8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхэд харах үйлчилгээг аттестатчилалд хамруулна

2016-11-09 13:37:20

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны тухай, Хүүхэд харах үйлчилгээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын мэдээллийг сонслоо. Хүүхэд харах үйлчилгээг зогсоож түр хойшлуулаад байсан ч 2017 оны төсвийн төсөлд үргэлжлүүлэхээр тусгасан юм. 
 Тус үйлчилгээнд зориулж 5.8 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлж буйгаар улсын хэмжээнд энэ үйлчилгээнд 6353 хүүхэд хамрагджээ. Улсын хэмжээнд 875 хүүхэд харах нэгж байгуулагдсан байна. Энэ онд 10328 хүүхдэд хамрагдана гэж тооцоод у лсын төсөвт 10,6 тэрбум төгрөгийг тусгасан  байна. Гэвч   үйл ажиллагаа 4 сараас эхэлсэн учир 5,5 тэрбум төгрөг төсвийн тодотголоор танагджээ.  Улсын хэмжээнд 2016 оны 4, 5, 9, 10-р сард 2,86 тэрбум төгрөгийг олгосон байна.   Мөн сүүлийн хоёр сард энэ үйлчилгээнд зориулж төсвийн тодотголоор 1.7 тэрбум төгрөг дахин төсөвлөжээ.  Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг аймаг, нийслэлийн дунджаар тооцоход нэг сард 131,8 мянга төгрөг буюу нэг жилд 9 сар үйлчилгээ үзүүлнэ гэвэл 1 хичээлийн жилд 1 хүүхдийн хувьсах зардал 1,186,267 төгрөг болох аж. Цаашид нэмж хамрагдах шаардлагатай нэг хүүхдэд нэг жилийн хувьсах зардалд 1,186,267 төгрөг нэмж төсөвлөх шаардлагатай байна. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ өгсөн 79 хүүхэд харагч нарт зөвшөөрөл олгоход 395 хүүхдийн нэг жилийн хувьсах зардалд 468,575,465 төгрөг нэмж шаардагдана. Мөн Хүүхэд харах үйлчилгээний эрх хүссэн 79 нэгж байгаа аж.
 
Саяхан НХХЯ-наас Хүүхэд харах үйлчилгээнд шалгалт хийсэн байна. Шалгалтаар Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах шаардлага, стандарт зөрчигдсөн зүйл ажиглагджээ.  Хуулиар нэг хүүхэд харагчид оногдох тоо 5 байдаг. Гэтэл энэ тоо илүүдэлтэй байсан байна. Хүүхэд харах нэгжид стандартаар 15 хүүхэд байхаар заасан. Шалгалтын явцад 60 хүртэл хүүхэдтэй нэгж байсан байна.  Хуулиар Хүүхэд харах үйлчилгээнд 2 ба түүнээс дээш ЕБС-д суралцах нас хүртэлх хүүхдийг хамруулна гэж заасан.  Гэтэл 2-оос доош насны хүүхэд ихээр хамрагдсан тал ажиглагджээ. Түүнчлэн хуульд заасны дагуу 7 хоногийн хоолны цэсийг эцэг эхтэй зөвлөлдөх заалт зөрчигдсөн байжээ. Хоол хадгалах, дээж авах, хүүхдийн аяга, халбагын ариун цэвэр зөрчигдсөн гэнэ.  
 
Нэг хүүхдэд асран хамгаалагч буюу аав ээжээс нь  төлөх хоолны зардал сард 70 орчим мянган төгрөг байх салбарын сайдын тушаал байдаг байна. Гэтэл зарим газарт эцэг эхчүүдээс сард 150 мянган төгрөг хүртэл хэмжээний мөнгө авсан байжээ.
 
Хүүхэд харах үйлчилгээний төв гэртэй ойр байгаад эцэг эхчүүд таатай ханддаг байна. Хүүхэд харах үйлчилгээг хэрэгжүүлснээр ажлын байр нэмэгдсэн байна. Цаашдаа Хүүхэд харах үйлчилгээг Х хамруулах, хуулийн орчныг сайжруулах, стандартыг мөрдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна.  Хүүхэд харах үйлчилгээний төвд камер байршуулах, хорооны эмч, цагдаагаар хяналт тавиулах, цэцэрлэгийн стандарт ойртуулах зэрэг санал гаргасан байна.  
 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment