Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр өнгөрч байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар. Ухамсараа алдсан тохиол бүрээ тунгаа. Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ сэхээр. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа ийнхүү хүргэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
Ж.Батзандан: Үгэнд нь орохгүй бол шоронд оруулна гэсэн
УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнээс нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.
-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар АН-ын гишүүдээс эсрэг саналтай ганц гишүүн нь та. Үүнээс болж ямар асуудал үүсээд байна вэ?
-“Эрдэнэт” болон “Асгат”-ын 49 хувийг хууль бусаар УИХ-ын зөвшөөрөл авалгүй сонгуулийн өмнө 27 настай хүүхдэд шилжүүлж өгсөн. Оросоос шилжиж ирсэн 49 хувийг ард түмнээс асуулгүй Засгийн газар дангаараа дур мэдэн өгсөн үйл явдлыг Үндсэн хууль зөрчсөн, хулгайн шинжтэй үйл явдал гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн байр суурийг дэмжиж байгаа. Гэтэл Ц.Нямдоржтой адил байр суурь илэрхийллээ гэж АН, МАН-ын хэсэг олигархиуд Ж.Батзанданг намаас хөөх асуудлыг хөндөж тавьж байгаа. Намын бүлэг дээр Б.Пүрэвдорж тэргүүтэй хэсэг бүлэг этгээдээр дайруулж байгаа. Би нэг л зүйл хэлнэ. Үндэсний хэмжээний том асуудал дээр намчирхаж болдоггүй юм. 20 гаруй жил үргэлжилсэн энэ хулгайг зогсоох ёстой. 20 гаруй жил үргэлжилсэн төрийн өмчийг эрээ цээргүй завшдаг явдлыг зогсоохгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зарсан асуудлыг судлах ажлын хэсэгт сайн дураараа орох саналаа өгсөн. Намын эсрэг явлаа гэж АН-ын нөхдүүд Ж.Батзанданг намаас хөөх тухай асуудал ярьж яваа гэж дуулдсан. Хөөвөл хөөг. Би Монголын төлөө ажиллахаар УИХ-ын гишүүн болсон. Үндэсний хэмжээний асуудалд намчирхаж, нутгархаж болохгүй. Зөвхөн нам өмөөрөх гэж гишүүн болдоггүй. Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө язгуур эрх ашгийг төлөө зогсох ёстой.
-Таныг намаас хөөх санал хаанаас гарч байгаа юм бэ?
- Ер нь бол нэгдүгээр хүнээс гаралтай. БЗД-ийн намын хорооны дарга бол Ерөнхийлөгчийн хүүгийнх нь найз. Тэндээс Ж.Батзанданг АН-аас хөөх асуудал удаа дараа яригдаж байгаа. Үүний цаана хэн байгаа нь тодорхой. Тагнуул, хуулийн байгууллагаар Ж.Батзанданг дарамтлуулж чимээгүй болгох оролдлогыг Ерөнхийлөгч удаа дараа хийж байгаа.
- Ямар дарамт ирсэн бэ?
- Чимээгүй бай. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь бол хууль ёсны дагуу явагдсан гэж хэлж байгаа. Үүнийг би дарамт гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүний юу хэлэхийг хэн ч заахгүй. Гишүүн индэр дээр хэлсэн үгнийхээ төлөө өөрөө хариуцлага хүлээдэг юм. Өнөөдөр Монгол дарангуйллын шинжтэй тогтолцоо руу явж байна. Хууль хяналтын байгууллагын дарга нар нь ирж гишүүдтэй уулздаг. Нөлөөлөх гэж оролддог. Тэр хүчний байгууллагын цаана Ерөнхийлөгч зогсдог. Дээр нь МАН-ын хэсэг бүлэг этгээд, манай намын хоёр толгойлогч зогсдог.Үгэнд нь орохгүй бол шоронд оруулна гэж айлгадаг. Ийм явдал Монголд бий болсон байна
Тэр хүмүүст хандаж хэлэхэд хулгайн бүлэглэл Монголыг залгих гэж оролдож байна. хулгайн бүлэглэлийн эсрэг зогсож чадах эр зоригтой эх орончид Монголд олон бий гэдгийг тэр хүмүүст хандаж хэлмээр байна. Эх орончид олноороо төрж байгаа шүү.
- “Эрдэнэтээс өөр ямар нэг асуудлаар талцал болсон зүйл бий юу?
- АН таван намын нэгдэл учраас таван тийш харах тохиолдол цөөнгүй байдаг. Гэхдээ үндэсний эрх ашигтай холбоотой томоохон асуудал дээр АН, МАН нэгдээд явах нь зүйтэй.Ажлын хэсэг гаргаад шалгалт оруулна гэхэд манай нам орохгүй гэсэн шийдвэрийг гаргаж байгаа нь буруу. Орох ёстой. Шалгалтаа хийх ёстой. Дүгнэлтээ гаргах ёстой, хулгайд алдагдсан 49 хувийг эргүүлэн авч ард түмэндээ өгөх ёстой. Монголын ард түмэн зовж, шаналж, өлсөж байна. Магадгүй хэдэн дарга нар өлсөхгүй байж магадгүй. Манай Ерөнхийлөгч өлсөхгүй таргалж байж магадгүй. Энэ ард түмэн өлсөж байна. Үүнийг ойлгоочээ. Тэр хүмүүст хандан ард түмнээ өчүүхэн ч гэсэн бодооч гэж хэлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.
Гадны хэвлэлд: Монгол улс уурхайг биш байгалийн ховор элемент, эрдсийг ашиглавал хямралаас гарна
Монгол улс өнгөрсөн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн дуртай "бай" байсан хэмээн олон улсын шинжээчид үздэг. 2011 онд Монголд зориулах гадаадын хөрөнгө оруулалтын тоо нэмэгдэж, 5 тэрбум ам долларт хүрсэн гэж үздэг. Харин өнгөрсөн жилийн баримтаас харахад унасан үзүүлэлт гарлаа.
2012 онд ажилгүйдлийн тоо буурч 5 хувьд хүрсэн бол энэ онд 12 хувь болж өсчээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2009 онтой харьцуулахад 2,3 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар 2016 онд Монгол улсын хэмжээнд ДНБ өсөлт 0,8 хувиар нэмэгдэж болох юм хэмээн таамаг дэвшүүлжээ.
Герман-Монголын хамтарсан бизнесийн ассоциациас үзэж буйгаар “Монголтой хамтран ажиллах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагч байгууллагын тоо буурсан” гэв. Мөн Монголын бизнесийн зах зээл хумигдмал жижиг тул шинэ бизнес эхлэхэд тохиромжгүй. Иймээс гадны хөрөнгө оруулагчид сонирхох төдийд л яриад өнгөрдөг гэжээ. Ирэх хоёр жилийн хугацаанд Монголын засгийн газар Оюу Толгойн үйл ажиллагааг өргөтгөхөд зориулан 5,3 тэрбум долларын санхүүжилтийн асуудлыг шийдэх ч мэргэжилтэнүүд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн ч монголын засгийн газарт эдийн засгийг нь сайжруулах хэмжээний мөнгө, санхүүгийн эх үүсвэр болохгүй хэмээн үзэж байна.
Мөн Монголын засгийн газар гуравдагч хөршийн бодлогыг сайжруулахгүй бол эдийн засгийн байдал муу хэвээр байж,зөвхөн хоёр хөршөөсөө тусламж авч, хараат байна гэдэг нь өөрөө өрөөсгөл ойлголт юм. Тиймээсурд, хойд хөршийн үйл ажиллагааг тэнцвэртэй байлгаж, гуравдагч хөршийн бодлогыг барих нь зүйтэй хэмээн дүгнэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж үзнэ үү.
Б.Одгэрэл: Мөнхжүүлсэн цэцэг 3-5 жил ямар ч хувирал үзүүлэхгүй амьд харагддаг
Хүн бүр өөр, өөрийн гэсэн хүсэл сонирхолтой. Зарим нь сонирхлоо мэргэжил болгодог. Тэдний нэг нь цэцгийн дизайнер Б.Одгэрэл юм. Тэрбээр багаасаа цэцгэнд хайртай байсан бөгөөд сонирхлоо хөгжүүлэн Япон улсад цэцгийн дизайнерын мэргэжил эзэмшжээ. Түүнтэй цэцгийн урлагийн талаар ийнхүү ярилцсанаа хүргэе.
- Цэцгийн дизайнер мэргэжилтэй гэхээр надад төдийгүй уншигчддад их сонин содон сонсогдож байна л даа. Энэ мэргэжлийнхээ талаар сонирхуулна уу?
-Баярлалаа. Юуны өмнө танай сайтын уншигчддад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Эхлээд өөрийгөө танилцуулах нь зүйтэй болов уу. Намайг Баянбатын Одгэрэл гэдэг. Би 2004 онд ШУТИС-ийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Сургуулиа төгсөөд япон улсад нэг хэсэг амьдарсан. Японд байх энэ хугацаандаа сонирхлынхоо дагуу цэцгийн дизайнер, зөвлөх мэргэжил эзэмшсэн юм. Миний ээж 1998 онд анхны гэж хэлж болохоор тайрмал цэцгийн дэлгүүрийг нээж байсан. Цэцэгчин хүн л дээ. Тухайн үед ээжийнхээ ажилд сургуулийнхаа хажуур тусалж өгдөг байлаа.
Нэг үгээр хэлбэл, 1998 онд анх цэцгийн өргөсөнд “хатгуулсан”. Тэр үеэс хойш цэцэгт дурлаж, түүнийг шохойрхож, шимтэж ирсэн. Дэлхийд танигдсан цэцэг амьдруулах зүйл нь японд соёл, урлаг болтлоо өндөр хэмжээнд хөгжсөн. Харин монголчуудын хувьд хувцасны дизайнер гэж мэдэхээс хатаамал цэцгийн дизайнер, зөвлөх гэхээр тэр бүр мэддэггүй болов уу. Яагаад гэвэл цэцгийн соёл манай улсад төдийлөн сайн хөгжөөгүй байна. Аливааг хийнэ гэдэг тухайн зүйлийнхээ нарийн арга, технологийг эзэмшиж илүү мэргэжлийн мэргэшсэн хэлбэрээр суралцахыг хэлдэг. Үүний адил цэцгийн нарийн арга, технологи мэргэжил эзэмшсэн. Дэлхийн олон оронд хөгжсөн энэ ховор мэргэжлийг эзэмшиж монголд яагаад хөгжүүлж болохгүй гэсэн үүднээс японд суралцсан. Төгсөөд монголд цэцгийн энэ соёлыг яагаад хөгжлүүлж, дэлгэрүүлж, олон нийтэд хүргэх зорилгоор энэ чиглэлээр ажиллаж байна.
- Цэцэг мөнхжүүлэх урлаг хаанаас үүсэлтэй, хэзээнээс бий болсон байдаг юм бэ?
-Цэцэг мөнхжүүлэх нь дан ганц япон технологи биш л дээ. Гарал үүслийн хувьд Викториягийн үед Европоос эхтэй гэж үздэг. Япончууд цэцэг гэлтгүй жижиг, чанартай чамин зүйлээр гэрээ гоёж, ойр орчмоо чимэглэх дуртай хүмүүс.
- Манайд амьд цэцгийг мөнхжүүлэх боломжтой юу?
-Япон улсад амьд цэцгийг мөнхжүүлэх арга технологи өндөр хөгжсөн байдаг. Сүүлийн жилүүдэд тэр хэмжээгээр цэцгийн урлагийг өндөр төвшинд хөгжүүлж байгаа улсын тоонд зүй ёсоор багтдаг. Бид мөнхжүүлсэн цэцгээ Япон улсаас оруулж ирдэг. Тэнд мөнхжүүлчихээд нааш нь авчирдаг. Цэцгийг мөнхжүүлнэ гэхээр тусгай бодис, уусмалд оруулдаг. Энэ нь хэдэн жилээр ч хамаагүй яг амьд юм шиг байж чаддаг. Мөнхжүүлсэн цэцэг тод өнгөө бага зэрэг л алддаг. Манай оронд болохгүй зүйл гэж байхгүй. Гэхдээ эхлээд манай улсад цэцгийн соёл дэлгэрүүлж, олон нийт ойлгоод хүлээж авах хүртэл их цаг хугацаа шаардана. Мэдээж цэцгийн соёл, урлаг хөгжиж, дэлгэрсэн үед цэцэг мөнхжүүлэх бүрэн боломжтой. . Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.
Н.Учрал: Хүүхэд харах үйлчилгээ үргэлжилнэ
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Энэ хүрээнд Хүүхэд харах үйлчилгээний хуулийг цааш үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан юм. Нийт 5.8 тэрбум төгрөгийг тус үйлчилгээнд нэмж төсөвлөөд байна. Уг асуудлаар УИХ-ын Н.Учралаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхэд харах үйлчилгээ цаашид асуудалгүй үргэлжлэхээр боллоо гэж ойлгож болох уу?
- Хүүхэд харах үйлчилгээнд тодорхой төсөв суулгалаа. Уг үйлчилгээг эргэж харах болсон шалтгаан нь “Цалинтай ээж” хөтөлбөр давхар хэрэгжихээр болсонтой холбоотой. Хүүхдүүдийг саатуулдаг газарт зүгээр байлгана гэдэг тохиромжгүй юм. Хүүхэд харах үйлчилгээг явуулах байрны хувьд хүртэл хүндрэлтэй асуудлууд байсан. Ямар ч сургалтын хөтөлбөр байхгүй саатуулах газарт хүүхдийг байлгах нь аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг зөрчиж байгаа юм. Энэ үүднээс уг үйлчилгээг зогсоох асуудлыг эргэн харсан. Түүнээс биш шууд бүрэн зогсооно гэж яриагүй. Нийгэмд анхнаасаа буруу ташаа мэдээлэл явсан юм шиг байна лээ. Хүүхэд харах үйлчилгээ цаашид хэрэгжээд явна. Төсөвт суусан 5.8 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд зориулна. Мөн “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжээд явчихаар эхчүүд болон хүүхдүүдийн хувьд таатай нөхцөл бүрдэх юм.
- Цаашдаа уг үйлчилгээг үргэлжлүүлэхийн тулд бид юун дээр анхаарах ёстой юм бэ?
- Хүүхэд харах стандартыг нь маш сайн дагаж мөрдөх хэрэгтэй. Өмнө нь маш хүйтэн орчинд хүүхэд харж байсан. Мөн мөнгөө хэмнэх үүднээс аль болох хямдхан байранд энэ үйлчилгээг явуулдаг гэх мэт олон тулгамдсан асуудал байсан. Тэгэхээр хүүхэд харах үйлчилгээний стандартын хэрэгжилтэд хяналт тавиад маш сайн хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгаар цас орно.Салхи 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 11 дүгээр сарын 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 7,8-нд өдөртөө бага зэрэг дулаарна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ.
О.Баасанхүү: Гуя дагаж хүзүү гэгчээр юун "Казиногийн хууль" ороод ирчих вээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуулийн төслийг өргөн барилаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж Сангийн сайд хариулт өглөө.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монголчууд машин угсраад гаргая гэхээр болдоггүй. Яагаад гэвэл гаалийн татвар нь хэрээс хэтрээд байна. Нөгөө л ярьдаг л юмнууд нь яваад байна. Энэ хөтөлбөрийг хийе гэж байгаа юм бол наад зах нь ямар үйлдвэр, тоног төхөөрөмж байна, тэрийг яаж зах зээлд оруулах вэ гэдгийг ярьмаар байна. Юун казино энэ дотор ороод ирэв ээ, казино энэ хоёр юугаараа холбоотой болчихож байгаа юм бэ, гуя дагаж хүзүү гэдэг шиг юм яваад байна л даа. Бид нар өнөөдөр хар тамхиа хянаж чадахгүй байгаа шүү. Энэ нь маш том үндэсний аюулгүй байдлын хэмжээнд орчихсон байгаа. Саяхан казиногийн асуудлаар мөрийтэй тоглосон нөхдүүдийн хэрэг гарсан. Хууль бус мөнгийг хянаж чадахгүй байна. Жилийн жилд л казино гэж юм орж ирэх юм. Казино, эдийн засгийн хүндрэл хоёр чинь тусдаа асуудал л даа. Казиногийн хууль ямар ашигтай болоод ийм юм ороод ирчихэв ээ хэмээн Сангийн сайдаас асуулт асууллаа. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн Казиногийн хууль яагаад ороод ирэв ээ гээд байх юм, түрүүчийн Засгийн газар энэ хуулийг өргөн барьчихсан байсан шүү дээ.Засгийн газар татарын хуулийг татаж авч байгаа шалтгаан бол хэлэлцүүлэг хийх явцад дахиад ес орчим салбар нэмэгдсэн. Орлого 2017 онд буурах эрсдэл үүссэн учраас буцааж татаж авсан. Миний хувьд тэр барилгын материалын салбарын хүрээнд нэр явагдаж байсан. Гэхдээ би барилга угсралтын компаний ажил хийж байсан нь үнэн. Надад ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье хэмээн хэллээ.
Дэлхий сонорт:
Пак Гын Хэ: Бүгд миний буруу
Өмнөд Солоносын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ өөрийн ард түмнээс дахин уучлал хүслээ. Мөн мөрдөн байцаалтын ажилд саад бололгүй хамтарч ажиллана гэдгээ дахин илэрхийллээ.
Тэрээр Өмнөд Солонгосын телевизүүдэд өгсөн ярилцлагандаа “Ард түмнээсээ хийсэн бүх зүйлдээ уучлал хүсэж байна. Бүх зүйл миний буруу хариуцлагаа хүлээхэд бэлэн байна” гэв.
Мөн тэрээр надтай хамтран ажилласан, ажилладаг бүх албан хаагчид, ард олноосоо уучлал хүсэж байна. Би та бүхнийг урмыг хугаллаа хэмээжээ. Пак Гын Хэ өөрийн найзтай холбоотой улс төрийн асуудлаас үүдэн сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд сэтгэл санаа нь тогтворгүй, биеийн байдал таагүй байгаа аж.
Түүний дотны сайн найз Чой Сүн Силийг энэ гуравдах өдөр прокурорын байгууллагаас цагдан хорьж, мөрдөж байна. Пак Гын Хэ пүрэв гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр “Би одоо байгаа нөхцөл байдлыг "Хөх орд"-ны ажлын албанд бүрэн мэдэгдсэн. Одоо мөрдлөгийн бүхий л явцад хамтарч ажиллана” гэв.
Та амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.