8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН: Концесс, векселийн өр төлбөрийн асуудлыг энэ сардаа багтаан шийднэ

2016-11-07 15:45:00

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг судлах ажлын хэсгийн дүгнэлтийг сонссон байна. Мөн Төрөөс мөнгөний талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэхтэй холбогдуулан ажлын хэсгийн мэдээллийг сонссоноос гадна ханиад томууны улирал эхэлж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсчээ. Түүнчлэн өмнө нь өгсөн концесс, вексельтэй холбоотой асуудал ямар шатандаа байгаа талаарх мэдээллийг авчээ.

Бүлгээр хэлэлцсэн мэдээллийн талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр нар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд тус бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ханиад томууны улирал эхэлж дүүргийн эмнэлгүүд дор бүрнээ арга хэмжээ авч эхэлсэн байна. Харин Салбарын яамнаас энэ талаар цаашид авах арга хэмжээгээ эрчимжүүлээд явна гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өгсөн. Харин 600 орчим тэрбум төгрөгийн векселийг бичсэнээс гадна концессоор 1.6 орчим их наяд төгрөгийг аж, ахуй нэгжүүдэд өгсөн байна. Ингэхдээ тус хөрөнгүүдийг хуулийн дагуу олгосон уу, хариуцлага ногдуулах асуудал бий юу гэдэг асуултыг бүлгийн гишүүдийн зүгээс Засгийн газарт хандаж тавьсан. Засгийн газрын зүгээс уг асуудлаар ажлын хэсэг гаргасан байна. Засгийн газраас гарсан энэхүү ажлын хэсгийг үйл ажиллагаагаа хурдлуулах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзэн тус шаардлагыг тавьсан. Ингээд арваннэгдүгээр сардаа багтааж вексель, концесстой холбоотой асуудлыг нэг мөр шалгаж дуусаад дүгнэлтээ УИХ-д танилцуул гэдэг үүрэг чиглэлийг өглөө” гэв.

Мөн эдийн засгийн хүндрэлтэй холбоотой асуудлыг бүлгээр ярилцсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Уг хуулийг макро эдийн засгийг бодлогын хүү, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, бүс нутаг байгаль орчны бодлого, хүний хөгжлийг дэмжих нийгмийн салбарын бодлогыг нь хангах, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого батлан хамгаалах салбарын бодлогыг хангах гэсэн таван зүйл дээр тулгуурлан хийгдсэн. Ер нь уул, уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлэх нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийг гурван хувьд хүргэнэ гэсэн зорилттой байгаа. Мөн ажилгүйдлийн түвшнийг 11 хувиас буулгаж 9 хувьд хүргэх зорилт тавьсан. Инфляциийн түвшнийг 6.5 хувиас хэтрүүлэхгүй байх, гадаад валютын албан нөөцийг таван сарын импортын хэмжээнд хүргэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах гэсэн зорилтуудыг тусгасан байгаа. Ингээд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх хуулийн төслийг хэлэлцээд дэмжээд явах нь зүйтэй гэдэгт санал” нэгдсэн.

Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Төв банкны зүгээс Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2017 оны үндсэн чиглэлийг хугацаанд нь барьсан байгаа. Төв банкнаас эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гэмтэл багатайгаар даван туулах улмаар эдийн засгийн өсөлтийн суурь барометрүүдийг бий болгох зорилттыг тавьж байгаа. Ер нь эдийн засгийн хүндрэлээс гарахад дан ганц мөнгөний бодлогын орчинд өөрчлөлт хийгээд нэмэргүй. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого хүчин мөхөсдөнө. Тийм учраас 2017, 2018, 2019 оны дунд хугацаанд Төв банкны бодлогыг төсвийн бодлоготой маш сайн уялдуулж байж бид хямралаас  хохирол багатайгаар гарна.  Энэ жилийн төсвийг 18 хувийн алдагдалтайгаар баталсан. Одоо хэлэлцэж буй 2017 оны төсөвт энэ тоог 9 орчим хувьд байлгах цаашлаад шат дараатай буулгах зорилт тавьж байгаа. Төв банкны зүгээс энэ дүгнэлттэй санал нийлж байгаа. Монгол банкны бодлогын хүү одоогоор 15 хувь байгаа. Энэ бол нилээд хатуу бодлогын шинж юм. Гэхдээ Төв банкны мөнгөний бодлогын талаарх баримтлах эцсийн зорилго ингэж хатууруулах биш аль болох зөөлрүүлж бодит эдийн засгаа дэмжиж өсөлтийг бий болгохыг зорьж байгаа. Цаашид хүндрэлтэй нөхцөл байдал руу очихгүйн тулд мөнгөний бодлогын зөөлрүүлэх арга замыг хайж ажиллана. Санхүүгийн тогтвортой байдлын хувьд 95-96 хувь нь банкнаас хамааралтай байдаг. Тийм учраас банкны санхүүгийн сектор тогтвортой ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар манай банкууд харьцангуй тогтвортой байгаа. Зээлийн хүүг бууруулахыг мөн зорьж байгаа. Дан ганц банкны системээс хамааралтай эдийн засагтай учраас хүү өндөр байдаг. Тиймээс зээлийг хүүг бууруулах ажлын Төв банкнаас хийх ёстой. МАН-ын бүлгээс санхүүгийн зах зээлийн банкны төвлөрлөөс хамаарсан эрсдлийг бууруулж банкнаас бусад хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг түлхүү хөгжүүлэх заалтыг хуулинд тусгах гэж байгаа. Мөн харилцагч нийт оролцогчдод өртөг багатай санхүүгийн зээлийг нийлүүлэх зорилготойгоор гадны олон улсын нэр хүнд бүхий банк түүний салбар нэгжүүдийг нээн ажиллуулах утга бүхий заалтыг хуулийн төсөлд оруулж байгаа ”гэлээ.

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цэвэлмаа
Дарханы 3 - таа ажлын өндөр амжилт эрүүл энхийг хүсье.
2016/11/07 202.179.31.35
  • Recent
  • Most Read
  • Most Comment