8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Чулуунбат: Шатахууны 29 хоногийн нөөцтэй байна

2016-11-09 09:06:00

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбатаас шатахууны нөөцийн талаар цөөн асуултад хариулт авлаа.   

-Өнөөдрийн байдлаар шатахуун, дизель түлшний 29 хоногийн нөөцтэй байна гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?  

-Энэ сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 бензин 48 хоног, Аи-92 автобензин 42 хоног, дизель түлш 23, ТС-1 буюу онгоцны түлш хоёр хоногийн нөөцтэй байна.  Замд яваа юу буюу импортоор орж ирж байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг нэмж тооцвол улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн нөөцтэй болж нэмэгдэнэ. Тодруулбал, А-80 бензин 48 хоног, Аи-92 автобензин 46 хоног, дизель түлш 27, ТС-1 зургаан хоногийн нөөцтэй болж өснө. 

-Шатахууны нөөцийг хэрхэн шинэчилж, нийлүүлдэг вэ?

Одоо байгаа нөөц бага хэдий ч хэвийн үзэгдэл. Түүнээс биш нөөц багассан, ямар нэгэн хомсдол үүсэх хэмжээний ноцтой зүйл биш. Дизель түлш манай хэрэглээний дийлэнх хувийг эзэлдэг. Улирлын чанартай технологийн горимд шилжсэнтэй холбоотой үүссэн нөхцөл байдал.

-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар импортлогч компаниуд Монгол Улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний автобензин, дизель түлш бүрдүүлсэн байх үүрэг хүлээдэг. Өнгөрсөн 2015 оны аравдугаар сарын 19-ний өдрийн Газрын тосны бүтээгдэхүүний компаний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай 412 тоот тогтоол батлагдсан. Үүний дагуу 2016 оны газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх үүрэг бүхий 16 аж ахуйн нэгж нь нэр төрөл, тоо хэмжээ, байршлын тодорхой тусгаад нийтдээ 84720 тонн газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх үүрэгтэй.  Жишээлбэл А-80 бензин 7530, 92 -28200, дизель түлш 48990 тонн байх жишээтэй. Одоо 29 хоногийн нөөцтэй байгаа тохиолдолд  дизель түлш 48990 тоннд хүрэхгүй байгаа. Учир нь улирлын шинж чанартай. Жил бүрийн аравдугаар сард дизель түлш зуны түлшнээс өвлийн түлш рүү шилждэг үе байдаг. Үүнтэй холбогдуулан манай улсад газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Ангаскийн нефт боловсруулах үйлдвэр технологийн шилжилт, гормын тохируулга хийж аравдугаар сарын 20-доос хойш өвлийн дизель түлш үйлдвэрлэх горимд шилждэг. Уг шилжилттэй холбоотойгоор өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр манай захиалга  ачигдаж эхэлсэн. Өмнө нь хадгалагдаж байсан зуны түлшээ өвлийн түлшээр солих үйл ажиллагааг нийлүүлэгч байгууллагууд хийж байна. Үүнтэй холбоотойгоор шатахуун, дизель түлшний нөөц багассан.

-Өмнөх жилүүдэд шатахуун, дизель түлш 40-45 хоногийн нөөцтэй байдаг байсан. Гэтэл энэ жил 29  хоногийн нөөцтэй болсон нь нэлээд багассан юм шиг санагдаж байна. Энэ нь хэвийн үү?

-Өмнө нь 40-45 хоногийн нөөцтэй байсан. Одоо байгаа нөөц бага хэдий ч хэвийн үзэгдэл. Түүнээс биш нөөц багассан, ямар нэгэн хомсдол үүсэх хэмжээний ноцтой зүйл биш. Дизель түлш манай хэрэглээний дийлэнх хувийг эзэлдэг. Улирлын чанартай технологийн горимд шилжсэнтэй холбоотой үүссэн нөхцөл байдал. Жил болгон газрын тосны бүтээгдэхүүний компаний нөөцийг шинэчилж тогтоодог. Энэ нь өнгөрсөн 12 сарын хугацаанд Монгол Улсын хэмжээнд хэрэглэсэн дизель түлш, автобензиний хэрэглээний тоо хэмжээнээс хамаарч шинэчлэл тогтоодог.

-Ирэх оны дизель түлш, автобензиний нөөцийг хэзээ шинэчлэн тогтоох вэ?

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ирэх буюу 2017 онд компаниудыг бүрдүүлэх атобензин, дизель түлшний тоо хэмжээг шинэчлэх асуудал хэлэлцэнэ. Урьдчилсан байдлаар 84720 тонн гэсэн тоо хэмжээг оруулсан. Энэ тоо буураад 81900 тонн болсон. Ингэж буурсан нь 2014 оны газрын тосны хэрэглээний улсын хэмжээнд дундаж нь 2015 оны арван сараас 2016 оны аравдугаар сарын дунджаас их байсан. Үүнээс үзэхэд манай улсын автобензин, дизель түлшний хэрэглээ буурсантай холбоотой. Газрын тосны тухай хууль болон түүний дагалдах хуулийн дагуу Засгийн газрын тогтоолоор аж ахуйн нэгжүүд 30-аас доошгүй хоногийн нөөцийг бүрдүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ хэр биелүүлж байгаа хэрэгжилтэд Ашигт малтмал, газрын тосны газар хяналт тавиад явна. Яагаад 29 хоног болоод буурав, зааж өгсөн 30 хоногтоо яагаад хүрэхгүй байгаа шалтгааны би дээр тайлбарлаж өгсөн.  Улирлын  чанартай нөхцөл байдлаас үүссэн зүйл.

-Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас оруулж ирдэг. Ямар ямар улсаас оруулж ирдэг вэ?

-Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас оруулж ирдэг. Үүний 90 гаруй хувь нь ОХУ-аас авдаг. Энэ 90 гаруй хувийн 60-70 хувийг Ангаскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс оруулж ирдэг. Үлдсэн хувийг ОХУ-ын бусад газрын тос боловсруулах үйлдвэр, Хятад, Солонгос зэрэг улсаас оруулж ирнэ. 

Д.Нэргүй

-Ярилцсанд баярлалаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл