8o
Улаанбаатар хот
mobile menu

В.Бадамсүрэн: Миний охин Ханбаатартай амрагийн харилцаагүй, амьдралаар нь тоглочихоод биеэ үнэлэгч мэтээр ярьж байна

2015-12-15 09:20:00

Төв аймгийн Баянчандмань суманд нэгэн жигшүүрт хэрэг өнгөрсөн намар гарсан. Хэргийг эргэн сануулахад тус сумын Засаг даргын тамгын газарт малын эмч хийдэг Б гэх 26 настай бүсгүйг хуралд сууж байх үед нь Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар дуудсан байдаг. Тухайн үед малын гоц халдварт өвчин гарсан гэх нэрийдлээр бүсгүйг хуурч аваачснаар уг харамсалтай хэрэг гарсан байдаг.Уг харамсалтай хэрэг гарснаар хойш гурван сар өнгөрч хохирогч бүсгүй энэ хугацаанд байнга эмнэлэгт хэвтэж байгаа талаар ар гэрийнхэн нь ярьж байсан юм. Түүнчлэн бүсгүйн ар гэрийнхэн өдгөө санхүүгийн хувьд хэцүүхэн байгаа бөгөөд Б.Ханбаатарын ар гэрийнхэн ирж уулзаж санхүүгийн ямар нэгэн тусламж үзүүлэхгүй байгаа  аж. Тиймээс бүсгүйн ээж нь олон нийтээс охиныхоо эмчилгээны зардалд тусламж хүсч байгаа юм. Ингээд бүсгүйн ээж В.Бадамсүрэнтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна. 

-Хэрэг гарснаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Охины тань бие ямар байгаа вэ?

- Өнөөдрийн байдлаар охины минь эрүүл мэндийн байдал дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа. Өмнөх гэмтлийн улмаас хэвлийн хөндийд шингэн хуримтлагдаж үрэвсэл үүссэн, шээс нь задгайрч барьж чадахгүй байдалтай бусдын асрамжинд хагалгаанд орох хугацаагаа хүлээж  байна. Бид чадах ядахаараа эмчилгээ сувилгаанд нь анхаарч байгаа боловч эмчилгээний зардлаа төлж чадаагүйн улмаас эмнэлэгээсээ арга буюу гарсан. Зөвхөн эмчилгээний зардалд 7 сая гаруй төгрөг зарцуулаад байгаа. Бусад нэмэлт зардалаа тооцвол  жирийн малчин өрхөд маш хүнд тусч байна. Бусад жирийн л иргэдийн адил хөрөнгө мөнгөггүй бид бусдаас зээл авч, урд хормойгоо, хойд хормойгоороо нөхсөөр цаашид санхүүгийн хүндхэн байдалд орсон. Ийм байдалд хүргэсэн гэмт этгээдийн ар гэрт хандан туслалцаа үзүүлэхийг удаа дараа хүссэн боловч өнөөдрийг хүртэл арга хэмжээ авалгүй цагийг өнгөрөөсөөр өдийг хүрлээ. Хэцүү хүнд үед бид өөрсдөө л бололцоотой бүхий л аргаар охиноо эмчлүүлэх зардлыг олж, өр тавьсаар өдийг хүрсэн ба цаашид энэ байдлаараа явах боломжгүй боллоо. Хэдийгээр өрх бүр л санхүүгийн энэ хүнд хэцүү байгаа ч олон түмэн та бүхнээс охиныхоо цаашдын эрүүл мэнд, эмчилгээг тасалдуулахгүйн тулд дэмжлэг, туслалцаа гуйхаас өөр аргагүй болоод өнөөдөр хандаж байна. Өнгөрсөн хугацаанд сайн эмч нарын буянд миний охин үхлээс амь мултарч, хөл дээрээ гишгэх, үрээ харах хувьтай байгаад нь баярлаж байгаагаа юуг нь нуух вэ. Та бүхэн бага ч болов санхүү, сэтгэлийн дэм үзүүлэн туслалцаа үзүүлнэ гэдэгт найдаж байна.

- Гэмт хэрэг гарснаас хойш гурван сар шахам хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нэлээд мэдээлэл цацагдсан?

-Өнгөрсөн хугацаанд мэдээллийн хэрэгслэлээр янз бүрийн үнэн худал мэдээллүүд цацагдсаар ирсэн. Өнөөдөр миний бие охиныхоо талаар зарим нэг зүйлийг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Миний охин Ханбаатартай огт амрагийн харилцаа байгаагүй. Тухайн хэрэг гардаг өдөр ямар ч найр болоогүй байсан. Мөн охиныг минь архиар шахсан болов ч уугаагүй эрүүл байсан. Охиныг минь бие эрхтэн, эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралаар нь хохироочихоод зогсохгүй дээр нь 2 хүнтэй зэрэг явдаг биеэ үнэлэгч мэтээр олон нийтэд ойлгуулах гэж оролдож байгаа нь нэр төрийг нь хүртэл үгүй хийх гэсэн үйлдэл. Миний охин  өрх толгойлсон эмэгтэй. 3 настай охины хамт түрээсийн байранд амьдарч төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан  жирийн л албан хаагч. Хэрэв хүйтэн цэвдэг сэтгэлтэй тэдгээр албан тушаалтнууд миний охиныг худлаа дуудаагүй байсан бол  аймшигтай байдлаар эрүүл мэндийг нь хохироогоогүй бол өнөөдөр бусдын л адил төрдөө зүтгээд ажил үүргээ гүйцэтгэж байх байсан. Гэвч Баянчандмань сумын Засаг даргын орлогч Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар дуудан аваачиж, хэрцгий авирлан эрүүл мэндээр нь насан туршид нь хохироосон бузар хэрэг үйлдсэн. Энэхүү хэргийн үнэн мөнийг шүүх, цагдаагийн байгууллага олж, гэмт этгээдэд хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байгаа.

-Хэргийн явцад Г.Ариунболд гэрч болсон байсан гэсэн?


-Тамгын газрын дарга асан Г.Ариунболд нь өнөөг хүртэл ямар ч буруугүй “гэрч” гэх нэр зүүн эрх чөлөөтэй явж байгаад туйлын их гайхаж байгаа. Учир нь тэр л миний охиныг зүгээр ажлаа хийж байхад нь дахин дахин дуудаж гэмт этгээдийн гарт авчирч өгөөгүй бол ийм хэрэг явдал гарах байсан гэж үү? Үүнд маш их гомдолтой байгаа. Ямар нэгэн санаа зорилго өвөрлөн ийнхүү худлаа хэлж  дуудсан нь илт. Түүнчлэн  нэгдүгээр  эмнэлэгт миний охиныг авчирч өгөхдөө “зам дээрээс оллоо, танихгүй ийм нэг хүн хэвтэж байсан” гэж хэлснийг нь бодохоор хэлэх үг ч олдохгүй л сууна. Тиймдээ ч зохих шийтгэлээ амсана гэдэгт итгэж байна.

-Уг хэргийн дараа УИХ-ын эмэгтэй гишүүд та бүхэнд ямар дэмжлэг үзүүлж байгаа  вэ?


-Энэхүү айшигтай хэрэг явдлын дараа УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс эмнэлэгт биечлэн ирж сэтгэл санааны ихээхэн дэмжлэг үзүүлж, охины минь үүрсэн зовлонг бага ч болов нимгэлэхэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарт эмэгтэй хүн, эх хүний хувьд гүн талархлаа үүргээр дамжуулан илэрхийлье. Мөн ГССҮТ-н эмч Гантулга, УНТЭ-н эмч Саранцэцэг болон нийт эмч сувилагч нартаа баярлалаа. Түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартаа хандаж хэлэхэд энэ төрийн удирдах албан тушаалтнуудын ёс суртахуун, гаргаж байгаа хууль бус үйлдэлд цэг тавих цаг нь болсон ба дахин хичнээн аав, ээжийн хүү, охид гэмт халдлага, хүчирхийлэлд өртөж болохыг хэн ч үгүйсгэх аргаггүй ба ийм эрсдэл бодитой байгаад анхаарч өгнө үү. Төрийн жирийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад бусдын гэмт халдлагад өртөн эрүүл мэндээрээ хохирч байхад түүний гэр бүлийн гишүүдээс өөр хэнд ч хамаагүй мэт хохироод үлддэг жишиг бий болох вий хэмээн эмзэглэж байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Бидэнд тохиолдсон ийм гашуун зүйл дахин хэний ч гэр бүлд бүү тохиогоосой гэж би хүсэж байна.  Миний охин эргээд ажиллаж хөдөлмөрлөх чадвартай болохоороо бусдын л адил эх орондоо хийж бүтээх, гэр бүлээ тэжээх, төрийн албандаа зүтгэх, тэр сайхан мөч ирээсэй гэж туйлын их хүсэж байгааг олон түмэн минь ойлгон хүлээн авах байх. Та бүхнээсээ дахин хүсэхэд хүний тус багаддаггүй гэдэг шиг бага ч болов санхүүгийн дэмжлэгэ үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

  
Хандивийн данс хаан банк: 5030496142
                          Төрийн банк: 311000089875

Б.Дорж
 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл