8o
Улаанбаатар хот
mobile menu

Аялал жуулчлалын үндэсний төвийг татан буулгана

2016-11-02 18:38:49

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн эдийн засаг санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Энэ үеэр төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжийн өр 10.8 их наяд төгрөгт хүрсэн байна. Бүр тодруулбал, 2012 онд эдгээр аж ахуй нэгжүүд нь 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2015 онд 11.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байгаа юм. Иймээс ажлын хэсгээс төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн орон тоог зохистой төвшинд нь авчирч бууруулах, үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгжүүдийг татан буулгах аж. Үүнд, "Герман газ", "Монгол мах", "Техник спорт", "Аж үйлдвэрийн цогцолбор", "Дархан газрын тос", "Монгол тариалан корпораци", "Аялал жуулчлалын үндэсний төв"-ийг тус бүр татан буулгах юм байна. 

Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын тайлбарласнаар ганц хүнтэй аж ахуй нэгжийг татан буулгана. Өмч хөрөнгө байдаггүй хэрнээ тамга тэмдгээ барин өр зээл тавиад яваа тул ийн хязгаарлахаас өөр аргагүй болжээ. Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүд Төрийн өмчит компаниудад орон тоо хязгаараа давсныг цэгцэлж, 15 хувьд нь цомхотгол хийх, захирлынх нь цалин харилцан адилгүй байгааг ажлын ачаалал, үүрэг хариуцлагатай нь уяж оновчтой тогтоох, төрийн өмчид хайр найргүй хандаж, хэний ч биш болгон хувиргасныг нэг талд нь гаргах, 10.8 их наяд төгрөгийн өр ямар байдлаар бий болов гэдгийг тогтоох зэрэг тодорхой ажлыг цаашид хийх шаардлага байна гэж байлаа. Эцэст нь ажлын хэсгийн санал дүгнэлтийг тогтоолд тусгах нь зүйтэй хэмээн үзлээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл