8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх оны төсөвт АН, МАН-ын бүлэг ямар дүн тавив

2016-11-06 10:00:00

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2017 оны төсвийн төслийг хэлэлцээд эд дундаа орж байна. Ирэх онд Монгол улсын нийт төсвийг хэдээр баталсан болоод яаж төсөөлсөн гэдэг нь олны анхаарлыг татсан мэдээлэл юм. Сангийн яамнаас боловсруулсан ирэх оны төсвийн төсөлд УИХ дахь МАН, АН-ын бүлэг ямар дүгнэлт өгснийг манай сайт хүргэж байна. Бүлгүүд ирэх оны төсөвт ямар дүн тавив. 

Я.Содбаатар: Монгол Улсыг нэгдсэн нэг төсөвтэй болгож, төсвийн сахилга батыг сайжруулах алхам хийсэн нь сайшаалтай

УИХ дахь МАН-ын бүлгийн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаархи санал, дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганд бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцууллаа. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон бусад холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг ажлыг хэсэг байгуулан ажиллаж, хэлэлцлээ. 
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд явуулж ирсэн алдаатай бодлогын уршгаар Монгол Улсын эдийн засаг нэн хүндэрсэнийг амьдрал, тоо баримт аль аль нь нотолж байна. Монгол Ардын Нам УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэж байхдаа энэ тухай байнга сануулж, төр засгийн буруу бодлогыг засч залруулахын төлөө ажилласан боловч тухайн үеийн эрх баригчид үнэнийг үл ойшоон алдаатай бодлогоо үргэлжлүүлсээр Монголын улсын эдийн засгийг өнөөгийн байгаа туйлын хүнд нөхцөл байдалд оруулсан байна. 2011 онд 17,5 хувьд хүрсэн эдийн засгийн өндөр өсөлт жил дараалан саарсаар 4 жил гаруйн хугацаанд 13 дахин уналаа. Хөрөнгө оруулагчдын итгэл алдарч хөрөнгийн гадагшлах урсгал давамгайлах болсон байна. Гадаад валютын цэвэр албан нөөц 4 жилийн дотор 4 дахин буурч төгрөгийн ам.доллартай харьцах ханш 60 гаруй хувиар унасан байна. Улсын гадаад өр 24,0 тэрбум ам.долларт хүрсэн, бизнес эрхлэх орчин хумигдаж, ажилгүй, орлогогүй, өрийн дарамттай иргэд, аж ахуй нэгжийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа зэрэг уруудан, доройтсон үзүүлэлттэй улс орныг бид хүлээн авлаа. Хамгийн сүүлийн статистик мэдээгээр улсад бүртгэлтэй 134 мянган аж ахуй нэгжээс 66 мянга нь буюу 2 компани тутмын 1 нь үйл ажиллагаагаа зогсоосон гэсэн мэдээ байна. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог Стандарт пүүрс агентлаг олон улсын зээлжих зэрэглэлийг 4 жилийн дотор 4 шатлал буурууллаа. Үүний улмаас Засгийн газар, үндэсний томоохон аж ахуй нэгжүүдийн бонд, хувьцааны ханш үнэгүйдэж гадаад зах зээлээс таатай нөхцөлтэй, хүү багатай эх үүсвэр татах боломж эрс хязгаарлагдлаа. Улс орныг удирдахдаа хоноцын сэтгэлээр хандаж, улс орны санхүү эдийн засгийг өнөөгийн хүнд байдалд оруулсан зарим нэг хүн, улс төрийн хүчин 4-хөн сарын өмнөх байр сууриа хаврын тэнгэр шиг хувьсан өөрчилж, бүхнийг мэдэгч аврагчын дүрд тоглож байгааг манай ард түмэн сонгогч олон мэргэн ухаандаа тунгааж суугаа гэдэгт итгэж байна. Засгийн газар ийм хүнд үед богино хугацаанд нөхцөл байдлаа зөв мэдэрч, уналтыг зогсоон, хүндрэлээс гарах гарцаа зөв тодорхойлон Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг боловсруулахдаа төсвийн нэгдсэн бодлого баримтлан нэг төсөвтэй болох, төсвийн орлогын эх үүсвэрийг аль болох боломжит түвшинд дайчлах, төсвийн урсгал зардлыг танаж багасгах, төсвийн сахилга батыг чангатгах, төсвийн нэгдсэн үзүүлэлтийг сайжруулах талаар бодиттой алхамуудыг хийж тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэлснийг сайшаан цохон тэмдэглэе.
Тухайлбал өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудыг зөрчин төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр улсын төсвийн гадуур хяналтгүй шахам зарцуулж ирсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Гудамж төсөл, Хөгжлийн банкны зээл, Чингис, Самурай зэрэг гадаад бондууд болон гадаад, дотоодын өндөр хүүтэй зээлийн зарцуулалтыг хяналтандаа авч нэгдсэн төсвийн бүрэлдэхүүнд оруулан Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй болгосон байна.
Төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийг сайжруулж, төсвийн сахилга батыг чанд мөрдөн, урсгал зардлыг зохистой түвшинд хүргэн танах, төсвийн Ерөнхийлөн захирагч нарын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, бас тодорхой эрх олгох талаар санал санаачлага гарган тодорхой арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөсөн байна.Сүүлд Монгол Улсын Засгийн газраас “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр” боловсруулан УИХ-д өргөн барьж хэлэлцэж эхлээд байгааг бас дурдья.

Сүүлийн жилүүдэд төрийн өмчит компани, улсын үйлдвэр, аж ахуйн газруудыг олноор байгуулж жил бүр алдагдалтай ажиллан улсын төсвийн нуруун дээр ачаагаа үүрүүлж ирсэн нь тэдний ажлын хариуцлага, сахилга бат суларч, удирдлага менежментийн хоцрогдолд оржээ. Ард түмний татварын мөнгөөр бие биендээ найр тавьж ирсэнтэй холбон үзэхээс өөр аргагүй. Үүний бодит жишээ 2012 оны эцэст төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр авлага 3 их наяд төгрөг байсан бол өнгөрсөн оны байдлаар 10.5 их наяд төгрөгт хүрч 3 дахин өссөн байна. Одоогийн байдлаар төрийн өмчит 89 компани бүртгэлтэй байгаа бөгөөд нийт 21 их наяд төгрөгийн хөрөнгө бүртгэгджээ. Эдгээр төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байна гэсэн тайлан ч гараад байна. Иймд төрийн өмчийн компаниудын менежментийг сайжруулан ашигт ажиллагааг дээшлүүлэх, ногдол ашгийг нэмэгдүүлэх, ашиггүй ажиллаж байгаа болон төрийн өмчлөлд байлгах шаардлагагүй болсон зарим аж ахуй нэгжүүдийг хувьчлах, бүтцийн өөрчлөлт хийх, татан буулгах талаар цаашид анхаарч ажиллах нь зүйтэй гэж байна. Мөн Банк санхүүгийн салбарын шинэтгэлийг хийж, гадаадын банк санхүүгийн байгууллагын ажиллах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, банкны зээлийн хүүг бууруулах бодлогыг баримталж хэрэгжүүлэхийг ч нийгэм хүлээж байна. 
Эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүнд байгаа ч Засгийн газраас уул уурхайн дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюу толгойн далд уурхайн төсөл, Таван толгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Таван толгойн 450 мВт-ын цахилгаан станц, ДЦС 3-ыг 250 мВт өргөтгөх төсөл, Төмөр замын төсөл, ХАА-н салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болон эрчимжүүлснээр 2017 онд эдийн засгийн бодит өсөлтийг 3 хувьд хүргэхээр тооцжээ. Өр зээлийн бүтцийг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох, зээлийн хугацааг сунгах, бага хүүтэй урт хугацаатай зээлээр солих бодлого баримталж байгаагаа дурьдсан байна. Төсвийн санхүүжилтыг орон тоо, зардал санхүүжүүлдэг хэлбэрээс татгалзаж аливаа ажил үйлчилгээний үр дүнгээр санхүүжүүлдэг хэлбэрт шилжихээр тооцож байгааг дэмжиж байна. 
Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 22,8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 32,7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 9,9 хувьтай тэнцэж байхаар оруулж ирсэн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангасан байна. Гэхдээ Улсын Их Хурлаар төсөв хэлэлцэх явцдаа төсвийн үзүүлэлтүүдийг улам сайжруулах, ялангуяа төсвийн алдагдалыг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзлээ.Цаашид үүссэн нөхцөл байдлыг даван туулахын тулд бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлага байна гэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг үзэж байна. Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс улс орны төсвийн эдийн засгийн байдалтай холбогдуулж авах арга хэмжээний талаар дараах саналыг гаргаж байна. 


А. Улсын төсвийн орлого нэмэгдүүлэх талаар
- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг ажлын хэсгээс нягтлан судлаж үзэхэд дотоод нөөц бололцоогоо дайчлан, төсвийн орлого, зарлагын төлөвлөлтийг боловсронгуй болгох, төсвийн орлого, зарлагын гүйцэтгэлийн сахилга батыг сайжруулах, төсвийн хөрөнгө оруулалтын зардал болон төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг дахин хянан үзэх замаар төсвийн алдагдал ДНБ-ний 18 хувьтай тэнцэж байгааг ирэх онд ДНБ-ний 9.9 хувьтай тэнцүү байхаар оруулж ирсэн төслийг дахин бууруулах саналтай байна.
- 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барих барилга байгууламжийг эхлүүлэхгүй байх, Засгийн газрын саналыг дэмжиж байгаагаа дурдья.
- Төсвийн алдагдал өрийг барагдуулах, өрийн удирдлага менежментийг боловсронгуй болгох, зээлийн хүүг бууруулахад Тогтворжуулалтын сангийн үлдэгдэл 326 тэрбум төгрөгийг ашиглах эрх зүйн орчин бүрдүүлэхийг бас дурдья.
- Концессийн “барих-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, барилга байгууламжын жагсаалтыг нягтлан үзэж, 100 хувийн гүйцэтгэл хийгдсэн улсын комисс хүлээж авсан ажлын мөнгийг олгож байх нь зүйд нийцнэ.
- Төрийн өмчийн компаниудын ашигт ажиллагааг сайжруулж, ногдол ашиг, өмч хувьчлалын орлогоос төсөвт төвлөрүүлэх орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гаргаж байна.
- Алт олборлолтын биет хэмжээг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын үүсмэл ордыг ашиглах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар төсвийн орлогыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх
- Монгол Улсын 2017 оны төсвийн төсөлд эрүүл мэндийг дэмжих, соёл урлагийг дэмжих, спортыг дэмжих сангуудад нийт 5 тэрбум төгрөг суулгахыг орлого талдаа санал болгож байна.
Б. Улсын төсвийн зарлага талд нэмэгдэх санал
- Улсын төсвийн зарлагад бүх шатны Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хүүхдийн мөнгө, өндөр настны тэтгэвэр тэтгэмжээс бусад төсвийн зарлагыг 1 хувь хэмнэх
- Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцагчдад төрөөс үзүүлэх дэмжлэгт 11.5 тэрбум төгрөг байгааг 3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх
- Хүүхэд харах үйлчилгээний эрх зүйн орчинг тодорхой болгож, төсөвт 5.8 тэрбум төгрөг шинээр тусгах
- Хорт хавдартай тэмцэхэд шаардлагатай комьпютер томографийн аппаратыг авахад зориулж 1.6 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайдын багцад тусгах
- Орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөний хуваарилалтыг нэмэгдүүлэх боломжыг судлаж 2016 оны ижил түвшинд төлөвлөх гэх мэтчилэн саналуудыг гаргаж олонхийн дэмжлэг авсан болохыг уламжилья.


Та бид өөрийн сонгогдсон тойргийнхоо ард иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэнд байгаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж, анхаарлаа тавих нь зүйн хэрэг ээ. Гэвч нэн тэргүүнд уг асуудлуудыг шийдвэрлэх гол үндэс, улс төр, эдийн засгийн бодлогын мөнгөн илэрхийлэл болсон Улсын төсвөө эрүүлжүүлэх паразит шинжтэй зарлага давамгайлсан, зарлага, зээлийг хэт шүтсэн бүтэцтэй төсвөөс үйлдвэрлэлийг дэмжиж орлого давамгайлсан зөв бүтэцтэй төсөв болгоход санал бодлоо нэгтгэн гол анхаарлаа хандуулж шинэ шинэ гарц олж ажиллахыг Та бүхэндээ уриалж байна.Эрхэм гишүүд ээ, Ард түмэн биднийг хоосон улс төр хий гэж сонгоогүй ээ. Харин биднээс улс оронд үүссэн эдийн засаг, санхүүгийн хямрал, хүндрэлийг хурдан хугацаанд даван туулах бодиттой ажил хийж эхлэхийг хүсэн хүлээж шаардаж байна. Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн бодлогын алдааг засаж чадсанаараа төсөв эрүүлжиж, төсөв, мөнгөний бодлогоор бодит эдийн засгаа дэмжих бололцоо бий болж байгаа нь энэ жилийн төсвийн нэг онцлог болж байна. Тиймээс нүүр тулан ирсэн эдийн засгийн энэ хямрал хүндрэлийг эв нэгдэлтэй, нэг зорилготой, хамтран зүтгэж байж хохирол багатай даван туулах болно. Үүний төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

 

С.Эрдэнэ: МАН нийтийн эрх ашиг гэхээсээ илүү намын, олигархиудынхаа эрх ашгийг дээгүүр тавьж аливаа асуудалд ямар ч судалгаагүйгээр хандаж ирлээ

Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Монгол Ардын нам "Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө" гэсэн уриатай мөрийн хөтөлбөр дэвшүүлж ард түмний итгэлийг авсан Монгол Ардын намын байгуулсан Улсын Их Хурал, Засгийн газар сонгогдсон цагаасаа өнөөдрийг хүртлэх 3 сарын хугацаанд алхам бүр амлалтаа умартсан, хөгжил дэвшлийг чөдөрлөсөн алхамуудыг хийлээ. Засгийн газраас өргөн барьж байгаа 2017 оны төсвийн тухай хууль болон дагалдах бүх хуулиуд мөрийн хөтөлбөртэйгээ зөрчилдсөн, ард түмэнд өгсөн амлалтаасаа буцсан төсөл болжээ.

2012-2016 онуудад эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байсан хэдий ч Ардчилсан нам эрх барьж байсан хугацаандаа нийгмийн халамж цалин, тэтгэмжийг бууруулаагүй, ажлын байрыг цөөлөөгүй, ард түмний амьдралд хамгийн ойр сайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эрх зүйн шинэтгэлийг зоригтой эхлүүлсэнийг Монголын ард түмэн мэдэж байгаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай болон дагалдах хуулийн төслүүдийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг судлан үзэж дараах санал, дүгнэлтийг гаргаж байна. Макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж чадах төсөв, мөнгөний зөв бодлогыг хэрэгжүүлэх нь Монгол улсын эрх ашиг юм. УИХ-ын дарга М.Энхболд 2016 оны УИХ-ын намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсаа хөгжүүлэхэд Ардын намын зам, Ардчилсан намын зам гэж тэс өөр зүйл байх ёсгүй. Харин зөвхөн зөв арга замнал байх ёстой.” “Цөөнхийн үгийг тэвчээртэй сонсож, гаргах шийдвэртээ тэдний санал үндэслэлийг аль болох тусгах нь алдаа гаргахаас сэргийлэх чухал хөшүүрэг мөн” гэсэн. Та бүхэн төсөв, мөнгөний бодлогыг батлахдаа улс үндэснийхээ эрх ашгийг бодож, субьектив бус бодит байдлаа тооцоолж, бидний саналыг сонсож, анхаарна үзнэ гэж найдаж байна.

Засгийн газар Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 5 их наяд 974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагыг 8 их наяд 564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдалыг 2 их наяд 589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувь байхаар тооцсон байна.

Мөнгөний хатуу бодлогын үед төсвийг өндөр алдагдалтай батлах гэж байгаа нь эдийн засгийг ирэх 2 жил зогсонги байдалд оруулах бодит эрсдэл байгааг ойлгох хэрэгтэй. Төсвийн орлогын бүхий л боломжийг дайчилж, тэвчиж болох зардлуудыг танаж чадвал алдагдлыг 6 хувьд оруулж ирэх бодит боломж байна. Алдагдлыг бууруулж байж, Төв банкны бодлогын хүүг 15-аас буулгаж, мөнгөний бодлогыг сулруулах нөхцөл бүрдэнэ. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүү буурч, зээл авах боломж бий болно.

Нийт орлогын 82.1 хувь буюу 4 их наяд 905.6 тэрбум төгрөгийг татварын орлогоор, 17.9 хувь буюу 1 их наяд 069.2 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр, нийт зардлын 81.0 хувь буюу 6 их наяд 940 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 17.4 хувь буюу 1 их наяд 500 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнд зарцуулахаар тусгасныг өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулан дүгнэхэд шинэ Засгийн газар нэгдүгээрт, татварын орлогыг өнгөрсөн оны татварын орлогоос 8.8 хувиар нэмэгдүүлж, төсвийн орлогын 82.1 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад татварын дарамт үүсгэх нөхцлийг бүрдүүлсэн, Хоёрдугаарт, ирэх жилүүдэд иргэдийн амьжиргааны түвшин, дундаж орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн өмнөх Засгийн газрын баримталж байсан бодлого, УИХ-аас баталсан хууль, тогтоомжуудыг хүчингүй болгох, өөрчлөх, хэрэгжих хугацааг хойшлуулах замаар иргэд, өрх гэрийн амьдралд шууд нөлөөлдөг, тэдэнд зориулагдах ёстой зардлуудыг 159.0 тэрбум төгрөгөөр хасч, иргэдийнхээ халаасанд гараа дүрсэн, Гуравдугаарт, иргэдээсээ хармалсан хирнээ урсгал зардал, цалин хөлсөө өмнөх оны түвшингээс 33.1 хувиар буюу 220.0 гаруй тэрбум төгрөгөөр нэмж, бодит хөрөнгө оруулалтыг 856 тэрбум төгрөгөөр хассан нь төрийн албыг цомхон чадварлаг болгох бус орон тоо, тансаглалыг нэмж, сөрөг хүчин байхдаа шаарддаг байсан “дэд сайдгүй байх”, “төрийн албаны томилгоог“ улс төр, намын томилгоог үгүй болгох” мерит зарчмын шаардлагуудаа ор тас мартсан байгааг СӨРӨГ ХҮЧИН та бүхэнд сануулж байна.

Ард иргэддээ шууд хүрдэг орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг 60 гаруй тэрбум төгрөгөөр хасчээ. Энэ мэтчилэн өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн, хэрэгжүүлсэн бодлогуудын ач холбогдол, ирээдүйн сайн үр дагаварыг сайтар тооцоолохгүй, ойлгохыг хүсэхгүйгээр хөнгөн хуумгай хандаж, “төсөв хүрэлцэхгүй байна” гэдэг ганцхан тайлбараар хаалт тавьж, өр, зээл, алдагдлын том тоог абсолют дүнгээр нь илэрхийлж, ард түмнээ айлгах зорилгоор зарлаж байгаа нь туйлын хариуцлагагүй бөгөөд эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр дараа дараачийн авах гадаад, дотоод арга хэмжээнийхээүр дүн, боломжуудыг хаасан болчимгүй үйлдлүүд болж байгааг хатуу анхааруулж байна.

Эдийн засгаа өсгөх нь бодлогын амин чухал хэсэг нь байх ёстой. Ирэх жилүүдэд өсөлттэй байхын тулд түүнд хүргэх суурь алхамуудыг өнөөдрөөс тавьсан байх учиртай. Дотоодын хэрэглээгээ дэмжсэн, жил тутамд буурч байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа нэмэгдүүлэх онцгой хөтөлбөр үгүйлэгдсээр 100 хонож байна. Том төслүүдээ хэзээ эхлүүлэх, өрхийн орлогын бууралтаа хэрхэн зогсоох, ажилгүйдлийн өсөж байгаа хувь хэмжээг яаж бууруулах бодлого 2017 оны төсвийн бодлогод огт тусгагдсангүй. Жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих нэмэлт хөрөнгө оруулалт харагдахгүй байна. Ирээдүйд эдийн засгийн тулгуур түлхэц болох тэргүүлэх чиглэлүүдэд оруулах төсвийн болон бусад эх үүсвэрийн санхүүжилтийг үндсэндээ зогсоосон байна. Эдгээрийг хаанаас, хэрхэн олж, үргэлжүүлэх бодлогын хувилбараа Засгийн газар яаралтай тодорхойлж, нэн даруй шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Бодлогын томоохон, дорвитой арга хэмжээнүүдийг цаг алдалгүй, шийдэмгий авч хэрэгжүүлэхгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах ирээдүй бүрхэг байгаад ард иргэд бухимдаж байна. Иргэд та бүхэнд найдаж, энэ удаа сонголтоо хийсэн. Шийдлээ түргэн гаргаж, эрчимтэй ажиллахыг сөрөг хүчний зүгээс шаардаж байна.

Эрүүл мэнд, боловсролын салбараас бусад төр, засгийн бүхий л байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 2015 оны эцсийн түвшинд царцаах, төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 20 хүртэл хувиар бууруулах, хэрэггүй орон тоог цомхотгох, төсөвт байгууллагуудын конторын барилга барихад зориулж улс, орон нутгийн төсвөөс санхүүжилт хийхийг энэ жилдээ тэвчиж, зогсоох, цаашлаад сургууль, цэцэрлэг, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр, тэднийг дэмжсэн бодлогын шинэ зохицуулалт хийх замаар шийдвэрлэж чадвал төсвийн ачааллыг эрс бууруулах боломж байна.

Орлогыг төлөвлөхдөө зөвхөн өнөөдрийн байгаа байдалд эргэлдэх биш, ирээдүйд экспортын орлогыг нэмэгдүүлэх үр өгөөжтэй салбараа дэмжих замаар алсаа харж төлөвлөх зарчимд шилжих нь зүйтэй байна. Гадаадын зээл тусламжийн санхүүжилтийг ирээдүйн тэргүүлэх чиглэлийн салбарууддаа түлхүү хуваарилах оновчтой зохицуулалтыг хийх шаардлага байна. 2017 онд хүнд үйлдвэрлэл, боловсруулах салбарт 350хан сая төгрөгийн гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр байгаа нь Та бүхний экспортын орлого, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд ярьж байгаа, хийж байгаа үйлдэл ямаршуухан зөрүүтэй байгааг харуулж байна.

Төрийн өмчийн томоохон обьектуудыг хувьчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь зүйтэй. Өнгөрсөн Улсын Их Хурлаар баталсан жагсаалтад орсон аж ахуйн нэгжүүдийг амжилттай хувьчлах талаар довитой арга хэмжээ авахын оронд шинээр “амархан хувьчилж болох банк, биржүүд”-ийг яаран сандран хувьчлахаар оруулж ирж байгааг харахад төсөвт хөрөнгө оруулах нэрийн дор Монгол Ардын нам, түүний эргэн тойрны тойрон хүрээлэгчид халаасаа зузаалах хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байхыг үгүйсгэхгүй, хардлага дагуулж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тогтвортой байдлыг хангасан байх 4 тусгай шаардлагын тогтоосон хязгаарт тулгаж, орлогыг зөвхөн нэг салбараас хамааралтай, тухайлбал уул уурхайн салбарын 4-5 төслийг эхлүүлснээс олно гэж хэт “өөдрөгөөр, бодит байдалд хэрэгжихгүй байх өндөр эрсдэлтэй” орлогоос бүрдүүлэхээр төсөвлөсөн байгаагаас харахад тухайн онд төсөвт төвлөрөхгүй байх эрсдэлтэй орлогыг тусгасан зэрэг нь төсвийн тэнцлийг алдагдуулах нөхцөлд хүргэхээр байна.

Засгийн газрын үнэт цаасны хэмжээг нэмэгдүүлж, ирэх онд 5.4 их наяд төгрөгийн үнэт цаасыг арилжаалахаар төлөвлөсөн нь улсын өрийн хэмжээг нэмэгдүүлж, Монгол Улсын санхүү, эдийн засгийг дунд болон урт хугацаанд эрсдэлд оруулах, ирээдүй хойч үедээ өрийн дарамтыг үлдээх бодит нөхцөлийг бүрдүүлж байна. Засгийн газар дээрх санаархлаа хэрэгжүүлэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээнд өөрчлөлт оруулж байгаа нь өмнөх 4 жилд барьж байсан бодлого, сонгогчдод амласан амлалтаасаа ухарч байгааг харуулж байна.

Монгол Ардын нам сөрөг хүчин байхдаа 2014 онд Засгийн газрын зарим тусгай зориулалтын сангуудыг үр ашиггүй, байх шаардлагагүй гэж шүүмжлэн зарим сангуудыг хуульд өөрчлөлт оруулах замаар хасч байсан хэдий ч эрх мэдлийг авангуутаа өмнөх байрь суурьнаасаа зуун хувь буцаж, эдгээр сангуудыг дахин сэргээж, “ой санамжаа алдаж” манарч байна.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг 2300 төгрөг байна гэж тооцоолсон нь эрүүл ухаанд багтамгүй төсөөлөл болжээ. Өнөөдрийн байдлаар 1 ам. доллар 2405 төгрөг болсон байна. Эрх барих хүчин маань бодит амьдралаас ямаршуухан хол тасарсаныг үүнээс харж болно.

Төгрөгийн худалдан авах чадвар болон иргэдийн орлого урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр унаж, ажилгүйдлийн түвшин 10 хувиас давсан үзүүлэлттэй байхад 2017 оны төсвийг боловсруулахдаа туйлын хариуцлагагүй хандаж, олон хуулиудад өөрчлөлт оруулах замаар иргэдийн тэтгэмж, урамшууллын хэмжээг өмнө авч байсан түвшингээс огцом бууруулсныг эрс эсэргүүцэж байна. Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарах үедээ авдаг байсан 36 сарын цалин хөлстэй тэнцдэг тэтгэмжийг бууруулж 36 хүртэл сарын дундаж цалинтай буюу нэг сарын зөвхөн цэвэр цалинтай тэнцүү байхаар оруулах гэж байгаагаа ард иргэддээ үнэнээр нь хэлж, буруугаар тайлбарлаж, хууран мэхлэх аргаа зогсоох хэрэгтэй гэж сөрөг хүчин үзэж байна.

Зөвхөн Төрийн албаны гэлтгүй Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиудын холбогдох заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулжээ. Боловсруулах гэхээсээ илүү Монгол Ардын нам дээрхи хуулиудыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн засварласан гэж хэлэхэд хэлсдэхгүй. Учир нь Монгол Ардын намын бүлэг одоо нэмж, хасч, өөрчлөх гэж оруулж ирсэн хуулийн заалтуудад 2016 оны 07 дугаар сарын 21, 09 дүгээр сарын 09-ний өдрүүдэд нэмэлт, өөрчлөлт хийж баталсан. Гэтэл өнөөдөр хоёр сар ч бололгүй өөрсдийнхөө хийсэн өөрчлөлтийг дахин засварлахаар оруулж ирж хууль тогтвортой байх зарчмыг алдагдуулж байна. Хууль гэдэг дураа хүрэхээр засч, хасч, нэмж намынхаа эрх ашигт нийцүүлж байдаг баримт бичиг биш гэдгийг хичнээн жил парламентад суусан гишүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ үйлдлээрээ МАН нийтийн эрх ашиг гэхээсээ илүү намын, олигархиудынхаа эрх ашгийг дээгүүр тавьж аливаа асуудалд ямар ч судалгаагүйгээр хандаж байдгийг бодитойгоор харуулж байна.

Хууль тогтвортой байх нь Эрх зүйт төрийн нэг үндсэн шинж. Нийгмийн зүгээс хуульд тавих нэн тэргүүний шаардлага бол хууль тодорхой хийгээд тогтвортой байх. Хууль нь хэдийчинээ тогтвортой байна иргэд төдийчинээ эрх зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх нөхцөл бүрддэг. Харамсалтай нь Монголын парламент хууль тогтоомжийг тогтвортой мөрдөж чадахгүй дураараа өөрчилж байна. Зөвхөн өнгөрсөн 8,9 сард Монгол Ардын нам төсвийн тодотголыг хийхдээ хүүхэд бүрт олгох мөнгийг ялгавартай олгох, оюутанд сар бүр олгож байсан тэтгэмжийн 70200 төгрөгийг хасах, эмч, багш нарт өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгож байсан тэтгэмжийг1-12 хүртэл сар болгон бууруулж, татварыг ямарч үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх санал оруулж ирж УИХ-ын сонгуулиар ард түмэнд амласан амлалтаасаа няцаж иргэд сонгогчдоо хуурч байсныг Монголын ард түмэн мартаагүй байна.

Тэд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн шаардлага, олон түмний эсэргүүцэлтэй тулж төсвийн хуулийг дагаж орж ирсэн хуулиудад дахин засвар хийхдээ хууран мэхлэх башир аргаа хэрэглэж байна. Эмч, багш нарын тэтгэвэрт гарахад нь хуулиар олгож байсан мөнгийг 36сар хүртлэх хугацаагаар олгох эрхийг Засгийн газарт шилжүүлж хуулийг засварлан өргөн барьжээ. Эмч багш нар энэ хуулийн төслийг хараад 36 сарын тэтгэмжээ сэргээх нь гэж баярлаж суугаа байх. Гэвч Улсын Их Хурлаас баталж хуулиар олгож байсан мөнгийг Засгийн газрын мэдэлд шилжүүлнэ гэдэг нь энэ тэтгэмжийг Засгийн газар нэг сараар ч өгч болох зөвшөөрөл олгож байна гэсэн үг. Энэ бол 1-12 хүртэл сараар олгох өмнөх ухарсан заалтаа улам дордуулж цаг наргүй хамгийн хүнд хүчир албыг хамгийн бага цалинтайгаар хийж байгаа боловсрол, эрүүл мэндийн салбарынхныг мэхэлж байгаа хэрэг. Ийм маягаар ард түмнээ хуурч болохгүй гэдгийг бид хатуу сануулж, хэлэлцүүлгийн явцад эрхэм гишүүдийг анхаарлаа хандуулахыг хүсч байна.

Өнгөрсөн парламент олон жил яригдаж байсан “Хамтын тэтгэврийн тухай” хуулийг баталж ирэх оноос мөрдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хуулийн мөн чанар нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний эхнэр эсхүл нөхөр нь ханийнхаа авч байсан тэтгэврийн тодорхой хувийг үргэлжлүүлэн хүртэх боломжийг олгосон хамгийн энэрэнгүй, ахмадуудын сэтгэлд нийцсэн хууль байсан юм.

Үүнийг Монгол Ардын намын өмнөх парламентад хамтран баталсан гишүүд мэдэж байгаа. Харамсалтай нь Монгол Ардын намын бүлэг өнгөрсөн ээлжит бус чуулганаар олонхоороо кноп дарж “Хамтын тэтгэврийн” тухай хуулийг хүчингүй болгосон. Үүний оронд “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийн 6 дугаар зүйлд ахмадуудыг 70, 80, 90 наснаас дээшхи гэж ялгаварлаж 100-300 мянган төгрөгийг жилд хоёр удаа “насны хишиг” хэлбэрээр олгохоор оруулж ирснийг дэндүү бүдүүлэг, Монгол Улсын үндсэн хуулийг уландаа гишгэсэн, ахмад настануудаа насаар нь ялгаварлаж доромжилсон үйлдэл гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.2, 11.1.3.-д Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглож, хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх, төсөв батлах, хүүхдийн эрхийн талаарх хууль тогтоомжид хяналт тавих эрхийг зөвхөн Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамааруулж хуульчилсан байдаг. Засгийн газар Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж, Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг зөрчин хүүхдийг нийгмийн байдлаар нь ялгаварлан хүүхдийн мөнгө олгох тогтоол гаргаж, түүнийгээ нөхөн олгох нэрийдлээр халхавчлан үл биелэгдэх тогтоол гаргах гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Монгол Улсад цэцэрлэгийн хангамж хүрэлцэхгүй байгааг харгалзан Ардчилсан нам “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээнд нийт 5995 хүүхэд 591 төвд хамрагдаж 1206 иргэн хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл аван ажиллаж байна. Эдгээр 5995 хүүхдийн 297 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Асар богино хугацаанд ийм олон төвүүд байгуулагдсан нь энэ хэлбэрийн цэцэрлэгийн хэрэгцээ ямар их байгаа, Монгол улсад цэцэрлэгийн хүрэлцээний асуудал үнэхээр тулгамдсан асуудал болсныг баталж байна.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэх хугацааг хуучнаар нь үлдээх хуулийн төслийг Ардчилсан намын бүлгийн гишүүд санаачилж өргөн барихаар төлөвлөж байна. Та бүхэн Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудыг өөрсдийн хүүхдийн нэгэн адилаар хайрлаж, бидэнтэй хамтран санал нэгдэж шаардагдах хөрөнгийг 2017 оны төсөвт тусгах Ардчилсан намын бүлгийн саналыг дэмжинэ гэдэгт найдаж байна.

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БИ
ЭНЭ ХҮНИЙ КАМПОНИД АЖИЛЛАЖ БАЙСАН ХЭДЭН САЙХАН ХАЛХ ХҮМҮҮС ОСЛООР НАС БАРАХАД ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГҮЙ ТЭР БАЙТУГАЙ УИХ.Д ЗАЛАРЧААД ХАЛХУУДЫГ ЯДАРААХ БОДЛОГООР ЦЭРЭГ ЦАГДААГИЙН ТЭТГЭМЖИНД ХҮРЭХ ГЭЖ
2016/11/07 202.9.42.35
ардууд
чойжилсүрэн гэх тэр тусмаа бага ястан мусалмаан шашинтай хүн монголыг ядараах бодлого явуулахаас өөр ээлтэй зүйл хийнээ гэвэл горьдсоны гарз болох байлгүй хараарай халхчууд минь ээ энэ хүний кампонид
2016/11/07 202.9.42.35
Болд
Хэн нь зев яриад зев юм юу хийсэн бэ,хэн нь буруу яриад буруу юу хийсэн бэ,аль алин ухаанаа учраа олохгуй эдийн засгаа мэдэхээ байсан илжигнууд болжээ,
2016/11/07 59.153.115.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment