн зааг гарчихсан байна. Гэтэл өнөөдөр Японд ямар ч хүүхэд гэртэйгээ ойр сургуульд л ордог. Бүх сургууль нь ижил стандарттай. Анги танхим, спорт заал, багш нар, сургалтын хөтөлбөр нь ялгаагүй.
  16. Сургуулийн зиндаа, зэрэглэлийг нэг түвшинд аваачих ёстой. Дунд сургуулийн хөтөлбөр нэг л стандарттай баймаар байна.
  17. Их, дээд сургуулийн тухайд улсынхыг хувьчлахгүй гэсэн байр суурьтай байгаа.
  18. Боловсролын магадлан итгэмжлэлийг анхааралтай ажиглаж байна.
  19. Магадлан итгэмжилсэн байгууллага тухайн сургуулийн ажлыг сайжруулдаг байх ёстой. Үндсэн чиг үүрэг нь сургуулийн хөтөлбөрийг сайжруулахын төлөө ажиллах шүү дээ. Шалгадаг байгууллага биш. Гэтэл өнөөдөр магадлан итгэмжлэлийн байгууллага Мэргэжлийн хяналтынхны хянаж, шалгадаг ажлыг хийгээд байдаг.
  20. Тэтгэвэрт суусан багш нараар гэрээр хичээл заалгах, хичээлийн хоцрогдол арилгуулах тал дээр ашиглаж болно. 55, 60 настай хүмүүс чинь залуу шүү дээ.Тэд гэртээ суугаад юу хийх юм бэ.
  21. Багш нар 65 хүртлээ ажиллах боломжтой гэж бодож байна. Монголын төр хэрэгцээтэй хүмүүсээ хэт эрт хөөж явуулчихаад байна.
  22. Төсвийн хэмнэлтийг УИХ-ын гишүүд өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотоос сонгогдсон бидний хувьд унаа тэрэг, утасны мөнгийг хэмнэх бүрэн боломж бий. Бид өөрсдийнхөө хувийн унаагаар яваад байж болно шүү дээ.
  23. Төрийн үйлчилгээний тулгуур гурван сүбьект болох эмч, багш, цагдаагийнхаа нийгмийн байдалд анхаарахгүйгээр бид цаашид хөгжихгүй ээ.
  24. Би “Монголын залуу багш нарын холбоо” гэдэг байгууллагыг ахалж ажилладаг. Холбооны зүгээс багш нарын нийгмийн асуудалтай  холбоотой 32 саналыг хүргүүлж байсан. Багш нарын урамшууллыг салбартаа гаргасан амжилт болоод сурагчдын сэтгэл ханамжийг харьцуулан урамшуулдаг болгохоор амлалт өгсөн. 5 хүртэлх хүүхдийн эмийн зардлыг эрүүл, мэндийн даатгалаас санхүүлдэг байх хэрэгтэй.
  25. “Насны хишиг” хөтөлбөр насыг наашлуулж 65 болгохоор яригдаж байна. Тиймээс насыг наашлуулахын зэрэгцээ ахмадуудыг ялгаварлаж, 300, 600 мянган төгрөг гэхгүйгээр нэг төвшинд болгох хэрэгтэй
  26. Улсын төсөв санхүүгийн нөхцөл байдал хүнд байгаа боловч сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг орхигдуулж болохгүй юм.
  27. Сонгинохайрхан дүүрэгт 2015-2016 оны хичээлийн жилд 3 ээлжээр хичээллэж байсан сургууль 7 байсан бол энэ жил 10 болж нэмэгдээд байна.Сонгинохайрхан дүүргийн 19, 23 дугаар хороодод ерөнхий боловсролын сургуулийг барьж гүйцэтгэх ажлыг концессын зүйлийн жагсаалтад оруулж шийдвэрлүүлэх хүсэлтийг хүргүүлээд байна.
  28. Ирэх онуудад сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн тоо нэмэгдэж сургуулийн ачаалал улам хүндрэхээр байна.
  29. Багш нар цалингаа нэмүүлэх, орон сууцтай болох гэх мэт нийгмийн асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг үргэлж хүсдэг. Багш нар ажилласан жилийн нэмэгдэл гэж 1000 төгрөгийг нэг жилд нэмүүлдэг. Зэрэг авахгүй бол бүр хэцүүднэ. Ийм л нэмэгдлийг багш нар өгч байна. Багш нарынхаа нийгмийн асуудалд анхаарахгүйгээр боловсролын салбарыг хөгжүүлэх боломжгүй.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zailuul
Ene huuhdiin ugiig UTSAN HUUHELDEI nuud n toohgui bizee Zailuul. Yaah be gaigui um surch bn Zailuul !!!!
2016/11/03 107.77.68.45
Butehgui MGL
hen ch ingeed yarij chadna, ene 30 asuudlaasaa hediig n amidral heregjuulj chadah ve gedeg n chuhal. Ene nusahai hiij chadahgui l dee , herev chaddag yum bol sain l baina. Uhernuuded heregtei yum daa
2016/11/02 66.181.191.61
Цацралт-Од
Маш зүйтэй дэмжиж байна Ажлын амжилт хүсье.
2016/11/02 202.9.42.15