Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Очмаатай тус дүүрэг үйл ажиллагаа явуулдаг арьс, гоо заслын эмнэлэг, салонуудад хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар ярилцлаа.
-Арьс, гоо заслын эмнэлэг, салонуудад төлөвлөгөөт бус, хамтарсан хяналт шалгалтыг хэзээ хийсэн вэ. Ямар чиг үүргийн дагуу шалгалтыг хийж гүйцэтгэв ?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс, гоо заслын эмнэлэг, гоёлын гоо сайхны салонуудад төлөвлөгөөт бус, хамтарсан хяналт шалгалт хийсэн. Шалгалтыг өнгөрсөн есдүгээр сарын 05-наас аравдугаар сарын 20-ны хооронд хийж гүйцэтгэлээ. Эмчилгээний чанарын хяналт, Эрүүл ахуй, халдвар хамгаалал, Эм бэлдмэл гэсэн гурван чиглэлээр шалгалт явуулсан. Шалгалтад тус дүүрэгт эмчилгээ, арьс гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон эмнэлэг, 17 гоо сайхны салон хамрагдсан.
Чих цоолох, шивээс хийх, лазер, батганы эмчилгээ, арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдуулах ямар нэгэн ажилбар хийхийг хуулиар хориглосон байдаг.
-Шалгалтаар хэчнээн зөрчил илэрсэн вэ?
-Шалгалтаар их эрсдэлтэй байгууллага дөрөв, дунд эрсдэлтэй хоёр, бага эрсдэлтэй нэг байгууллага тус тус илэрсэн. Эдгээр байгууллагуудад зургаан байгууллагын 53 заалт бүхий хамтарсан албан шаардлага хүргүүлж, 960 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Шалгалтаар эмчилгээний гоо заслын газрууд нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, эмнэлгийн мэргэжилтнүүдийн лицензний хугацаа дууссан, эрүүл мэндийн байгууллагын анхан шатны бүртгэлийн маягтаар хангагдаагүй, эмчилгээний хяналтын карт хөтөлдөггүй, эмчилгээний гоо заслын ажилбар хийх өрөөг халдвар хамгааллын дэглэмийн дагуу засч тохижуулаагүй, гар угаах нөхцөл бүрдээгүй, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, устгах зааврыг баримталдаггүй, нэг удаагийн зориулалттай ариун чанар алдагдсан, хэрэглэсэн байж болзошгүй зүү тариурыг дахин ашиглах зорилгоор их хэмжээгээр нөөцөлсөн зэрэг эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн нийтлэг зөрчил илэрсэн. Мөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй чанарын баталгаажилтгүй, яаралтай тусламж үзүүлэхэд шаардагдах эм, багаж хэрэгслийн жагсаалтгүй, бэлэн байдлыг хангаагүй зэрэг зөрчил дутагдал нэлээд илэрсэн.
-Эрсдэлийг хэрхэн тогтоодог вэ. Эрсдэлийнхээ ангиллалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-МХЕГ-аас батлагдсан хяналтын хуудсын дагуу шалгалт эрсдэлийг тогтоодог. Хяналтын хуудас нь гурван чиглэлээр 95 асуултын дундаж оноогоор их эрсдэл, дунд эрсдэл, бага эрсдэлийг тусгай аргачлалаар бодож гаргадаг. Зөрчлийнхөө ач холбогдлоор нь зарим асуулт нь өндөр оноотой байдаг. Зарим нь бага оноотой байх жишээтэй. Жишээлбэл, Тухайн эмнэлэг, төвд хандсан асуудлаар давтан санал, гомдол гаргаж хууль хяналтын байгууллага болон, төрийн захиргааны байгууллагад хандаад нотлогдсон тохиолдолд 30 оноотой байна. Гэтэл Аливаа мэс засал, мэс ажилбарын үед зөвшөөрөл авдаг гэдэг хэсэг дээр 5 оноотой байх жишээтэй. Хамгийн өндөр оноотой хяналтын хуудсуудыг ач холбогдолтой өндөртэй гэж ангилдаг. Шалгалтаар тухайн байгууллага 50 дээш оноотой гарвал их эрсдэлтэй, 30-49 оноотой бол дунд, 29-өөс доош оноо авбал бага эрсдэлтэй байгууллагад орно. Мөн хүний эрүүл мэндэд төдийгүй эдийн засагт хохирол учруулж болохуйц зөрчил байвал нэг гэлтгүй их эрсдэлтэй ангиллалд хамруулж хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажилладаг.
Шалгалтаар эмчилгээний гоо заслын газрууд нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, эмнэлгийн мэргэжилтнүүдийн лицензний хугацаа дууссан, эмчилгээний гоо заслын ажилбар хийх өрөө халдвар хамгааллын дэглэмийн дагуу засч тохижуулаагүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрсэн.
-Гоо заслын эмнэлэг, гоёлын гоо сайхны салонуудад тавигдах стандарт ямар байдаг вэ. Шалгалтын явцад энэ стандартыг байгууллагууд хэр мөрдөж ажиллаж байсан вэ?
-Монгол Улсад эмчилгээний гоо заслын газарт тавигдах стандарт гэж бий. Уг стандарт нь 2006 оных боловч өнөөгийн нөхцөл байдалд шаардлага хангахгүй, хуучирсан стандарт гэж үздэг. Тиймээс бид тус стандартыг шинэчлэх саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх зөвлөлийн хурлын шийдвэр гарсан. Энэ нь хоёр янз байдаг. Гоёлын гоо заслын стандарт, эмчилгээний гоо заслын газрын стандарт гэж ялгадаг. Эрүүл мэндийн байгууллагын хувьд барилга байгууламж, халдвар хамгааллын байгууллагын хувьд эмч ажиллагсдын дунд баримтлах дэглэм, хог хаягдал зэрэг асуудалтай холбоотой эрсдэл гарч байдаг. Нэгдүгээрт барилга байгууламжтай холбоотой эрсдэл гэж бий. Эрүүл ахуй, халдвар хамгаалал талаас нь тохижуулсан газар байгаагүй. Эмчилгээний гоо заслын стандартад дотроо мэс ажилбар хийх өрөө тасалгаанд тавигдах шаардлагад нийцүүлэх гэхээс илүү харагдах байдалд анхаарсан нь шалгалтаар ажиглагдсан. Тухайлбал, метр квадратаас гадна хана, шал, талбай, тааз ямар байхыг хүртэл нарийн тусгаж өгсөн байдаг. Жишээлбэл ажилбар хийх өрөөнд уналттай эсвэл дүүжин тааз хийхийг хориглодог. Аль болох тоос, шороо бага хуримтлуулах, угааж цэвэрлэхэд хялбар гадаргуутай байх зэргийг тусгаж өгсөн байна. Гэтэл зарим гоо заслын газрын ажилбар хийх өрөөндөө хивсэнцэр дэвссэн байх жишээтэй зэрэг наад захын тавигдах шаардлага хангаагүй байгууллага олон байсан.
-Шалгалтад орсон байгууллагаас нэрлэвэл?
-Манай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Гоо сайхны “Хатан хаан” ХХК эмнэлэг, Мидлайн группын “Point” эмнэлэг, “Аnna beauty” эмнэлэг, “U 3”, “Baigal beauty” ХХК-ийн “Baigal spa lazer” клиник, “Чин ачлал” “Топ лазер” зэрэг байгууллагад шалгалтад орсон.
-Хамтарсан хяналтаар илэрсэн зөрчлөө арилгаагүй тохиолдолд байгууллагад ямар арга хэмжээ авах вэ?
Эмчилгээний гоо заслын газар гэдэг нь хүний арьс, салст цоолох, лазер, шивээс зэргийг тусгай зөвшөөрөл авсан эрүүл мэндийн байгууллага эмч, мэргэжилтнүүдийн хийнэ гэж стандартад зааж өгсөн.
-Шалгалтаар илэрсэн зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилгоор хугацаатай үүрэг, даалгавар хүргүүлсний дараагаар тухайн хугацаандаа бид дахин очиж гүйцэтгэлд хяналт шалгалт хийдэг. Уг шалгалтаар өмнө нь гарсан зөрчил арилсан байх ёстой гэсэн шаардлага тавидаг. Арилгаагүй тохиолдолд хууль тогтоомжийн дагуу торгуулийн арга хэмжээ авна. Ноцтой зөрчил илэрсэн тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлдэг.
-Сүүлийн үед охид бүсгүйчүүд тодорхой хэмжээний гоо сайхны эмчилгээ, үйлчилгээ авдаг болсон. Тиймээс охид, бүсгүйчүүдэд хандаж анхаарвал зохих зөвлөгөө мэдээлэл өгнө үү?
-Бид хэдий эмнэлэгт хяналт шалгалт хийж байгаа ч иргэдийн хувьд өөрсдөө энэ чиглэлийн мэдлэг, мэдээлэлтэй баймаар байна. Юу гэхээр гоёлын гоо сайхны газар, эмчилгээний гоо сайхны газар хоёрыг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Энэ талаар Эрүүл ахуйн тухай хуульд тодорхой заасан байдаг. Тухайлбал, Гоёлын гоо заслын газруудад Эрүүл ахуйн тухай хуулиар чих цоолох, шивээс хийх, лазер, батганы эмчилгээ, арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдуулах ямар нэгэн ажилбар хийхийг хориглосон байдаг. Зөвхөн иллэг, массаж, маниюкер, педиюкер зэрэг үйл ажиллагааг явуулна гэж заасан. Харин Эмчилгээний гоо заслын газарт хүний арьс, салст цоолох, лазер, шивээс зэргийг тусгай зөвшөөрөл авсан эрүүл мэндийн байгууллага эмч, мэргэжилтнүүдийн хийнэ гэж стандартад зааж өгсөн. Тиймээс таны үйлчлүүлэх гэж байгаа байгууллага гоёлын гоо заслын газар уу эсвэл эмчилгээний гоо заслын газар уу, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл байгаа зэргийг тодруулж, шалгаж үйлчлүүлээрэй гэж зөвлөмөөр байна.
Д.Нэргүй
-Ярилцсанд баярлалаа.