8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Алтанхуяг: Би Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшинэ

2016-11-09 15:28:00

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дөнгөж сая цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсноо албан ёсоор мэдэгдсэн юм.

Түүний хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Миний бие хоёр жилийн өмнө Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгөх үедээ ард түмэндээ сэрэмжлүүлж байсны дагуу улс төрийн үйл явдлууд өрнөж, нам дамнасан хуйвалдааны бүлэглэл сонгуулийн хууль тогтоомжийг өөрчилж өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгож, захиалгын УИХ-ыг бүрдүүлж, хуйвалдааныхаа төрийг бүрдүүлэх ажлыг улам эрчмжүүллээ. Үүний тод жишээ бол сонгогчдын 40 орчим хувийн саналыг алдсан АН УИХ-ын суудалд 10 хүрэхгүй хувийг эзэлж байхад, 40 гаруй хувийн дэмжлэгийг авсан МАН УИХ-ын суудлын 85 хувийг эзэлж байгаа явдал. Ийм үнэмлэхүй эрх мэдэлд хүрсэн хуйвалдааны бүлэглэл ард түмэнд амалснаасаа буцаж, өдгөө төрийн бүхий л салбарт хяналтаа тогтоохоор мэрийж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг дахь өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж, хуйвалдааны аргаар өөрсдийн болгосноор цөөнхийн ноёрхлыг он удаан жилээр хадгалж мөнхөд засаглахаар санаархаж байна. Тэд шударга ёсыг сануулсан хүмүүсийг гутаан доромжилж дайрч давшиж, үнэнийг эрх мэдэл мөнгөөр хаана гэж бардамнаж байна. Иймд би Богд хаантны хэлснийг дахин сануулья. Аливаад цаггүй нь үгүй тусгаарлах цаг нь иржээ гэж 1911 онд Монголын цогт их язгууртан, үндэс язгуураа өмгөөлөн тэмцэгчид жигүүрлэж, эрх чөлөө тусгаар тогтнолоо авч байсан тэр цаг өнөөдөр эргэн ирж байгааг би анхааруулж байна.

Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн нам дамнасан бүлэглэлийн санаархлыг тас цохиж монгол төрөө хуйвалдагчдаас тусгаарлаж, чөлөөлөх цаг нь ирсэн. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэсэн үгэндээ эзэн болж бодит ажил болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ. Яагаад ийм шийдвэр гаргасан гэхээр, улам бүр үнэгүйдэн алдагдаж байгаа Монгол ёс, хуулийн засаглалыг сэргээн тогтоож Монголын нийгэмд нүүрлэсэн худал хуурмаг дарангуйлал түрэмгийлэл улс төрийн явцуу зорилготой бүлэглэлийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай боллоо. Өнөөдөр Авлигатай тэмцэх гэдэг нь улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болон хувирч хуйвалдааны бүлэглэл өөрсдийнхөө олон хууль бус үйлдэл, илэрхий авлигыг шударга зүйл гавьяа мэтээр ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавья. Энэ 26 жилийн турш тэмцэж босгож ирсэн Ардчилал, хүний эрх эрх чөлөөний төлөөх бидний тэмцэл хоосон үг болон үлдэх бодит аюул нүүрлэж хуйвалдааны төр иргэдээ алагчилж, баялаг бүтээгчдээ дээрэмдэж, нийгмийг айдас хүйтсээр залуурдахыг эрмэлзэхдээ хуулийн байгууллагыг ашиглах боллоо. Монголын ардчилал анхны зорилго эрмэлзлэлээ дахин сэргээж, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн чинээлэг дундаж иргэд бүхий нийгмийн төлөөх тасалдсан энэ тэмцлийг залруулах хуйвалдагчдаас эрх, эрх чөлөөгөө хамгаалах бодит хэрэгцээ шаардлага үүслээ.

Монголын минь заяа их. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Хэн нь, хэн бэ гэдгийг ард түмэн тод ялган харж байгаа. Цаг нь иржээ. Монгол орноо нам дамжсан хуйвалдааны бүлэглэлээс чөлөөлөх энэ тэмцлийг өнөөдрөөс өргөн фронтоор цэгцэлье. Барьцаалагдсан, хэн нэгний дохио зангаагаар ажилладаг, өөрийн толгойгүй утсан хүүхэлдэйнүүдээс салах цаг болсон. Би дахин хэлье. Хуйвалдааны бүлэглэлд битгий давар гэж хэлцгээе. Хүнд бэрх цаг үе тулгарахад эх орон, ард түмнийхээ төлөө бүхнийг зориулж чаддаг тийм хүмүүсээс бидний монгол хэзээ ч дутагдаж байгаагүй юм.  Хуйвалдаан хувааж идэх дээр энэ улс,  төрийг бөхөөх гэсэн нам дамнасан бүлэглэлийн хүслийг гүйцэлдүүлж болохгүй. Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улс цаашид ч оршин тогтноно. Бид эрх орныхоо хувь заяаг өөрсдөө мэдэж, өөрсдөө удирдах ёстой. Ард түмний язгуур эрх ашиг бол Монголчууд эв нэгдэл харилцан ойлголцол, эрх чөлөөнд суурилсан үнэт зүйлс, ирээдүйд итгэх итгэл юм. Энэ итгэлийг сэргээж, хамгаалж, бэхжүүлж байж л бидний хойч үе сайн сайхан нийгэмд амьдрах болно. Энэ бол миний ард түмэн хойч үеийнхээ өмнө хүлээх үүрэг зүтгэл юм.Тэмцдэггүй ард түмэн мөхөж, урсдаггүй гол мөрөн ширгэдэг. Монголчуудаа сэрэх нэгдэх, сөрөх тэмцэх, сэргээн тогтоох цаг ирлээ. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл өмөөрөн, хамгаална. Эх болсон эх орон минь дуудаж байна. Эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэнэ. Бидний монгол үүрд мандан бадраг.

Уг нь Ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бодоогүй байсан

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр таны хувь хүний шийдвэр үү, эсвэл намынх уу?

-Энэ шийдвэр бол миний хувь улс төрчийн шийдвэр юм.

- Нам доторх өрсөлдөөнийг хэрхэх гэж байна?

-Тухайн цаг үед нь шийднэ. Монголын нийгмийн байдлыг, манай засгийн газраас хойш явагдаж байгаа үйл ажиллагааг зүгээр сууж тэвчиж чадахгүй. Уг нь Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бодоогүй байсан. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал, дураараа авирлаж буй үйл ажиллагаа, хууль ёсны гажуудал зэргийг хараад сууж чадахгүй учир ийм шийдвэр гаргаж байна.

-АН-д намын даргын өрсөлдөөн ширүүн байна. Та тэр дундаас намын даргаар сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байна гэж үү?

-АН шинэчлэгдэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ АН-ын ардчилалын гол тулгуурыг хэн мулталж нурааж хаясан бэ гэдгийг тунгаах ёстой. Тэр чиглэлээр ч манай нам ажиллаж байх шиг байна. Зөвхөн дүрэм, дарга хоёр шинэчлэгдсэнээр нам шинэчлэгдлээ гэж ойлгож болохгүй. Энэ намыг өөрийн гэсэн үзэл бодолтой, хэн нэгний утсан хүүхэлдэй болдоггүй хүмүүс удирдана гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо АН руу санаархаж шүлсээ үсэргэж буй хүмүүст хэлэхэд, өөрийн гэсэн толгой, үзэл баримтлалтай байх хэрэгтэй болохоос хэн нэгний утсан хүүхэлдэй байж болохгүй. Манай намынхан ч зөвшөөрч дэмжихгүй.

-Эхнэрийн тань нэр дээрх дансанд их хэмжээний мөнгө орсон мэдээлэл цацагдсан. Та юу хэлэх вэ?

-Манай эхнэр хүүхэд, эргэн тойрны хүмүүсийн асуудал бол бодитой бус. Та бүхэн олон жил харж байгаа. Миний биеийг ерөнхий сайд байхад огцруулахыг оролдож эхэлсэн тэр ажиллагаануудын үргэлжлэл явж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн том кампанит ажлуудын нэг өчүүхэн хэсэг нь.Ард түмнхийээ төлөө 200 мянган төгрөгийн үнэтэй нүүрсийг 50 мянган төгрөг болгосон хүн шоронд орж байхад одоо цаашаа юу ч яриад хэрэггүй болно. Тиймээс Монголын нийгмийг ийм болгож байгаа хүмүүсээс салах, хагацах цаг болсон.

-Намаасаа дэвших үү?

-Хуулиараа намаасаа дэвшинэ. Би өнөөдөр Монголын нийгмийн байдлыг Монгол Улсын ерөнхий сайд хийж байсан хүний хувьд манай засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагааг хараад зүгээр сууж чадахгүй байгаа юм. Улс орны нөхцөл байдал, дураараа авирлаж байгаа үйл ажиллагаа, хууль ёсыг гажуудуулдаг, бизнесийг дарамталдаг. Одоо Монголд амар тайван бизнес эрхлэх, амар тайван амьдрах боломж нөхцөлгүй байна. Би энийг хараад сууж чадахгүй учраас ийм шийдвэр гаргасан.

-Засгийн газрын бодлого үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Олон нийт дүгнэнэ биз дээ. Миний харж байгаагаар ямар ч байсан амалснаа хэрэгжүүлээгүй.

-Хуйвалдааны эсрэг хэрхэн ажиллах вэ?

-Би урьд нь ч хэлдэг байсан шүү дээ. Оюутолгой, Тавантолгой, бусад томоохон ордууд, Эрдэнэтийн асуудлууд, миний хэлж байсан асуудлуудын нэгэн жишээ л энэ. УИХ-д байхдаа би боломжийнхоо хэмжээнд үгээ хэлж тэмцдэг байсан. Эд нар бохир аргаар манай Засгийн газрыг унагаасан. Манай засгийн газар унасны гол шалтгаан та бүхэнд хоёр жил болсны дараа илүү тод харагдаж байна. Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд, монгол хүний хувьд Монголдоо ашиггүй, ард түмэнд ашиггүй олон үйлдлийг хийхгүй гэж эсэргүүцсэн. Тэрний шанд манай Засгийн газар огцорсон.

 -Улсын орлого болох томоохон аж ахуй нэгжүүдийг өөрсдөө авах гэж байна гэж та хэллээ. Үүнд Эрдэнэт үйлдвэр багтаж байгаа юу?

-Оюутолгой, Тавантолгой бусад томоохон ордуудын талаар би урьд нь хэлж ярьж байсан. Эрдэнэт бол миний хэлж байсан жишээнүүдийн нэг.

-Хэн нэгний утсан хүүхэлдэй гэж хэнийг хэлж байна вэ?

-Хамгийн дээгүүр байдаг хүмүүс л доодхоо хөдөлгөнө шүү дээ. Доод талаас нь дээшээ хөдлөхгүй.

-Бондын мөнгөтэй холбоотой асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улс 1.5 тэрбум америк долларын бондыг олон улсын зах зээл дээрээс босгосон. Үүгээр юу хийж бүтээснийг олон түмэн харж байгаа. Сонгуульд амалсан амлалтаа биелүүлж ажиллахын оронд өмнөхөө үгүйсгэж, урьд ажиллаж байсан хүмүүсээ шоронд хийх байдлаар энэ улс хөгжихгүй ээ.

  Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ҮНЭН ЯЛНА
ЭЛБЭГДОРЖ ХЭНЧ БИШ АЛУРЧИН АЛТАНХУЯГ ЖИНХЭН ЭР ХҮН
2016/11/12 103.10.22.54
ЦЭЦЭЭ
100/ХУВЬ АЛТАНХУЯГИЙГ ДЭМЖИНЭ
2016/11/12 103.10.22.54
ЗОЧИН
АЛТАНХУЯГ ЗӨВ ШДАРГА ХЭЛСЭН ОДООГИЙН УЛС ТӨР ЯГ ИЙМЭЛ БАЙНА ШУУД ДЭМЖИЖ БАЙНА ҮНЭН ҮГЭНД ЭЛБЭГДОРЖ ӨШӨӨТӨЙ ҮНЭН ҮГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХЭНИЙН ХЭН ГЭДЭГИЙГ МАШ САЙН МЭДДЭГ БОЛСОН ДЭМЖИЖ Б/НА
2016/11/12 103.10.22.54
зочин
Зөв маш зөв. Үнэн бөгөөд бодит зүйл хэлж байна. таныг дэмжинэ шүү.
2016/11/11 202.179.29.156
Цогоо
Хол очиж хуц чамайг хэн дэмжихийн малаа сонголоор гарч ирдэг юм лалараа
2016/11/11 202.9.42.12
Даш
Зоригтой шүүмж хатуу үг дутагдаж одоо цагт дэмжихээ илэрхийлье
2016/11/10 202.179.29.231
zochin
Demjine shuu
2016/11/09 103.212.116.15
дак
Үнэхээр их зөв юм хэлжээ. Гэхдээ хэдэн зүйл байна. 1, Намаас өөр хүн дэвшүүлчихвэл яах вэ? , 2. Алтан гадас фракцаасаа гарах хэрэгтэй. 3, Хэн нэгнийгээ утсан хүүхэлдэй гэж ярихаа боль
2016/11/09 103.9.90.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment