8o
Улаанбаатар хот
mobile menu

Байр суурь: Төрийн өмчийг хувьчлах нь зөв, буруу

2016-11-09 09:11:00

2017 оны Төсвийн төсөлд “Монгол шуудан” ТӨХК-ийг 20 тэрбум төгрөгөөр, “Эрдэнэт-Булган” цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг 30 тэрбумаар хувьчилж, 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсныг УИХ-аар хэлэлцээд дэмжсэн юм. Мөн дээрх хоёр байгууллагаас бусад төрийн өмчит компанийг хувьчлах асудлыг мөн ярьж байгаа. Тэгвэл дээрх төрийн өмчит байгууллагуудыг хувьчлах нь зөв үү, цаг нь мөн үү гэдэг дээр УИХ-ын гишүүдийн байр, суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: “Монгол шуудан” компанийг хувьчлах үнийг бодитой хийгээгүй байна

  • Хувь хүний нөөцтэй холбоотой мэдээллийг заавал төр эзэмшиж байх ёстой. Олон улсын сүүлийн үеийн хандлагыг ажиглавал шуудангаар дамжуулан улсын болоод аж, ахуй нэгж, хувь хүний аюулгүй байдалд халдсан террорист үйл ажиллааг явуулж байна. Янз бүрийн химийн хортой зэвсгийг шуудангаар дамжуулж байна. Тиймээс “Монгол шуудан” компанийн 51 хувь төрд байх ёстой. Үлдсэн хувийг нь хувьчилж болох юм. Тус компанийн 34 хувийг IPO гаргаад 6.1 тэрбумаар борлуулчихсан байгаа. Одоо 6.1 тэрбум төгрөг дансанд нь байгаа. Мөн таван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх марктай. Марк бол төгрөгтэй ижил хэмжээнд бодогддог үнэт зүйл. “Монгол шуудан” компанийг 20 тэрбумаар хувьчилна гэж байна. Өмнө нь 34 хувийг нь 6 тэрбумаар хувьчилж авсан хүмүүс одоо төрийн мэдлийн 34 хувийг нь хувьчилж авбал үнэгүй авсан гэсэн үг биз дээ. Өмнө нь  34 хувийг хувьчилж авсан 60 тэрбум төгрөг нь Голомт банкинд бэлнээрээ байгаа. Одоо тэр хүмүүс 34 хувийг үнэгүй авчихаад дансанд байгаа мөнгөө авна. Би Төсвийн байнгын хорооны хурал дээр зарчмын зөрүүтэй санал гаргаад өөрчилье гэсэн боловч ямар ч боломжгүй болчихлоо. Чуулган дээр асуулт асууж, үг хэлэх ч эрхгүй байна. Ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит аж, ахуй нэгжүүдийн үр өгөөжийг дээшлүүлэх хэрэгтэй. Алдагдалтай ажиллаж байгаагаа ашигтай ажиллуулах хэрэгтэй. Тэгэхийн тулд нэн яаралтай төрийн өмчит байгууллагуудын захиралтай хариуцлагын гэрээг байгуулах ёстой юм. Та өөрийн өмчинд хүн хөлсөлж ажиллуулах юм бол хариуцлагатай ажиллахыг шаардана биз дээ. Тэгэхээр ашигтай ажилла, алдагдалтай ажиллавал алдагдлыг нь өмчөөрөө, албан тушаалаараа хариуц гэж гэдэг гэрээнд гарын үсэг зуруулах ёстой. Энэ ажлыг хийе гэсэн маш олон хүн байгаа. Хамгийн гол нь улсын өмчийг шамшигдуулж, улсын хөрөнгийг үнэгүйдүүлэх зэрэг янз бүрийн зорилготой хүмүүс тэнд очиж ажилладаг учраас өнөөдрийг хүртэл алдагдалтай ажиллаж байгаа. Ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит байгууллагуудын үр ашгийг дээшлүүлэх гэрээг хийх ёстой. Удирдлагууд нь үр ашгийг нь жил тутмынхаа гэрээгээр дүгнэдэг тогтолцоог нэн яаралтай бүрдүүлэх хэрэгтэй болсон байна. Үүнийг бүрдүүлэх маш амархан. Хамгийн гол нь яагаад үүнийг бүрдүүлэхийг хүсэхгүй байна гэдэг нь асуудал болоод байна. Өмнөх Засгийн газрын үед хувьчлалын асуудлууд яригдаж байсан. Тодорхой хувиудыг нь хөрөнгийн зах зээлээр дамжуулж IPO гаргаж хувьчилсан. Тэр нь хийгдээд дуусч байгаа. Тухайлбал, Монгол шуудангийн 34 хувийг хувьчилсан. Хувьчлалын үнэлгээг бодитой хийгээгүй байна. “Монгол шуудан” –г 20 тэрбумаар хувьчилна гэж байгаа. Гэтэл энэ байгууллага чинь 10 тэрбумын борлуулалттай ажиллаж байгаа. Үүний 6 орчим тэрбум төгрөг нь цалин хөлс болон бусад зардалдаа явж байгаа. Төв шуудангийн барилгын 40 хувийг нь эзэмшиж байгаа. 330 суманд барилга, байгууламжтай. 130 автомашинтай. Дансандаа 6.1 тэрбум төгрөгтэй. Энэ бүгдээс харвал үнэлгээг нь зөв хийсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол шууданг хувьчилж төсөвт 20 тэрбум гээд тусгачихсан байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Урьдчилсан тооцоо, судалгаа алга

- УИХ-аар баталсан төрийн өмч хувьчлах жагсаалтууд бий. Засгийн газар ч мөн тодорхой өмч, хөрөнгөө хувьчилж менежментийг нь сайжруулах талаар анхааран ажиллах ёстой гэдэг нь хэн хүн мэдэж байгаа асуудал. Гэхдээ төрийн том үйлдвэрийн газруудын ихэнх нь ашиггүй ажиллаж байгаа. Гэтэл дарга нарынх нь цалин, хангамж их өндөр байгаа нь бодит үнэн. Тэгэхээр төрийн өмчин дээр очсон хүн маш хариуцлагатай ажиллавал үр дүнтэй ажиллаж болдог. Гэтэл сүүлийн хэдэн жил төрийн өмчийг саалийн үнээ шиг болгож ашигладаг байдал бий боллоо. Төрийн өмчийн үйлдвэрийн ТУЗ-ийн дарга, гишүүд нь гэж баахан хүмүүс өндөр цалин авдаг. Тэгээд өөр янз бүрийн ТУЗ-д давхар ажилладаг тохиолдол хүртэл бий. “Монгол шуудан” компани Эрдэнэт, Булганы цахилгаан станцыг хувьчлах асуудлыг Төсвийн байнгын хороон дээр ярьж байгаад л шийдчихлээ. Хувьчилж болно. Өмч хувьчлалыг цаашид явуулахдаа тооцоо судалгааг маш сайн гаргах ёстой. Урьд өмнө нь хувьчилна гэж байгаагүй газруудыг гэнэтхэн хувьчилахаар оруулж ирэхдээ нэг нь 30 тэрбум нөгөөдөх нь 20 тэрбум болж орж ирж байна. Энэ тоог Төрийн өмчийн хороо, бодлого зохицуулалтын газраас оруулж ирсэн. Урьдчилсан судалгаа байхгүй тоо гэнэтхэн орж ирсэн. Өмч хувьчлах асуудлыг урьдчилсан байдлаар Засгийн газраас судалгаа хийж байгаад оруулж ирэх ёстой. Тэгэхгүй бол байнгын хороо санал оруулаад өмчийг хувьчлах нь хэд, хэдэн хуульд өөрчлөлт ороход хүргээд байна. Аливаа байнгын хороон дээр нэг гишүүн санал хэлээд л тэр нь дэмжигдээд л хуульд өөрчлөлт ороод байж  болохгүй. Манай төрийн бодлого тогтвортой, урьдчилж төлөвлөсөн биш байдалтай байгаа нь асуудлыг гэнэтхэн УИХ-д оруулж ирдэг түүгээр нь санал хураадаг болчихсоноос харагдаж байна. Өмч хувьчлалыг бол дэмждэг.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Ашигтай ажиллаж буй компаниудыг одоо хувьчлах нь тохиромжгүй

  • Өмч хувьчлалын асуудлын ерөнхий агуулга нь зөв юм. Алдагдалтай, татаасаар ажилладаг төрийн өмчийн компаниудаас салах цаг нь болсон. Гэхдээ ашигтай ажиллаж байгаа компаниудын хувьд харж үзэх зүйл байгаа. Өөрөөр хэлбэл, төр өмчөө зарах гэж байгаа бол аль болох үнэд хүргэх хэрэгтэй, орлого олох гэж буй учраас. Одоо ашигтай ажилладаг, төсөвт ачаа болдоггүй компаниудыг эдийн засаг дээрдэнгүүт илүү үнэ цэнэд хүргэж зарах нь төрд өөрт нь ашигтай. Тэгэхгүй бол хоморголоод бүгдийг нь багцлаад зарж болохгүй. Яг энэ асуудал тулгараад буй байгууллага бол “Монгол шуудан” компани. Монгол шуудан компанийн 34 хувь бирж дээр гарсан. Одоо ашигтай ажиллаж байгаа. Төрд орлого өгч байгаа компани. Хоёр, гурван жилийн дараа эдийн засаг дээрдэж, зээлжих зэрэглэл дээшилсэн үед хувьчилж болно. Яг энэ компанийн хувьд хувьчлах асуудлыг хойшлуулах ёстой гэж бодож байгаа. Хөрөнгийн биржийн хувьд хувьчлах ёстой. Олон улсын стратегичдэд хувьчлах ёстой гэж боддог. Бид ажиллуулж чадахгүй байна шүү дээ. Бид Хөрөнгийн биржийг 25 жил ажиллуулах хугацаанд хөрөнгийн болоод үнэт цаасны зах зээл огт хөгжсөнгүй. Үнэлгээний хувьд би хэлж мэдэхгүй. Гэхдээ “Монгол шуудан” компанийг 20 тэрбумаар хувьчилна гэдэг нь бага л сонсогдож байна. 330 суманд салбар нэгжтэй. 4-5 тэрбум төгрөгийн марктай компани шүү ээ. Энэ мэтчилэн бодох асуудал бий.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Үйлчилгээний чиглэлийн байгууллагуудыг хувьчлах ёстой шүү дээ

  • Төр бол аж, ахуйн үйл ажиллагаатай байгууллагуудын үйл ажиллагаанд хэтэрхий хутгалдаад байх нь сайн менежмент биш. Харин уул, уурхай ашигт малтмалын чиглэлээр төр хяналт тавьж ажиллах ёстой. Түүнээс үйлчилгээний чиглэлийн байгууллагуудыг хувьчлах ёстой шүү дээ. “Монгол шуудан”-г 20 тэрбумаар дуудаж эхлэх байх. Магадгүй 40-50 хүрч болно шүү дээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Чиглэл
Зөв хуьчилвал зөв буруу хувьчилвал буруу.
2016/11/12 202.9.42.251
Zochin
Uls eh orond uguujtei joohon ashigtai ajillaj bgaa gazriig huvchlah shaardlaga bhgui l bmaar...
2016/11/10 43.242.241.86
Зочин
ӨМЧГҮЙ ТӨР , ШАЛДАН ХҮН ХОЁР ЯГ АДИЛХАН
2016/11/09 103.229.123.21
хувьчлах нь зөв
чимэг-очир
2016/11/09 203.91.118.114
  • Recent
  • Most Read
  • Most Comment