8o
Улаанбаатар хот
mobile menu

Кёкүшюзан Д.Батбаяр: Оффшорыг гадаад дахь данс л юм байх даа гэж ойлгож байсан

2016-11-08 13:05:00

Өнгөрсөн тавдугаар сард олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос 21 татваргүй бүсэд байрлах 200 000 гаруй нууц компанийн  мэдээллийг ил болгосны дотор давхардсан тоогоор Монгол улсын 100 гаруй иргэн нэр холбогдоод байсан. Панамын баримтуудаас нэр нь ил болсон эрхмүүдийн дунд УИХ-ын гишүүнээс эхлээд өмнө нь улс төрд өндөр алба хашиж байсан олон хүний нэр холбогдож нууц хөрөнгө нь ил болсон. Тэдгээрийн дунд УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр байсан. Тухайн үед тэрбээр “Надад оффшор данс байгаа. Гэхдээ 25 жилийн өмнө Японд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс байгаа юм. Тэнд амьдарч байсан учраас 4, 5 данс нээлгэсэн байсан. Харамсалтай нь хаалгаагүй. Одоо бол мөнгө байхгүй. Харин гадуур яригдаад байгаа шиг оффшор данс байхгүй. Очиж үзээ ч үгүй. Татвараас зайлсхийсэн зүйл байхгүй" гэсэн тайлбарыг хэлж байсан билээ. 
Тухайн үед Д.Батбаярыг оффшор данстай хэмээн Монголын хэвлэлүүдээс гадна Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байсан учраас тэрбээр АТГ-т хандан уг асуудлыг шалгуулах хүсэлт гаргаж байсан. Харин АТГ-аас түүний гомдлын дагуу шалгаж оффшор данстай үгүйг нь илрүүлэх боломжгүй гэж үзэж байсан юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Батбаяр оффшор данстай холбогдсон асуудлаараа дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намайг оффшор данстай гэсэн мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард гарч байсан. Тэгвэл оффшор данстай гэгдээд байгаа Д.Батбаяр гэсэн хүн нь би  биш Орхон аймгийн МАН-ын дарга хүн юм байна. Энэ Даваагийн Батбаяр гэдэг хүн нь Санхүүгийн зохицуулах хорооны дэд Х.Бум-Эрдэнэтэй хамтран оффшорт компани эзэмшдэг болох нь панамын баримтуудаас тодорхой болсныг Монгол HD телевизийнхэн өнгөрсөн амралтын өдөр олон нийтэд мэдэгдсэн. Үүнийг албан ёсоор мэдэгдэх гэсэн юм.Би оффшор дансгүй. Даваагийн Батбаяр гэдэг хүн нь өөр хүн юм байна шүү” гэлээ. 

Тэрбээр мөн намайг оффшор данстай гэж мэдээлсний улмаас миний улс төрийн нэр хүнд унаж бизнест тодорхой хэмжээний хохирол учирсан. Японоос оруулж ирэхээр төлөвлөж байсан их хэмжээний хөрөнгө оруулалтын ажил хүртэл зогсож байсан гэв. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

- Өмнө та мэдээлэл хийхдээ “Би оффшор данстай” гэж хэлж байсан шүү дээ. Гэтэл одоо тэс өөр зүйлийг хэлж байна. Ямар учиртай юм бэ? 
- Оффшор гэж нэр томъёо тухайн үед олны дунд яригдаж улс төрчид болоод сэтгүүлчид хүртэл үүний учрыг олохоор хичээж байсан. Би ч учрыг нь сайн ойлгоогүй. Гадаад дахь данс л юм байх гэсэн ойлголттой байсан. Тэр утгаараа би гадаадад данстай гэдгээ нуулгүй хэлж байсан. Барилдаж байх үедээ цалингаа авдаг байсан данс байсан. Харин одоо тэр нь хаагдсан гэдгээ хэлж байсан. 
- УИХ-аар улс төрчид оффшор данстай байхыг хориглосон хуулийн төслийг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Та үүн дээр ямар байр, суурьтай байгаа вэ? 
- Би оффшор данстай холбоотой мэдээллийг та нараас илүү судалсан. Өөрөө энэ асуудалд унасан хүний хувьд. Шүүх, цагдаа, АТГ-аас хүртэл намайг шалгасан. Ардчилсан намаас оффшортой нэр холбогдсон улс төрчдөө нэр дэвшүүлэхгүй гэсэн асуудал яригдаж байсан. Тэгэхэд нь би өөрөө нэр дэвших эрхээсээ нэрээ татсан. Төрийн албан хаагчид оффшорт данстай байж боломгүй юм. Харин гадны хөрөнгө оруулалтаар хамтарсан бизнес хийж байгаа хүмүүс хуулийн дагуу боломжоороо оффшор данс нээх боломжтой байдаг юм байна лээ. 
- Оффшор дансгүй юм бол яах гэж нэр дэвших эрхээсээ татгалзсан юм? 
Би нэгэнт л ийм асуудалд нэр холбогдсон учраас бүх зүйл тодорхой болтол ёс зүйгээрээ нэрээ татсан. Нэр нэгтэй байсан нь нэг хүнд маш олон асуудал дагууллаа. 

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
тэнэг
Энэ чстой тэнэгээ
2016/11/08 103.9.90.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment