8o
Улаанбаатар хот
mobile menu

Кёкүшюзан Д.Батбаяр: Н.Алтанхуяг намын дарга болоосой

2016-11-08 15:54:00

УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяраас АН-н дотоод уур амьсгал болоод Казиногийн хуультай холбоотой асуудлаар байр, суурийг нь сонслоо. Дашрамд дурдахад, Д.Батбаяр нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа Казиногийн хуулийг санаачилж байсан юм.

Казино байгуулах хамгийн тохиромжтой орон бол Монгол


- Хэдийгээр та УИХ-ын гишүүн биш ч АН-ын гишүүн хэвээр байгаа. Тэр үүднээсээ намынхаа үйл ажиллагаанд хэр оролцож байгаа вэ?
- Би Сонгино хайрхан дүүргийн АН-д харъяалагддаг. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. Гүйцэтгэх зөвлөлд хоёр жил ажилласан. Өнгөрсөн сонгуулиар нэр дэвшихээс татгалзаж нэрээ татсан болохоос биш намтайгаа холбоотой ажиллаж байгаа.
- АН-ын удирдлагуудыг эрх мэдлээ булаацалдсанаас үүдэн таарамж муутай байгаа гэх мэдээлэл бий. Хурлаа ч хийж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
- Намын дарга ч тэр Ерөнхийлөгчид нэр дэвших хүн ч манай намд байгаа. Үүнийгээ хоорондоо ярилцаж, ойлголцож зөв хүнээ сонгох шаардлагатай. АН байгуулагдсанаас хойш гишүүд нь өөр, өөрсдийн байр, сууринаас асуудалд хандаж ирсэн. Энэ задрал мэт харагддаг байх.
- АН-ын энэ удаагийн УИХ-ын сонгуульд ялагдсан шалтгааныг та юу гэж харж байгаа вэ?
- Нам ялагдсанд хэн нэгэн хүнийг буруутгахгүй. Намын бодлого буруу байсан. УИХ-д сууж байсан бид нарын алдаа үүнд бий. Ялагдлаа хүлээн зөвшөөрөх ёстой. Харин энэ алдаагаа давтахгүйгээр засч болно. Дараагийн сонгуульд олонх болох хэрэгтэй.
- Танай нам удахгүй ҮЗХ болон Их хурлаа хийнэ. Намын даргаар хэнийг сонгогдоосой гэж хүсч байна?
- УИХ-ын гишүүд дотроос сонгогдох боломжтой олон хүн байна. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байна. Энэ сарын 16-ны өдөр хуралдах ҮЗХ-ны хурал дээр маш олон саналууд орж ирэх байх. Намын даргаар сонгогдох магадлалтай олон хүний нэр яригдах байх. Миний хувьд Н.Алтанхугийг намын даргаар сонгогдвол зүгээр гэж бодож байна. Дотроо олон фракцтай намын хувьд намын даргыг сонгох асуудал их хүндрэлтэй. Хурал зарласаны дараа дотроосоо намын даргаа сонгох байх.
- Засгийн газраас Казиногийн хуулийг санаачлан УИХ-д өргөн барьж магадгүй байна. Та Казиногийн хуулийг санаачилж байсан гишүүний хувьд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
- Анх 1998 онд УИХ-ын хэдэн гишүүн Казиногийн хуулийг санаачлаад асуудалд орж байсан. Дараа нь би АН-аас уг хуулийг санаачлан УИХ-д өргөн барьж байсан. Би намын бүлэг дээрээ уг хуулийнхаа талаар тайлбарлаж байлаа. Би гишүүдтэй уулзаад хэлж байгаа. Эдийн засаг хүндэрсэн энэ үед мөнгө хаанаас олох вэ гээд байж байна. Харин казино байгуулах эрхийг нь өгөхөд л мөнгө ороод ирнэ. Нэг казиног байгуулахад дор хаяж 500 саяас нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай болдог.Хамгийн гол нь казиног Монголын компани байгуулах юм бол хэзээ ч бүтэхгүй, дийлэхгүй, эдийн засгийн чадавх байхгүй. Хонконг, Лас-Вегас, Макао, АНУ гэсэн казинотой бүх газруудаар явж судалгаа хийж байсан. Би ажлын хэсгийг ахалж байсан учраас явж байсан гэсэн үг. Тухайн үед манай улсад казино байгуулах тоног төхөөрөмж болон бусад нөөц бололцоо байхгүй байсан. Гаднаас хөрөнгө оруулалтын урьчилгаа аваад казино байгуулах эрхээ нээгээд өгвөл өнөөдрийн хүнд үед ашигтай. Гадны компанид эрхээ зарахад л бид өрнөөсөө гарах боломжтой. Казино байгуулахад жижиг л хүндрэл байгаа.
- Казино байгуулах хууль эрх зүйн боломж ямар байдаг юм бэ?
- Монгол улсад аялал жуулчлалыг олон улсын стандартад таарсан бүхий л хэлбэрээр хөгжүүлж болно гэж хуулинд заасан байгаа. Энэ нь өөрөө казино байгуулж болно гэсэн үг юм. Гэтэл 1998 оны хуулинд казино байгуулахыг хориглоно гэж заасан байгаа. Хоёр хууль зөрчилдөөд байгаа гэсэн үг. Энэ цоорхойгоо янзлахад казино байгуулах боломжтой. Улаанбаатараас өөр тусгай бүсэд байгуулах зөвшөөрлийг нь өгвөл гаднаас хөрөнгө оруулалтыг нь босгох боломжтой юм.
- Казиног дагалдаад маш олон сөрөг зүйлүүд дэлгэрнэ гэсэн шүүмжлэл байдаг?
- Өнөөдөр Монгол улсад казинотой, казиногүй хар тамхины асуудал дэгдээд байна. Казиног дагаад хар тамхины асуудал нэмэгдэх нь тодорхой. Гэхдээ жижиг асуудлаас илүү том асуудлаа харах хэрэгтэй. Улс орныг эдийн засгийн хүндрэлээс яаж гаргах уу, казино байгуулагдлаа гэхэд яаж ажиллуулах уу, цагдаа хүчний байгууллагуудаа хэрхэн зөв ажиллуулах вэ гэдэг нь их чухал. Япон, Солонгос, Хятад улс сүүлийн үед аралын зөрчилдөөнтэй байгаа. Үүнээс болж хоорондын аялал жуулчлал нь 70-80 хувь хүртлээ буурсан. Зарим улс нь албан ёсоор “Япон руу битгий аялаарай” гэж байна шүү дээ. Япончуудын хувьд Солонгос, Хятад руу явмаар байвч хориглочихсон байгаа. Харин Монголд ирлээ гэхэд эзгүй хээр талд од хардаг. Казино байхгүй. Хэрвээ казинотой болбол Японы 130 сая хүнээс хэд нь Монголд ирэх вэ. Ганц Японоос бус Солонгос, Хятадаад мөн жуулчилд ирнэ. Казино байгуулах хамгийн тохиромжтой орон бол Монгол.

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
"Дэмбэрэл хөөрхий юм үзээгүйм болоод баярлаж л байна лээ" гэдэг шиг Батбаяр юм мэдэхгүй юм болохоор ийм хөгийн юм яриад баярлаж л байг хөөрхий. Яалаа гэж задгайг сонгохов дээ.
2016/11/08 103.212.119.109
  • Recent
  • Most Read
  • Most Comment