8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Лүндэндорж: Зарим шүүгчийн цалин Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийн цалингаас 2, 3 дахин их болсон

2015-12-15 09:01:00

Шүүхийн тухай багц хуулиуд 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ үеэс шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлж эхэлсэн гэж үзвэл ердөө л 2,7 жил болж байна.  Энэ хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаар  Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.

-Шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2,7 жилийн хугацаанд ямар ажил хийж хэрэгжүүлж ахиц, дэвшил гарсан вэ?

-Энэ оны ажлаа дүгнээд гурвыг зүйлийг онцлон хэлж болно.  Шүүх дотор хөдөлмөрийн хуваарь бий боллоо. Өмнө нь бол шүүгч хүн өглөө нь эрүүгийн хэрэг шийдээд үдээс хойш иргэний хэрэг шийдэж байсан. Энэ бол шүүх дотор хөдөлмөрийн хуваарь тогтоогүй байсны шинж.  Шүүгч тодорхой хэрэг маргааны төрлөөр дангаж мэргэшээгүй байсан. Үүний хор нөлөө нь  шүүхийн шийдвэрийн чанарт, шүүхээс үйлчилгээ авч байгаа иргэдийн сэтгэл ханамжид сөрөг талтай байсан гэж үздэг. 2015 онд “Шүүх байгуулах” тухай хуулиар монголын шүүхийг анхан шатнаас нь авахуулаад дагнаж мэргэшүүлсэн явдал бол шүдний эмч хэзээ ч хүний нүдийг эмчилддэггүйтэй адил шүүн таслах төрлөөр мэргэшиж хэрэг маргааны дагнан шийдэж байгаа нь шүүхээр хэрэг маргааны шийдвэрлүүлж байгаа хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалахад урьд өмнө нь байгаагүй том өөрчлөлт гэж харж байгаа. Үүнийг бид нар онцлох гол ажил гэж үзэж байна.

- Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүгчдийн цалинг нэлээд өндөр болгосон нь гол ажил болсон байх. Зарим шүүгчийн цалин нэлээд өндөр болсон гэсэн?

-Шүүгчдийн цалинг нэлээд их маргаан мэтгэлцээний дараагаар УИХ-аар шүүгчдийн цалинг төрийн тэргүүнээс их ЗГ-ын гишүүний цалингаас илүү болгосон.  Зарим шүүгч нарынх нь бол 2, 3 дахин илүү байна. Шүүгчдийн цалинг өндөр тогтоолгосон нь энэ оны онцлох нэг ажил болж байна.

- Шүүгчийн цалин өндөр болохоор шүүхийн бие даасан хараат бус байдал бий болно гэж үзсэн үү. Өөр ямар ач холбогдолтой вэ?

-Бага цалинтай шүүгчтэй шүүхийн бие даасан хараат бус байдлын талаар ярих нь утгагүй юм. Өндөр албан тушаалтай шүүгч бусад хүмүүсээс хараат бус ажиллах нөхцөл бүрддэг. Нөгөө талаас нь шүүгчийн цалинг УИХ-аар хэлэлцэж ийм өндөр тогтоосон явдал нь сайн хуульчдыг шүүх рүү татах үүд хаалгыг нээж өгсөн. Өмнө шүүгчийн цалин 700, 800 мянган төгрөг байхад сайн өмгөөлөгч нар шүүх рүү ирдэггүй байсан. Яаж ирэхэв дээ, сарын 4, 5 сая төгрөгийн орлоготой хүмүүс чинь. Тийм учраас шүүгч хэн болдог вэ гэхээр шүүгчийн нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар ч юм уу ажиллаж байсан хүмүүс болдог. Маш бага цалинтай болохоор хүн сонирхдоггүй. Ингээд ирэхээр шүүгчдийн чанар муудсан. Сайн хуульч өрсөлдөх бололцоогүй байсан. Одоо бол хуульчдын өрсөлдөөн бий болсон. УИХ-ын индэр дээрээс УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Шүүгч нарын цалинг өндөр болгосноос хойш прокурорууд хошуураад байна. Прокурор чинь кадргүй  болчихвол яах вэ гэж хэлсэн. Энэ чинь зөв үзэгдэл байхгүй юу. Сайн прокурорууд, өмгөөлөгч нар шүүх рүү орж ирэх юм бол шүүгч нарын чанар сайжирч шүүх гэдэг арми хүчирхэг болно. Мөн үүнэс гадна шүүгч нарын цалинг өндөр болгосон нь шүүгч нарын хариуцлагыг өндөр болгох механизм. Чамайг хариуцлагтай болгоё гэж хажууд чинь цагдаа зогсоогоод харин чи хариуцлагагүй байя гэдэг бодол толгой дотор чинь байвал цагдаагийн нүдийг хариулж байгаад хариуцлагагүй үйлдэлээ хийж амждаг л байхгүй юу. Цалинг нь нэмээд өгөхөөр шүүгч хариуцлагатай, албан тушаал нь үнэтэй болж ирнэ. Тийм учраас цалинг нь нэмсэн нь шүүхийн шинэтгэлийн хийсэн гол ажлуудын нэг юм.

-Иргэд голчлон шүүхэд итгэдэггүй гэсэн хариулт хэлдэг. Тэгвэл одоо манай иргэдийн шүүхэд итгэх итгэлийг судалсан судалгаа байдаг уу?

-Нийгэмд хоёрхон эмзэг байгууллаг байдаг. Нэг нь банк нөгөө нь шүүх.-Нийгэмд хоёрхон эмзэг байгууллаг байдаг. Нэг нь банк нөгөө нь шүүх. Энэ хоёр байгууллага ерөөсөө олон нийтийн итгэл дээр тогтож байдаг. Нэг цуурхал тараавал банкыг амархан дампууруулж байна. Шүүхэд итгэхгүй байвал ямар ч шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан ч гэсэн. Хүмүүс тэр шийдвэрт  итгэхгүй. Олон нийтийн итгэл болд шүүхийн шинэтгэлийн номер 1 зорилго. Олон нийтийн итгэлийг дээшлүүлэхийн тулд энэ шүүхийн шинэтгэлийн хийж байгаа гэхэд болно. 2001 оноос хойш гадаад,  дотоодын байгууллагуудын   манай иргэдийн шүүх итгэх итгэлийг судалсан үр дүн байна. Өмнөх судалгаанаас иргэдийн 30 хувь нь шүүхэд итгэдэг. Үлдсэн 70 хувь итгэдэггүй гэсэн судалгаа гарсан байсан. Харин сая 2015 онд “Хөгжлийн эрэлд” гэсэн хөндлөнгийн судалгааны байгууллагаар судалгаа хийлгээд үзэхэд шүүхээр үйлчилгээ авсан иргэдийн 81 хувь итгэж байна гэсэн хариултыг өгсөн байна. Энэ бол маш сайн үр дүн. Шүүхээр үйлчилгээ авч байгаагүй хүмүүс, шүүх гэдгийг мэддэггүй иргэд сургаар 60.6 хувь нь шүүхэд итгэж байна гэж үзэж байна.

-Тав дугаар сард болох сонгон шалгаруулалтын талаар яриач. ШЕЗ-ийн таван гишүүний нэр хэзээ тодрох вэ

-Тэгэхээр ШЕЗ гэж байгууллага юу хийх ёстой юм бэ гэдгийг шүүхийн захиргааны тухай хуулиар тодорхой заагаад өгсөн. Шүүн таслах үйл ажиллагаанд оролцохгүйгээр шүүхийн эдийн Засаг, дэд бүтэц, сургалт, мэдээлэл гээд бүх асуудлыг хариуцаж шийдвэрлэнэ гээд заасан байгаа. Энэ чиг үүргийг ШЕЗ хэрэгжүүлдэг. ШЕЗ-ийн хуучин бүрэлдэхүүний хувьд орон тооны гишүүд, сайд дарга нар ирж, хуралдчихаад тараад явчихдаг байсан. Байнгын орон тоотой болгосноороо энэ таван гишүүн  Шүүхийн захиргааны хуульд заасан тодорхой чиглэлүүдийг өөрсдөө өдөр тутам хариуцаад явдаг. Чиглэлээр өөр, өөр гишүүд хариуцаад явдаг.

-ШЕЗ-ийн гишүүн улиран сонгогдож болох уу?

-Нэг удаа улиран сонгогдож болно. Бидний бүрэн эрхийн хугацаа таван сард дуусна. Түүний дараагаар энэ ажлыг зохион байгуулна. Хувь хүмүүс нэрээ дэвшүүлээд л явчихдаг. Тэр журмаараа л явна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл