8o
Улаанбаатар хот
mobile menu

Авлигатай тэмцэх хөтөлбөрийг батлав

2016-11-03 16:32:00

Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 47 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцэв. Энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцууллаа.

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны аравдугаар сарын 21-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэн Э.Түмэнбаяр, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэн Б.Билгүүн нарын гаргасан мэдээллийн дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, энэ хуулийн холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “...хувийн аж ахуй эрхлэх эрхтэй...” гэсэн хэсгийг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэснийг тэрбээр танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил нар Хууль зүйн байнгын хорооны даргаас асуулт асууж, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 11 дүгээр дүгнэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.

Өмгөөлөгчид хамтарч үйл ажиллагаа явуулахдаа заавал нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байж болно. Гэхдээ “нөхөрлөлийн” гэж тодотгон, хуулийн этгээдийн хэлбэрийг зааж өгөх эрх зүйн үндэслэл, шаардлага бий эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил тодрууллаа.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлагдахаас өмнө 800 гаруй аж ахуйн нэгж хууль зүйн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байсан аж. Өөрөөр хэлбэл дурын иргэн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж болдог байсныг хязгаарлан, хүний бүрэн эрхэд халдах хүртэл үйл ажиллагаа явуулдаг өмгөөллийн үйл ажиллагааны онцлог, хариуцлагыг тооцон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар заалтыг тусгажээ. Өнөөдрийн байдлаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг 127 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Дээрх хуулийн хүрээнд өмгөөлөгч дангаараа ажиллах, нөхөрлөл байгуулах эрх нь нээлттэй байгаа хэмээн хариулт өглөө.

Үргэлжлүүлэн хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны арванэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны санал дүгнэлтийг Ш.Раднаасэд танилцуулсны дараа танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, М.Билэгт нар асуулт асуун, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүд уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж хууль тогтоох дээд байгууллагын зүгээс авлигатай тэмцэх үйл ажиллагааг дэмжсээр ирсэн болохыг тодотгоод энэхүү хөтөлбөр батлагдахтай зэрэгцээд Авлигатай тэмцэх газар олон нийтийн анхаарлын төвд байгаа, нийтийн эрх ашгийг хөндсөн авлига, албан тушаалын холбогдолтой асуудлуудаа шийдэх ёстойг сануулж байв. Авлигатай тэмцэх газар нь нийгэмд хэрэгтэй, тун чухал байгууллага болохыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хэлсэн. Гэхдээ тус байгууллагын шалгаж, илрүүлэн, таслан зогсоох арга хэмжээ авч буй авлигын гэмт хэргүүд нь дунд, доод түвшний албан тушаалтнуудад хамааралтай хэргүүд байгаа, харин дээд түвшиний албан тушаалтнууд нь орхигдоод байна гэдэг хардлага бий гэдгийг анхааруулав.

Үүний дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 32 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Эцэст нь хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар “Авлигатай тэмцэхүндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment